Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 067

 

          Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

           Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг, 4-3 тоотод оршин суух, 1960 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЭ60120315, Тугтан овогтой Идэшийн Доржготовын,

       Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хартолгой, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч И.Доржготов шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 1960 онд төрсөн, 56 настай, ам бүл-1, ганцаараа амьдардаг. Би 1981 оны 9 сард аймгийн Барилга угсралтын трестын материалын үйлдвэрт анх нормчноор ажилд орж, ажиллаж эхэлсэн билээ. Тэгээд нормчноор ажиллаж байгаад байгууллагын шугамаар кранчины 3 сарын хугацаатай курс төгсөөд 1986 оны 3 сараас эхлэн Барилга угсралтын даргын тушаалаар авто кранчнаар томилогдон ажиллаж, түүнээс хойш тус Барилга угсралтын трест 1991 онд тарах хүртэл авто кранчнаар тасралтгүй ажилласан билээ. Тэгээд Барилга угсралтын трест тараад Ундрах бүтээмж ХХК-д машинтайгаа шилжин ажилласан юм. Би Ундрах бүтээмж ХХК-д 1991 онд кран машинтай шилжээд 2002 он хүртэл авто кранчнаар тус компанид ажилласан. Иймд миний хөдөлмөрийн дэвтэрт тухайн үед Барилга угсралтын трестэд нормчноор ажилд орсныг бичээд бусад бичилт дутуу хийгдсэнээс би маш их хохирч байна. Иймд аймгийн Барилга угсралтын трестэд 1981 оны 6 сараас 1986 оны 2 дугаар сарыг дуустал нормчин, 1986 оны 3 дугаар сараас 2001 оныг дуустал тус байгууллагад авто кранчнаар тус тус ажиллаж байсан хугацааг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

         Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

             Нэхэмжлэгч И.Доржготов нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

      Хэрэгт Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн цалингийн тодорхойлолтод Барилга угсралтын трестэд тоосгочин, кранчнаар ажиллаж байсан Идэш овогтой Доржготовын 1982 оны 10 дугаар сараас 1983 оны 9 дүгээр сар, 1986 оны 1 дүгээр сараас 1987 оны 12 дугаар сарыг дуустал, 1989 оны 1 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж, авч байсан цалинг түүвэрлэн ирүүлсэн байна.

           Мөн Увс аймгийн Барилга угсралтын трестийн Материалын үйлдвэрийн даргын 1981 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 56 тоот Ажилд томилох тухай тушаалаар И.Доржготовыг тоосгочноор томилон ажиллуулахаар, ББМҮ-ийн яамны харьяа Увс аймаг дахь Алтан гадас одонт барилга трестийн даргын 1986 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 102 тоот тушаалаар И.Доржготовыг автокранчнаар томилон ажиллуулахаар, Улсын барилгын хорооны харьяа Увс аймаг дахь Алтан гадас одонт барилга трестийн даргын 1991 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 54 тоот тушаалаар И.Доржготовыг кранын хамтаар шинээр байгуулагдаж буй Махкомбинатын барилгын конторт шилжүүлэхээр тус тус шийдвэрлэж байсан нь дээрх тушаалуудын хуулбараар тогтоогдож байна.

          Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 78 тоот тодорхойлолтод Барилга угсралтын Ундрах ББХК нь 1996 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Ундрах бүтээмж ХХК болж өөрчлөгдөж, улсын бүртгэлд бүртгэгдсэн гэжээ.

           Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн архивын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн лавлагаанд: И.Доржготовын Улаангом сумын Ундрах бүтээмж ХХК-д ажиллаж, 1995 оны 1 дүгээр сараас 2001 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд дахь хөдөлмөрийн хөлснөөс шимтгэл төлснийг тодорхойлон ирүүлсэн байна.

           Харин нэхэмжлэгч И.Доржготовын хөдөлмөрийн дэвтэрт түүнийг 1981 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн Увс аймгийн Барилга угсралтын трестийн Материалын үйлдвэрт нормчноор томилон ажиллуулсан тухай бичилт хийгджээ.

         Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр иргэн Ч.Баярсайхан, З.Давааням нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч Ч.Баярсайхан: Намайг 1988 онд Увс аймгийн Барилга угсралтын трестэд кранчнаар ажилд орон ажиллахад И.Доржготов нь тухайн байгууллагад ажиллаж байсан. Тэр үеэс хойш И.Доржготов ахтай 25 орчим жил хамтдаа ажилласан учраас нэгнээ сайн мэднэ. И.Доржготов ах суурин крантай, би эксковатортой байсан. Бид хоёр Барилга угсралтын трестийн барилга байгууламжийн бүхий л ажилд явдаг, барилгын суурийг бид хоёр техник тоног төхөөрөмжөөрөө ухдаг байсан. Тэр үед одоогийнх шиг их техник тоног төхөөрөмж байгаагүй. Барилга угсралтын трестэд нэг л техниктэй ажилладаг байлаа. И.Доржготов ах надаас түрүүнд нормчноор ажиллаж байгаад кранчин болсон гэж ярьдаг байсан. Увс аймгийн Барилга угсралтын трестийн даргаар тэр үед Т.Батзул гэх хүн ажиллаж байсан гэж, гэрч З.Давааням: Миний бие нь И.Доржготовтой 1980 оноос 2005 он хүртэл хамт ажилласан. 1980 оноос 1992 он хүртэл Увс аймгийн Барилга угсралтын трестэд, 1992 оноос 2005 он хүртэл Барилга угсралтын Ундрах ББХК, Ундарга бүтээмж ХХК-нд тус тус хамтдаа ажиллаж байсан. И.Доржготов нь Барилга угсралтын трестийн Материал үйлдвэрт кранчнаар, би сантехникийн бригадад сантехникчээр ажиллаж байсан юмаа. Увс аймгийн Барилга угсралтын трест нь 1992 онд барилга угсралтын Ундрах ББХК болон ажиллаж байгаад 1996 онд Ундрах бүтээмж ХХК болон өөрчлөгдөж, 2005 он хүртэл ажилласан. Тухайн байгууллагуудын даргаар нь Т.Батзул, н.Насан, н.Эрдэнэбилэг, н.Отог гэх хүмүүс ажиллаж байсан гэж тус тус мэдүүлсэн ба гэрчүүдийн хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар хэрэгт авагджээ.

          Иймд дээрх бичгийн нотлох баримтууд, гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлэг болон нэхэмжлэгчийн тайлбар зэргийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч И.Доржготовын Увс аймгийн Барилга угсралтын трестэд 1981 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 1986 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тоосгочин, нормчноор, 1986 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 1991 оны 2 дугаар сарын 06-ны өдөр хүртэл хугацаанд автокранчнаар, Увс аймгийн Улаангом сум дахь Махкомбинатын барилгын контор, Ундрах ББХК, Ундрах бүтээмж ХХК-д 1991 оны 2 дугаар сарын 06-ны өдрөөс 2001 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд автокранчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч И.Доржготовын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Тугтан овогтой Идэшийн Доржготовын Увс аймгийн Барилга угсралтын трестэд 1981 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 1986 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тоосгочин, нормчноор, 1986 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 1991 оны 2 дугаар сарын 06-ны өдөр хүртэл хугацаанд автокранчнаар, Увс аймгийн Улаангом сум дахь Махкомбинатын барилгын контор, Ундрах ББХК, Ундрах бүтээмж ХХК-д 1991 оны 2 дугаар сарын 06-ны өдрөөс 2001 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд автокранчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

        2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч И.Доржготовын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

                          ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Н.ГЭРЭЛТУЯА