Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 1064

 

 

 

 

 

 

 

 

 

     2020       06          04                                       2020/ШЦТ/1064

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,

улсын яллагч С.Мөнхгэрэл,

шүүгдэгч Н.Ц.,

шүүгдэгч М.Д., тэдгээрийн өмгөөлөгч Я.Батханд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Н. овогт Н.ын Ц., О. овогт М.ын Д. нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2002 00185 0127 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1998 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, суух, хэрэг хариуцах чадвартай, Н. овогт Н.ын Ц..

Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1998 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Санхүү эдийн засгийн их сургуулийн 4 дүгээр дамжааны оюутан,      хэрэг хариуцах чадвартай, О. овогт М.ын Д..  

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Ц. нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай нийт 9.2471 грамм жинтэй ургамал мэт, мөн 1.7871 грамм жинтэй “шавар” мэт мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр 2019 оны 09 дүгээр сард Сэлэнгэ аймгийн Мандал сумын төвөөс хууль бусаар олж авч, шавар болгон бэлтгэж, 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүртэл Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Цээнийн 1-52 тоот гэртээ болон биедээ хууль бусаар хадгалсан, улмаар уг бодисоос 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр гэрийнхээ орчим 34-44 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор 0.0215 грамм жинтэй шавар мэт, 1.7677 грамм жинтэй ургамал мэт мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар М.Д.д өгсөн,

шүүгдэгч М.Д. нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай нийт 1.7677 грамм жинтэй ургамал мэт, мөн 0.0215 грамм жинтэй “шавар” мэт мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Н.Ц.оос хууль бусаар олж авч, улмаар Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт хууль бусаар биедээ хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.                         

                                                                            /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Ц. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр мэдүүлэх зүйлгүй.” гэв.

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Д. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хүний биед үзлэг хийж, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 7-9, 10-12/,

- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 21-23/,

- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 32/,

- Н.Цэрэндоржийн гэрчээр өгсөн: “Би каннабис өвс өнгөрсөн 9 дүгээр сард Сэлэнгэ аймгийн Мандал сумаас түүж ирсэн талаараа хэнд ч хэлээгүй болохоор М.Д., Батзориг нар мэдээгүй байсан. Харин хэрэг болсон өдөр гэрээсээ хотын төв рүү орох гэтэл орой болчихсон унаа тэрэг байгаагүй тул Батзоригийг машинтай болохоор нь юу ч гэсэн яриад үзье гэтэл яг Д.тэй уулзчихсан гадуур явж таарсан. Удалгүй тэр 2 манай гэрт ирж намайг авахаар нь би шаварнаасаа сонирхуулж үзье гээд түр зогсч байгаад машинд шавар хэрэглэсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 34/,

- М.Д.ий гэрчээр өгсөн: “2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр гэртээ байж байгаад орой 19:00 цагийн үед Батзориг руу залгаад “юу хийж байна, уулзах уу, таксинд явах уу, гарах уу” гэхэд “тэгье” гээд бид 2 Батзоригийн байрны урд уулзацгаасан. Бид 2 уулзаад удаагүй байж байтал Н.Ц. холбогдоод “та 2 хамт машинтай явж байгаа юм бол намайг гэрээс ирж аваад, хотын төв рүү дөхүүлээд өгөөч” гээд гуйхаар нь бид 2 хамт Н.Ц.ын гэрт 22:00 цагийн үед очсон. Бид 3 машинтай гэрийнх нь үүднээс хөдлөөд явж байтал удаагүй Н.Ц. түр зогсчих гэхээр нь Батзориг машин барьж байсан болохоор зам дагуу зогссон. Тэгтэл Н.Ц. халааснаасаа картан дээр наасан баримлын шавар шиг зүйл гаргаж ирээд тугалган цаасан дээр тавиад доороос нь асаагуураар халааж байгаад гарсан утааг нь цаас хуйлж байгаад сорж хэрэглэсэн. Өөрөө нэг цэг сорж дуусгачихаад Батзориг бид хоёрыг сонирхож үзэх үү гэхээр нь тэгье гээд тэр мөнгөлөг цаасан дээрээ дахин 1 цэг тавьж өгөхөөр нь би 1 сороод Батзоригт өгөхөд бас нэг сорсон. Н.Ц. шавар наасан картаа халаасандаа хийхдээ энийг түр өөртөө байлгаж бай, буухдаа авна, халаасанд багтахгүй байна гээд жижиг ууттай зүйл өгсөн. Би тэрийг нь өмсөж явсан куртканыхаа халаасанд хийгээд тэндээсээ Сансар оръё гэхээр  нь чиглээд хөдөлсөн. Замд явж байхад 22 цаг 40 минутын үед аав залгаад хурдан гэртээ ир гэж хэлсэн бөгөөд яг энэ үед мөн Батзоригийн ах залгаад дэлгүүрээс юм аваад гэртээ ирээрэй гэж хэлж байсан. Тийм болохоор бид 2 Н.Ц.ыг Сансарын Пицца Хатын харалдаа бууна гэж байсан болохоор тэнд нь буулгачихаад гэр гэртээ харих байсан боловч удалгүй цагдаа нар 23 цаг 30 минутын үед гарч ирээд саатуулсан.” гэх мэдүүлэг /37-38/,

-  Гэрч Ж.Байгалмаагийн өгсөн: “Миний хүү М.Д. дөлгөөхөн, томоотой, эелдэг даруу зантай, маш авьяастай хүүхэд. Дуулна, бүх төрлийн спортоор хичээллэнэ, Санхүү эдийн засгийн их сургуулийн сагсан бөмбөгийн шигшээ багт тоглож байгаа, лигт мөн тоглодог. Ротаракт клубд хамрагдаж, ядуу зүдүү хүмүүст тусалдаг, түлээ нүүрс тараадаг, хүмүүсийн хэрэглэхгүй байгаа юмыг цуглуулж, хэрэгтэй байгаа хүмүүст нь тарааж өгдөг гэх мэт сайн үйлсийн аян хийж явдаг. Чөлөөт цагаараа фитнессээр хичээллэдэг, англи хэлээ хөгжүүлэх эрмэлзэлтэй, хоол хийх сонирхолтой, аав ээжийгээ байхгүйд янз бүрийн гоё хоол хийгээд тавьчихсан байдаг. Манай гэр бүл маш тайван, халуун дулаан уур амьсгалтай байдаг, нөхөр маань архи дарс уудаггүй, гэрт хэрүүл маргаан гардаггүй болохоор буруу үлгэр дууриалал авах зүйл байдаггүй, маш зөв хүмүүжилтэй хүүхэд байгаа юм. Дүүдээ их хайр халамжтай, гэр орны ажилд сайн, хувцсаа угаана, хоолоо хийнэ, маш эмх цэгцтэй, аав ээжийнхээ үгнээс гардаггүй, хүнд итгэмтгий гэнэн зантай, би өөрөө сүүлийн үед шинжилгээний хариу муу гараад бие тааруу байгаа болохоор хүү маань хорио цээрийн үеэр гэрээсээ гарахгүй байсан юм.” гэх мэдүүлэг /44/,

- Гэрч Н.М.ын өгсөн: “Миний хүү М.Д. маш томоотой, ангийн багшийн хайртай шавь, М.Д. нэрэндээ таарсан дөлгөөхөн хүүхэд гэдэг байсан. Урлаг, спортын авьяастай , сагс тоглодог, сургууль, дүүргийн олон тэмцээн уралдаанд оролцож медаль авч байсан. Дуулна, бүжиглэнэ, сургуулийн урлагийн үзлэг олон нийтийн арга хэмжээнд идэвхитэй оролцдог. Хүү минь хүмүүжилтэй, эцэг эхийнхээ үгнээс гарахгүй, томоотой, дүүдээ халамжтай, гэр орны ажилд сайн, манайх эмэгтэй хүүхэдгүй болохоор М.Д. дүүгээ хараад хоол цайгаа хийгээд байж байдаг. Эхнэр бид хоёрын хамгийн итгэл найдвар хүлээлгэж байсан хүүхэд байгаа юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 45/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 1803 тоот: “...Шинжилгээнд ирүүлсэн “№1 Ц.оос 2020.03.18” гэж, ...”№2 Д.өөс 2020.03.18” гэж, ...”№3 Машинаас 2020.03.18” гэж хаягласан шавар мэт зүйл, ...ургамал мэт зүйл тус бүрээс дельта-9-тетрагидроканнабинол...илрэв...” гэх дүгнэлт /хх-ийн 48-54/,

- Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 19-20/,

-М.Д.ий эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 75/,

- Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 87/,

- Оюутан байх хугацаанд цэргийн бэлтгэл сургалтад хамрагдсан байдал /хх-ийн 89/,

- М.Д.ий иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 82/,

- М.Д.ий төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 93/,

- М.Д.ий гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 94/,

- Санхүү эдийн засгийн их сургуулийн тодорхойлолт /хх-ийн 95-97/

- Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн тодорхойлолт /хх-ийн 100-101/,

- “Гэрэл мэдикал түүр” ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 102/,

- М.Д.ий Сагсан бөмбөг спортын 1 дүгээр зэрэгтэй болохыг тодорхойлсон үнэмлэх /хх-ийн 103/,

- М.Д.ий гадаад паспортын хуулбар /хх-ийн 104/,

- “Юнайтед ворлд” төвийн тодорхойлолт /хх-ийн 105/,

- Санхүү эдийн засгийн их сургуулийн Ротаракт клубын тодорхойлолт /хх-ийн 106/,

- М.Д.ий авсан медалиудын гэрэл зураг /хх-ийн 107/,

- М.Д.д хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 156/,

- М.Д.ий өмгөөлөгч Я.Батхандын Нийслэлийн прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 159/,

- М.Д.ий өмгөөлөгч Я.Батхандын Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорт гаргасан хүсэлт /хх-ийн 162/,

- “Гялалзах оргил” ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 163/,

- Хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодисын хор уршгийн талаар танилцуулга /хх-ийн 164/

- Гэрч Н.Н.ын өгсөн: “Миний том хүү Н.Ц. нь сургуульд сурч байхдаа сурлага сайтай, спортлог, сагсан бөмбөг, хөл бөмбөг тоглодог, байнга тэмцээн уралдаанд оролцдог, шагнал медаль авдаг, сэргэлэн цовоо зантай хүүхэд байсан. Бөөрний судасны нарийсалттай, нурууны өвчтэй гэсэн онош гарсан. Зан араншингийн хувьд хүмүүстэй яриа хөөрөө сайтай, илэн далангүй, нээлттэй, нийтэч, гэр орны ажилд сайн, айлын том хүүхэд болохоор ээждээ туслаад гэрийн ажил хийж, дүү нараа хардаг, 3 дүүдээ их хайр халамжтай.” гэх мэдүүлэг /хх-ийн 43/,

- Н.Ц.ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 74/,

- Н.Ц.ын зөрчлийн талаарх цагдаагийн АСАП сангийн мэдээлэл /хх-ийн 84/,

- Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 328 тоот: “Н.Ц. нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай...хэрэг хариуцах чадвартай байсан байна...” гэх дүгнэлт /хх-ийн 125-126/,

- Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдийн 326 тоот: “М.Д. нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай...хэрэг хариуцах чадвартай байсан байна...” гэх дүгнэлт /хх-ийн 122-123/,

- Н.Ц.од хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 155/,

- Яллагдагч Н.Ц.ын үйлдсэн хэргийн талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 62-63/,

- Яллагдагч М.Д.ий үйлдсэн хэргийн талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 68-69/,

- Зэрлэг олсны ургамлын талаарх тархцын судалгаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Н.Ц. Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай нийт 9.2471 грамм жинтэй ургамал мэт, мөн 1.7871 грамм жинтэй “шавар” мэт мансууруулах, сэтгэцэд  нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр 2019 оны 09 дүгээр сард Сэлэнгэ аймгийн Мандал сумын төвөөс хууль бусаар олж авч, шавар болгон бэлтгэж, 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүртэл Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Цээнийн 1-52 тоот гэртээ болон биедээ хууль бусаар хадгалсан, улмаар уг бодисоос 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр гэрийнхээ орчим 34-44 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор 0.0215 грамм жинтэй шавар мэт, 1.7677 грамм жинтэй ургамал мэт мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар М.Д.д өгсөн,

М.Д. Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай нийт 1.7677 грамм жинтэй ургамал мэт, мөн 0.0215 грамм жинтэй “шавар” мэт мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг тус тус худалдаалах зорилгогүйгээр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Н.Ц.оос хууль бусаар олж авч, улмаар Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт хууль бусаар биедээ хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь Н.Ц., М.Д. нарын биед үзлэг хийсэн, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зураг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 1803 тоот дүгнэлт, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зураг, Н.Ц., М.Д. нарын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Н.Ц.ыг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн гэм буруутайд, М.Д.ийг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Н.Ц., М.Д. нарт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Н.Ц., М.Д. нарт ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас тус тус анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцлоо.

Шүүгдэгч нар нь хийсэн үйлдлийнхээ учир холбогдлыг чин санаанаасаа ухамсарлаж, гэмшиж байгаа болон шүүгдэгч нарын хувийн байдал тухайлбал хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодисын хор уршиг, үүнээс урьдчилан сэргийлэх талаар үйл ажиллагаа явуулдаг Rotaract клубын үйл ажиллагаанд оролцож, дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдэхгүй байх талаар дахин дахин мэдүүлж, гэм буруугаа хүлээн мэдүүлж байгаа зэргийг тус тус харгалзан үзэж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Н.Ц., М.Д. нар нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд №1 дугаартай шавар мэт 1.6995 грамм, №2 дугаартай шавар мэт 0.0128 грамм, №3 дугаартай шавар мэт 0.0184 грамм, №4 дугаартай 1.5896 грамм өвс мэт, №5 дугаартай өвс 7.2978 грамм, Mevius гэсэн бичигтэй, хөх өнгийн тамхины хайрцаг, охины зурагтай хөзөр 1 ширхэг, анаашны зурагтай тал хөзөр 1 ширхэг, цагаан өнгийн тал цаас зэрэг хадгалаатай байгаа, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч Н. овогт Н.ын Ц.ыг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

        шүүгдэгч О. овогт М.ын Д.ийг хориглосон, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ц., М.Д. нарт хорих ял оногдуулахгүйгээр тус тус 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад тус тус зааснаар Н.Ц., М.Д. нарт тэнссэн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар тэнсэж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн, хязгаарлалт тогтоосон шийдвэрийг тус тус хүчингүй болгож, энэ хуулийн 6.1, 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Н.Ц., М.Д. нарт тайлбарласугай.

            5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалаатай байгаа №1 дугаартай шавар мэт 1.6995 грамм, №2 дугаартай шавар мэт 0.0128 грамм, №3 дугаартай шавар мэт 0.0184 грамм, №4 дугаартай 1.5896 грамм өвс мэт, №5 дугаартай өвс 7.2978 грамм, Mevius гэсэн бичигтэй, хөх өнгийн тамхины хайрцаг, охины зурагтай хөзөр 1 ширхэг, анаашны зурагтай тал хөзөр 1 ширхэг, цагаан өнгийн тал цаас зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгасугай.

           7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА