Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 063

 

       Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

     Нэхэмжлэгч: Увс аймгийн Хяргас сумын 4 дүгээр багт оршин суух, 1968 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОР68032503, Цамхаад овогтой Лаалагийн Нансалмаагийн,

      Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Нансалмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэхэмжлэгч Л.Нансалмаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1981 онд 8 дугаар ангиа төгсөөд илгээлтээр Увс аймгийн Хяргас сумын Хяргас нуур нэгдэлд эцэг, эхийн хамт мал маллаж эхэлсэн. Тэгээд тусдаа гарсан боловч тус нэгдэлдээ мал маллаж байсан. Дараа нь хэсэг хугацаанд тогоочоор ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах нас болсон бөгөөд ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай боллоо. Иймд миний 1981 оноос 1988 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Хяргас сумын Хяргас нуур нэгдэлд малчнаар, 1988 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүртэл хугацаанд нэгдлийн Тариа бригадад тогоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

        Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч Л.Нансалмаа нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан ба хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:

      - Л.Нансалмаад 1981 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр нэгдлийн дарга Л.Дамдинсүрэнгээс олгосон хөдөлмөрийн дэвтэрт 1981 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж, авч байсан цалинг түүвэрлэн бичсэн,

     - Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 12 тоот лавлагаанд: Увс аймгийн Хяргас сумын Хяргас нуур нэгдлийн тушаал, цалинг шүүн үзэхэд Лаалаг овогтой Нансалмаатай холбогдох баримт гараагүй нь үнэн болно гэжээ,

        - Увс аймгийн Хяргас сумын Хяргас нуур нэгдлийн даргын 1988 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 49 тоот тушаалд Тариалалтын үед тариа бригадад ажиллах тогооч, үйлчлэгч томилж ажиллуулах шаардлагатайг тэмдэглэж, 1. Тариа бригадын тогоочоор Лаалаг овогтой Нансалмааг 1988 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс томилсугай. ... Хяргас нуур нэгдлийн дарга Л.Дамдинсүрэн гэжээ,

         - Увс аймгийн Хяргас сумын Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний даргын 1989 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 28 тоот тушаалд: 1.Лаалаг овогтой Нансалмааг 1989 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн цэвэрлэгчээр авч ажиллуулсугай. ... НАААҮ-ний төвийн дарга Д.Түдэв гэжээ,

          - Гэрч А.Ганбаатарын: Миний бие нь Увс аймгийн Хяргас сумын Хяргас нуур нэгдлийн Булган хангай бригадад 1973 оноос эхлэн нэгдэл тарах хүртэл буюу 1991 он хүртэл малчнаар ажилласан. Л.Нансалмаа нь 8-р ангиа төгсөөд илгээлтээр малчин болж аав, ээжийн хамтаар нэгдэлд мал маллаж байсан. Нансалмаагийн аав Лаалаг гэх айлтай манайх айл хошоо, нэг баг бригадад хамт мал маллаж байсан, нэгнийхээр гэрээр орж гардаг байсан учраас нэгнээ сайн мэднэ. Л.Нансалмаа нь 1981 оноос эхлэн Хяргас нуур нэгдлийн Булган хангай бригадад аав, ээжийн хамтаар мал маллаж байгаад хүнтэй суун тусдаа амьдралтай болон үргэлжлүүлэн гэр бүлийн хүний хамтаар нэгдэл тарах хүртэл ажилласан. Увс аймгийн Хяргас сумын Хяргас нуур нэгдлийн даргаар А.Цэдэв, Л.Дамдинсүрэн гэх хүмүүс ажиллаж байсан гэх мэдүүлэг,

         - Гэрч Н.Жамбалын: Би Увс аймгийн Хяргас сумын Хяргас нуур нэгдлийн Тариа бригадад 1974 оноос эхлэн нэгдэл тарах хүртэл буюу 1991 он хүртэл тракторчноор ажиллаж байсан. Л.Нансалмаа нь 1981 оноос эхлэн 8-р ангиа төгсөөд илгээлтээр малчин болж, аав, ээжийн хамтаар мал маллаж байгаад 1988 оноос эхлэн тус нэгдлийн Тариа бригадад тогоочоор 3-4 жил ажилласан байх, сайн санахгүй байна. Манай эхнэр Т.Цэцэгмаатай хамтдаа тогоочоор ажиллаж байсан учир мэдэж байна. Л.Нансалмаа нь Тариа бригадад ажиллаж байгаад тус нэгдлийн малчин Ш.Басанжав гэх хүнтэй суусан. Ингээд тусдаа амьдралтай болон тус нэгдэлдээ нэгдэл тарах хүртэл гэр бүлийн хамтаар ажилласан юмаа. Увс аймгийн Хяргас сумын Хяргас нуур нэгдлийн даргаар А.Цэдэв, Л.Дамдинсүрэн гэх хүмүүс ажиллаж байсан гэх мэдүүлэг,

         - Гэрчүүдийн иргэний үнэмлэхний хуулбар болон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар тус тус хэрэгт авагджээ.

         Хэдийгээр Л.Нансалмаагийн нэгдэлд ажиллаж байхдаа авч байсан цалин, мөн түүний ажилласан байдалтай холбоотой тушаал, шийдвэрүүд Увс аймгийн Архивын тасгаас гараагүй боловч түүний хөдөлмөрийн дэвтэр хэрэгт эх хувиаараа авагдсан, мөн Хяргас сумын Хяргас нуур нэгдлийн даргын 1988 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 49 тоот тушаал, Хяргас сумын Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний даргын 1989 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 28 тоот тушаал, гэрчүүдийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар зэргээр Л.Нансалмаагийн ажиллаж байсан байдал нотлогдож, тогтоогдож байна.

        Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Л.Нансалмаагийн Увс аймгийн Хяргас сумын Хяргас нуур нэгдэлд 1981 оны 1 дүгээр сараас 1988 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүртэл хугацаанд малчнаар, 1988 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүртэл хугацаанд тогоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар Л.Нансалмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Цамхаад овогтой Лаалагийн Нансалмаагийн Увс аймгийн Хяргас сумын Хяргас нуур нэгдэлд 1981 оны 1 дүгээр сараас 1988 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүртэл хугацаанд малчнаар, 1988 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүртэл хугацаанд тогоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

          2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Л.Нансалмаагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

                                            ДАРГАЛАГЧ,

                                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Н.ГЭРЭЛТУЯА