Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2021/0598

 

 

Ц.Ө-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Долгорсүрэн, А.Сарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, гомдол гаргагч Ц.Ө, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э нарыг оролцуулан хийж, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 22 дугаар шийдвэртэй, Ц.Ө-ийн гомдолтой, Увс аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн дарга, татварын улсын байцаагчид холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор, шүүгч А.Сарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 22 дугаар шийдвэрээр:

“Зөрчлийн тухай хуулийн 2.5 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 21, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан гомдол гаргагч Ц.Ө-ийн гомдлыг хангаж, Увс аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн дарга, татварын улсын ахлах байцаагч Д.Нгийн үйлдсэн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 0176459 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож” гэж шийдвэрлэжээ.

Хариуцагч Увс аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн дарга, татварын улсын ахлах байцаагч Д.Н тус шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдолдоо:

“.... Эрх бүхий албан тушаалтны зүгээс зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулах явцад гомдол гаргагч Ц.Ө нь Улаанбаатар хотод амьдардаг. Мөн Монгол Улсад Covid-19 цар тахал бүртгэгдэн, Улсын хэмжээнд хөл хорио тогтоогдож, ирж оролцох боломжгүй байсан тул түүний 99083929 дугаарын утас болон facebook чат, өөрийнх нь ирүүлсэн  мэйл хаягаар зөрчилтэй холбоотой баримт материал, эрх үүрэг танилцуулсан баримтыг хүргүүлэх, мэдэгдэх зэргээр бүхий л арга хэмжээг авч ажилласан болно. Холбогдогч Ц.Ө нь миний энэхүү хэргийг миний бие амьдран суудаг харьяаллаар шийдээгүй, хэрэг үйлдэгдсэн газар шийдэгдсэн нь буруу гэж үзэж гомдол гаргасан байдаг.

Нөгөөтээгүүр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн эрх зөрчигдөх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хуулийн хүрээнд явагдаж байгаа эсэхэд прокурор хяналт тавьж оролцдог бөгөөд энэхүү зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явц бүрийг, холбогдогч ирэх боломжгүй зэрэг дээрх нөхцөл байдлыг тухай бур прокурорт танилцуулж явсан бөгөөд гомдолд дурдаж байгаачлан процесс ажиллагааг зөрчсөн гэж үзсэн тохиолдолд прокурор хүчингүй болгуулахаар дүгнэлт бичих үүрэгтэй. Гэтэл прокурор зөрчлийн материалыг бүхэлд нь хянаад хууль зөрчөөгүй гэж үзэж, баталгаажуулсан болно.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3-д “Сонгуулийн зардлын мөнгөн хөрөнгийг энэ хуульд заасны дагуу нээлгэсэн сонгуулийн зардлын дансанд төвлөрүүлж, зарцуулна, 49.4-д "Сонгуулийн зардлын данснаас өөр дансанд сонгуулийн зардал цуглуулах, зарцуулахыг хориглоно" 51 дүгээр зүйлийн 51.4-д "Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж , бүртгүүлэх үүрэгтэй" гэж заасан нь УИХ-ын сонгуульд нэр дэвшигч заавал банканд зардлын данс нээлгэх, тухайн зардлын дансанд гүйлгээ орлого ( хандив ), зарлага /хийгдсэн эсэхээс үл хамааран зардлын дансны дугаар, банкны нэрийг болон холбогдох тайланг аудитаар баталгаажуулан төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэхийг үүрэг болгосон.

Нэр дэвшигч Ц.Ө нь хуульд заасан дээрх үүргээ биелүүлээгүй буюу зардлын данс Хаан банканд нээлгэсэн боловч дансны дугаар, банкны нэрийг төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж , бүртгүүлээгүй нь Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасан зөрчил гаргасан.

Энэхүү зөрчил буюу түүний үр дагавар Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдээгүй болохыг шүүх анхаарч үзээгүй бөгөөд маргааны үйл баримтад Зөрчлийн тухай хуулийн 2.5 дугаар зүйлийн 1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Өөрөөр хэлбэл, зардлын данс, банкны нэрийг төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэх хэлбэр нь ямар ч байдлаар байж болох бөгөөд хуульд заавал төрийн аудитын дээд байгууллагад биечлэн ирж бүртгүүлэхийг шаардаагүй, ингэх ч боломжгүй бөгөөд нэр дэвшиж буй газраас зардлын данс, банкны нэрийг хуульд заасан хугацаанаас өмнө цахимаар, шуудангаар мэдэгдэх боломжтой. Нэр дэвшигч Ц.Ө-ийн хувьд дээрх үйлдлийг буюу зардлын данс, банкны нэрийг төрийн аудитын дээд байгууллагад дээрхийн аль ч хэлбэрээр мэдэгдээгүй, бүртгүүлээгүй тул зөрчил Үндэсний аудитын газар байрлаж буй нутаг дэвсгэр Чингэлтэй дүүрэгт үйлдэгдсэн гэж үзэх үндэслэлгүй.

Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасан зөрчлийн хувьд зардлын данс, банкны нэрийг хуульд заасан санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллага бүртгүүлээгүй үйлдэл, эс үйлдэхүй  гаргаснаар төгсөх эрүүгийн эрх зүй дэх гэмт хэрэг төгсөх тухай ойлголт бөгөөд зөрчлийн улмаас үр дагавар үүсэхийг шаардахгүй, бусад үр дагавар үүсэх зөрчлөөс ялгамжтай болохыг шүүх анхаараагүй.

Түүнчлэн Үндэсний аудитын газар нь нэр дэвшигч нар зардлын данс, банкны нэрийг бүртгүүлсэн эсэхийг хуульд заасан эрх хэмжээ /үүрэг/-ний хүрээнд хянаж, бүртгүүлээгүй нэр дэвшигч нарын асуудлыг харьяаллын дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтан /татварын албанд/ -д мэдээлэл ирүүлснийг Үндэсний аудитын газарт зөрчлийн үр дагавар илэрсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Татварын ерөнхий газрын зүгээс дээрх нөхцөл байдлыг харгалзсаны үндсэн дээр орон нутагт нэр дэвшигч нарын хувьд тухайн аймаг /тойрог/-т нэр дэвших явцдаа дээрх зөрчлийг гаргасан гэж үзэж, УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн нутаг дэвсгэрийн харьяаллаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах нь зүйтэй гэж үзэж Үндэсний аудитын газраас ирүүлсэн зөрчлийн талаарх мэдээллийг харьяа албадад хүргүүлсэн бөгөөд Увс аймгийн татварын улсын байцаагч харьяалан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсныг шууд буруутгах, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэж байна.

Гэтэл шүүх маргааны үйл баримтад хуулийг буруу тайлбарлан хэрэглэж , бодит нөхцөлд байдал, хэрэгт авагдсан баримтад бус Үндэсний аудитын газрын байрлаж буй Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэгт зөрчил гарсан, үр дагавар илэрсэн тул нутаг дэвсгэрийн харьяаллыг зөрчсөн гэх хийсвэр дүгнэлт хийж, Ц.Ө-ийн гомдлыг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна.

Иймд Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 22 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Ц.Ө-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг давж заалдах гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүх маргааны үйл баримтад холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, хариуцагч Д.Нгийн давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэв.

Гомдол гаргагч Ц.Ө-оос “Увс аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн дарга Д.Нгийн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0176459[1] дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг Увс аймгийн татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн дарга, татварын улсын байцаагч Д.Н-д холбогдуулан гаргажээ.

1.Хариуцагчаас Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 15 дугаар тойрогт “Зөв хүн электорат эвсэлээс” нэр дэвшигч  Ц.Өыг “сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг Үндэсний аудитын газарт хуульд заасан хугацаанд бүртгүүлээгүй зөрчил гаргасан гэж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж, маргаан бүхий шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д “Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, ...хуульд заасан журмыг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, ...нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. гэж заасны дагуу 10.000.000 сая төгрөгөөр торгох шийтгэлийг Ц.Ө-оод оногдуулжээ.

Монгол Улсын Ерөнхий аудитороос Татварын ерөнхий газарт хүргүүлсэн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2879 албан бичиг[2], Татварын ерөнхий газраас аймаг, дүүргийн татварын хэлтэст хүргүүлсэн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 06/3212 албан бичиг[3], Үндэсний Аудитын газраас Увс аймгийн татварын хэлтсийн даргад хүргүүлсэн 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 01/772 албан бичиг[4], Сонгуулийн ерөнхий хорооны 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2/46 албан бичиг[5], нэр дэвшигчийн үнэмлэхний хуулбар[6] зэрэг лавлагаа, мэдээллийг үндэслэн “нэр дэвшигч Ц.Ө нь сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг Үндэсний аудитын газарт хуульд заасан хугацаанд бүртгүүлээгүй” гэдгийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоожээ.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д “Сонгуульд оролцож байгаа нам, эвсэл болон нэр дэвшигч тус бүр улсын хэмжээнд сонгуулийн зардлын төгрөгийн нэг данстай байна., 51.3-д “Нам, эвсэл болон нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай шийдвэр гарснаас хойш энэ хууль болон банкны тухай хууль тогтоомжид нийцүүлэн сонгуулийн зардлын дансыг нээлгэнэ.”, 51 дүгээр зүйлийн 51.4-д “Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй.” гэж заажээ.

          Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2-т “Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна”, 2.1 дүгээр зүйлийн 1-д “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ”, мөн зүйлийн 2-т “Хүн, хуулийн этгээд нь хууль, захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэх боломжтой байсан боловч түүнийг биелүүлэх зохих арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол зөрчил үйлдсэнд тооцно”, 17.1 дүгээр зүйлийн 21-д “Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, ...хуульд заасан журмыг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, ...торгоно.” гэж зохицуулсан.

          Хуулийн эдгээр зохицуулалтаас үзэхэд Монгол Улсын Их Хурлын сонгуульд оролцож байгаа нэр дэвшигч нь сонгуулийн зардлын дансыг сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай шийдвэр гарснаас хойш нээлгэх, уг сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг аудитын байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй байхаар зааж, “сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг хуульд заасан хугацаанд аудитын байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх” үүргээ биелүүлээгүй тохиолдолд сонгуулийн хуулийг зөрчсөн зөрчилд тооцохоор зохицуулжээ.

          Нэр дэвшигч Ц.Ө нь сонгуулийн зардлын дансыг нээлгэн, зардлаа уг дансанд төвлөрүүлэн захиран зарцуулж байсан боловч уг сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4-д заасан хуульд заасан санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө Үндэсний аудитын газарт мэдэгдэж, бүртгүүлээгүй гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон.

          “Сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг аудитын байгууллагад хуульд заасан хугацаанд бүртгүүлээгүй үйлдэл нь сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4-д заасан журмыг зөрчсөн тул Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д заасан зөрчлийн шинжийг агуулсан гэж үзэхээр байх тул нэр дэвшигч Ц.Өод энэ үндэслэлээр шийтгэх хуудсаар торгуулийн шийтгэл оногдуулсан хариуцагчийн үйлдлийг хуульд нийцсэн гэж үзэхээр байна.

          2.Зөрчлийн тухай хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Зөрчил үйлдэгдсэн, түүний үр дагавар илэрсэн газрыг зөрчил үйлдсэн газарт тооцно.” гэжээ.

          Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны харьяалал” гэсэн 1.8 дугаар зүйлийн 1-д “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг уг зөрчил үйлдэгдсэн нутаг дэвсгэр, энэ хуульд заасан харьяаллын дагуу явуулна.”, 6.12-д “Дараахь эрх бүхий албан тушаалтан доор дурдсан харьяаллын дагуу зөрчлийг шалган шийдвэрлэнэ: татварын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн ...17.1 дүгээр зүйлийн 21, ... дэх хэсэгт заасан зөрчил” гэж заасан.

          Гомдол гаргагч Ц.Ө Монгол Улсын Их хурлын 2020 оны ээлжит сонгуулийн 15 дугаар тойрогт “Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшсэн бөгөөд уг тойрог Увс аймгийн нутаг дэвсгэрт харьяалагдаж байх бөгөөд “сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг аудитын байгууллагад хуульд заасан хугацаанд бүртгүүлээгүй” сонгуулийн хуулийн зөрчлийг тус Монгол Улсын Их хурлын 2020 оны ээлжит сонгуулийн 15 дугаар тойрогт үйлдэгдсэн гэж үзэхээр байна.

          Иймд тус сонгуулийн 15 дугаар тойрогийн нутаг дэвсгэрийн харьяаллын Увс аймгийн татварын хэлтсийн улсын байцаагч уг зөрчлийг шалган тогтоож, шийтгэл оногдуулсныг дээр дурдсан хуулиудад зааснаар нутаг дэвсгэрийн харьяалал зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

          Энэ үндэслэлээр анхан шатны шүүхээс “Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасан зөрчлийн хувьд үйл баримт нь нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийн Үндэсний аудитын газарт хүргүүлэх үүргээ биелүүлсэн эсэхтэй холбоотой байх бөгөөд сонгуулийн зардлын дансны дугаар банкны нэрийг хүргүүлээгүй эс үйлдлийн үр дагавар Үндэсний аудитын газрын оршин байх нутаг дэвсгэрт илэрсэн байна. Үндэсний аудитын газар нь Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэгт байршиж, үйл ажиллагаа явуулдаг байхад Увс аймгийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулсан нь хуулиар тогтоосон нутаг дэвсгэрийн харьяаллын журмыг зөрчсөн байна...эрх бүхий албан тушаалтан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2.1-д заасны дагуу гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх ажиллагааг гүйцэтгэх байжээ.” гэсэн дүгнэлт хийж гомдлын шаардлагыг бүхэлд ханган, маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй тул хүчингүй болгож, гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэх зүйтэй.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4, Зөрчлийн тухай хуулийн 2.5 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 21,  Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 1, 6.12-д заасныг тус тус баримтлан Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 22 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, гомдол гаргагч Ц.Ө-оос Увс аймгийн татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн дарга, татварын улсын байцаагч Д.Нд холбогдуулан гаргасан “Увс аймгийн татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн дарга Д.Н-ийн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 0176459 дугаартай “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Увс аймгийн татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн дарга, татварын улсын байцаагч Д.Н-ийн давж заалдах гомдлыг хангасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Н.ДОЛГОРСҮРЭН

ШҮҮГЧ                                                                       А.САРАНГЭРЭЛ

 

 

[1] Хэргийн 85 дахь тал

[2] Хэргийн 33-34 дэх тал

[3] Хэргийн 35 дахь тал

[4] Хэргийн 73 дахь тал

[5] Хэргийн 67-68 дахь тал

[6] Хэргийн 39 дэх тал