| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2016/00837/и |
| Дугаар | 080 |
| Огноо | 2017-01-19 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 080
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр баг, 10-49 тоотод оршин суух, 1968 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ТА68061614, Бөөгийнхэн овогтой Хадбаатарын Нямсамбуугийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр баг, 1-50 тоотод оршин суух, 1977 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЮ77121709, Баавшууд овогтой Адинбишийн Чулуунхүүд холбогдох,
Бусдын хууль бус эзэмшлээс байраа чөлөөлүүлж, албадан нүүлгэх тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Нямсамбуу, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Нямсамбуу шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь С.Мөнхбатын байранд 46.000.000 төгрөгийн хөрөнгө оруулан байж авсан Улаангом сумын 3 дугаар баг, Ө.Бадархын хороолол, 16 айлын орон сууцны №5 дугаартай 45м2 байранд С.Мөнхбат нь Чука гэдэг хүнийг оруулсан байна. Энэ байрыг 2015 онд ашиглалтанд ороогүй байхдаа 90 хувийн гүйцэтгэлтэй, гэрчилгээ нь миний нэр дээр байж байгаад ашиглалтанд оруулаад 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдөр улсын бүртгэлийн гэрчилгээ авсан болно. Энэ байр нь миний хууль ёсны өмч бөгөөд уг байрнаас Чука гэх хүнийг албадан гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Нямсамбуу нь хариуцагч А.Чулуунхүүд холбогдуулан бусдын хууль бус эзэмшлээс байраа чөлөөлүүлж, албадан нүүлгэх тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нь өөрийн нэхэмжлэлийн үндэслэл болгож, Үл хөдлөх өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0003770033 тоот гэрчилгээ-г нотлох баримтаар ирүүлсэн байна.
Уг улсын бүртгэлийн гэрчилгээнд Монгол Улсын иргэн Бөөгийнхөн овогтой Хадбаатарын Нямсамбуу нь Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, Ө.Бадрахын хороолол, 22 дугаар байрны 5 тоот хаягт байрлах, 45 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тул улсын бүртгэлийн Ү-1520004722 дугаарт бүртгэж, гэрчилгээ олгов гэжээ.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Х.Нямсамбуу нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдөр бүртгэгдсэн байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3-т зааснаар хариуцагч А.Чулуунхүүгийн хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болон түүнчлэн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж буй үйлдлийг зогсоохыг шаардах эрхтэй байна.
Хариуцагч А.Чулуунхүүд 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулан өгч, хэргийн материал танилцуулсан боловч тэрээр хуульд заасан 14 хоногийн дотор хариу тайлбар болон нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан, үндэслэл, түүнийг нотлох ямар нэгэн баримт ирүүлээгүй тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.
Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3-т зааснаар Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, Ө.Бадрахын хороолол, 22 дугаар байрны 5 тоот хаягт байрлах, 45 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн Ү-1520004722 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч А.Чулуунхүүгийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, түүнийг албадан нүүлгэхээр шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Х.Нямсамбуугаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Чулуунхүүгээс 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3-т зааснаар Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, Ө.Бадрахын хороолол, 22 дугаар байрны 5 тоот хаягт байрлах, 45 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн Ү-1520004722 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч А.Чулуунхүүгийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, түүнийг албадан нүүлгэсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Х.Нямсамбуугаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Чулуунхүүгээс 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Нямсамбууд олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА