| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2016/00845/и |
| Дугаар | 052 |
| Огноо | 2017-01-13 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 052
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Түргэн сумын Рашаант багт оршин суух, 1967 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОН67021064, Уранбат овогтой Нямаагийн Туяагийн,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрхэмбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Туяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1967 онд төрсөн. Би 1983 оны хавар 8 дугаар ангиа төгсөөд 7 дугаар сараас эхлэн Увс аймгийн Түргэн сумын Социализмын зам нэгдлийн Бургастай бригадад саальчнаар ажиллаж эхэлсэн бөгөөд одоо тэтгэвэрт гарах нас болж байна. Миний хөдөлмөрийн дэвтэр гээгдсэн, мөн ажилд томилогдсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал олдохгүй байгаа тул шүүхэд хандаж байна. Иймд миний Увс аймгийн Түргэн сумын Социализмын зам нэгдэлд 1983 оны 7 дугаар сараас 1989 оныг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Туяа нь Увс аймгийн Түргэн сумын Социализмын зам нэгдэлд 1983 оны 7 дугаар сараас 1989 оныг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан ба хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:
- Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн цалингийн тодорхойлолтод Нямаа овогтой Туяагийн 1983 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Түргэн сумын Социализмын зам нэгдэлд малчнаар ажиллаж авч байсан цалинг түүвэрлэн ирүүлсэн,
- Гэрч Х.Жаргалын: “Миний бие нь 1977 оноос 1993 он хүртэл Увс аймгийн Түргэн сумын Социализмын зам нэгдэлд зоотехникч, эвлийн үүрийн дарга гэх ажил хийдэг байсан. Н.Туяа нь 8-р ангиа төгсөөд илгээлтээр тус нэгдэлд саальчнаар ажилд орж байсан. Би тухайн үед зоотехникчээр ажиллаж байсан учраас сайн мэдэж байна. Н.Туяа нь нэгдэлд ажиллаж байгаад 1989 онд сумын төв рүү шилжин орсон. Түргэн сумын Социализмын зам нэгдэл нь 1992 онд Бургастай бригад болон ажиллаж байгаад 1993 онд тарсан. Н.Туяа нь 1983 оны 7 дугаар сараас 1989 оныг дуустал хугацаанд тухайн нэгдэлд саальчнаар ажилласан. Увс аймгийн Түргэн сумын Социализмын зам нэгдлийн даргаар Ш.Аюурзана, Х.Сүхбаатар, Ц.Цэвээнравдан гэх хүмүүс тус тус ажиллаж байсан” гэх мэдүүлэг,
- Гэрч Б.Дариймаагийн: “Миний бие нь 1965 оноос 1992 он хүртэл Увс аймгийн Түргэн сумын Социализмын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Н.Туяа нь 8-р ангиа төгсөөд илгээлтээр малчин болон тус нэгдэлд 1983 оноос эхлэн 1989 оныг дуустал саальчнаар ажиллаж байсан. Туяагийн аав Нямаа гэх айлтай манайх айл хошоо байж, нэг багт хамт ажиллаж амьдарч байсан болохоор би сайн мэднээ. Увс аймгийн Түргэн сумын Социализмын зам нэгдлийн даргаар Ш.Аюурзана, Х.Сүхбаатар, Ц.Цэвээнравдан гэх хүмүүс ажиллаж байсан” гэх мэдүүлэг,
- Гэрч Х.Жаргал, Б.Дариймаа нарын иргэний үнэмлэхний болон хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд зэрэг баримтууд болно.
Иймд дээрх бичгийн нотлох баримтууд болон гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр Н.Туяагийн 1983 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Түргэн сумын Социализмын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал нь нотлогдож, тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар Н.Туяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Уранбат овогтой Нямаагийн Туяагийн Увс аймгийн Түргэн сумын Социализмын зам нэгдэлд 1983 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд малчнаар 6 /зургаа/ жил, 6 /зургаа/ сар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Н.Туяагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА