| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2020/1025/Э |
| Дугаар | 1084 |
| Огноо | 2020-06-09 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Г.Цэрэнжамц |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 1084
2020 06 09 2020/ШЦТ/1084
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбадрал,
улсын яллагч Г.Цэрэнжамц,
шүүгдэгч Г.У., түүний өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан А. овогт Г.ын У.т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2006 00000 0828 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Бэрх суманд 1990 оны 03 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, хэрэг хариуцах чадвартай, А. овогт Г.ын У..
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.У. нь 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах авто угаалгын газар иргэн Г.Мөнхтулгад 2006 онд үйлдвэрлэсэн, 2018 онд Монгол Улсад орж ирсэн 68-01 УНБ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн автомашиныг 11.000.000 төгрөгөөр худалдахаар тохирч, 10.000.000 төгрөгийг авч, тус мөнгөнөөс “Нэт капитал” ББСБ-ын барьцааны үлдэгдэл төлбөр 5.000.000 төгрөгийг төлж дуусган тус автомашиныг Г.Мөнхтулгын нэр дээр шилжүүлнэ гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 10.000.000 төгрөгийг залилсан гэмт хэрэгт холбогджээ.
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.У. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Хохирогч Г.Мөнхтулгын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр зүс таних У. гэх залуугаас 2006 онд үйлдвэрлэсэн, 2018 онд орж ирсэн 6801 УНБ улсын дугаартай Приус 20 маркийн машиныг 11.000.000 төгрөгөөр худалдаж авахаар тохирч, 10.000.000 төгрөгийг нь бэлэн өгөөд үлдсэн 1.000.000 төгрөгийг маргааш нь нэрээ шилжүүлээд өгөхөөр тохирсон. Тэгээд машин авсан орой У. над руу фэйсбүүк чатаар наад машин чинь банк бус дээр байдаг юм, надад тооцоолоогүй зардал гарсан учраас мөнгийг чинь өөр зүйлд зарцуулчихлаа, машины нэрийг 1 сар хүртэл түр хойшлуулаач, 11 сар хүртэл банк бусын мөнгийг би өөрөө төлөөд байж байгаад 11 сард нэр шилжүүлж өгье, би чамаас 1.000.000 төгрөг авахаа болиод авсанд тооцлоо гэсэн. Бид нарт машинаас зарснаас хойш банк бус санхүүгийн байгууллагад ямар ч мөнгө төлөөгүй алга болсон байна. Би 2019 оны 11 дүгээр сараас хойш олон удаа залгасан боловч мөнгө олоод шилжүүлж өгнө мөнгө олдохгүй байна гэх мэтээр худлаа ярьж явсаар байгаад 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр банк бус санхүүгийн байгууллага ирээд машиныг хураагаад явсан. Машин хураагаад явсны дараа би У.ыг гэрээс нь аваад банк бус санхүүгийн байгууллага дээр очоод уулзахад У. “надад 7 хоногийн хугацаа өгчих, мөнгө олоод төлнө” гээд гарсан. Тэгээд мөнгө олж төлсөн зүйл байхгүй, банк бус санхүүгийн байгууллага машиныг нь зарсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9, 10-11/,
- Гэрч Г.Энх-Амгалангийн өгсөн: “2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Г.У. нь “Нэт капитал” ББСБ-д 8.700.000 төгрөгийг 2.9 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай сард 511.000 төгрөг төлөхөөр лизингээр 68-01 УНЗ улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн автомашиныг авсан. Үүнээс хойш Г.У. нь 1 жилийн хугацаанд сарын төлөлт бүрийг төлж яваад 2018 оны 08 дугаар сараас хойш зээлийн төлөлт шалтгаангүй төлөгдөхөө больсон. Зээл төлөгдөхөө больсноос хойш Г.У.ыг зээлийн төлөлтийг төл гэдэг шаардлагыг байгууллагын зүгээс удаа дараа тавьсан байдаг. Г.У. ямар нэгэн шалтаг шалтгаан хэлээд заримдаа утаснууд нь холбогдохгүй, утасны дугаар солигдсон асуудал үүссэн байсан. Харин зээлээр авсан Приус 20 маркийн автомашиныг Төв аймагт байх иргэн Г.Мөнхтулга гэгч хүнээс автомашиныг 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хураан авсан байгаа. Г.Мөнхтулга нь Г.У. гэгч хүнээс 10.000.000 төгрөгөөр худалдан авсан гэж хэлсэн. Энэ асуудал бол Г.У., Г.Мөнхтулга нарын хоорондох хувийн асуудал байсан. Г.У. нь манайхаас авсан автомашиныг лизингээр худалдан авсан боловч зээлийн төлөлт шалтгаангүй хийгээгүй байсан. Мөн автомашиныг бусдад худалдан борлуулсан байсныг манай байгууллага мэдээгүй. Приус-20 маркийн автомашиныг 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Г.Мөнхтулга гэгч хүнээс хураан авч эргүүлэн худалдан борлуулсан. Энэ автомашин бусдад зарагдсан. “Нэт капитал”-ыг төлөөлөн энэ хэрэгт гэрчээр оролцож байгаагийн хувьд Г.У., Г.Мөнхтулга нарын холбоотой хохирол төлбөр, санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй. Манай байгууллагын зүгээс энэ хүмүүстэй холбоотой ямар ч асуудал байхгүй. Төлбөр мөнгөний тооцоо, өр авлага байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 17/,
- Зээлийн гэрээ /хх-ийн 19-20/,
- Үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ /хх-ийн 21-22/,
- Хохирогч Г.Мөнхтулгын “Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 29/,
- Г.УянГ.ын “Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 30-80/,
- Г.У.ын яллагдагчаар өгсөн: “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ харамсч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 76-77/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Г.У. нь 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах авто угаалгын газар иргэн Г.Мөнхтулгад 2006 онд үйлдвэрлэсэн, 2018 оны Монгол Улсад орж ирсэн 68-01 УНБ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн автомашиныг 11.000.000 төгрөгөөр худалдахаар тохирч, 10.000.000 төгрөгийг авч, тус мөнгөнөөс “Нэт капитал” ББСБ-ын барьцааны үлдэгдэл төлбөр 5.000.000 төгрөгийг төлж дуусган тус автомашиныг Г.Мөнхтулгын нэр дээр шилжүүлнэ гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 10.000.000 төгрөгийг залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Г.Мөнхтулгын мэдүүлэг, гэрч Г.Энх-Амгалангийн мэдүүлэг, “Баянгол салбар-Нэткапитал Авто” ХХК, Г.У. нарын хооронд байгуулсан 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 204211216 тоот зээлийн гэрээ, фидуцийн гэрээ, Г.Мөнхтулгын “Хаан” банкин дахь 5959170170 тоот дансны хуулга, Г.У.ын “Хаан” банкин дахь 5085197886 тоот дансны хуулга, Г.У.ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч У.У.ыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Г.У.т прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Хохирогч Г.Мөнхтулгад 10.000.000 төгрөгийн хохирол учирсан байх тул шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Г.У.т ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А. овогт Г.ын У.ыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.У.т 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.У. нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.У.аас 10.000.000 төгрөгийг гаргуулан хохирогч Өөлд овогт Ганболдын Мөнхтулга /РД:СЗ90062314/-д олгосугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА