Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 40

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг,

Улсын яллагч Б.Оюунцэцэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Энхбат

Шүүгдэгч Д.Л нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ж овогт              Д-н Л-д холбогдох 1916003310154 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Ж овогт  Д-н Л.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.Л нь 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумаас ертөнцийн зүгээр хойд тал 2 километр орчим зайтай Дунд гозгор гэх нэртэй газраас цэрэг эмээл, суран хазаар, суран ногттой, цагаан өнгийн олсоор хийсэн бугуйл эмээлд нь тохсон, өрөөлдөж чөдөрлөсөн 90 тоон тамгатай, хүрэн халзан зүсмийн нас гүйцсэн 1 тооны морийг хулгайлан авч 1.135.000 төгрөгийн хохирол,

2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Говь-Алтай аймгийн Тайшир сумын Хуримт багийн нутаг Бөөрийн хар гэх газар байсан иргэн Э.Б-н 2 тооны адууг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч Э.Б-д 1.500.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

1.             Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч Д.Л шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр би Дунд гозгор гэдэг газрын тэнд явж байхад эмээлтэй, хазаартай, өрөөлтэй хүрэн морь явж байсан. Би нутагтаа ирэлгүй 10 гаруй жил болсон учраас нутаг орноо үзэх санаатай байсан. Би Далан гэдэг газар өвөлжиж, хүүхэд насаа өнгөрөөсөн. Нутаг орноо санаад явж байхад тухайн морь явж байсан. Ойр хавьд хүн байхгүй байсан. Шандны ар гэдэг өвөлжөө дээрээ очсон. Морийг нь унаж явчихаад эргүүлээд авчирч өгнө гэж бодоод унаж явсан. Өвөлжөөн дээрээ очиж хоночихоод Хавцгай хананд хаварждаг байсан тул хаваржаандаа очсон. Зүүн талд Бэрхийн өвөл гэдэг газар манайх өвөлждөг байсан тул  тэнд  2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр очиж хоносон. 2019 оны  10 дугаар сарын 17-ны өдөр өвөлжөө дээрээ хоночихоод 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр аймаг руу гараад явж байхад хүрэн морь явахаа больсон. Тэгэхээр нь Дөрөлжийн .. гэх газар адууны захад тавьсан. Голын захад бор үрээ, хээр морь байж байсан. Тэр 2 морийг ижлээр нь унаж яваад аймаг оруулаад тавьчихъя гэж бодоод авч явсан. 2, 3 цагийн дараа эзэн нь давхиж ирээд морио авсан. Морийг эзэнд нь хүлээлгэж өгсөн. Унаж явсан хүрэн морио, эмээлтэй, хазаартай нь сумын хэсгийн төлөөлөгч Одбаатарт хүлээлгэж өгсөн. Би тэр 2 морийг унаж яваад буцаагаад ижлээр нь тавьчихъя гэж бодож унаж явсан. Надад морь зарж ашиг хонжоо авъя гэсэн бодол байгаагүй. Хүрэн морины хувьд ч хүний эд хөрөнгийг хэлэлгүй унаж явсан учраас хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Нэг. Шүүгдэгч Д.Л-н иргэн О.Б-н 2 тооны адууг хулгайлан авч 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Адуунд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 6-9-рт/,

Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, /1-р хх-ийн 4-рт/,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Б-н мөрдөн байцаалтад өгсөн "...2019 оны 10 сарын 18- ны өдөр 13 цагийн үед Б ах Н ах руу утсаар залгаад "Бөөрийн хар" гэх газраас  хонинд   явж  байгаад  дурандлаа   голын   цаагуур   2   морь   хүн   аваад зугтчихлаа. "Замын улаан" гэх газар руу өгсөөд явчихлаа гэж хэлсэн. Хэсэг хайгаад "Шуургатын хадан" дотроос манай 2 морийг хулгайлсан этгээдийг олсон. Тухайн үед тэр этгээд хээр морийг унаад бор үрээг хөтөлсөн явж байсан. Би хулгайд алдсан 2 тооны адуугаа зүс тамга тэмдэгээр нь шууд таньсан..." гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 12-13-р хуудас/,

Гэрч  Н.Н-н мөрдөн байцаалтад өгсөн "...2019 оны  10 сарын 18-ны өдөр  13 цагийн үед Тайшир сумын Хуримт баг "Бөөрийн хар" гэх газар манай мал маллаж байсан Б гэх залуу  99999999 дугаарын  утсаар  мэдэгдэхдээ:   Манай  2  морийг улаан  ягаан дээлтэй, ноосон хар малгайтай, ногоон цоохор куртиктэй, эсгий түрүүтэй бакалтай зүс үл таних хүн хулгайлж аваад "Замын улаан" гэх газар руу зугтаж явлаа гэж ярьсан. ..."Шуургатын хоолой" гэх газраас морь хулгайлсан этгээдийг унаад явж байхад нь барьсан. Уг 2 морины хээр морины урд 2 хөлнийх нь гахай нь цөмөрч гэмтсэн, хавдсан гэмтэл авсан байсан...Хээр морь хатан сүйх тамгатай, нас бие гүйцсэн, бор үрээ хязаалан насны саран дэвсгэртэй хас тамгатай адуу байсан..." гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 15-рт/,

Гэрч Ц.Б-н мөрдөн байцаалтад өгсөн "...2019 оны 10 сарын 16-ны шөнө 02 цагийн үед хээр морь  хатан   сүйх  тамгат  бор   үрээ   саран   дэвсгэртэй   хас  тамгатай   хоёулаа толгойндоо ногттой, "Хонгор булан" гэх газар 2 морь чөдөрлөөд тавьсан. Тэгээд 2019 оны 10 сарын 17-ны өдөр морио хайгаад олоогүй. 2019 оны 10 сарын 18-ны өдөр 13 цагийн үед Тайшир сумын Хуримт баг "Бөөрийн хар" гэх газар хонинд явж байгаад дурандахад голын эсрэг талд алдагдсан 2 морийг улаан ягаан дээлтэй, ноосон хар малгайтай, ногоон цоохор куртиктэй, эсгий түрийтэй бакалтай зүс үл таних хүн унаад явж байсан. Би голын эсрэг талаас хөөе 2 морь аваад ир гэхэд зүс үл таних хүн эргэж харснаа "Замын улаан" гэх газар руу хад өөд 2 морьтойгоо давхиад зугтаж явсан. Тэр даруй баз Нямбат руу утсаар мэдэгдсэн..." гэх мэдүүлэг,/1-р хх-ийн 16-рт/,

Шүүгдэгч Д.Л-н мөрдөн байцаалтад гэрчээр өгсөн “...Тэгээд унаж явсан морь эцээд өгөхөөр нь өрөөлтэй байсан хээр морь, сартай бор үрээ 2 тооны адууг барьж нэгийг нь эмээллэж унаад нөгөөг нь унаж явсан мориныхоо хүзүүнд холбоод явсан... Аймаг ороод буцааж тавиад явуулья гэж бодсон...” гэх мэдүүлэг  /1-р хх-14-рт/

Шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан баримтууд /1 дүгээр хх48-54-рт/,

Хохирогч Э.Б-н хэргийн материалтай танилцсан “санал хүсэлт байхгүй” гэх баримт/хх12-рт/,

Ашид билгүүн ХХК-ны ТХҮ-48/49 дугаартай үнэлгээний дүгнэлт /хх-ийн 19-21-рт/,

  Хоёр. Шүүгдэгч Д.Л-н Есөнбулан сумын нутаг "Дунд гозгор" гэх газраас сартай хүрэн зүсмийн 1 тооны морь хулгайлан авсан гэх гэмт хэрэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Адуунд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 182-

185-рт/,

Хууль   ёсны   төлөөлөгч,   иргэний   нэхэмжлэгч   Б.Оюунцэцэгийн   "...Би

иргэний хуулийн 117 дугаар зүйлд заасан эрх, үүрэгтэй танилцсан. Надад асууж

тодруулах зүйл байхгүй. Нэхэмжлэх зүйл үгүй байна" гэх мэдүүлэг /1-р хх-ийн 195-

1 96-рт/

Гэрч Ж.Д-н мөрдөн байцаалтад өгсөн "...Надад сартай хүрэн  морины зураг үзүүлсэн. Тухайн морь миний эзэмшлийн морь биш" гэх мэдүүлэг /2-р хх-ийн 9-рт/

Гэрч Н.Г-н мөрдөн байцаалтад өгсөн "...Тухайн адуун дотор байх сартай хүрэн морь эцэж сульдсан,   уналга  эдэлгээнд   нэлээд  орсон байдалтай   байсан.   Сартай   хүрэн мориноос бусад адуунууд унагдаагүй, эдлэгдээгүй нь илт мэдэгдэж байсан" гэх мэдүүлэг /1-р хх-ийн 160-рт/,

Б.О-т хулгайд алдагдсан адуу, эд зүйлс хүлээлгэн өгсөн тухай

тэмдэглэл /2-р хх-ийн 7-рт/,

Иргэний нэхэмжлэгч, хууль ёсны төлөөлөгч Б.О-н мөрдөн байцаалтад өгсөн “...надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хх193-196-рт/,

Д.Л-н мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг “...2019 оны 10 сарын 16-нд Долоон тогооны устай газарт морио усалж хоночихоод, маргааж нь 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Бэрхийн өвөр гэх нэртэй газарт очиж хоноод, 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр буцаж явж байгаад баригдсан” гэх мэдүүлэг /2 дугаар хх03-04-рт/

Ашид билгүүн ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн ТХҮ-

46/47 дугаартай тайлан /1-р хх-ийн 203-204-рт/ зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ: Д.Л нь 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумаас ертөнцийн зүгээр хойд тал 2 километр орчим зайтай Дунд гозгор гэх нэртэй газраас цэрэг эмээл, суран хазаар, суран ногттой, цагаан өнгийн олсоор хийсэн бугуйл эмээлд нь тохсон, өрөөлдөж чөдөрлөсөн 90 тоон тамгатай, хүрэн халзан зүсмийн нас гүйцсэн 1 тооны морийг хулгайлан авч 1.135.000 төгрөгийн хохирол учруулсан. Үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Говь-Алтай аймгийн Тайшир сумын Хуримт багийн нутаг Бөөрийн хар гэх газар байсан иргэн Э.Б-н 2 тооны адууг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч Э.Б-д 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буруутайд тооцсон. Д.Л нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон өнөөдрийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Ам бүл 8. Эхнэр 6 хүүхдийн хамт амьдардаг. 2017 батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт бусдын мал хулгайлсан бол 240-720 хүртэл нийтэд тустай ажил хийлгэх буюу 6 сараас 5 жил хүртэл хорих ялаар шийтгүүлэх гэсэн 2 сонгох санкцитай байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасан Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх асуудлын хувьд энэ үйлдэл 2019 онд үйлдэгдсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасан. Мөн тус хуулийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар, нийт хоёр зуун дөчөөс долоон зуун хорин цагаар тогтооно” гэж тус тус заасан.  Дээрх заалтуудыг хэрэглэн миний үйлчлүүлэгч Д.Л-д хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэж шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.

Шүүгдэгч Д.Л 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумаас ертөнцийн зүгээр хойд тал 2 километр орчим зайтай Дунд гозгор гэх нэртэй газраас цэрэг эмээл, суран хазаар, суран ногттой, цагаан өнгийн олсоор хийсэн бугуйл эмээлд нь тохсон, өрөөлдөж чөдөрлөсөн 90 тоон тамгатай, хүрэн халзан зүсмийн нас гүйцсэн 1 тооны морийг хулгайлан авч 1.135.000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Говь-Алтай аймгийн Тайшир сумын Хуримт багийн нутаг Бөөрийн хар гэх газар байсан иргэн Э.Б-н 2 тооны адууг хулгайлан авч  Э.Б-д 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь Адуунд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хууль ёсны төлөөлөгч иргэний нэхэмжлэгч Б.Оюунцэцэгийн мэдүүлэг, гэрч Н.Г-н мэдүүлэг, Б.О-д хулгайд алдагдсан адуу, эд зүйлс хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, Д.Л-н мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг, Ашид билгүүн ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн ТХҮ- 46/47 дугаартай тайлан,  хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Б-н мэдүүлэг, гэрч Н.Н, Ц.Б нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дээрх үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг мөн бөгөөд уг гэмт хэргийг шүүгдэгч Д.Л үйлдсэн болох нь тогтоогдож байх тул түүнийг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэлээ.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч Д.Л-н дээрхи 2 удаагийн үйлдэл нь үргэлжилсэн  гэмт хэргийн шинжтэй байх тул шүүхээс түүнийг үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцох нь зүйтэй байна.

Уг гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд зааснаар зүйлчлэгдэнэ.

Шүүгдэгч нь  Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумаас ертөнцийн зүгээр хойд тал 2 километр орчим зайтай Дунд гозгор гэх нэртэй газраас цэрэг эмээл, суран хазаар, суран ногттой, цагаан өнгийн олсоор хийсэн бугуйл эмээлд нь тохсон, өрөөлдөж чөдөрлөсөн 90 тоон тамгатай, хүрэн халзан зүсмийн нас гүйцсэн 1 тооны морийг хулгайлан авч 1.135.000 төгрөгийн хохирол учруулсан байх бөгөөд тухайн хүрэн халзан морийг иргэний нэхэмжлэгч, хууль ёсны төлөөлөгчид хүлээлгэн өгсөн, Э.Б-н 2 тооны адууг хулгайлж түүнд 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд хохирогч нь адуугаа буцаан авсан тул шүүгдэгч Д.Л нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

Шүүгдэгч Д.Л нь бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдэж нийт  2.350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ: Д.Л нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Ам бүл 8, эхнэр, 6 хүүхдийн хамт амьдардаг. 2017 онд батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт бусдын мал хулгайлсан бол 240-720 цаг хүртэл нийтэд тустай ажил хийлгэх буюу 6 сараас 5 жил хүртэл хорих ялаар шийтгүүлэх гэсэн 2 сонгох санкцитай байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасан Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх асуудлын хувьд энэ үйлдэл 2019 онд үйлдэгдсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасан. Мөн тус хуулийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар, нийт хоёр зуун дөчөөс долоон зуун хорин цагаар тогтооно” гэж тус тус заасан.  Дээрх заалтуудыг хэрэглэн миний үйлчлүүлэгч Д.Л-д хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэж шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байна гэв.

2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн 2015 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д бусдын малыг хулгайлсан бол “хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүрэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж, 2020 оны 1 сарын 16-ны өдрийн өөрчлөлтөөр “Бусдын малыг хулгайлсан бол зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял” оногдуулахаар хуульчилжээ.

Шүүгдэгч Д.Л-д ял оногдуулахдаа оногдуулах ялыг хөнгөрүүлсэн хуулийг буцаан хэрэглэх үндэслэлтэй байна. Учир нь уг гэмт хэрэг нь 2019 оны 10 сард үйлдэгдсэн байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Л-г 260 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Л нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2  дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд  тооцов. Учир нь шүүгдэгч Д.Л нь урьд нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт шүүхээр шийтгүүлж байсан болох нь нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,  гэм буруугаа хүлээж буй байдал, түүний хувийн байдал зэргийг ял оногдуулахдаа харгалзаж үзсэн болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, ялтнаас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, ялтны иргэний цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж овогт Д-н Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Л-г 260 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар ялтан нь оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй үлдсэн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг ялтан Д.Л-д сануулсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, ялтнаас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, ялтны иргэний цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Д.Л-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтан Д.Л-д нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ч.МӨНХТУЯА