Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 1032

 

 

 

 

 

 

 

 

 

   2020         06          03                                       2020/ШЦТ/1032

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Элбэгзаяа,

улсын яллагч П.Даваасүрэн,

шүүгдэгч Б.Е. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан М. овогт Б.н Е.д яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2006 00000 1278 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Түнхэл суманд 1972 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн, 47 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хэрэг хариуцах чадвартай, М. овогт Б.н Е..

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Е. нь 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Ээж хайрханы 4-53-б тоотод гэр бүлийн хамаарал бүхий хүн болох Ш.Одонсүрэнг цохиж, өшиглөх зэргээр зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                         

                                                                            /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Е. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч Ш.Одонсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр гэртээ хажуу айлын Отгонзул гэдэг эмэгтэйтэй хамт Б.Е. бид гурав 1 шил 0.75 литрийн архи хувааж уусан юм. Отгонзул манай гэрт орж ирэхдээ өмнө нь архи уучихсан байсан болохоор согтоод би гэрт нь оруулж өгсөн. Отгонзулыг гэртээ орсны дараа Б.Е. бид хоёр мөнгөнөөс болж хоорондоо хэрэлдсэн. Тэгтэл Б.Е. миний галын дэгээ төмрөөр миний нуруунд цохихоор нь баруун талын гараараа хаатал миний гар луу цохисон. Би баруун талын гараа бариад доошоо тонгойтол нурууг дэгээ төмрөөрөө хэд хэдэн удаа цохиод гэрээс гараад явчихсан байсан. Орой нь 21.00 цагийн үед Б.Е. буцаж ирээд дахиад бид хоёр хэрэлдээд Е. миний нүүрэнд гараараа нэг удаа цохихоор нь би доошоо тонгойтол миний цээж болон нүүрэнд өшиглөсөн. Тэр үед миний хамраас цус гарсан. Удаагүй байхад цагдаа манай гэрт орж ирээд Б.Е.ыг аваад явсан. Б.Е. бид хоёр 2008 оноос хойш хамт амьдарч байгаа. Дундаасаа 3 хүүхэдтэй. Гэрлэлтийн баталгаа байхгүй. Тухайн үед намайг Б.Е.аас өөр цохиж зодсон хүн байхгүй. Шинжээчийн дүгнэлтээр бичигдсэн гэмтлийг миний биед манай нөхөр Б.Е. учруулсан. Би гомдолтой байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 5-10/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 5279 тоот:

1. Ш.Одонсүрэнгийн биед баруун богтос ясны ил хугарал, зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт, духанд зулгаралт, бүсэлхийнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.

4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/” гэх дүгнэлт,

- Хохирогчийн аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 31/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

             Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Б.Е. нь 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Ээж хайрханы 4-53-б тоотод гэр бүлийн хамаарал бүхий хүн болох Ш.Одонсүрэнг цохиж, өшиглөх зэргээр зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул Б.Е.д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

           Б.Е. нь 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Ээж хайрханы 4-53-б тоотод гэр бүлийн хамаарал бүхий хүн болох Ш.Одонсүрэнг цохиж, өшиглөх зэргээр зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Ш.Одонсүрэнгийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 5279 тоот дүгнэлт, хохирогчийн аюулын зэргийн үнэлгээ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Е.ыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

            Хохирогч гомдол саналгүй, хохирол нэхэмжлэхгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгч Б.Е.ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-ийн 40/

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүгдэгч Б.Е.д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн  хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М. овогт Б.н Е.ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Е.д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад тус тус зааснаар Б.Е.д зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол шүүх тэнссэн, үүрэг хүлээлгэсэн шийдвэрийг тус тус хүчингүй болгож, энэ хуулийн 6.1, 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Б.Е.д тайлбарласугай.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

           6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА