Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 066

 

     Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

     Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар баг, 9-14 тоотод оршин суух, 1966 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОВ66101901, Шар овогтой Цэвээний Наранцэцэгийн,

    Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Наранцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

       Нэхэмжлэгч Ц.Наранцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1966 онд төрсөн, 50 настай. Миний бие нь 8 дугаар ангиа төгсөөд Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуйд 1982 оны 10 дугаар сараас эхлэн цэцэрлэгчнээр ажиллах болсон. 1987 онд Улаантолгойн чацарганы аж ахуй нь зохион байгуулалтын өөрчлөлтөнд орж Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдэл болоход мөн л цэцэрлэгчнээр ажиллаж байсан. 1991 онд Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдэл нь буцаад Улаантолгойн чацарганы аж ахуй болж нэр нь өөрчлөгдсөн. Улаантолгойн чацарганы аж ахуйд ажиллаж байхдаа буюу 1986 онд Алтантуяа ахлагчтай, 6 хүний бүрэлдэхүүнтэй, 2 талбай хариуцан ажиллаж “Гавшгай бригад” болж шагнуулж байсан. Миний бие нь Улаантолгойн чацарганы аж ахуйд 1996 оныг дуустал ажилласан боловч 1991 оны 4 дүгээр сараас 2000 оныг нөхөн тооцуулсан тул энэ хугацаанд ажиллаж байснаа тогтоолгох шаардлагагүй. Мөн миний хөдөлмөрийн дэвтэр гээгдсэн тул ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Иймд миний 1982 оны 10 дугаар сараас 1991 оны 3 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуй болон Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдэлд цэцэрлэгчнээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.

        Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч Ц.Наранцэцэг нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор шүүхэд хүсэлт  гаргажээ.

    Хэрэгт Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн цалингийн тодорхойлолт авагдсан байх ба уг тодорхойлолтод Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуйд цэцэрлэгчнээр ажиллаж байсан Цэвээн овогтой Наранцэцэгийн 1982 оны 10 дугаар сараас 1991 оны 3 дугаар сарыг дуустал хугацаанд авч байсан цалинг түүвэрлэн ирүүлжээ.

         Мөн Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуйн даргын 1986 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 68 тоот тушаалаар цэцэрлэгчдийн дунд 7 хоногийн хугацаатай заралсан болзолт уралдаанд шалгарсан цэцэрлэгчдийг шагнахаар тогтоож, уг тушаалын хавсралтын 14-т Цэвээний Наранцэцэгт 300 төгрөгийн шагнал олгохоор тогтоосон байна.

     Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр иргэн Г.Дагвадорж, Т.Цээлээ нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч Г.Дагвадорж: “Би Увс аймгийн Улаантолгойн Чацарганы аж ахуйд 1984 оноос 1991 оны 3 дугаар сар хүртэл цэцэрлэгчнээр ажиллаж байгаад Улаантолгойн чацарганы аж ахуй татан буугдаж бид нар ажилгүй болж байсан. Ц.Наранцэцэг нь 1982 оноос эхлэн тус байгууллагад цэцэрлэгчнээр ажилд орж 1995 оныг дуустал буюу байгууллага татан буугдах хүртэл ажилласан. Бид хоёр хамтдаа цэцэрлэгчнээр ажиллаж байсан учраас нэгнээ сайн мэднэ. Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуй нь 1986 онд Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдэл гэх нэртэй болон 1988 оныг дуустал үйл ажиллагаа явуулж байгаад эргээд 1989 оноос 1995 он хүртэл Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуй нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байгаад татан буугдсан. Тус байгууллагын даргаар Т.Цэвээн, С.Дэчинпэл, н.Болоож, М.Сүхбаатар гэх хүмүүс тус тус ажиллаж байсан” гэж, гэрч Т.Цээлээ: “Би Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуйд 1979 оноос 1998 оныг дуустал цэцэрлэгчнээр ажиллаж байсан. Ц.Наранцэцэг нь 1982 оноос эхлэн тухайн байгууллагад цэцэрлэгчнээр ажилд орж 1995 оныг дуустал ажилласан. Бид нар хамтдаа цэцэрлэгчнээр ажиллаж байсан учраас нэгнээ сайн мэднэ. Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуй нь 1986 онд Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдэл гэх нэртэй болон 1988 оныг дуустал үйл ажиллагаа явуулж байгаад эргээд 1989 оноос эхлэн Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуй нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байгаад татан буугдсан. Тухайн үед тус байгууллагын даргаар Т.Цэвээн, С.Дэчинпэл, н.Болоож, М.Сүхбат гэх хүмүүс тус тус ажиллаж байсан” гэж тус тус мэдүүлсэн байх ба гэрчүүдийн хөдөлмөрийн дэвтэрийн хуулбарууд авагдсан байна.

      Харин Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуй 1987 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1986 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн тогтоолоор Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдэл болж, 1991 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Улаантолгойн чацарганы аж ахуй нэртэй болсон нь гэрч Л.Дагвадоржийн хөдөлмөрийн дэвтэрт хийгдсэн бичилтээр тогтоогдож байх тул нэхэмжлэгч Ц.Наранцэцэгийн 1987 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 3 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдэлд цэцэрлэгчнээр ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй байна.

       Иймд Увс аймгийн Архивын тасгийн цалингийн тодорхойлолт, Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуйн даргын 1986 оны 68 тоот тушаал, гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлэг болон нэхэмжлэгчийн тайлбар зэргийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Ц.Наранцэцэгийн 1982 оны 10 дугаар сараас 1987 оны 3 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуйд, 1987 оны 4 дүгээр сараас 1991 оны 3 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдэлд тус тус цэцэрлэгчнээр ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Наранцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй. 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Шар овогтой Цэвээний Наранцэцэгийн 1982 оны 10 дугаар сараас 1987 оны 3 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуйд, 1987 оны 4 дүгээр сараас 1991 оны 3 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдэлд тус тус цэцэрлэгчнээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Наранцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

                                ДАРГАЛАГЧ,

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Н.ГЭРЭЛТУЯА