Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 66

 

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 151/ШШ2017/00066

Төв аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Төв аймаг, Баянцагаан сум, 3 дугаар баг, Гурван түрүү гэх газар оршин суух, 61 настай, эрэгтэй, Боржигон овогт Намсрайн Банзрагч /РД:НЗ56112779/-ийн,

Ажилласан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Банзрагч, нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 15 настайдаа буюу 1971 оны 6 дугаар сард илгээлт авч Төв аймгийн Баянчандмань сумын “Өрнөх амьдрал” нэгдэлд малчнаар анх ажилд орсон. Төв аймгийн Баянцагаан сумын “Өрнөх амьдрал” нэгдэлд 1971 оны 6 дугаар сараас 1974 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүртэл, 1974 оны 5 дугаар сараас 1977 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэл цэргийн алба хаасан. Цэргээс ирээд тус нэгдэлд 1977 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан. 1995 оны 1 дүгээр сараас нэгдэл тарж “Өлзийт” хоршоо болоход тус хоршооны малчнаар ажилласан. Тэтгэвэр тогтоолгох гэтэл зарим тушаал байхгүй, хөдөлмөрийн дэвтэр тамга байхгүй зөрчилтэй болоод тэтгэвэрээ тогтоолгож чадахгүйд хүрээд байна. Иймд Төв аймгийн Баянчандмань сумын “Өрнөх амьдрал” нэгдэлд 1971 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс 1974 оны 5 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл, 1977 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

 

Шүүх, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

 ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Н.Банзрагч нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

Н.Банзрагч нь 1971 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1974 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүртэл Төв аймгийн Баянцагаан сумын “Өрнөх амьдрал” нэгдэлд малчнаар ажиллаж байгаад 1974оны 5 дугаар сарын 28-наас 1977 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртлэх хугацаанд хугацаат цэргийн алба хааж ирээд мөн нэгдэлд 1977 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд малчнаар ажилласан гэх бөгөөд хэрэгт Н.Банзрагчийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, баярын бичиг, сайшаалын үнэмлэх, Монголын үйлдвэрчний эвлэл гишүүний 621185 тоот бат илэрхийлэх “1985-1988” татвар төлсөн бичилт, гэрч Ц.Цэрэннадмид, Т.Баава нарын “Н.Банзрагч нь 1971 оноос 1994 оныг хүртэл “Өрнөх амьдрал” нэгдэлд малчнаар ажиллаж байсан нь үнэн болно” гэх тодорхойлолт, тэдгээрийн хөдөлмөрийн дэвтэрийн хуулбарууд зэрэг бичгийн нотлох баримтууд авагджээ.

 

Дээрх бичгийн нотлох баримтуудаар Н.Банзрагч нь Төв аймгийн Баянцагаан сумын “Өрнөх амьдрал” нэгдэл 1971 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1974 оны 5 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл, 1977 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь нотлогдон тогтоогдож байна.

 

            Иймд шүүх, хэрэгт авагдсан шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 5-ны өдрийн 151/ШЗ2016/00097 дугаартай захирамжийн дагуу Төв аймгийн Архивын тасгаас 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 34 дугаартай албан бичгээр ирүүлсэн 24 хуудас бичгийн нотлох баримтыг ач холбогдолтой баримт гэж үзэж түүнд бичигдсэн байдлыг үнэлж, нэхэмжлэгч Н.Банзрагчийг Төв аймгийн Баянцагаан сумын “Өрнөх амьдрал” нэгдэл, “Өлзийт хэрэглээний хоршоо”-нд 1971 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1974 оны 5 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл, 1977 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогт Намсрайн Банзрагчийг Төв аймгийн Баянцагаан сумын “Өрнөх амьдрал” нэгдэл, “Өлзийт хэрэглээний хоршоонд” 1971 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1974 оны 5 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл, 1977 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Банзрагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  • Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

  • Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.АЛТАНТУУЛ