| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2020/1046/Э |
| Дугаар | 1083 |
| Огноо | 2020-06-09 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Д.Ариунжаргал |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 1083
2020 06 09 2020/ШЦТ/1083
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,
улсын яллагч Д.Ариунжаргал,
хохирогч Х.Энхжаргал,
өсвөр насны шүүгдэгч Ц.Э., түүний хууль ёсны төлөөлөгч Д.
өсвөр насны шүүгдэгч А.С., түүний хууль ёсны төлөөлөгч Ч.Б.,
өсвөр насны шүүгдэгч Э.Э., түүний хууль ёсны төлөөлөгч А.С.,
өсвөр насны шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Байгалмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б. овогт Ц.гийн Э., Х. овогт А.гийн С., О. овогт Э.ын Э. нарт холбогдох эрүүгийн 2006 00000 0949 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Өсвөр насны шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 2005 оны 12 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 14 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хэрэг хариуцах чадвартай, Б. овогт Ц.гийн Э..
Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 2005 оны 05 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 15 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт оршин суух, хэрэг хариуцах чадвартай, Х. овогт А.гийн С..
Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 2003 оны 07 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, хэрэг хариуцах чадвартай, О. овогт Э.ын Э..
Холбогдсон хэргийн талаар:
Өсвөр насны шүүгдэгч Ц.Э., А.С., Э.Э., О.Чингүүн нар нь бүлэглэн 2020 оны 03 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, Сансарын үйлчилгээний төвд байрлах үйл ажиллагаа явуулах зориулалттай ТҮЦ-нд хууль бусаар нэвтэрч, иргэн Х.Энхжаргалд 1.202.420 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Ц.Э. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр мэдүүлэх зүйлгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч А.С. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр мэдүүлэх зүйлгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Э.Э. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр мэдүүлэх зүйлгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны хохирогч Х.Энхжаргал мэдүүлэхдээ: “Тэр өдөр манай ТҮЦ-нд хулгай орсон. Хохирлоос А.С.ын ээж нь 130.000 төгрөг, Э.Энх-Эрдэнийн ээж нь 233.500 төгрөг, О.Чингүүний ээж нь 200.000 төгрөг, Ц.Э. 300.000 төгрөг өгсөн. Эд нар миний хохирлыг барагдуулна л гэсэн үг хэлж байгаа. Үлдсэн хохирлыг төлж барагдуулна гэсэн. Иймд өсвөр насны яллагдагч нарт хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Хохирогч Х.Энхжаргалын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би 2020 оны 03 дугаар сарын 22-ны өглөө 08:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Сансарын тунель дээр байрлах ТҮЦ-н дээрээ ирсэн бөгөөд ажиллаж байгаад оройн 21:00 цагийн үед ТҮЦ-ээ хаагаад гэр лүүгээ явсан. Маргааш өглөө нь буюу 2020 оны 03 дугаар сарын 23-ны өглөөний 07:00 цагийн үед ТҮЦ-н дээр ирээд хаалгаа онгойлгож ороход дотроос хиншүү үнэртээд байхаар нь шалгаж үзэхэд хамгийн баруун талын жижиг салхивчны цонх онгорхой, мөн буйдан дээр болон лангуун дээрх зүйлсүүд эмх замбараагүй байдалтай болсон байсан. Тэр үед би хулгай орсон байна гэж мэдээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10/,
- Гэрч Н.Наранцацралын өгсөн: “Уг хүүхдүүдийн зургийг харлаа. 13-14 орчим насны хүүхдүүд байна. Манай ТҮЦ нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан-2 нэртэй цахим тоглоомын доор, Хаан банкны ертөнцийн зүгээр хойд талд байрладаг бөгөөд цахим тоглоомын газар ойр ажилладаг учир энэ хүүхдүүдтэй адил насны хүүхдүүд орж ирж үйлчлүүлдэг. Гэхдээ энэ хүүхдүүдийг би танихгүй. Манай ТҮЦ-нд орж ирж юм авч байсан байж магадгүй. Харин Ц.Э. гэх хүүхдийн зургийг харахад өмнө харж байсан хүүхэд юм шиг харагдаад байна. Энэ 2 хүүхэд манай ТҮЦ-нд орж ирсэн бөгөөд “эгч ээ, та нэгж авах уу?” гэж нэг хүүхэд нь асуусан. Тэгтэл би юу гэж нэгж зараад явж байдаг билээ, хулгайн эд зүйл биш биз дээ гэж асуутал “өө, эгч ээ, зүгээр нэгж зараад явж байгаа юм аа. Хулгайн эд зүйл биш” гэж хэлсэн. Манайх ТҮЦ ажиллуулж байсан юм. Тэгээд ТҮЦ-ээ түрээслэхээ болиод намайг зараад ир гэж хэлсэн, танд хямдруулаад өгнө гэж хэлэхээр нь би итгээд нэг бүрийн нэгжээс 500 төгрөг хасаад 305.000 төгрөг тэр 2 хүүхдэд бэлнээр өгсөн”. гэх мэдүүлэг /хх-ийн 62-63/,
- 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 02/343 дугаартай шинжээчийн: “Шинжилгээнд ирүүлсэн 4, 6, 7, 8, 9, 10 гэж дугаарласан 6 ширхэг гарын мөрүүд нь адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. Харин бусад 1, 2, 3, 5 гэж дугаарласан 4 ширхэг гарын мөрүүд нь шинжилгээнд тэнцэхгүй. Шинжилгээнд тэнцэх 9 гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр нь папилон санд MN000310030493 дугаарт бүртгэгдсэн А.гийн С.ын баруун гарын эрхий хурууны дардастай тохирч байна. Харин бусад шинжилгээнд тэнцэж байгаа 4, 6, 7, 8, 10 гэж дугаарласан 5 ширхэг гарын мөрүүд нь папилон санд хадгалагдаж байгаа гарын дардас болон эзэнгүй хэргийн газраас бэхжүүлэн авсан гарын мөрүүдтэй тохирохгүй байна.” гэх дүгнэлт /хх-ийн 44-46/,
- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 31-34/,
- Ц.Э.ын нас тоолсон тэмдэглэл, төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 68-69/,
- А.С.ын нас тоолсон тэмдэглэл, төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 72-73/,
- Э.Энх-Эрдэнийн нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 74/,
- Өсвар насны яллагдагч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 79-81/,
- Хууль ёсны төлөөлөгч нарын гаргасан тайлбар /хх-ийн 86/,
- А.С.ын яллагдагчаар өгсөн: “2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Чингүүн, Э., Э. нартай 805 дугаар ангийн орчимд сагсны шийдэн дээр уулзсан. Тэгээд тоглож байгаад 805 дугаар ангийн 3 ижил байрны 1-р орцонд хоносон. 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдөр бид 4 хамтдаа явж байгаад дахиад өмнөх өдрөө орцонд хоносон. 2020 оны 03 дугаар сарын 22-ны өдөр шийдэн дээр тоглож байгаад Э. ТҮЦ ухах уу гэхээр нь бүгд дэмжсэн. Тэгээд оройн 22:00 цагаас эхэлж хулгай хийх ТҮЦ хайгаад КТМС хавиар явж байгаад Сансарын тунель дээр байрлах ТҮЦ-нүүдийн хажуугаар явж байгаад хаахыг нь хүлээсэн. Тэгээд 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 01:00 цагийн орчим тухайн хаасан ТҮЦ эзэнгүй байгааг нь үзэж байгаад Чингүүн, Э., Э. нарын хамт очсон. Тэгээд тухайн ТҮЦ-ний цонхны жижиг хэсгийг Э. гараараа түлхэж онгойлгосон. Тэр үед бид 3 хүн харж байсан. Э. цонхыг нь онгойлгоод Э. бид хоёр дотогш орсон. Би дотроос Хүслийн ундаа 3 ширхэг, Блок нэртэй шоколад 2 ширхэг, аягатай гоймон 1 ширхэг, оймс 1 ширхэг, орлогын мөнгө болох задгай 10.000 төгрөг, кофены хайрцаг дотор байсан 60.000 төгрөг зэргийг аваад гарсан. Намайг дотор байхад ТҮЦ-ний гадна Э., Чингүүн хоёр хүн харж байсан. Э. надаас түрүүлээд цонхоор гараад явсан. Би гялгар уутанд хийчихсэн байсан юмаа цонхоор гарах гэж байгаад унагаагаад буцаж хамаад бага зэргийн удаж байгаад гарсан. ТҮЦ-нээс гараад хулгайлсан эд зүйлсээ авч яваад 805 дугаар ангийн урд байрладаг 3 байрны голын орцонд ороод хулгайлсан эд зүйлсээ харахад миний авснаас өөр Э. Скайтел, Юнител, Жи мобайлын 15000, 5000, 2000, 3000-ын багцаар нийт 300.000 төгрөгийн үнэ бүхий нэгж, тамхи 20-30 хайрцаг, шоколадтай печень 5 ширхэг, сникерс 4 ширхэг, кит кат шоколад 3 ширхэг, оймс 3 ширхэг, резинэн чихэр 1 ууттай эд зүйлсийг хулгайлсан байсан. Орцонд хамт байж байгаад өглөө болгосон. Хулгайлсан чихрээ идээд, ундаа уусан, тамхинаас татсан. Үлдсэн хулгайлсан юмаа Цайз захаас Офицер луу яваад Хаан банкны ард талд байрладаг, жижиг хүрэн өнгийн ТҮЦ-нд 50 орчим насны эмэгтэй хүнд хулгайлсан эд зүйлсээ 308.000 төгрөгөөр зарсан. Тухайн ТҮЦ рүү Э. бид хоёр орж юмаа өгч, мөнгөө авсан. 300.000 төгрөг орчим үнийн дүнтэй нэгж байсныг Э. тэр эгчтэй тооцоо хийгээд хямдруулаад зарсан. Тамхи 20 гаруй хайрцаг байгаа харагдсан. Тэр худалдагч эгч цаасан дээр бүртгэж бичиж аваад байсан. Мөнгөө бэлэн Э. авсан. Мөнгөө аваад Нарантуул зах гараад Э. пүүз 43.000 төгрөгөөр, оймс 2000 төгрөгөөр худалдаж авсан. Э. хар өнгийн хантааз, цамц 40.000 төгрөгөөр, ягаан өнгийн саравчтай малгай 8000 төгрөгөөр, хар өнгийн өмд 20.000 төгрөгөөр, оймс 3000 төгрөгөөр худалдаж авсан. Чингүүн хантааз 20.000 төгрөгөөр, өмд 20.000 төгрөгөөр, угладаг баг 5000 төгрөгөөр, би хар өнгийн хантааз 20.000 төгрөгөөр, өмд 20.000 төгрөгөөр тус тус авсан. Мөн захаас машинд тоглуулдаг дуутай 30 ширхэг СиДи 27.000 төгрөгөөр худалдаж авсан. Худалдаж авсан хувцсаа бүгд өмссөн. СиДи-г Зайсангийн И-мартад зарах гэж оролдсон боловч аваагүй. И-март дэлгүүрээс пицца, ундаа авч идсэн. Хулгайлсан эд зүйлсийг зарсан мөнгийг бүгдийг нь Э. авч явж байсан. Бид нар хамт үрэлцсэн, мөнгө дууссан.” гэх мэдүүлэг /хх-ийн 92-94/,
- Э.Энх-Эрдэнийн яллагдагчаар өгсөн: “2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Чингүүн, С., Э. нартай 805 дугаар ангийн орчимд сагсны шийдэн дээр уулзсан юм. Тэгээд тоглож байгаад тэнд байрлах байрны орцонд суусан. Тэгээд тэндээ байж байгаад бид дөрөв хоорондоо ярилцаж байтал Э. ТҮЦ ухъя гэж хэлсэн бөгөөд бид гурав зөвшөөрч, орой гарч, ТҮЦ хайсан. Тэгээд бид 4 20:00 цагийн үед сууж байсан байрны орцноос гарч, КТМС-ээс доошоогоо уруудсан бөгөөд Сансрын тунелийн хажуу туслах замаараа доошоогоо 13-ын автобусны хойд буудал хүртэл уруудаад алхсан. Тэгээд буцаж бид 4 33 дугаар сургуулийн хажуу талын замаараа хойшоогоо өгсөж, Сансарын тунель рүү гарч ирсэн. Тунелийн хажууд ирээд ТҮЦ-нүүдийг харсан бөгөөд хаахыг нь хүлээсэн. Тэгээд 01:00 цагийн үед хүн ч явахгүй, бүх ТҮЦ-нүүд хаасан бөгөөд голд байрлах ТҮЦ-ний цонхыг би ганцаараа түлхэж онгойлгосон. Би цонхыг нь онгойлгоод С., Э. хүрч ирээд ТҮЦ рүү орсон. Тэр дотор байхад Чингүүн бид 2 гүүрний хүн харж байсан, мөн цонхоор гаргаж өгсөн тамхи чихэр зэргийг Чингүүн бид хоёр аваад хажуу талын нүхэнд тавьж байсан. Тэгээд аваад явсан. Тэгээд 10 орчим минутын дараа Э. гялгар тортой юм бариад гарч ирсэн. Араас нь С. тортой юм бариад гарч ирсэн. Тэгээд бид 4 тэндээс яваад 805 дугаар ангийн урд байдаг 3 ижил байранд хонож байсан орцонд ирсэн. Орцонд ороод хулгайлсан эд зүйлсийг харахад 4 ширхэг Блок нэртэй шоколад, 5 ширхэг шоколадтай печень, 1 ширхэг аягатай бэлэн гоймон, 4 ширхэг Хүслийн ундаа, Нипс нэртэй үрлэн чихэр 4 ширхэг, кит кат нэртэй шоколад 4 ширхэг, хайрцагтай тамхинууд /30-40 хайрцаг/, задгай мөнгө нийт 10.000 төгрөг, Скайтел, Юнител, Мобикомын 15.000, 5000, 2000, 3000-ын багцаар нийт хэдэн ширхэг байсныг хэлж мэдэхгүй байна нэгжнүүд байсан. Тэндээ хамтдаа байж байгаад өглөө болгосон. Хулгайлсан чихрээ идээд, ундаа уусан. Үлдсэн хулгайлсан юмаа Цайз захаас Офицер лүү яваад Хаан банкны ард талд байрлалтай, жижиг хүрэн өнгийн ТҮЦ-нд 40-50 орчим насны эмэгтэй хүнд хулгайлсан эд зүйлсээ 300.000 төгрөгөөр зарсан. Тухайн ТҮЦ рүү Э., С. нар орж, юмаа өгч мөнгөө авсан. Яг хэдэн төгрөгийн нэгж байсныг тоолж үзээгүй. Тухайн 300.000 төгрөгөөр Нарантуул зах гараад би пүүз 43.000 төгрөгөөр, оймс 2000 төгрөгөөр худалдаж авсан. Э. хар өнгийн хантааз, цамц 40.000 төгрөгөөр, ягаан өнгийн саравчтай малгай, хар өнгийн өмд 20.000 төгрөгөөр, оймс 3000 төгрөгөөр худалдаж авсан. С. хар өнгийн хантааз 20.000 төгрөгөөр, өмд 20.000 төгрөгөөр, Чингүүн хантааз 20.000 төгрөгөөр, өмд 20.000 төгрөгөөр, угладаг баг 5000 төгрөгөөр тус тус авсан. Машинд тоглуулдаг дуутай 30 ширхэг СиДи 27.000 төгрөгөөр худалдаж авсан. Худалдаж авсан хувцсаа өмссөн, СиДи-г Зайсангийн И-мартад зарах гэж оролдсон боловч аваагүй. И-март дэлгүүрээс пицца, ундаа авч идсэн. Хулгайлсан эд зүйлсийг зарсан мөнгийг бүгдийг нь Э. авч явсан. Бид нар хамт үрэлцсэн, мөнгө дууссан.” гэх мэдүүлэг /хх-ийн 107-109/,
- Ц.Э.ын яллагдагчаар өгсөн: “2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Чингүүн, Э., С. нартай Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 805 дугаар ангийн орчим Гэрэл асрамжийн төвийн салбарын ойролцоо уулзсан юм. Тэгээд уулзаад КТМС-ын шийдэн дээр тоглож өнжсөн юм. Тэр оройноо 805 дугаар ангийн орчимд байрлах Цэргийн хотхонд байрлах 3 ижил байрны орцонд 2 өдөр хоносон. 2020 оны 03 дугаар сарын 22-ны орой Чингүүн, Э., С. бид дөрөв Сансарын тунелийн орчимд явж байгаад Сансарын үйлчилгээний төв рүү орсон. Сансарын үйлчилгээний төв дээр Сансар супермаркетын хойд талд ТҮЦ-нүүд байрлаж байсан ба голын ТҮЦ-ийг олж харсан. С. бид хоёр хоорондоо ярилцаж байгаад Чингүүн, Э. хоёрт “энэ ТҮЦ-ний хашлага нь том юм байна, хэдүүлээ орчих уу” гэсэн чинь Чингүүн, Э. хоёр зөвшөөрсөн. Тэгтэл тэнд байдаг караоке камертай байсан бөгөөд бид нар ТҮЦ рүү оролгүйгээр хүлээсэн. Тэгтэл С. “хэдүүлээ орчихъё, баригдахгүй” гэж хэлсэн. Тэгээд бид 4 13-ын автобусны буудал руу явсан бөгөөд АТМ-ын байран дотор сууж байгаад буцаад Сансарын тунель рүүгээ явсан. Тэр үед цаг 01:00 цаг болж байсан. Буцаж ирэхэд түрүүлж ТҮЦ рүү орох хүн олдохгүй байсан чинь С. “Чингүүнээг эхлээд ор” гэсэн чинь Чингүүнээ орохгүй гэсэн. Э. болохоор би багтахгүй гэж байсан. Тэгтэл С. “наад Чингүүнээгийн чинь зориг хүрэхгүй юм байна. Хоёулаа орчихъё, харин хэн түрүүлж орохоо хуруудаад шийдье” гэсэн. Тэгээд би С.тай хуруудсан чинь хожигдчихсон. Тэгээд би “би түрүүлж орж чадахгүй, чи эхлээд орчих, би араас чинь оръё” гэхэд С. зөвшөөрсөн. Тэгээд тэнд байсан ТҮЦ-нүүдийн голын ТҮЦ-ний цонхыг Э. түлхсэн чинь онгойсон ба С. эхэлж ороод би араас нь орсон. ТҮЦ дотор ороод Э.эс гэрэл аваад гэрлээ асаагаад 50-ын чихэр, день печенээс 3 ширхэг, 2 ширхэг Хүслийн ундаа, тэгээд ойролцоогоор 1000, 3000, 5000, 7000, 10000 төгрөгийн үнэ бүхий нэгжүүд 25 ширхэг авсан. Тэгээд би түрүүлж гараад Э., Чингүүн хоёрын дэргэд очсон. С. гарч ирэхгүй удаад байсан бөгөөд хэсэг хүлээж байтал С. саарал тортой юм бариад гараад ирсэн. Саарал торон дотор баахан тамхи, бэлэн гоймон, печень, шоколад, ундаа зэрэг байсан. Тэгээд бид нар буцаад 805-ын орчимд байрлах 3 өндөр байрнуудын цаад талын байрны 13 давхарт нь гарч хоносон. 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр орцонд хонож сэрээд бид нар ТҮЦ-ээс хулгайлж авсан юмнуудаа 4 тэнцүү хувааж аваад 12:00 цагийн үед бид 4 ТҮЦ-нээс авсан юмнуудаа аваад Офицер луу явсан. Офицерт байрлах Хаан-2 гээд ТҮЦ-ийн доор байдаг ТҮЦ-н дээр ирэхэд нэг эгч байсан бөгөөд С. бид хоёр түрүүлж ороод тамхи, нэгжнүүд болон хуваарилж авсан чихэр, печень, шоколаднуудаа зарсан. Нийт зарсан эд зүйлс 305.000 төгрөг болсон. Тэр өдөр Чингүүнээгийн төрсөн өдөр байсан ба Нарантуул зах руу явсан. Нарантуул зах дээр ирээд бид дөрөв 3 жилетка, 2 ширхэг цамц, 3 ширхэг цагаан оймс 2 ширхэг, 30 ширхэг СиДи авсан. Авсан хувцаснуудаа өмсөөд Дүнжингарав луу явсан чинь хаалттай байсан. Захаас хувцсаа аваад гараад ирсэн чинь С. 60.000 төгрөг, харин Чингүүнээ 50.000 төгрөг гаргаад ирсэн. Энэ мөнгийг хаанаас авсныг асуусан чинь С. ээжээсээ авсан гэж хэлсэн. Чингүүнээ харин зах дээр явж байгаад олсон гэсэн. Тэгээд И-март руу явсан бөгөөд нэг пицца, кола аваад гараад явсан. 305.000 төгрөгийг би халааслаад явж байсан. Гэхдээ үрэлцэхдээ цугтаа үрэлцсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 114-116/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Ц.Э., А.С., Э.Э. нар нь бүлэглэн 2020 оны 03 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, Сансарын үйлчилгээний төвд байрлах үйл ажиллагаа явуулах зориулалттай ТҮЦ-нд хууль бусаар нэвтэрч, иргэн Х.Энхжаргалд 1.202.420 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Х.Энхжаргал, гэрч Н.Наранцацрал нарын мэдүүлэг, А.С., Э.Э., Ц.Э. нарын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул өсвөр насны шүүгдэгч Ц.Э., А.С., Э.Э. нарыг бүлэглэн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.
Өсвөр насны шүүгдэгч Ц.Э., А.С., Э.Э. нарт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Хохирогчид 1.202.420 төгрөгийн хохирол учирч, үүнээс Э.Э. 233.500 төгрөг,Ц.Э. 300.000 төгрөг,А.С. 130.000 төгрөг,Чингүүн 200.000 төгрөгийг хохирогчид өгсөн байна.Хохирогчид учирсан хохирлыг 4 хувааж шүүгдэгч нарын төлсөн хохирлыг хасч тооцон, үлдэх хохирлыг шүүгдэгч нарын хууль ёсны төлөөлөгч нараас тус тус гаргуулан хохирогч Х.Энхжаргалд олгох нь зүйтэй байна.
Яллагдагч О.Чингүүн нь гэмт хэрэг үйлдэх үедээ 12 нас 11 сар 26 хоногтой буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насны хязгаарт хүрээгүй тул түүнд холбогдох хэргийг прокуророос хэрэгсэхгүй болгосон хэдий ч, түүний бусдад учруулсан хохирлыг түүний хууль ёсны төлөөлөгчөөс гаргуулах нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх өсвөр насны шүүгдэгч Ц.Э., А.С., Э.Э. нарт ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, өсвөр насны шүүгдэгч нарын хувийн байдлыг тус тус харгалзан ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг СиДи хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өсвөр насны шүүгдэгч Б. овогт Ц.гийн Э., Х. овогт А.гийн С., О. овогт Э.ын Э. нарыг бүлэглэн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч Ц.Э., А.С., Э.Э. нарт ял оногдуулахыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5, 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар Ц.Э., А.С., Э.Э. нарт зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах болон оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
4. Өсвөр насны яллагдагч Ц.Э., А.С., Э.Э. нарыг хянан хүмүүжүүлэх хугацаанд тус тус хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг Ц.Э.ын хууль ёсны төлөөлөгч Боржигон овогт Цэрэндолгорын Оюунчимэг /РД:ЧО74070501/-т, А.С.ын хууль ёсны төлөөлөгч Боржигон овогт Чанчигийн Б. /РД:МЬ70022004/-т, Э.Энх-Эрдэнийн хууль ёсны төлөөлөгч Боржигон овогт Алтангэрэлийн С. /РД:ТК79041800/-д тус тус даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол шүүх тэнссэн, үүрэг хүлээлгэсэн шийдвэрийг тус тус хүчингүй болгож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.1, 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг өсвөр насны шүүгдэгч Ц.Э., А.С., Э.Э. нар болон тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч нарт тайлбарласугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар Э.Энх-Эрдэнийн хууль ёсны төлөөлөгч Боржигон овогт Алтангэрэлийн С. /РД:ТК79041800/-гаас 66.500 төгрөг, А.С.ын хууль ёсны төлөөлөгч Боржигон овогт Чанчигийн Б. /РД:МЬ70022004/-ээс 170.000 төгрөг, О.Чингүүний хууль ёсны төлөөлөгч Б.Оюун-Эрдэнэ /РД:ХД71011261/-ээс 100.000 төгрөг тус тус гаргуулан хохирогч Бадрах овогт Хорлоогийн Энхжаргал /РД:ХБ61062721/-д олгосугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргасугай.
8. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Ц.Эндэнэбаяр нь төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА