Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 207

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д.Б гийн нэхэмжлэлтэй 

Хариуцагч: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 150 дугаар тогтоолыг биелүүлэхгүй байгаа Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, өмнө эрхэлж байсан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах” нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б , түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ц , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Хуулийн хэлтсийн мэргэжилтэн С.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонням нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Б , итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ц  нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Санхүү, эдийн засгийн газрын даргаар томилогдон ажиллаж байгаад Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/119 дүгээр тушаалаар ажлаасаа хууль зүйн үндэслэлгүйгээр томилогдсон. 

Дээрх тушаалыг гаргахдаа Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9, Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4, 23 дугаар зүйлийн 23.4, 24 дүгээр зүйлийн 24.1.1, 24.2, Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйл, 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.1, 46 дугаар зүйлийн 46.1, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 206 дугаар тогтоол, Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны “Мэргэжилтэн, ажилтны ажлын байр батлах тухай” Б/113 дугаар, “Яамны мэргэжилтэн, ажилтны ажлын байрны тодорхойлолт батлах тухай” Б/118 дугаар тушаалыг тус тус үндэслэсэн байдаг. 

Тушаалын үндэслэлд заасан дээрх хуулийн заалтуудаас надад хамаарах заалт байхгүй байсан ба миний бие намайг ажлаас чөлөөлсөн шийдвэрийг эс зөвшөөрч 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Төрийн албаны зөвлөлд хандсан.

Төрийн албаны зөвлөл Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны Б/119 дүгээр тушаалыг хянаад, 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 150 дугаар тогтоолоор уг тушаалын надад холбогдох хэсгийг хүчингүй болгосон. 

Гэтэл Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга нь 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн тогтоолыг эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан хэдий ч 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсан тул тус шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 128/ШШ2017/0561 дүгээр захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон юм.

Иймээс миний бие өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эгүүлэн томилуулах хүсэлтийг 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргад гаргасан ба  хуульд заасан хугацаанд миний өргөдлийг шийдвэрлээгүй тул шүүхэд хандсан болно. 

Би 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр ажлаас чөлөөлөгдөхөөсөө өмнө сард дунджаар 1,392,774 төгрөгийн цалин хөлс авч байсан.

Иймд Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 150 дугаар тогтоолыг биелүүлэхгүй байгаа Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, өмнө эрхэлж байсан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү” гэв.

Хариуцагч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “..Д.Б  нь Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн Б/88 дугаар тушаалаар Санхүү, эдийн засгийн газрын даргаар томилогдон ажиллаж байгаад Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/119 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн.

Яамны бүтэц, зохион байгуулалт, ажлын байр өөрчлөгдсөнтэй холбогдуулан Санхүү, эдийн засгийн газрын даргаар ажиллаж байсан Д.Б г үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байх бөгөөд тэрээр энэ талаар Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан байсан. Төрийн албаны зөвлөл гомдлыг хянан үзэж 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 150 дугаар тогтоол гарсан. 

Засгийн газар шинэчлэн зохион байгуулагдсан, яамны Төрийн нарийн бичгийн даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн зэрэг шалтгаанаар Д.Б гийн ажилтай холбоотой шийдвэрийг гаргаагүй байгаа болно” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан болон хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үед гаргасан тайлбар зэргийг хянан хэлэлцээд дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч Д.Б гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.Б  нь нэхэмжлэлийн шаардлагаа “Төрийн  албаны зөвлөлийн 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 150 дугаар тогтоолыг биелүүлэхгүй байгаа Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, өмнө эрхэлж байсан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах”  гэж тодруулж тодорхойлсон болно.

Анх нэхэмжлэгч Д.Б  нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн Б/88 дугаар тушаалаар тус яамны Санхүү, эдийн засгийн газрын даргаар томилогдон  ажиллаж байсан байна. 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/119 дүгээр тушаалаар  “...эрхэлж байсан албан тушаал, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг өөрчлөгдсөн ...” гэж үзэн Санхүү, эдийн засгийн газрын дарга Ж.Б г бусад төрийн албан хаагчдын хамт 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.  

Нэхэмжлэгч Д.Б  нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/119 дүгээр тушаалын өөрт холбогдох хэсгийг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан байна.

Дээрх гомдлыг Төрийн албаны зөвлөл хянан үзээд 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн “Маргаан хянан шийдвэрлэсэн тухай” 150 дугаар тогтоолоор  “...Д.Б г Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т “...тухайн төрийн байгууллага нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр татан буугдсан, бүтцийн өөрчлөлт орж орон тоо хасагдсан бол түүнийг төрийн жинхэнэ албанаас чөлөөлнө” гэж, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн”, 24.1.2-т “төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн” гэж зааснаар үндэслэж Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Санхүү, эдийн засгийн газрын даргын албан тушаалаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул “Ажлаас чөлөөлөх тухай” Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Г-Э*******ийн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/119 дүгээр тушаалын Д.Б д холбогдох хэсгийг хүчингүй болгож” шийдвэрлэжээ. 

Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.7-д зааснаар “...Төрийн албаны төв байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрсөн тал уг шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно” гэж заасны дагуу Төрийн албаны зөвлөлд холбогдуулан “Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 150 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргаас тус шүүхэд гаргасныг шүүх хүлээн авч захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад нэхэмжлэгч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга шүүхэд гаргасан дээрх нэхэмжлэлээсээ татгалзсан байх бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 128/ШШ2017/0861 дүгээр захирамжаар  нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ”  гэж заасан байна.

Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.7-д заасны дагуу гаргасан нэхэмжлэлээсээ Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга татгалзсанаар шүүх маргаан бүхий акт болох Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн “Маргаан хянан шийдвэрлэсэн тухай” 150 дугаар тогтоолыг хууль бус эсэхийг хянаагүй бөгөөд уг тогтоол хүчин төгөлдөр хэвээр үйлчилж байна.

Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.6-д “...Төрийн албаны төв байгууллагын гаргасан шийдвэрийг холбогдох байгууллага, албан тушаалтан биелүүлэх үүрэгтэй”  гэж заасны дагуу Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга нь Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй.

 Гэтэл Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга нь өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч Д.Б г ажилд нь эгүүлэн томилоогүй байна. 

Түүнчлэн нэхэмжлэгч Д.Б гаас Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргад “...Тус шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 128/ШШ2017/0861 дүгээр захирамж, Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 150 дугаар тогтоолыг хэрэгжүүлж өмнө эрхэлж байсан албан тушаалын чиг үүрэг хадгалагдаж байгаа Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргын албан тушаалд томилж өгнө үү” гэсэн утга бүхий өргөдлийг 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гаргаж, уг өргөдөл нь тус яамны өргөдөл гомдлын бүртгэлийн 5048 дугаарт  бүртгэгджээ. 

Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ” , Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3-д “Гомдлыг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хүлээн авч, хуульд өөрөөр заагаагүй бол 30 хоногийн дотор хянан шийдвэрлэж хариу өгнө” , Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргасан гомдлыг Захиргааны ерөнхий хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй бол хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана”  гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч Д.Б гаас 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргад гаргасан өргөдлийг дээрх хуулиудад заасны дагуу 30 хоногийн дотор хянан шийдвэрлэж хариу өгөөгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасны дагуу 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримт болон хэргийн оролцогчдын гаргасан тайлбараас үзвэл Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/119 дүгээр тушаалын Д.Б д холбогдох хэсгийг Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн “Маргаан хянан шийдвэрлэсэн тухай” 150 дугаар тогтоолоор хүчингүй болгож шийдвэрлэсэн байхад түүнийг өмнө эрхэлж байсан албан тушаалын чиг үүрэг хадгалагдаж байгаа Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргын албан тушаалд томилоогүй эс үйлдэхүй нь хуульд нийцээгүйн улмаас нэхэмжлэгч Д.Б гийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн байна гэж үзэхээр байна.

Түүнчлэн хэрэгт авагдсан ажлын байрны тодорхойлолтуудаас үзэхэд тус яамны Санхүү, эдийн засгийн газар нь Санхүү, хөрөнгө оруулалтын газар болсон байх бөгөөд тус газрын даргын албан тушаалын чиг үүрэг өөрчлөгдсөн гэж үзэхээргүй байх тул Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах” гэж заасны дагуу шийдвэрлэхээр байна.

Иймд дээрх байдлуудыг нэгтгэн дүгнэвэл, хариуцагчийн Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 150 дугаар тогтоолыг биелүүлж нэхэмжлэгч Д.Б г өмнө эрхэлж байсан албан тушаалын чиг үүрэг хадгалагдаж байгаа Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргын албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхүй нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 39 дүгээр зүйлийн 39.7, 40 дүгээр зүйлийн 40.1-д тус тус заасантай нийцээгүйн улмаас нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдож байх тул Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 150 дугаар тогтоолыг биелүүлэхгүй байгаа Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Д.Б г Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Д.Б гийн ажилгүй байсан хугацаа болох 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүртэлх нийт 7 сар 15 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговор болох 9325803 /есөн сая гурван зуун хорин таван мянга найман зуун гурав/ /ТЗ-12-3-921067+10% /эрдмийн цол/+10% /хугацаа/+15% /зэрэг дэв/=1243440,45*7сар+1243440,45:22*11/ төгрөгийн олговроос хуульд заасан татвар, шимтгэлийг суутган тооцож нэхэмжлэгч Д.Б д олгон, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг хариуцагч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгаж шийдвэрлэлээ. 

Тус яамны Төрийн нарийн бичгийн даргын ажлын байранд жинхлэн томилогдсон албан тушаалтан байхгүй байгааг дурдах нь зүйтэй байна.

 

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.7, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 39 дүгээр зүйлийн 39.1.1, 39.5, 39.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Д.Б гаас Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 150 дугаар тогтоолыг биелүүлэхгүй байгаа Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Д.Б г Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Б гийн ажилгүй байсан хугацаа болох 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүртэлх нийт 7 сар 15 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговор болох 9325803 /есөн сая гурван зуун хорин таван мянга найман зуун гурав/ төгрөгийн олговроос хуульд заасан татвар, шимтгэлийг суутган тооцож нэхэмжлэгч Д.Б д олгон, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг хариуцагч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргад  даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Б д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                    Ц.ОДМАА