Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 1088

 

 

 

 

 

 

 

 

 

   2020         06          09                                       2020/ШЦТ/1088

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтөр,

улсын яллагч М.Ариунцэцэг,

шүүгдэгч Б.М. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б. овогт Б.ын М.ад яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2006 00000 1308 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Увс аймгийн Тэс суманд 1989 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэг хариуцах чадвартай, Б. овогт Б.ын М..

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.М. нь 2020 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дарь-Эхийн шинэ буудал гэх газарт оршин суух хохирогч З.Мөнгөншагайн гэрт түүнтэй маргалдаж, маргах явцдаа нүүрэн тус газар нь гараараа цохисны улмаас хамар ясны хугарал, таславчийн муруйлт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                         

                                                                            /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч З.Мөнгөншагайн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би 2020 оны 04 дүгээр сарын 19-ний 18:00 цагийн үед Б.М., Булган, Оогий, Доржпүрэв, Намнан нарын хамт нийт 2 шил 0.5 литрийн шилтэй архи ууж суух зуураа хөзөр тоглож байгаад “одоо удахгүй манайд хүн ирнэ, та  нар удахгүй явцгаа” гэж хэлтэл Б.М. “хөөж туулаа” гэж хэлээд надад уурлаад байхаар нь гарч учраа олох гэж байтал би уурандаа Б.М.ыг 1 удаа гараараа цохичихсон чинь намайг зөрүүлээд 3-4 удаа гараараа цохих үедээ миний хамрыг хугалчихсан юм. Тэгээд би Б.М.ыг дагуулж, Гэмтлийн эмнэлэг ороод эмчид үзүүлэх үед толгойн зураг авахуулах хэрэгтэй гэж эмч хэлсэн. Надад мөнгө байхгүй учир Б.М.аас асуух үед маргаан болж, уг асуудлаа шийдвэрлүүлэхээр эмнэлгээс гараад цагдаагийн хэлтэс орсон юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 10-15/,

- Гэрч Ю.Булганы өгсөн: “2020 оны 04 дүгээр сарын 19-ний 21:00 цагийн үед архийг бид 5 уугаад сууж байтал Б.М., З.Мөнгөншагай хоёр нь хоорондоо юм ярьж байгаад маргалдаж эхэлсэн ба хоёулаа босоод зогсч байсан ба дахин эргээд хартал Б.М. нь З.Мөнгөншагайг унагаад дээр нь суусан байдалтай харагдсан. Б.М. нь баруун гараа атгаж байгаад З.Мөнгөншагайн нүүр хэсэгт нэг удаа цохисон. З.Мөнгөншагай нь хамраас цус гоожсон байдалтай харагдаж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/,

 - Гэрч П.Намнандоржийн өгсөн: “2020 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр З.Мөнгөншагай, Б.М. хоёр хоорондоо маргалдаж эхлээд Б.М. нь баруун гараа атгаж байгаад З.Мөнгөншагайн нүүр хэсэгт 2 удаа цохисон. З.Мөнгөншагайн хамрын зүүн хэсэг нь хонхойж, цөмөрч, баруун тал руугаа далийсан байдалтай харагдсан. Дараа нь Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү би, З.Мөнгөншагай, Б.М. бид 3 явсан юм. Эмнэлэг дээр очоод Б.М., З.Мөнгөншагай хоёр хоорондоо хэрэлдэж маргалдсан ба З.Мөнгөншагай нь цагдаад дуудлага өгнө гээд бид гурав Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэс рүү ирсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 696 тоот:

1. Үзүүлэгчийн биед хамар ясны хугарал, таславчийн муруйлт гэмтэл тогтоогдлоо.

2. Үзүүлэгчийн биед учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Ирүүлсэн материалаар бусадтай тэмцэлдсэн гэх ул мөр тогтоогдсонгүй.

3. Үзүүлэгчийн биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

4. Үзүүлэгчийн биед учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Үзүүлэгчийн биед учирсан гэмтэл нь хэрэг учрал болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 26-27/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

             Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Б.М. нь 2020 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дарь-Эхийн шинэ буудал гэх газарт оршин суух хохирогч З.Мөнгөншагайн гэрт түүнтэй маргалдаж, маргах явцдаа нүүрэн тус газар нь гараараа цохисны улмаас хамар ясны хугарал, таславчийн муруйлт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул Б.М.ад холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

           Б.М. нь 2020 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дарь-Эхийн шинэ буудал гэх газарт оршин суух хохирогч З.Мөнгөншагайн гэрт түүнтэй маргалдаж, маргах явцдаа нүүрэн тус газар нь гараараа цохисны улмаас хамар ясны хугарал, таславчийн муруйлт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч З.Мөнгөншагайн мэдүүлэг, гэрч Ю.Булган, П.Намнандорж нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 696 тоот дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.М.ыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

            Хохирогч гомдол саналгүй, хохирол төлөгдсөн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгч Б.М.ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-ийн 72/

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүгдэгч  Б.М.ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн  хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б. овогт Б.ын М.ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М.ад 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.М. нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

           4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА