| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2020/1045/Э |
| Дугаар | 1082 |
| Огноо | 2020-06-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ч.Түмэн-Өлзий |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 1082
2020 06 09 2020/ШЦТ/1082
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй,
улсын яллагч Ч.Түмэн-Өлзий,
шүүгдэгч А.Э. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Й. овогт А.гийн Э.д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2006 00000 1156 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд 1974 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Нийслэлийн 219 дүгээр цэцэрлэгт манаач ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суух бүртгэлтэй, урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 157 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 260 цаг албадан ажил хийлгэх ял шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Й. овогт А.гийн Э..
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.Э. нь 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүнжингарав худалдааны төвд иргэн Д.Нямдоржтой маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Э. мэдүүлэхдээ: “Би хохирогчийг олон удаа цохиогүй. Манай эхнэрийн хөл рүү дугуйгаараа хоёр, гурван удаа хүрээд байсан тул би “чи болиоч” гэсэн. Гэтэл хохирогч намайг цохисон тул би түүнийг нэг удаа мөргөсөн. Түүнээс биш цохиж зодоогүй.” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Хохирогч Д.Нямдоржийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Дүнжингарав худалдааны төв дотор өөрийн унадаг дугуйтай хүнсний лангуу орчимд зогсч байхад миний унадаг дугуй хөдөлсөн. Тэгэхээр нь эргээд харахад үл таних эмэгтэй над руу дугуйныхаа тоосыг арчлаа гэж уурласан. Тэгэхэд цаанаас нэг залуу ирээд “чи муу яаж байна аа” гээд гартаа барьсан байсан зүйлээр нүүр лүү цохисон. Тэгээд үргэлжлүүлэн заамдаж аваад нүүр лүү цохиж байгаад толгойгоороо хамар луу мөргөсөн. Тэгээд би газар унасан байсан ба хамарнаас цус гарсан байсан тул зогсч байхад хамгаалагч залуу ирсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 17/,
- Гэрч Б.Цэнгэлмөрөнгийн өгсөн: “2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 13:00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг Дүнжингарав худалдааны төвийн 168 дугаар лангуун дээрээ зогсч байсан чинь дугуйтай эрэгтэй хүн миний лангуун дээр ирээд юм хараад зогсч байсан. Тэгсэн чинь хажуу талаас нь нэг эмэгтэй хүн ирээд тэр дугуйтай хүнийг хувцсанд хүрчихлээ наадахаа цаашлуулчихад яадаг юм гэж хэлээд хувцсаа гөвөөд цаашаа явсан. Тэгсэн чинь зөрөөд эрэгтэй хүн ирээд учиргүй дугуйтай хүний толгой руу нь гараараа олон удаа цохисон. Тэгээд би лангуунаасаа гараад харсан чинь дугуйтай хүний дугуй нь уначихсан, эзэн нь газар уначихсан хамарнаас нь цус гарчихсан байдалтай байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 10/,
- Гэрч Ц.Энхболдын өгсөн: “Тухайн өдөр буюу 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 13:00 цагийн орчим Баянзүрх дүүргийн Дүнжингарав худалдааны төвд хамгаалалтын ажлаа хийгээд явж байсан юм. Тэгээд хүнсний лангууны тэнд явж байсан чинь 2 эрэгтэй хүн муудалцаад байхаар нь очсон чинь эрэгтэй хүн байсан бөгөөд болсон асуудлыг асуусан чинь залуу, хүүхэн хоёр явж байсан дугуйгаараа хүрсэн чинь нөхөр нь өмөөрсөн. Тэгээд тэр ахын хамарнаас нь цус гарчихсан байсан. Тэгээд би цохисон эрэгтэй, эмэгтэй 2 хүний араас нь хүрээд ир гэсэн чинь эхнэр нь ирэх гэж байгаад нөхөр нь буцаад дуудсан чинь нөхөртэйгөө цаашаа яваад өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 11/,
- Гэрч Б.Дэлгэрмөрөнгийн өгсөн: “2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 13:00 цагийн орчим лангуун дээрээ сууж байхад ахимаг насны эрэгтэй лангуун дээр ирж бараа үзэж байхад хажуу талд эмэгтэй хүн ирэхдээ “хөөе наад дугуйгаа аваач, өмд шороо болгочихлоо” гэж хэлэхэд нь би тухайн эмэгтэйн цагаан өмд халтардаж, шороо болсон зүйлгүй байсан ба эмэгтэй нь яваад өгөхөд тухайн эмэгтэйн явсан зүгээс нэг эрэгтэй ирээд миний лангууны урд бараа үзэж байсан ахыг хамар луу нь цохих үед газар унасан. Тэгээд босоод ирэхэд дахин дээрээс нь очиж хамар, нүүр лүү нь олон удаа цохих үед хамарнаас нь цус гарсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 20/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 5276 тоот:
1. Д.Нямдоржийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.
5. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна.” гэх дүгнэлт /хх-ийн 29/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
А.Э. нь 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүнжингарав худалдааны төвд иргэн Д.Нямдоржтой маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Д.Нямдорж, гэрч Б.Цэнгэлмөрөн, Ц.Энхболд, Б.Дэлгэрмөрөн нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 5276 тоот дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч А.Э.г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч А.Э.д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Хохирогчид баримтаар 196.600 төгрөгийн хохирол учирч, хохирол төлөгдсөн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч А.Э.д ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан шүүгдэгчид торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг СиДи хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Й. овогт А.гийн Э.г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э.д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргасугай.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА