Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 53

 

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 151/ШШ2017/00053

Төв аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул би,

 

нэхэмжлэгч: Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: Төв аймаг, Сэргэлэн сум, Хайрхан 2 дугаар багт оршин суух, Харчин овогт Гэндэн-Оргийн Лэгцэг /РД:НС52051677/-т холбогдох,

 

зээлийн төлбөр 2.899.350 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянаад

  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын Тамгын газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Г.Лэгцэг нь 2013 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр сум хөгжүүлэх сангаас 5.000.000 төгрөгийг суран эдлэл боловсруулах зориулалтаар авсан бөгөөд зээл төлөх хугацаа 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр дуусч хугацаа хэтэрсэн тул зээл, зээлийн хүүгийн хамт 2.899.350 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Лэгцэг нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Сэргэлэн сумын Сум хөгжүүлэх сангаас 5.000.000 төгрөгийг зээлсэн. Үүнээс 2.899.350 төгрөг үлдсэн. 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1.899.350 төгрөгийг төлсөн. Одоо үлдэгдэл 1.000.000 төгрөгийг 2017 оны 5 сард багтааж төлөх саналтай байна гэжээ.

 

Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын Тамгын газар нь хариуцагч Г.Лэгцэгээс зээлийн төлбөр 2.899.350 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Лэгцэг нь нэхэмжлэлийн шаардлага болох 2.899.350 төгрөгөөс 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1.899.350 төгрөгийг төлсөн байх ба үлдэх 1.000.000 төгрөгийг 2017 оны 5 дугаар сард багтааж төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд ирүүлжээ. /хх-13/

 

Хариуцагч Г.Лэгцэг нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг төлсөн, мөн үлдэх төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрчсөн нь түүний шүүхэд өгсөн тайлбараар тогтоогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Лэгцэг хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна гэж үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дугаар зүйлийн 74.1, 74.2-т тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлийн шаардлага 2.899.350 төгрөгөөс хариуцагч Г.Лэгцэг нь 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1.899.350 төгрөгийг төлсөн, үлдэх 1.000.000 төгрөгийг 2017 оны 5 дугаар сард багтаан төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын Тамгын газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Г.Лэгцэг 14.275 төгрөгийг Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот дансанд тушааж, улсын орлогод оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 ШҮҮГЧ                                        Д.АЛТАНТУУЛ