Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 1056

 

 

 

 

 

 

 

 

 

   2020         06          04                                       2020/ШЦТ/1056

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэргэл,  

улсын яллагч А.Сайнбаяр,

хохирогч Ч.Батзориг, түүний өмгөөлөгч Л.Дашравдан,

шүүгдэгч С.Э., түүний өмгөөлөгч С.Соронзонболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б. С.ын Э.д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1906 04439 1971 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Төв аймгийн Баянцогт суманд 1996 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг,           урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 108 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнссэн, мөн С. дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 69 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнссэн, хэрэг хариуцах чадвартай, Б. овогт С.ын Э..

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Э. нь 2019 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ч.Батзоригтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар хүүхдийн барьж байсан гар утас булааж авлаа гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь цохих, ноцолдох зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.             

                                                                            /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Э. мэдүүлэхдээ: “2019 оны 07 дугаар сарын 28-ны өдөр гэртээ хүү Э.Энх-Оргилтой байж байсан. Манай хүү 2 ой 10 сартай. Эхнэр тухайн үед цайны газарт зөөгч хийдэг байсан юм. Хохирогч Ч.Батзориг ахтай би өмнө нохой хээлтүүлэх зорилгоор фэйсбукээр 2-3 удаа харилцаж, уулзаж, нийлүүлсэн. Хоёр удаа хээлтүүлсэн гээд 40.000 төгрөг өг гээд тухайн өдөр ирэхэд нь надад бэлэн мөнгө байгаагүй. Тэгэхээр нь би маргааш ажилдаа гарна, тэрэг түрдэг, тэгээд өгье гэсэн чинь тийм юм байхгүй, одоо авчихаад явна, наашаа цаашаа явсан бензин тосны мөнгө хэрэгтэй байна гэсэн. Тэгээд би хүүхдээ хөтлөөд гараад ирсэн байсан бөгөөд өөрийн барьж байсан S7 маркийн гар утсаа хүүдээ өгөөд, миний хүү гэртээ орж бай гээд өгөөд явуултал хохирогч хашааны хаалга татаад, хүүхдийн гарнаас утсыг нь булааж аваад, хүүхэд уйлаад хойшоо суунгуут нь би “та яаж байгаа юм бэ” гээд бид хоёр муудалцаад, барьцалдаж авсан. Тэгээд би “би тэнсэнтэй шүү дээ, хүнтэй маргалдмааргүй байна” гээд заамдалцаад зогсч байхад намайг 2-3 удаа цохисон. Тэгэхээр  нь би зөрүүлээд цохитол унасан, гаднаас цуг явж байсан ах нь орж ирсэн. Тэр нь Ч.Батзориг ахыг аваад гарсан. Ингээд 14 хоногийн дараа Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс “чам дээр гомдол ирсэн байна” гэж ярьсан. 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр шүүхээр ороод, 1 жил 7 сарын ял авсан. Тэгээд 3 сар сууж байгаад, давж заалдаад, гарч ирээд байж байна. Одоо 2 хүүхэдтэй, эхнэр маань бас саяхан төрсөн. Хоригдоно гэдэг хүсээд байх зүйл биш байдаг юм байна лээ. Би хохирол 290.000 төгрөгийг нь аваад ирсэн. Уучлаарай, ах аа, миний буруу, залуу хүний тавьтаргүй зангаас боллоо гэж хэллээ. Гэтэл намайг хүлээж авахгүй байсан.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.Батзориг мэдүүлэхдээ: “...Очоод нохойгоо нийлүүлэх үү гэсэн чинь “больё больё” гэсэн. Тэгэхээр нь тэгвэл ярьснаараа нөгөө 40.000 төгрөгөө авчих уу гэсэн чинь өнөөдөр өгөх боломжгүй гэсэн. Тухайн үед болсон үйл явдлын элементүүд нь байгаа боловч давж заалдах гомдолдоо болсон явдлыг өөрийнхөөрөө мушгисан байна лээ. Хамгийн гол нь хүүхэд уйлснаас болсон гэж яриад байдаг. Үнэндээ бол тэр хүүхэд ч уйлаагүй, би хүүхдээс хүч хэрэглэж ч аваагүй. Тухайн үед чи өгчих л дөө энээ тэрээ гэсэн юм л болсон. Тэгээд сүүлдээ С.Э. жаахан уурлах маягтай болоод хүүдээ утсаа өгсөн. Тэгэхээр нь би юм хум барьцаалахгүй бол болохгүй байх гээд хүүхэд нь ч гараа дээш нь өргөчихсөн байсан, тэр жижигхэн гараар хэдий чанга атгав гэж, би сугалаад авсан. Тэгсэн хүүхэд нь эргэж ч хараагүй, аав нь ч утсыг нь авч байна гэж бодсон уу шууд яваад орчихсон. Гэтэл намайг эргээд хартал С.Э. намайг заамдаж аваад багалзуурдсан. Энэ хүний ярьж байгаагаар намайг түрүүлж заамдаж авсан гэсэн нь худлаа. Би утсыг нь гартаа авсан болохоос халаасандаа хийгээгүй. Аймар чанга гартай юм байна лээ, яг төмөр шиг. Гарыг нь тавиулах гээд ноцолдож байтал намайг хэд хэд цохисон. Эхлээд мөргөсөн юм байна. Тэрний дараа залгуулаад хэд хэд цохихоор нь би газар унасан. Унасны дараа заамдаж босгож аваад, хашааныхаа зүүн урд тал руу чирээд байсан. Тухайн үед яагаад тийшээ чирээд байгааг нь ойлгоогүй. S7 гэдэг гар утас байсан гэж байгаа нь бас худлаа. Энэ хүнийг 14 хоногийн дараа дуудсан гэж байгаа нь бас худлаа. Мөрдөгч надад бараг маргааш нь С.Э.ыг олсон гэж хэлсэн. Энэ хүн тухайн үед Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй гэж хэлж байсан. Надад ерөөсөө тэнсэнтэй байгаа гэж хэлээгүй. Мөнгийг маргааш өгчихье гэж хэлсэн гэж байна. Угаасаа надад тэгж хэлээгүй, бүр чамд өгөх мөнгө байхгүй гэж өөрөө тодорхой хэлсэн. Энэ хүний намайг зодсон үйлдлээс болж би тэр зуныхаа 1 сарын ажлыг алдсан. Тархи толгой ч гэсэн одоо өвдөх нь амархан болсон.” гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч Ч.Батзоригийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Тэр залуу намайг гараараа зодсон. Ер нь хэдэн удаа гэж би тоолоогүй, нүүр толгой, бие рүү маш олон удаа цохисон. Яг намайг зодож байхад хамт явсан ах салгасан.” гэх мэдүүлэг /хх-ийн 10/,

- Гэрч Д.Батсуурийн өгсөн: “Ч.Батзориг газар уначихсан дээр нь нэг залуу байхаар нь би юу болоод байгаа юм гээд салгаад Батзоригийг газраас босгоод авч явсан. Амнаас нь цус гарчихсан байдалтай улаан байсан, өөр зүйл анзаараагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 17/,

- С.Э.ы гэрчээр өгсөн: “...би дүүгийн гарын утсыг барьж байгаад хүүдээ утас өгөөд, миний хүү ороод тогло гээд гэр лүү явуултал хүүгийн араас очоод гарнаас нь шууд гар утсыг угз татаад авсан. Тэгтэл хүү хойшоо унаад уйлахаар нь би тэр ах дээр очоод “та яаж байгаа юм” гээд хоёр гарыг нь бариад авах гэтэл шууд намайг зүү шанаа руу гараараа цохиод авсан. Тэгэхээр нь “та чинь мэдрэл муутай юм биш үү, та өөрөө гар түрүүлж хүрлээ, би хүрээгүй шүү” гэхэд зүүн шанаа руу 2-3 удаа өшиглөөд авсан. Тэгээд заамдалцаад, зууралдаад хүзүү ураад, дахиад зүүн шанаа руу цохиод авахаар нь цээжнээс нь хойшоо түлхэхэд газар унасан. Тэгээд бос ирээд дахиад намайг заамдаж аваад цохих гээд байхаар нь би тэр ахын баруун шанаа руу гараараа нэг удаа цохисон.” гэх мэдүүлэг /хх-ийн 14/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 9254 тоот:

1. Ч.Батзоригийн биед зүүн дээд 1-р шүдний сулрал, дээд уруулын дотор салстад няцарсан шархтай, доод уруул дотор салст язрал, хүзүү, цээжинд цус хуралт, баруун шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 19/,

- С.Э.ы гэрчээр өгсөн: “Зорилго нь бол 40.000 төгрөгөндөө миний утсыг барьцаалж авч байгаа л гэж бодож байна. Утсыг аваад халаасандаа хийсэн. Бид хоёр нооцолдож, зууралдаж байх явцад халааснаас нь унахаар нь би утсаа авсан. Хүүхэд айлгаад уйлуулсан болохоор уурандаа түүнийг “та яаж багйаа юм” гэхэд намайг цохиж нүдээд, тэвчээр бараад байхаар нь би гараараа нүүрэн тус газар нь нэг удаа цохиод, газар ноцолдоод унагаасан, би таныг цохихгүй, та босч үз гэж хэлсэн. Тухайн үед миний баруун шанаа руу тэр хүн 2-3 удаа цохиод хөндүүр байсан, эмч гээгүй өөрөөр нь эдгээсэн. Тухайн үед энэ хүн бид хоёрын хүзүү, ам яг адилхан маажигдсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 24/,

- С.Э.ы яллагдагчаар өгсөн: “Хохирогч Самсунг Эс 7 маркийн хар өнгийн гар утас булааж авч, хүүхэд уйлуулсан. Тэгэхээр нь би маш их уурлаад хохирогчтой барилцаж авахад миний шанаа руу 2-3 удаа цохих үед би хариу үйлдэл үзүүлж, нүүр лүү нь цохисон. Тэгээд салсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 135/,

- Өмгөөлөгчийн Баянзүрх дүүргийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 137/,

- Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай прокурорын тогтоол /хх-ийн 141/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

С.Э. нь 2019 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ч.Батзоригтой маргалдан, улмаар хүүхдийн барьж байсан гар утас булааж авлаа гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь цохих, ноцолдох зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Ч.Батзоригийн мэдүүлэг, гэрч Д.Батсугарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 9254 тоот дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч С.Э.г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч С.Э.д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Хохирогч нь 370.040 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилснээс шүүх эмчилгээний зардалд зарцуулсан 286.040 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлгийн явцад төлсөн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч С.Э.д эрүүгийн хариуцлага хүлээлгэдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг 2 удаа үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд, учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар,эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх,хөнгөрүүлэх нөхцөл зэргийг тус тус харгалзан шүүгдэгчид торгох ял шийтгэж шийдвэрлэв.

            Шүүгдэгч нь С. дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 69 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул уг шийтгэх  3 дахь заалтыг хүчингүй болгож, Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэнд нь 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь 98 хоног цагдан хоригдсон,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Б. овогт С.ын Э.ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э.д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт тус тус зааснаар С. дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 69 дүгээр шийтгэх тогтоолын 3 дахь заалтыг хүчингүй болгож, С.Э.д Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэнд нь 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.  

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Э.ы урьд цагдан хоригдсон нийт 98 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

           6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.  

           7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА