Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 1033

 

 

 

 

 

 

 

 

 

   2020         06          03                                       2020/ШЦТ/1033

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Элбэгзаяа,  

улсын яллагч Г.Цэрэнжамц,

шүүгдэгч Н.Г. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б. овогт Н.ын Г.д яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2006 00000 1204 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1994 оны 06 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, Б. овогт Н.ын Г..

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Г. нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 04 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, “Харуул алтай” хотхоны 102 дугаар байрны гаражийн манаачийн өрөөнд иргэн Д.Ганбаатарыг “намайг манаачийн өрөөнд унтуулсангүй, утсаараа яриулсангүй” гэх шалтгаанаар зүүн нүдэн тус газар нь гараараа нэг удаа цохиж, цементэн зам дээр унагааж, хоолойг нь боох үйлдлээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                         

                                                                            /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Г. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч Д.Ганбаатарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2020 оны 04 дүгээр сарын 22-ны өглөө 04-05 цагийн хооронд намайг ажлын байран дээрээ унтаагүй, сэрүүн байхад гаднаас гэнэт 20 орчим насны үл таних, хар хувцастай залуу орж ирээд “би энэ “Харуул алтай” хотхоны 102 дугаар байр луу орох гэсэн юм аа, яаж ордог юм” гэж асуусан. Тэгэхээр нь би “энэ урдаас харагдах жижиг хаалгаар гараад 102 дугаар байр луу ор” гэж хэлсэн. Тэгэхэд тэр үл таних залуу “би энд чинь ороод унтчихъя” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “тэгж болохгүй, одоо дарга болон эндэхийн эргүүл ирнэ” гэж хэлэхэд тэр залуу намайг утсаараа яриулчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би надад байхгүй гэж хэлсэн. Гэтэл нөгөө үл таних залуу миний зүүн нүд рүү зангидсан гараараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь би “чи одоо яасан гэж зүгээр байгаа намайг цохиж байгаа юм” гэж хэлэхэд намайг тухайн гаражийн манаачийн өрөөнөөс огт гаргахгүй хориод байхаар нь би арай гэж нэг өрөөнөөс гарч зугатаагаад гаражны том хаалгаар гадагшаа гарсан чинь нөгөө залуу араас гарч ирж намайг барьж аваад цементэн зам дээр намайг унагаагаад багалзуурдахаар нь би “чи одоо болиоч” гэж хэлээд зугатаасан.” гэх мэдүүлэг /хх-ийн 4-6/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 4970 тоот: “Д.Ганбаатарын биед зүүн доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нүдний дотор буланд доод зовхины дотор хэсэг, зүүн тохой, шуу, баруун бугуйд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 13-14/,

- Н.Г.гийн яллагдагчаар өгсөн: “Би дээрх ялыг хүлээн зөвшөөрч байна. Би өмнө нь өгсөн мэдүүлэгтээ тухайн үед болсон зүйлийг бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн байгаа. Одоо надад нэмж ярих зүйл байхгүй. Шинжээчийн дүгнэлт дээр бичигдсэн Д.Ганбаатарын биед учирсан гэмтлүүдийг би учруулсан нь үнэн. Д.Ганбаатар ах бид хоёр хоорондоо эвлэрсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

             Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Н.Г. нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 04 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, “Харуул алтай” хотхоны 102 дугаар байрны гаражийн манаачийн өрөөнд иргэн Д.Ганбаатарыг “намайг манаачийн өрөөнд унтуулсангүй, утсаараа яриулсангүй” гэх шалтгаанаар зүүн нүдэн тус газар нь гараараа нэг удаа цохиж, цементэн зам дээр унагааж, хоолойг нь боох үйлдлээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул Н.Г.д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

           Н.Г. нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 04 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, “Харуул алтай” хотхоны 102 дугаар байрны гаражийн манаачийн өрөөнд иргэн Д.Ганбаатарыг “намайг манаачийн өрөөнд унтуулсангүй, утсаараа яриулсангүй” гэх шалтгаанаар зүүн нүдэн тус газар нь гараараа нэг удаа цохиж, цементэн зам дээр унагааж, хоолойг нь боох үйлдлээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Д.Ганбаатарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 4970 тоот дүгнэлт, Н.Г.гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Н.Г.г гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

            Хохирогч гомдол саналгүй, хохирол нэхэмжлэхгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгч Н.Г.г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-ийн 40/

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүгдэгч  Н.Г.д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн  хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б. овогт Н.ын Г.г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г.д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.Г. нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

           4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА