Шүүх | Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
Хэргийн индекс | 152/2017/00034/и |
Дугаар | 064 |
Огноо | 2017-01-17 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 064
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Шарын голын 3 дугаар баг, Санжинт ойчид 9 дүгээр гудамжны 4 тоотод оршин суух, 1966 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЮ66122006, Дөрвөд овогтой Балжиннямын Оюунчимэгийн,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түмэндэмбэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Оюунчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Увс аймгийн Барилга угсралтын трестэд 16 настайгаасаа буюу 1982 оноос эхлэн илгээлтээр орж, 1995 оны 5 дугаар сарыг дуустал хугацаанд ажилласан. Одоо тэтгэвэрийн нас болж байгаа тул бичиг баримтаа цэгцлэх шаардлагатай болсон юм. Миний хөдөлмөрийн дэвтэр гээгдсэн, мөн тухайн үед үйлдвэрлэлд хуваарилагдаж ажиллаж байсан хүмүүсийн тушаалыг хамтруулан гаргахдаа миний нэрийг орхигдуулаад дараа нь нөхөн гараар бичиж гарын үсэг зурж байсан тухай баримтууд архиваас олдлоо. Иймд намайг 1982 оны 6 сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Барилга угсралтын трестэд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. 1990 оноос хойш нөхөн даатгалд хамрагдсан болно гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Оюунчимэг нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
Хэрэгт Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн цалингийн тодорхойлолтод Барилга угсралтын трестэд ажиллаж байсан Балжиннямын овогтой Оюунчимэгийн 1982 оны 7 дугаар сараас 1991 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж, авч байсан цалинг түүвэрлэн ирүүлсэн байна.
Мөн ББМҮ-ийн яамны харьяа Увс аймаг дахь Алтан гадас одонт барилга трестийн даргын 1982 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 211 тоот тушаалаар Балжинням овогтой Оюунчимэгийг барилгын туслах ажилчнаар 1982 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн ажиллуулахаар, ББМҮ-ийн яамны харьяа Увс аймаг дахь Алтан гадас одонт барилга трестийн даргын 1984 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 320 тоот тушаалаар Балжиннямын Оюунчимэгт 300 төгрөгийн тэтгэмж олгохоор, Улсын барилгын хорооны харьяа Увс аймаг дахь Алтан гадас одонт барилга трестийн даргын 1990 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 488 тоот тушаалаар Б.Оюунчимэгт Улаанбаатар хот руу эмчилгээнд явах замын зардалд зориулан 300 төгрөгийн буцалтгүй тусламж олгохоор тус тус шийдвэрлэж байсан тухай дээрх тушаалын хуулбарууд хэрэгт авагджээ.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр иргэн Н.Тарав, Т.Бадамсүрэн нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч Н.Тарав: Би 1982 оноос эхлэн Увс аймгийн Барилга угсралтын трестэд өрлөгчнөөр ажилд орон ажиллаж байхад Б.Оюунчимэг нь надтай хамт 1982 онд тухайн байгууллагад туслах ажилчнаар ажилд орон 1995 он хүртэл ажилласан. Увс аймгийн Барилга угсралтын трест нь 1988, 1989 оны үед Пүүс, компани болон ажиллаж байгаад 1995 онд тарсан. Б.Оюунчимэг бид нар нэг байгууллагад хамтдаа 25 гаргуй жил ажиллаж байсан учраас сайн мэдэж байна. Увс аймгийн Барилга угсралтын трестийн даргаар Т.Батзул, С.Ургамал гэх хүмүүс тус тус ажиллаж байсан гэж, гэрч Т.Бадамсүрэн: Б.Оюунчимэг нь Увс аймгийн Барилга угсралтын трестэд 1982 оноос эхлэн туслах ажилчнаар ажилд орж, 1995 он хүртэл ажилласан. Би 1983 оны 4 дүгээр сараас эхлэн Увс аймгийн Барилга угсралтын трестэд ажилд орж, 1995 он хүртэл ажилласан. Увс аймгийн Барилга угсралтын трест нь 1989, 1990 оны үед пүүс, компани болон ажиллаж байгаад 1995 онд тарсан. Б.Оюунчимэг бид нар нэг байгууллагад ажиллаж байсан учраас сайн мэдэж байна. Би засалчнаар, Б.Оюунчимэг нь туслах ажилчнаар ажилладаг байсан. Увс аймгийн Барилга угсралтын трестийн даргаар Т.Батзул, С.Ургамал гэх хүмүүс тус тус ажиллаж байсан гэж тус тус мэдүүлсэн байх ба гэрчүүдийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд мөн авагдсан байна.
Хэдийгээр нэхэмжлэгч нь 1982 оны 6 дугаар сараас эхлэн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэгт авагдсан ББМҮ-ийн яамны харьяа Увс аймаг дахь Алтан гадас одонт барилга трестийн даргын 1982 оны 211 тоот тушаалаар түүнийг 1982 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн туслах ажилчнаар томилсон байх тул тухайн баримтыг үндэслэн Б.Оюунчимэгийн ажилласан хугацааг 1982 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Иймд дээрх бичгийн нотлох баримтууд, гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлэг болон нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар зэргийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Б.Оюунчимэгийн 1982 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Увс аймгийн Барилга угсралтын трестэд туслах ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Оюунчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Нэхэмжлэгч нь 1990 оны 1 дүгээр сараас хойших хугацааг тогтоолгох шаардлагагүй гэсэн учир хэрэгт авагдсан Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 393 тоот лавлагаа, Нийгмийн даатгалын хэлтсийн 2013 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 2715 дугаар лавлагаа, Б.Оюунчимэгийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2013 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 2/255 дугаар дугаар лавлагаа зэрэг баримтыг нотлох баримтаар үнэлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Дөрвөд овогтой Балжиннямын Оюунчимэгийн 1982 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Увс аймгийн Барилга угсралтын трестэд туслах ажилчнааражиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Оюунчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА