Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 29

 

2017 оны 12 сарын 22 өдөр

      Дугаар  226/МА2017/00029                          

                          Хэрлэн сум

Төрийн банкны Хэнтий салбарын

 нэхэмжлэлтэй, Г.С-д холбогдох иргэний хэргийн талаар

226/2017/00028/Э

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Д.Байгалмаа, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны “А” танхимд, 

   Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Цэрэндулам,

   Нэхэмжлэгч Төрийн банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.Мөнхзул,

   Хариуцагч: Г.С,

   Хариуцагчийн өмгөөлөгч: Э.Уянга нарыг  оролцуулан,

         Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 156/ШШ2017/00618 дугаар шийдвэртэй, Төрийн банк ХХК-ийн нэхэмжлэлтэй, Г.С-д холбогдох “Орон сууцны төлбөрийн үлдэгдэл 38 765 500 төгрөгийг гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Мөнхзулын давж заалдах гомдлоор 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Я.Алтаннавчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Бүднам, Х.Мөнхзул нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монголбанкны Ерөнхийлөгчийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/157, А/153 дугаар тушаалаар “Хадгаламж банк” ХХК-ийг татан буулгаж, эрх хүлээн авагчийг томилж, банк болон банкны системийн үйл ажиллагааг хэвийн тогтвортой явуулах, Хадгаламж банкны ажилтны эрх ашгийг хамгаалах зорилгоор Хадгаламж банкны зарим эрх, үүргийг Хадгаламж банкны эрх хүлээн авагчаас “Төрийн банк” ХХК-д шилжүүлсэн. “Хадгаламж банк” дахь Банкны эрх хүлээн авагч болон “Төрийн банк” ХХК нь 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 155/003/2013 БЭХА дугаартай гэрээ байгуулж “Хадгаламж банк” ХХК-ийн хөдөлмөрийн гэрээгээр ажиллагсдын хөдөлмөрийн гэрээнд заасан эрх, үүрэг Төрийн банк ХХК-д шилжсэн. Энэхүү гэрээний дагуу Төрийн банк ХХК нь “Хадгаламж банк” ХХК-д салбарын захирлаар ажиллаж байсан Г.С-г Төрийн банкны Хэнтий салбарын захирлын ажлын байранд үргэлжлүүлэн ажиллуулахаар харилцан тохиролцож, 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Т21-001 тоот хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Мөн Төрийн банк ХХК нь “Хадгаламж банк” дахь Банкны эрх хүлээн авагчтай 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 008/201ЗБЭХА/165 тоот “Бусад актив хөрөнгө шилжүүлэх гэрээ” байгуулж, “Хадгаламж банк”-ны ажилтнуудтай холбоотой авлагыг шилжүүлэн авсан. Уг 008/2013БЭХА/165 тоот гэрээгээр шилжиж ирсэн авлагад тухайн үеийн “Хадгаламж банк”-ны Хэнтий салбарын захирал Г.С-н нэр дээр бүртгэлтэй орон сууцны төлбөрийн үлдэгдэл 38 765 500 төгрөгийн авлага шилжиж ирсэн бөгөөд “Хадгаламж банк” ХХК-иас Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Энхтайвны өргөн чөлөө 51/А дугаар байрны 11 тоот хаягт байрлалтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204031617 дугаар бүртгэлтэй орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг 2013 оны 06 дугаар сарын 20-ны өдөр ажилтан Г.С-н нэр дээр гарган өгч орон сууцны үнийг авлагад бүртгэсэн байсныг дээрх гэрээний дагуу Төрийн банк ХХК-д шилжүүлсэн. Төрийн банк ХХК нь 2013 оны 10 дугаар сараас эхлэн орон сууцны үлдэгдэл төлбөрөө төлж барагдуулахыг Г.С-с шаардаж ажилтны орон сууцны хөнгөлөлттэй зээлийн нөхцөл рүү төлбөрийг шилжүүлэн төлүүлэх саналыг удаа дараа тавьж байсан. Тухайн үед Г.С нь ажилтны хөнгөлөлттэй зээлд шилжүүлэхийг зөвшөөрч байсан боловч уг байрыг зарж борлуулсан учир барьцаа хөрөнгө байхгүй, хэрэв одоо байгаа зээлийн үлдэгдэл дээр нэмж зээл авах тохиолдолд орлого хүрэхгүй, хамтран зээлдэгч байхгүй зэрэг шалтгаанаар хойшлуулсаар өнөөдрийг хүрсэн. Ажилтны зүгээс дээрх байдлаар “Хадгаламж банк” ХХК-иас шилжин ирсэн өр төлбөрийг төлөхөөс зайлсхийж байгаа учир Төрийн банк ХХК нь “Хадгаламж банк” дахь Банкны эрх хүлээн авагчаас шилжүүлэн авсан шаардах эрхийнхээ хүрээнд ажилтан Г.С-с орон сууцны төлбөрийн үлдэгдэл 38 765 500 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Төрийн банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Мөнхзул нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Г.Сүнжидмаа нь 2010 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж Төрийн банкны Хэнтий аймгийн салбарын ерөнхий захирлаар томилогдон ажилласан юм. Уг хөдөлмөрийн гэрээний 1.4-т зааснаар орон сууцыг эзэмшсэн, цаашлаад өмчлөх эрхтэй гэж хариуцагч тайлбар гаргадаг. 2010 оны 07 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний ард 2010 оны 10 сарын 22-ны өдөр болон 2011 оны 04 сарын 01-ний өдрүүдэд хөдөлмөрийн гэрээг шинэчилж байгуулсан байдаг. Хөдөлмөрийн гэрээний 11.3-д гэрээг байгуулахаас өмнө бичгээр болон амаар тохиролцсон бүх тохиролцоо хүчингүй болно гэж заасан байдаг. Орон сууц эзэмшүүлэх гэрээ нь хөдөлмөрийн гэрээнээс хойш 3 сарын дараа байгуулагдсан. Тийм учраас хөдөлмөрийн гэрээгээр орон сууц өмчлүүлсэн гэдэг нь үндэслэлгүй бөгөөд дараа нь байгуулсан хөдөлмөрийн гэрээнд орон сууц эзэмшүүлэх заалтыг хүчингүй болгосон байгаа юм. Банкны тухай хуулийн 59 дүгээр заалтанд Банкны эрх хүлээн авагч томилогдохоос өмнөх 3 сар банкны ажилтны хувьд 1 жилийн хугацаанд банкнаас хийгдсэн төлбөрт шилжүүлэг нь зарим этгээдийн эрх ашгийг бусдаас илүүд үзсэн шинжтэй бол банкны эрх хүлээн авах ажиллагааг хийгдсэнээс өмнөх 3 сарын хийгдсэн төлбөр, шагнал урамшууллыг хүчингүй болгох гэсэн заалт байдаг. Иймд Сүнжидмаа орон сууцыг эзэмших нь хууль бус юм. Үүнээс гадна уг байрны төлбөрийг Хадгаламж банкнаас Жаст групп рүү шилжүүлсэн. Жаст группын захирал Батхүүгийн дүү нь уг барилгыг барьсан компани нь Жаст группын салбар компани, захирал нь Батсайхан гэдэг хүн юм. Батсайхан нь барилгынхаа бүх ордерыг өөрийн нэр дээр гаргасан юм. Жаст групп рүү Хадгаламж банкнаас мөнгө шилжүүлсэн талаарх баримтыг өгсөн. “Төрийн банк” ХХК нь 2013 оны 10 дугаар сараас эхлэн орон сууцны үлдэгдэл төлбөрөө төлж барагдуулахыг Г.Сүнжидмаагаас шаардаж ажилтны орон сууцны хөнгөлөлттэй зээлийн нөхцөл рүү төлбөрийг шилжүүлэн төлүүлэх саналыг удаа дараа тавьж байсан. Тухайн үед Г.Сүнжидмаа нь ажилтны хөнгөлөлттэй зээлд шилжүүлэхийг зөвшөөрч байсан боловч уг байрыг зарж борлуулсан учир барьцаа хөрөнгө байхгүй, хэрэв одоо байгаа зээлийн үлдэгдэл дээр нэмж зээл авах тохиолдолд орлого хүрэхгүй, хамтран зээлдэгч байхгүй зэрэг шалтгаанаар хойшлуулсаар өнөөдрийг хүрсэн. Ажилтны зүгээс дээрх байдлаар “Хадгаламж банк” ХХК-иас шилжин ирсэн өр төлбөрийг төлөхөөс зайлсхийж байгаа учир “Төрийн банк” ХХК нь “Хадгаламж банк” дахь Банкны эрх хүлээн авагчаас шилжүүлэн авсан шаардах эрхийнхээ хүрээнд ажилтан Г.Сүнжидмаагаас орон сууцны төлбөрийн үлдэгдэл 38 765 500 төгрөг гаргуулж өгнө үү.  Хоёр банк шилжих үед яагаад хэлээгүй юм бэ гэсэн зүйл ярьж байна. 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдөр эрх хүлээн авагчийг томилж 155/003/2013 БЭХА дугаартай гэрээ байгуулж “Хадгаламж банк” ХХК-ийн хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдын хөдөлмөрийн гэрээнд заасан эрх, үүрэг Төрийн банк ХХК-д шилжсэн. Төрийн банк ХХК нь “Хадгаламж банк” дахь Банкны эрх хүлээн авагчтай 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 008/201ЗБЭХА/165 тоот “Бусад актив, хөрөнгө шилжүүлэх гэрээ” байгуулж, “Хадгаламж банк”-ны ажилтнуудтай холбоотой авлагыг шилжүүлэн авсан. Уг гэрээнд маш их өр авлага дагаж ирсэн бөгөөд нэг бүрчлэн мэдэгдэх боломжгүй байсан. Хариуцагч нь уг 38 сая төгрөгийг төлнө гэж ямар гэрээ хийсэн юм бэ надад гэрээ байхгүй гэж байна. Гэрээ байхгүй байхад Хадгаламж банкнаас мөнгө шилжүүлээд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байна. Өөрөөр хэлбэл гэрээгүйгээр энэ хүн манай шилжүүлсэн мөнгөөр хөрөнгө олсон байна. Тийм учраас уг хөрөнгийнхөө өртөгийг буцаан шаардъя гэсэн энэ үндэслэл нь нэхэмжлэлийн маань шаардлага болж байгаа юм. Хариуцагчийн зүгээс Хадгаламж банкнаас шилжүүлсэн мөнгөөр уг байрыг авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч Г.Сүнжидмаа нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ХААН банкинд ажиллаж байх үед 2010 оны 06 дугаар сард тухайн үеийн Хадгаламж банкны орлогч захирлаар ажиллаж байсан Сүхболд “ Хэнтий аймаг дахь Хадгаламж банкны захирлаар ажиллах, Хэнтий аймагт 2 өрөө орон сууц олгох талаар санал тавьсан. Тухайн үед Хадгаламж банкны үйл ажиллагаа сайнгүй, зах зээл эзлэлт бага байсан учир 14 хоногийн дараа хариу мэдэгдэхээр уулзалт өндөрлөсөн. Энэ үед миний бие улсын банк болон ХААН банкинд 24 жил ажилласан багагүй туршлагатай болсон гэж өөрийгөө дүгнэж, 14 хоногийн дараа Хэнтий салбарын захирлаар ажиллах шийдвэрийг гаргасан. Хадгаламж банкны удирдлагын тавьсан миний нийгмийн асуудлыг шийдвэрлэсэн саналыг тусгасан тусгай хөдөлмөрийн гэрээг байгуулж 2010 оны 07 дугаар сарын 01-ний Хэнтий салбарын захирлаар томилогдон ажилласан. 2010 оны 07 дугаар сард 2 өрөө байраа хүлээн авч байсан. 2013 оны 06 дугаар сард гүйцэтгэх захирал Сүхболд над руу утсаар ярьж сайн ажиллаж байгаа тул орон сууцны чинь өмчлөх эрхийн гэрчилгээг нэр дээр чинь шилжүүлэх боллоо, ирж гэрчилгээгээ шилжүүлж авна уу гэж хэлсэн. 2013 оны 06 дугаар сарын 20-нд орон сууцныхаа өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсан. 2013 оны 07 дугаар сарын 23-нд Хадгаламж банк татан буугдаж, Төрийн банк ХХК-тай нэгдсэн. 2013 оны 10 дугаар сард нутгийн салбаруудын сургалт Төв банкин дээр болсон. Энэ сургалтын үеэр таны нэр дээр орон сууцны үнийн авлага бүртгэлтэй байна гэдгийг сонссон. Үүнээс хойш энэ авлагыг барагдуулах талаар 3 удаа мэдэгдэх хуудас өгч байсан. Хадгаламж банк ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр надад 2 өрөө байр өгсөн. Хадгаламж банк болон Төрийн банктай орон сууцны төлбөр төлөх талаар ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй. Орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ Сүнжидмаа миний нэр дээр байдаг. Төв банкин дээр хийгдэж байгаа өглөг, авлагын гүйлгээг би мэдэхгүй, надад урьд нь огт мэдэгдэж байгаагүй. 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Төрийн банктай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Энэ үед авлагын талаар удирдлагын зүгээс огт мэдэгдээгүй. Иймд Төрийн банкнаас нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 618 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.2.1-т зааснаар “Төрийн банк” ХХК-ийн хариуцагч Г.Сүнжидмаагаас орон сууцны төлбөрийн үлдэгдэл 38 765 500 /гучин найман сая долоон зуун жаран таван мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 351 778 төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэжээ.

            Шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Мөнхзул давж заалдах гомдолдоо: 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн шүүх хуралдаан дээр хариуцагч талаас шинээр нотлох баримтууд гаргаж өгсөн ба үүнтэй холбогдуулан хуульд заасан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргахад шүүх үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзаж, хурлыг үргэлжлүүлж хэргийг шийдвэрлэсэн нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эрхээр хангаагүй. Мөн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд   ... үл хөдлөх эд хөрөнгийн түүхчилсэн лавлагааг шүүхийн журмаар гаргуулах хүсэлт гаргахад үндэслэлгүйгээр татгалзсан. Энэ талаар шүүхээс захирамж гараагүй бөгөөд шүүгч амаараа татгалзаж байна гэсэн хариулт  хэлсэн. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ... Тухайн үед Хадгаламж банкны толгой нь  “Жаст групп” ХХК байсан ба тус компанийн ерөнхий захирал Ш.Батхүү нь Хадгаламж банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга байсан. Ш.Батхүүгийн төрсөн дүү Ш.Батсайхан нь компанийн дэд захирал байсан бөгөөд  Сүнжидмаад  орон сууц эзэмшүүлж, бэлэглэжээ гэж үзсэн. Гэтэл хавтаст хэрэгт энэ талаарх нотлох баримт байхгүй. Хадгаламж банкны тайлан тэнцэлд Г.Сүнжидмаатай холбоотой ямар нэгэн зээл, авлага байхгүй гэсэн албан бичгийг үндэслэл болгон шүүхийн шийдвэрт бичсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасантай нийцэхгүй байна. Мөн шийдвэрт Сүнжидмаад “Жаст групп”-ийн удирдлагуудаас бэлэглэлээр өмчлөлд нь шилжүүлсэн байрны төлбөрт 74432000 төгрөгийг төлсөн гэж байгаа ч энэ төлбөрийг хэзээ, хэнд, ямар зориулалтаар төлсөн нь тодорхой бус байх ба одоо яагаад төлбөрийн үлдэгдэл 38765500 төгрөгийг нэхэмжлээд байгаа, төлбөрийн үлдэгдэл 37576500 төгрөгийг яагаад нэхэмжлээгүй нь ойлгомжгүй байна гэж дүгнэсэн нь шүүгч хэргийг шударгаар шийдвэрлэнэ гэдэгт эргэлзээ төрүүлж байна.  Иймд дээрх үндэслэл, тайлбаруудаар анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 618 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч Г.Сүнжидмаагаас 38765500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

            Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Х.Мөнхзул давж заалдах гомдолдоо “  2017 оны 11 сарын 03 ны өдрийн шүүх хуралдаан дээр хариуцагч талаас шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон баримтууд буюу Ш.Батсайханаас Г.Сүнжидмаад орон сууц бэлэглэсэн бэлэглэлийн гэрээ, Хадгаламж банкны эрх хүлээн авагчийн 2014 оны 11 сарын 27 ны өдрийн тодорхойлолт зэрэг баримтыг гаргаж өгсөн. Миний бие эдгээр баримтуудтай танилцах, түүнтэй холбоотой баримтуудыг цуглуулах, гаргаж өгөх, хугацаа олгож шүүх  хуралдааныг хойшлуулах хүсэлтийг гаргасан, мөн “Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтсээс эрхийн улсын бүртгэлтэй Ү- 2204031617 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэргийн материалаас Баянзүрх дүүрэг, 14-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө 51/А байрны барилга байгууламжийг байнгын ашиглалтанд оруулах улсын комиссын акт болон улсын бүртгэлийн түүхчилсэн лавлагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар шүүхийн журмаар гаргуулах хүсэлтийг гаргасан. Гэвч шүүх хүсэлтийг хүлээн аваагүй” гэсэн давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

Хэргийн оролцогчид нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т зааснаар “шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах  25.1.1-т зааснаар “эсрэг талын шаардлага, тайлбар,татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээртэй тайлбар өгөх”,  38 дугаар зүйлийн 38.6-т зааснаар хэрэгт ач холбогдолтой нотлох баримтыг шүүхээр бүрдүүлэхээр  хүсэлт гаргах эрхтэй байхад шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг хүлээн аваагүй нь буруу болжээ.

Анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг шүүх шийдвэрлэхдээ шүүгчийн захирамж гаргаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д“ хэрэг хянан шийдвэрлэж энэ хуулийн 115,116 дугаар зүйлд зааснаар шийдвэр гаргаснаас бусад тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах хэргийг хэрэгсэхгүй болгохтой холбогдуулан шүүх тогтоол шүүгч захирамж гаргана” гэсэн заалттай нийцэхгүй байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулаагүйгээс хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн мэтгэлцэх зарчим алдагдсан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т зааснаар шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч төрийн банкны давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 351778 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3 -т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 618 дугаартай  шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 351778 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ДЭНСМАА

 

                                     ШҮҮГЧИД                                               Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                          Я.АЛТАННАВЧ