Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 0037

 

 

            Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Сарантуяа даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

     Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь *******ийн нэхэмжлэлтэй

     Хариуцагч:  Сэлэнгэ аймгийн Сайхан сум 2-р баг 22-26 тоотод оршин суух Могойчин овогт ******* /Рд МЙ-/, Хөтөч овогт ******* /ТГ-/, нарт холбогдох банкны үндсэн зээл 12.062.075 төгрөг, зээлийн хүү 491.007 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1978 төгрөг бүгд 12.555.061 төгрөг гаргуулах , үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах  тухай иргэний хэргийг хянан  хэлэлцэв

     Шүүх хуралдаанд: Төрийн  банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Отгонбямбын Батзаяа, хариуцагч  *******, түүний өмгөөлөгч Д.Даваахүү, ******* түүний өмгөөлөгч П.Буманзаяа, гэрч Г.Далантай, Я.Тэрбиш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нарантуяа нар  оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч: Төрийн банкны  банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Батзаяа шүүхэд гаргасан нэхэмжлэл, болон шүүхэд гаргасан тайлбартаа:

Хариуцагч *******, ******* нар нь 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Төрийн банкнаас 15 000 000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 20.4 хувийн хүүтэй, 16/001 тоот зээлийн гэрээ болон барьцаа хөрөнгийн гэрээ байгуулан авсан. Зээлийн гэрээнд сар бүр тогтмол үндсэн зээл, болон хүү төлөгдөхөөр тусгагдсан байгаа. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний хавсралтын нэгд заасан хуваарын дагуу зээлээ төлөөгүйгээс банкинд хохирол учруулж байгаа учраас зээлийн гэрээнд заасны  дагуу үндсэн зээл болон хүү, нэмэгдүүлсэн хүүг барьцаа хөрөнгө буюу 2 өрөө байр барьцаалагдсан байгаа бөгөөд уг хөрөнгөөр нэхэмжлэлийн шаардлагыг хангуулж, үндсэн зээл болох 12 062 075 төгрөг, зээлийн хүү нэхэмжлэл өгөх үеэр 491 007 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1978 төгрөг нийт 12 555 061 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

     Хариуцагч  ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2016 оны 08 дугаар сараас эхлээд гэр орноосоо хөөгдсөн. Гэр орондоо ерөөсөө оруулахгүй байсан. Банкны зээлээ 2016 оны 10 сар хүртэл төлсөн. Тэрнээс хойш хийж чадаагүй. Би сард 560 000 төгрөг хийдэг байсан.  Эхнэр бид хоёр Солонгос явна гэж зээл авсан. 5 000 000 төгрөгний зээлийн үлдэгдэл дээр 10 000 000 төгрөг нэмж зээлж авсан гэв. Төрийн банкнаас нэхэмжилж байгаа үнийн дүн дээр маргах зүйл байхгүй. Надад одоо төлөх чадвар байхгүй. Энэ орон сууц эхнэр хүүхэд бид гурвын нэр дээр байгаа гэв.

Хариуцагч  ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Төрийн  банкнаас зээл авсан нь үнэн. Энэ мөнгийг бид хоёр цуг байж байгаад захиран зарцуулсан. Би үлдсэн мөнгөө төлж барагдуулна. Надад хугацаа хэрэгтэй байна. Би ажилд ороод 2 сар гаруй болж байтал үйлдвэр зогссон. Одоо хүүтэйгээ амьдарч байгаа. Би говьд ажиллаж байгаад 07 сард ажлаасаа гарч ирсэн. Энэ хүн намайг говьд ажиллаж байхад гэртээ архи уугаад, гадуур хонож өнжөөд байхаар нь би ажлаасаа гараад ирсэн.  Энэ хүн 08 сард ажилгүй хүнийг би тэжээж чадахгүй гээд гэрээсээ явсан. Банкнаас зээлийн үлдэгдэл 5 000 000 төгрөг дээр 10 000 000 төгрөг нэмж зээлж авсан. Энэ мөнгөө бид хоёр хамтдаа захиран зарцуулсан. Зээл авсан нь үнэн би төлнө. Би хүүтэйгээ амьдарч байгаа байртайгаа үлдмээр байна. Би 2016 оны 09 сарын 10-ны өдөр ажилд орсон. Ажилд ороод 2 сар гаран болоод үйлдвэр зогсоод одоо гэртээ байгаа. Үйлдвэр 04 сарын 01-ны өдрөөс ажиллаж эхлэнэ гэсэн. Ажил эхлээд би зээл аваад зээлээ төлнө. Дөнгөж ажилд орсон болохоор надад зээл авах боломж олдохгүй байгаа. Энэ зээлийг би төлж барагдуулна. Надад хугацаа хэрэгтэй байна. Би ажилд ороод удаагүй байгаа болохоор банк надад итгэж зээл олгохгүй байгаа гэв.

     Шүүх хуралдаанд: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төрийн банкны итгэмжлэл, барьцаат зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ, улсын бүртгэлд бүртгүүлсэн бүртгэл, *******, ******* нарын иргэний үнэмлэхний хуулбар, хамтран зээлдэгчийн зөвшөөрөл авсан баримт, хамтран өмчлөгчийн гэрчилгээ, О.Тэнгисийн төрсний гэрчилгээний хуулбар, *******ын ажил байдлын тодорхойлолт, *******ийн цалингийн тодорхойлолт, төрийн банкны тодорхойлолт, талуудын тайлбар, лавлагаа, П.Буманзаяа өмгөөлөгчийн эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, *******ийн тайлбар, ажлаас чөлөөлөх тухай “Цемент шохой” ХК-ны захирлын тушаал зэрэг бичмэл  нотлох баримтуудыг уншин сонсгож шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ  нь:

Нэхэмжлэгч Төрийн банк нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан банкны үндсэн зээл 12.062.075 төгрөг, зээлийн хүү 491007.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.978.00 төгрөг бүгд 12.555.061 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгө болох  Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2-р багт байрлах 22-26 тоот 2 өрөө байраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч буюу зээлдэгч *******, Д. Одгэрэл нар нь  2016 оны 01-р сарын 04-ны өдөр  Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь *******тэй 16/001 тоот үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ, барьцаат зээлийн гэрээ байгуулан 15 сая төгрөгийг 36 сарын хугацаатай жилийн 20.4 хувийн хүүтэй  зээлж авсан байх ба барьцааны гэрээгээр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2-р багт байрлах Ү-- дугаарын улсын бүртгэлтэй  22-26 тоот 2 өрөө орон сууцыг барьцаалжээ.

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банкны зээл олгох гэрээ, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д зааснаар барьцааны гэрээ тус тус байгуулагдсан байна. Дээрх   гэрээнүүд  хүчин төгөлдөр байх ба гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй болно.

Хэдийгээр зээлийн гэрээний хугацаа 2019 оны 01-р сарын 04-ны өдөр дуусах боловч гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж /гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.1/хариуцагч нар нь зээлийн эргэн төлөлт, гэрээний үүргээ зөрчсөн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбар, бусад нотлох баримтаар нотлогдож байгаа ба хариуцагч нар удаа дараа мэдэгдэл хүргүүлсээр байтал зээлийн гэрээний үүргээ зөрчсөнөө үгүйсгээгүй тул Төрийн банк  барьцаат зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.1, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар гэрээнээс татгалзаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй байна.

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар банкны үндсэн зээл 12.062.075 төгрөг, зээлийн хүү 491007.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.978.00 төгрөг бүгд 12.555.061 төгрөгийг хувь тэнцүү хуваан хариуцагч *******аас 6.277.530 төгрөг, *******ээс 6.277.530 төгрөг гаргуулан Төрийн банкинд олгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж  шийдвэрлэлээ.

Түүнчлэн хариуцагч *******, ******* нар сайн дураар 12.555.061   төгрөгийг төлөхгүй  байгаа  тохиолдолд  Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч *******, ******* нарын зээлийн барьцаанд тавьсан Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2-р багт байрлах Ү-- дугаарын улсын бүртгэлтэй  22-26 тоот 2 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар борлуулсан үнээс үүргийн гүйцэтгэлийг  хангуулах үндэслэлтэй байна.

Хариуцагч Д. Одгэрэл  нь *******тай хамтран банкнаас зээл авсан ба зээлийн гэрээний  3 дугаар зүйлийн 3.3-д зааснаар хамтран зээлдэгч нь үндсэн зээлдэгчийн нэгэн адил үүрэг хүлээж, эрх эдлэхээр заасан ба тэдний гэр бүлд үүссэн таарамжгүй харилцаа нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ  биелүүлэхгүй байх шалтгаан болохгүй юм. Хариуцагчийн  өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын талаар тодорхойгүй байна гэж мэтгэлцсэн боловч энэ талаараа ямар нэгэн үгүйсгэсэн нотлох баримт гаргаагүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Төрийн банкны улсын тэмдэгтийн хураажид төлсөн 215831 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж *******аас улсын тэмдэгтийн хураамжид 107915 төгрөг, *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 107915 төгрөг тус тус гаргуулан Төрийн  банкинд олгох  үндэстэй.

     Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ  нь:

              1. Монгол улсын  Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар  хариуцагч *******аас 6.277.530 төгрөг, *******ээс 6.277.530 төгрөг   гаргуулан Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь *******д олгосугай.

            2.Монгол улсын  Иргэний хуулийн Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч *******, ******* нарыг сайн дураараа гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд  зээлийн барьцаанд тавьсан Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2-р багт байрлах Ү-- дугаарынулсын бүртгэлтэй  22-26 тоот 2 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар борлуулсан үнээс нэхэмжлэлийн шаардлага, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Шүүхийн шийдвэр биелүүлэх албанд даалгасугай.

            3.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Төрийн банкны улсын тэмдэгтийн хураажид төлсөн 215.831 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж *******аас улсын тэмдэгтийн хураамжид 107.915 төгрөг, *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 107.915 төгрөг тус тус гаргуулан Төрийн  банкинд  олгосугай.

             4.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            5.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш  зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардаж авах үүрэгтэйг дурдсугай.

            6 Монгол улсын  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар энэ шийдвэрийг  эс зөвшөөрвөл  зохигч тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч  шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Г.САРАНТУЯА