Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 1061

 

 

 

 

 

 

 

 

 

   2020         06         04                                        2020/ШЦТ/1061

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэргэл,  

улсын яллагч Н.Гэрэлмаа,

шүүгдэгч М.У. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б. овогт М.ын У.д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2006 00000 1103 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1995 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дизайнер мэргэжилтэй, “Таурус” ХХК-д гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт оршин суух, урьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 386 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1.400.000 төгрөгөөр торгох, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэгдэж, 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 41 дугаартай шүүгчийн захирамжаар суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, Б. овогт М.ын У..

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.У. нь 2020 оны 04 дүгээр сарын 25-ны шөнө 02:00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Голден вилла” хотхоны гадна согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Т.Цэнд-Аюушийг эмэгтэй хүн зодлоо гэх шалтгааны улмаас түүний толгой хэсэгт хэд хэдэн удаа гараараа цохиж, өшиглөж, биед нь тархи доргилт, баруун чамархайн хуйх, зүүн нүдний гадна булан, хүзүү, хэвлийн зулгаралт, 2 бугалганы цус хуралт гэмтэл учруулж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.            

                                                                            /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.У. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч Т.Цэнд-Аюушийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2020 оны 04 дүгээр сарын 25-ны шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “Голден вилла” хотхонд байдаг найз болох Энхболдын байрны гадаа уулзчихаад хотхоноос нь гарч явж байсан. Хотхоны гадаа гарч байхад 2 залуу машинаас бууж ирээд над руу “чи эмэгтэй хүн яагаад дээрэлхээд байгаа юм” гээд дайраад намайг шууд унагаагаад дээрээс өшиглөсөн. Цэнхэр өнгийн цамцтай, өндөр нуруутай, бор царайтай, хар өнгийн бэлтгэлийн өмдтэй залуу нь миний нүүр лүү хэдэн удаа цохисоныг мэдэхгүй. Тэгээд би унаад дээрээс өшиглөсөн. Цуг явсан залуу нь намайг зодож байсан залууг надаас салгасан. Тухайн үед миний биед байсан Айфон 6 маркийн гар утас, “Хаан” банкны карт, хар өнгийн саравчтай малгай, манай найз охины утасны дэлгэц хагарчихсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 6-9/,

- Гэрч А.Орхонтуулын өгсөн: “Цагаан өнгийн машинаас цонхоороо “чи наад эмэгтэйгээ зүгээр явуулаач” гэсэн. Тэгэхээр нь би юу ч болоогүй ээ гэж хэлсэн. Тэгсэн тэр машинаас бууж ирээд бор иштэй хутга барьчихсан, эмэгтэй хүн явуулаач гэхээр нь бид хоёрын асуудал гэж хэлээд цаашаа алхаад явсан чинь манай найз залууг цохиод унагаагаад өшиглөөд байсан. Гэртээ очоод утсаа цэнэглэх гээд л утсаа алга болсонг мэдсэн. Бас зодоон дунд миний утасны дэлгэцийг хагалсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/,

- Гэрч Г.Энхболдын өгсөн: “Би гал тогоо руугаа ороод ус уух гэсэн чинь хүн орилоод байх шиг байхаар нь харсан чинь манай найз зодуулж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 5048 тоот:

1. Т.Цэнд-Аюушийн биед тархи доргилт, баруун чамархайн хуйх, зүүн нүдний гадна булан, хүзүү, хэвлийн зулгаралт, 2 бугалганы цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, үрэх үед үүснэ.

3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт  хамаарна.

4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 21-23/,

- М.У.ын яллагдагчаар өгсөн: “Би 2020 оны 04 дүгээр сарын 25-нд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт найз болох А.Түвшинтөгсийн байрны гадаа  бид хоёр архи пиво уусан. Түвшинтөгсийн гаднаас оройн 22:00 цагийн үед дүү болох Намуунтай хамт Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт манай найзууд болох Тулга, Лувсангомбо, Золбаяр, Амартүвшин, Сүрэнбаяр нар дээр очсон. Би Сүрэнбаярын гэрт орохдоо гаднаас 4 ширхэг том 2.5 литрийн хэмжээтэй пиво, мөн 1 литрийн хэмжээтэй Эдэн нэртэй архи авч ороод хувааж ууцгаасан бөгөөд оройн 00 цагийн үед харих гээд Намуун гэх дүүтэйгээ Голден виллийн зогсоол дээр өөрийн машинаа авахаар явсан. Машин руугаа явах замд үл таних эрэгтэй эмэгтэй хоёр маргалдаад, залуу нь эмэгтэйгээ сэгсрээд, түлхээд байхаар нь би очоод тэр залууд хандаад “чи эмэгтэй хүн дээрэлхэхээ болиоч” гэхэд “чамд хамаагүй” гэхээр нь би очоод тэр хоёрыг салгахад тухайн залуу над руу уурлаад байхаар нь гараараа нүүрэн хэсэгт нь цохисон. Хэдэн удаа цохисноо сайн санахгүй байна. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд  намайг барьж аваад цагдаагийн хэлтэс дээр авчраад эрүүлжүүлэх байранд оруулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 69/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

М.У. нь 2020 оны 04 дүгээр сарын 25-ны шөнө 02:00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Голден вилла” хотхоны гадна согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Т.Цэнд-Аюушийг эмэгтэй хүн зодлоо гэх шалтгааны улмаас түүний толгой хэсэгт хэд хэдэн удаа гараараа цохиж, өшиглөж, биед нь тархи доргилт, баруун чамархайн хуйх, зүүн нүдний гадна булан, хүзүү, хэвлийн зулгаралт, 2 бугалганы цус хуралт гэмтэл учруулж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Т.Цэнд-Аюушийн мэдүүлэг, гэрч А.Орхонтуул, Г.Энхболд нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 5048 тоот дүгнэлт, М.У.ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч М.У.ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч М.У.д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Хохирогчид 496.000 төгрөгийн хохирол учирч, хохирол төлөгдсөн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч М.У.д ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 18.000 төгрөг нэхэмжилсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Б. овогт М.ын У.ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.У.д 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

             4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 18.000 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулсугай.

           5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.  

           6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА