Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 1063

 

 

 

 

 

 

 

 

 

   2020         06          04                                       2020/ШЦТ/1063

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэргэл,  

улсын яллагч Н.Гэрэлмаа,

шүүгдэгч С.М. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Гал овогт С.ийн М.ад яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2006 00000 1375 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Сант суманд 1973 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, хэрэг хариуцах чадвартай, Гал овогт С.ийн М..

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.М. нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 1-114 тоотод дүү М.Тулгатай маргалдаж, түүний нүүрэн хэсэгт гараараа цохин биед нь зүүн чамархайн хуйх, нүүр хэсэг, зүүн сарвуунд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                         

                                                                            /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.М. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч М.Тулгын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2020 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 20:00 цагийн орчим эхнэртэйгээ муудалцсан байсан тул ганцаараа нэг том пиво уусан байсан. Манайх тоггүй байсан тул ахындаа ороод унтахаар М.ын гэрт орсон. Гэрт нь ороход М. ах 2 хүний хамт архи уусан байсан. Би эгчийнхээ хажуугаар ороод унтах гэж байхад ахын найз Баатараа гэх залуу над руу томроод байхаар нь маргалдсан. Энэ үед Баатараа ах болон манай ах М. нар гэрээс чирч гаргаад Баатараа нь боож байхад М. нь чулуугаар толгой хэсэгт хэд хэдэн удаа цохисон.” гэх мэдүүлэг /хх-ийн -5-7/,

- Гэрч С.Өнөр-Одонтуяагийн өгсөн: “Тулга нь гэрт согтуу ирж, ирээд өмсч явсан гадуур хувцас, гуталтайгаа ор луу ороод хэвтсэн. Тэр үед Баатараа ах Тулга 2 маргалдсан ба М. хажуу талаас Тулгыг нүүр хэсэгт гараараа нэг удаа цохисон ба тэр 2 хоорондоо маргалдаад зодолдож эхэлсэн юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/,

- Гэрч Б.Анхчимэгийн өгсөн: “М. Тулга нар нь хоорондоо маргалдаж, зодолдож эхэлсэн ба айсандаа би гэрээс гарч явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 5974 тоот:

1. М.Тулгын биед зүүн чамархайн хуйх, нүүр хэсэг, зүүн сарвуунд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь гэмлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 8-9/,

- С.М.ын яллагдагчаар өгсөн: “2020 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 18:00 цагийн орчимд зам дагуу байсан дэлгүүрээс 2.5 литрийн “Медведь” нэртэй пиво аваад Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 1-114 тоот буюу гэртээ очиж би,  найз Анхчимэг, Баатар бид 3 авсан пиво уугаад сууж байсан. Тэр үед Тулга манай гэрт гар утсаараа тоглоод сууж байсан. Удалгүй би Тулгыг гэртээ харь гээд явуулсан. Орой 22:00 цагийн орчимд төрсөн дүү Өнөр-Одонтуяа гэрт ирсэн ба унтлаа гээд гэрийн зүүн талд байх ор луу ороод унтсан. 2020 оны 05 дугаар сарын 18-ны 01:00 цагийн үед би, Анхтуяа, Баатар бид 3 авсан пиво уугаад ойр зуурын яриа өрнүүлээд сууж байтал Тулга нь манай гэрт орж ирээд Өнөр-Одонтуяагийн хажуугаар унтсан. Удалгүй Өнөр-Одонтуяа нь босч ирээд Тулгыг загнаад байсан. Тухайн үед би юу болсон талаар асуухад Тулга согтуу байна, гэрээс яв гээд загнаж байсан. Дараа нь Тулгыг бохир хувцастай оронд орлоо гээд Баатараа, Тулга хоёр анх хоорондоо маргалдаж байсан. Тэр үед би Тулгыг баруун гараа атгаж зүүн шанаанд нь нэг удаа цохисон. Дараа нь бид хоёр зууралдахад Баатараа бид хоёрыг салгасан ба гэрээс гараад бид хоёр дахин хоорондоо маргалдаж, зууралдаад газар унахад Тулга миний дээр гараад сууж байсан ба би баруун гараараа газраас чулуу атгаж аваад Тулгын толгой орчимд 3-4 удаа цохисон ба Тулга нь миний дээрээс босоод гүйгээд яваад өгсөн. Удалгүй 10-20 минутын дараа Тулга нь цагдаа дагуулаад ороод ирсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 30/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

             Баянзүрх дүүргийн Прокурорын газраас С.М. нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 1-114 тоотод дүү М.Тулгатай маргалдаж, түүний нүүрэн хэсэгт гараараа цохин биед нь зүүн чамархайн хуйх, нүүр хэсэг, зүүн сарвуунд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул С.М.ад холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

           С.М. нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 1-114 тоотод дүү М.Тулгатай маргалдаж, түүний нүүрэн хэсэгт гараараа цохин биед нь зүүн чамархайн хуйх, нүүр хэсэг, зүүн сарвуунд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч М.Тулгын мэдүүлэг, гэрч С.Өнөр-Одонтуяа, Б.Анхчимэг нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 50 дугаар сарын 22-ны өдрийн 5974 тоот дүгнэлт, С.М.ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч С.М.ыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

            Хохирогч гомдол саналгүй, хохирол нэхэмжлэхгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгч С.М.ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-ийн 40/

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүгдэгч С.М.ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн  хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Гал овогт С.ийн М.ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.М.ад 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.М. нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

           4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА