Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 1085

 

 

 

 

 

 

 

 

 

   2020         06          09                                       2020/ШЦТ/1085

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбадрал,

улсын яллагч Д.Ариунжаргал,

хохирогч Н.Саруултуяа, түүний өмгөөлөгч М.Хандармаа

шүүгдэгч Д.П. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Х. овогт Д.ийн П.д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2006 00000 1200 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Баянхонгор аймагт 1997 оны 08 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, аав, дүү нарын хамт оршин суух, хэрэг хариуцах чадвартай, Х. овогт Д.ийн П..

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.П. нь 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 04 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “АЧЭ капитал” ХХК-ийн ломбарданд ажиллаж байхдаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгөөс хувьдаа 10.950.000 төгрөгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.            

                                                                            /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.П. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр мэдүүлэх зүйлгүй” гэв.

     Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Саруултуяа мэдүүлэхдээ: “10.950.000 төгрөгний хохирол учирсанаас 1 сая төгрөгний хохирлыг П. нь төлж барагдуулсан.Сар болгон нэг сая төгрөг төлөөд хохирлоо төлнө,нэг сая төгрөгөнд нь тооцож машин өгнө гэсэн.Одоо гомдол санал байхгүй ” гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч Н.Саруултуяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “АЧЭ капитал” гэх нэртэй ломбардыг 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн худалдан авч ажиллуулж эхэлсэн. Тухайн үед тэнд ажилладаг гээд Даваа гэх залуу байсан. Тэр залууг үргэлжлүүлэн ажилчнаар авсан. Түүнээс хойш бага багаар асуудал гаргаж эхэлсэн. Тэр үед дуугүй өнгөрөөж байсан. Тэгээд 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдөр ажлаасаа явахдаа 4.000.000 гаран төгрөг авч явсан байсан. Тухайн үедээ надаас уучлалт гуйгаад байхаар нь би цагдаад хандалгүй өнгөрөөсөн. Тэрний дараа надад 2.000.000 төгрөг өгсөн ба тэрнээс хойш үлдэгдэл мөнгөө өгөхгүй болохоор нь би цалингаас нь 500.000 төгрөгийг суутгаж авсан. Тэгээд би өчигдөр орой буюу 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн орой нөхрийн хамтаар гар утсаараа ломбардныхаа тайланг харж байтал мөнгө нь багассан байсан. Тэгээд бид 2 мэдсэн ба өнөөдөр буюу 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр тухайн хүн дээр ирээд хэлэхэд би мөнгө авсан нь үнэн, цагдаа дээрээ очъё гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10/,

- Хохирогч Н.Саруултуяагийн дахин өгсөн: “Д.П. нь 2 ширхэг Айфон икс маркийн гар утасны хоосон хайрцагт эвдэрхий гар утас хийж лацдаад, хуурамч регистрын дугаар, хуурамч нэр зохиож бичээд зээл гаргаж байгаа мэтээр харагдуулан өөрт хөрөнгө завшсан байсан. Манай ломбарданд 2 ширхэг Айфон икс маркийн гар утас тавьсан хүн байгаагүй. Манай ломбардны ажилтан Мөнхжингийн ID кодоор өөр хүн нэвтрэн орох боломжгүй. Манай ажилтан Мөнхжингийн буруу тооцооллоос болж уг мөнгө нь дутсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/,

- Гэрч Я.Цогтгэрэлийн өгсөн: “2020 оны 04 дүгээр сарын сүүлээр хөдөө яваад ирсэн ба ирсэн хойно ломбардныхаа программыг утсаар шалгаж үзсэн. Тухайн үедээ би бүх ажилчдынхаа ажлыг шалгаж үзсэн. Тэр үед гар утсаараа засварынхаа түүх рүү орж харахад ажилтан Д.П. нь зээл дээрээ олон засвар хийсэн байсан. Энэ нь зээл аваад зээл нь хасагдсан хүний нэр дээр зээл үүсгээд мөнгө авсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 15/,

- Д.П.гийн яллагдагчаар өгсөн: “Би Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах АЧЭ капитал гэх нэртэй ломбарданд 2020 оны 01 дүгээр сараас ажиллаж эхэлсэн. Би 2020 оны 02 дугаар сараас хойш мөрийтэй тоглоом тоглодог болж эхэлсэн ба тоглож байх явцад мөнгө алдаад, алдсан мөнгөө нөхөж олохын тулд ломбардны мөнгөнөөс авч мөрийнд тавьдаг байсан. Ингэж явсаар байгаад нэлээн мөнгө алдсан ба тухайн ажиллаж байсан ломбарднаас эзэн болох Саруул эгчид хэлэлгүй мөнгө авсан ба нийт 9.650.000 төгрөг авсан. Ломбардны эзний нэхэмжилж байгаа 10.950.000 мөнгөнөөс би 800.000 төгрөгийг энэ сарын цалиндаа бодож авсан ба энэ мөнгийг миний авсан мөнгөнөөс хасна. Тэгэхээр би 10.150.000 төгрөг эргүүлэн төлнө. Би уг мөнгийг шууд бэлнээр нь авч зарцуулсан.” гэх мэдүүлэг /17-18/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Д.П. нь 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 04 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “АЧЭ капитал” ХХК-ийн ломбарданд ажиллаж байхдаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгөөс хувьдаа 10.950.000 төгрөгийг завшсан болох нь хохирогч Н.Саруултуяагийн мэдүүлгүүд, гэрч Я.Цогтгэрэлийн мэдүүлэг, Д.П.гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.П.г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Д.П.д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Хохирогч Н.Саруултуяад 10.150.000 төгрөгийн хохирол учирсанаас шүүхийн шатанд 1.000.000 төгрөгийг төлсөн болох нь хохирогчийн өөрийнх нь мэдүүлэгээр готлогдож байх тул хохирлоос хасч шүүгдэгчээс 9.150.000 төгрөг гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Д.П.д ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгч Д.П.гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, хохирлоо нөхөн төлөөгүй байгаа зэргийг тус тус харгалзан шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Х. овогт Д.ийн П.г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.П.д 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар Д.П. нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

            4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар Д.П.гаас 9.150.000 төгрөгийг гаргуулан хохирогч Номт овогт Наранхүүгийн Саруултуяа /РД:ЛЙ85081260/-д олгосугай.

           5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА