Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржбалын Янжиндулам |
Хэргийн индекс | 133/2017/00001/и |
Дугаар | 44 |
Огноо | 2017-01-31 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 44
Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Янжиндулам даргалж, хуралдааны танхимд нээлттэй хийж,
нэхэмжлэгч- *************** ХХК-ний нэхэмжлэлтэй,
хариуцагч- ******************ХХК-нд холбогдох,
21 хоногийн халаалтын зардалд 6.278.580 төгрөг, 30 өдрийн алдангид 941.790 төгрөг, нийт 7.220.370 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *************э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинтөр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2016 оны 10 сарын 01-ний өдрөөс эхлээд сумын бүх албан байгууллагыг халаалтаар хангаж үйлчилдэг байгууллага юм. Сумын соёлын төв шинээр ашиглалтад орж 10 сарын 01-ний өдрөөс халаалтаа авч дутуу ажлаа хийж гүйцээнэ гэсэн хүсэлтийг “***************” ХХК-ний захирал ********** тавихад улсын комисс хүлээж аваагүй газарт халаалт өгөхгүй гэхэд сумын Засаг даргатай уулзаж сумын Засаг даргаас халаалт өг гэж үүрэгдсэн. Улсын комисс хүлээж аваагүй газарт халаалт өгвөл манайд мөнгө төгрөг нь олдохгүй гэхэд бид нар шийдвэрлэсэн, санаа зовох зүйлгүй гэсэн хариулт өгсөн. Ингээд соёлын төвийн шинээр ашиглалтанд орсон барилгыг нэгдсэн халаалтанд холбогдож 10 сарын 01-ний өдрөөс халаалтаар үйлчлэх гэрээг соёлын төвийн эрхлэгч, нягтлан бодогч нартай байгуулан халаалт өгсөн. Мөн ус гүйлгэж шугам шалгамаар байна гэхэд нь өнгөрсөн 6 сард хүйтэн ус шахаж шалгаж үзсэн болохоор танай шугам сүлжээ асуудал байхгүй гэхэд заавал халаалт авна гэж сумын Засаг даргаар үүрэгдүүлж байгаад халаалт авсан. Ингээд 10 сарын 28-ны өдөр халаалтын төлбөр авах гэхэд улсын комисс хүлээж авснаас хойших хугацааны халаалтыг аймгийн Боловсрол соёлын газар хариуцна, түүнээс өмнөх зардлыг гүйцэтгэсэн компани хариуцана гээд 21 хоногийн төлбөр төлөөгүй. Гэтэл “************” ХХК-нд халаалтын 21 хоногийн нэхэмжлэхийг 11 дүгээр сарын 09-ний өдөр өгөхөд манайх хариуцахгүй гээд одоог хүртэл халаалтын төлбөрөө төлөхгүй манай компанийг өрийн сүлжээнд оруулж байна. Соёлын төвийн барилгыг улсын комисст хүлээлгэж өгөх өдөр ************* өөрийн биеэр аймгийн дарга нартай ирээд уулзаад халаалтын асуудлыг ингэж шийдсэн гэхэд улсын комисс хүлээж аваагүй үеийг бид хариуцахгүй, түүнээс өмнөхийг ажил гүйцэтгэсэн компани төлөх ёстой гэж барилга хүлээлгэн өгсөн өдөр аймгийн дарга хэлсэн. Тэгээд улсын комиссын акттай танилцахад халаалтын асуудал бүрэн шийдэгдсэн гэсэн дүгнэлт өгсөн байна. Ингээд бид нар нэг сарын халаалтын хөлс олдоогүй тул шүүхэд хандаж нэхэмжлэл гарсан. Тайшир сумын Соёлын төвийн эрхлэгчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу төлбөрөө хугацаанд нь төлөөгүй буюу хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцно гэсний дагуу 30 өдрийн алдангид 941.790 төгрөг нэхэмжилж байгаа. Иймд 21 хоногийн халаалтын зардалд 6.278.580 төгрөг, 30 хоногийн алдангид 941.790 төгрөг, нийт 7.220.370 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Боловсрол соёл шинжлэх ухааны яамны захиалгаар Говь-Алтай аймгийн Тайшир сумын соёлын төвийн барилгыг ажлыг “***************” ХХК нь 2011 оноос хойш гүйцэтгэж, санхүүжилтийн асуудал шийдэгдэхгүй явсаар байгаад 2015 онд дахин гэрээ хийж гүйцэтгэж эхлээд барилгыг бүрэн ашиглалтад оруулж захиалагч талд барилгаа хүлээж авна уу гэсэн албан бичгүүдийг 2016 оны 09 сарын 23-ны өдөр, 2016 оны 10 сарын 06-ны өдөр удаа дараа хүргүүлсэн боловч энэ ажлыг авахгүй байсаар байгаад 2016 оны 10 сарын 26-ны өдөр ажлын хэсэг комисс томилогдож уг ажлыг хүлээж авсан байдаг. “**************” ХХК нь барилгын ажил гүйцэтгэсэн компаниас халаалтын зардал нэхэмжилж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Манай компани соёлын төвийн барилгын ажлыг гүйцэтгэсэн бөгөөд тус газрын үйл ажиллагааны зардал буюу халаалтын зардлыг шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. “***************” ХХК нь эрчим хүчээр ханган нийлүүлэх гэрээг Соёлын төвийн эрхлэгчтэй байгуулсан бөгөөд “**************” ХХК-тай байгуулаагүй уг үнийг төлөх үүрэггүй болно. Халаалтаар хангах гэрээ соёлын төвийн эрхлэгчтэй байгуулсан байж “************ ХХК-иас нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “**************” ХХК нь 21 хоногийн халаалтын зардалд 6.278.580 төгрөг, 30 өдрийн алдангид 941.790 төгрөг нийт 7.220.370 төгрөгийг хариуцагч “**************” ХХК-иас гаргуулахаар шаарджээ /хх-1, шүүх хуралдааны тэмдэглэл/.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...сумын Засаг дарга үүрэг өгсний дагуу Тайшир сумын төвд шинээр ашиглалтанд орсон соёлын төвийн барилгад 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс халаалт өгч, дулааны эрчим хүчээр хангах гэрээг Тайшир сумын Соёлын төвийн эрхлэгч, нягтлан бодогч нартай 10 сарын 01-ний өдөр байгуулсан. Шинээр ашиглалтад орсон барилгыг улсын комисс 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээж авсан...” гэж тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор Тайшир сумын Соёлын төвтэй 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан “Дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай” гэрээний нотариатаар батлуулсан хуулбарыг нотлох баримтаар /хх-6-9/,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...манай компани соёлын төвийн барилгын ажлыг гүйцэтгэсэн бөгөөд тус газрын үйл ажиллагааны зардал буюу халаалтын зардлыг хариуцахгүй, “***********” ХХК-тай эрчим хүчээр ханган нийлүүлэх гэрээ байгуулаагүй тул Тайшир сумын соёлын төвтэй байгуулсан халаалтын гэрээний зардлаа “*************” ХХК-иас нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж тайлбарлаж, татгалзлаа нотлохоор Говь-Алтай аймгийн Тайшир сумын Соёлын төвийн барилга угсралтын ажил үргэлжлүүлэн гүйцэтгэх 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан гэрээний нотариатаар батлуулсан хуулбар, “*************” ХХК-ний Тайшир сумын соёлын төвийн барилга угсралтын ажил хийгдэж дууссан тул ашиглалтанд оруулах комисс ажиллуулах тухай 2016 оны 09 дүгээр сарын 23, 10 дугаар сарын 06-ны өдрүүдийн огноотой аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт хүргүүлсэн албан бичиг, Говь-Алтай аймгийн Тайшир сумын соёлын төвийн барилгын ажлыг хүлээж авсан 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн комиссын хурлын тэмдэглэлийн нотариатаар батлуулсан хуулбар, 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ГА-314/15/16 дугаартай актын нотариатаар батлуулсан хуулбар зэргийг нотлох баримтаар гарган талууд мэтгэлцэж байна /хх-29, 30, 31, 32-33, 34-35/.
Нэхэмжлэгч хэнээс, ямар үндэслэлээр, юуг шаардахаа өөрөө тодорхойлох эрхтэй тул нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой байх учиртай юм.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар хариуцагч “***********” ХХК нь Говь-Алтай аймгийн Тайшир сумын Соёлын төвийн барилга угсралтын ажил үргэлжлүүлэн гүйцэтгэх гэрээг 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Боловсрол соёл шинжлэх ухааны яамны төрийн нарийн бичгийн дарга, Говь-Алтай аймгийн Засаг дарга нартай байгуулж, уг барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн талаар талууд маргаагүй байна /хх-29/.
Дээрх гэрээний дагуу ажил гүйцэтгэсэн “Хонгорбуурал” ХХК нь Тайшир сумын соёлын төвийн барилга угсралтын ажил хийгдэж дууссан тул ашиглалтанд оруулах комисс ажиллуулах тухай хүсэлтээ 2016 оны 09 дүгээр сарын 23, 10 дугаар сарын 06-ны өдрүүдэд аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт хүргүүлсэн байна /хх-30, 31/.
Ингээд Говь-Алтай аймгийн Тайшир сумын соёлын төвийн барилгын ажлыг хүлээж авах комисс 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хуралдсан байх бөгөөд уг хуралд оролцсон Боловсрол соёлын газрын дарга *********** “...халаалтын зардлыг улсын комисс хүлээж авсан хугацаанаас хойш хариуцна...” гэж, комиссын дарга *********** “...халаалтын зардал сумаар шийдвэрлүүлсэн...” гэж хэлсэн болох нь хурлын тэмдэглэлд тусгагдаж, комиссын гишүүдийн 100 хувийн саналаар 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ГА-314/15/16 дугаартай акт үйлдэж, Тайшир сумын Соёлын төвийн барилгыг ашиглалтад оруулах улсын комиссын акт гарсан байна /хх-32, 33, 34-35/.
Уг актын 1.7-д энэхүү барилга байгууламжийг 2011 оны 11 дүгээр сарын 29-нөөс барьж эхэлсэн бөгөөд 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр барьж дуусгасан талаар тусгасан байх бөгөөд нэхэмжлэгч тал үгүйсгэж маргаагүй болно.
Харин нэхэмжлэгч “*************” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор ирүүлсэн “Дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай” 05 дугаартай гэрээг 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Тайшир сумын Соёлын төвтэй байгуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотариатаар батлуулсан уг гэрээний хуулбараар тогтоогдож байна /хх-6-9/.
Уг гэрээний ХОЁРТ хангагчийн эрх үүргийг заасан бөгөөд 2.6-д “...шинэ хэрэглэгчийн дулааны тоног төхөөрөмж, шугам сүлжээний угсралтанд хяналт тавин, техникийн нөхцлийг зураг төслийн дагуу хийлгэж, ашиглалтанд хүлээн авах комиссын бүрэлдэхүүнд төлөөлөгчөө оролцуулах...” талаар тусгасан байх боловч Тайшир сумын соёлын төвийн шинээр ашиглалтад орсон барилгыг улсын комисс хүлээн авахад нэхэмжлэгч талаас төлөөлөгчөө оролцуулаагүй, гэрээний ДӨРӨВТ төлбөр тооцооны нөхцлүүдийг гээд 1-8 дугаарлаж тусгасан байх боловч эдгээр нөхцөлд шинээр ашиглалтад орсон болон улсын комисс хүлээж аваагүй барилга байгууламжид дулааны эрчим хүчээр хангаж байгаа тохиолдолд халаалтын зардлыг хэрхэн, хэн хариуцах талаар гэрээнд тусгаагүй байна /хх-6-9/.
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй болохыг тодорхойлсон байх бөгөөд нэхэмжлэгч компанийг 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Тайшир сумын Соёлын төвтэй “Дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай” гэрээг байгуулахад тухайн барилгыг улсын комисс хүлээж аваагүй байсан болох нь талуудын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дулааны эрчим хүч хэрэглэх дүрмийн 18-д “...аж ахуйн нэгж байгууллагатай байгуулах гэрээнд ...эрчим хүчний хэрэглээний горим, төлбөрийн барьцаа зэрэг асуудлыг тусгана” гэж заасан байх боловч нэхэмжлэгч “*************” ХХК нь Тайшир сумын Соёлын төвтэй байгуулсан гэрээнд шинээр ашиглалтад орсон, улсын комисс хүлээж аваагүй, комисс хүлээж авах хүртэлх хугацааны халаалтын зардлыг хэн хариуцах талаар тодорхой тусгаагүй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...манай компани улсын комисс хүлээж аваагүй барилгад халаалт өгөхгүй гэж татгалзсан боловч сумын Засаг дарга үүрэг өгсөн, халаалтын зардлыг шийдвэрлэсэн санаа зоволтгүй гэж ажил гүйцэтгэсэн компаний захирал ************ тайлбар хэлсэн...” гэж тайлбарлаж байх боловч улсын комисс хүлээж аваагүй байгаа соёлын төвийн барилгад халаалт өгөхөөс 3 өдрийн өмнө буюу 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр халаалтаар хангах гэрээг сумын Соёлын төвтэй байгуулсан байна. Өөрөөр хэлбэл сумын Соёлын төвтэй гэрээ байгуулах үед тухайн барилгыг улсын комисс хүлээж аваагүй байсан, хэзээ авах нь тодорхойгүй байсан тохиолдолд тухайн барилга байгууламжийг халаалтаар хангаж гарсан зардлыг хэн, хэрхэн хариуцах талаар, хэнтэй тохиролцсон болох тайлбараа нэхэмжлэгч тал нотлоогүй, гэрээ байгуулагдсанаар Тайшир сумын Соёлын төв халаалтын зардлыг хангагч компанид төлөх үүрэг хүлээсэн байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан бөгөөд Тайшир сумын Соёлын төвийн 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн гэрээгээр худалдаж авсан халаалтын зардлыг “*************” ХХК-иас шаардах эрхтэй болохоо нэхэмжлэгч тал баримтаар нотлоогүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн болох нь нотлогдон тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч “***********” ХХК нь хариуцагч “**************” ХХК-иас халаалтын зардал шаардах эрхгүй байна.
Түүнчлэн Тайшир сумын Соёлын төвтэй байгуулсан гэрээний дагуу 21 хоногийн халаалтын зардалдаа 30 өдрийн алдангид 941.790 төгрөгийг гаргуулахаар шаардсан боловч нэхэмжлэгч тал шаардлагаа нотлоогүй тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасны дагуу алданги шаардах эрхгүй байна.
Иймд хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас дүгнэхэд нэхэмжлэгч “***************” ХХК болон “*****************” ХХК-иудын хооронд бараа, ажил үйлчилгээ худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан болох нь хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдоогүй тул 21 хоногийн халаалтын зардал, 30 өдрийн алдангид нийт 7.220.370 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130.476 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан хариуцагч “***************” ХХК-иас 21 хоногийн халаалтын зардалд 6.278.580 төгрөг, 30 өдрийн алдангид 941.790 төгрөг, нийт 7.220.370 төгрөг гаргуулахыг хүссэн “***************” ХХК-ний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130.476 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ