| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2016/00866/и |
| Дугаар | 053 |
| Огноо | 2017-01-13 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 053
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Түргэн сумын Баянхайрхан багт оршин суух, 1963 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОН63120265, Уранбат овогтой Сүвдийн Цэцэгмаагийн,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Дариймаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Цэцэгмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1963 онд төрсөн ба 1980 оноос эхлэн Увс аймгийн Түргэн сумын Социализмын зам нэгдэлд малчнаар орж, хонь ямаа маллан, нэгдэл тарах хүртэл хугацаанд ажилласан. Тухайн үед хөдөлмөрийн дэвтрээ авч чадаагүй бөгөөд одоо миний бие тэтгэвэрт гарах нас болсон, Социализмын зам нэгдэл тарсан тул шүүхэд хандаж байна. Иймд миний 1980 оны 1 дүгээр сараас 1990 он хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Цэцэгмаа нь Увс аймгийн Түргэн сумын Социализмын зам нэгдэлд 1980 оны 1 дүгээр сараас 1989 оныг дуустал хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан ба хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:
- Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн цалингийн тодорхойлолтод Сүвд овогтой Цэцэгмаагийн 1980 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Түргэн сумын Социализмын зам нэгдэлд малчнаар ажиллаж авч байсан цалинг түүвэрлэн ирүүлсэн,
- Гэрч Х.Эрдэнэбилэгийн: Миний бие нь Увс аймгийн Түргэн сумын Социализмын зам нэгдлийн Дэлгэр мөрөн бригадад 1971 оноос 1993 оны 2 дугаар сарыг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан. С.Цэцэгмаа нь 1980 оноос эхлэн тус нэгдэлд хоньчноор 1990 оныг хүртэл ажиллаж байсан. Бид нэг баг бригадын хүмүүс учраас нэгнээ сайн мэднэ. С.Цэцэгмаа нь аав, ээжийн хамтаар анх нэгдэлд хоньчноор ажиллаж байгаад хүнтэй суун тусдаа гаран, мөн нэгдэлдээ гэр бүлийн хүний хамтаар малчнаар ажиллаж байсан. Увс аймгийн Түргэн сумын Социализмын зам нэгдлийн Х.Сүхбаатар, Ц.Цэвээнравдан гэх хүмүүс ажиллаж байсан гэх мэдүүлэг,
- Гэрч Б.Лийлаагийн: С.Цэцэгмаа нь 1980 оноос элхэн Увс аймгийн Түргэн сумын Социализмын зам нэгдэлд 1990 оныг хүртэл хоньчноор ажиллаж байсан. Миний бие нь Увс аймгийн Түргэн сумын Социализмын зам нэгдлийн Дэлгэр мөрөн бригадад 1971 оноос 1993 оны 2 дугаар сарыг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан учраас сайн мэднэ. С.Цэцэгмаа нь анх аав, ээжийн хамтаар нэгдэлд хоньчноор ажиллаж байгаад хүнтэй суун тусдаа амьдаралтай болон мөн нэгдэлдээ гэр бүлийн хүний хамтаар малчнаар ажиллаж байсан. Увс аймгийн Түргэн сумын Социализмын зам нэгдлийн Х.Сүхбаатар, Ц.Цэвээнравдан гэх хүмүүс ажиллаж байсан гэх мэдүүлэг,
- Гэрч Х.Эрдэнэбилэг, Б.Лийлаа нарын иргэний үнэмлэхний болон хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд зэрэг баримтууд болно.
Иймд дээрх бичгийн нотлох баримтууд болон гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр С.Цэцэгмаагийн 1980 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Түргэн сумын Социализмын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал нь нотлогдож, тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар С.Цэцэгмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Уранбат овогтой Сүвдийн Цэцэгмаагийн Увс аймгийн Түргэн сумын Социализмын зам нэгдэлд 1980 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд малчнаар 10 /арав/ жил ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч С.Цэцэгмаагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА