Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 1119

 

 

 

 

 

 

 

 

 

   2020         06          16                                       2020/ШЦТ/1119

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй,

улсын яллагч С.Чимэдцэеэ,  

шүүгдэгч Д.У., түүний өмгөөлөгч Ц.Мандал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Х. овогт Д.гийн У.д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1906 04118 0387 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд 1977 оны 06 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 42 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, одоо Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1525 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял шийтгэснийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 407 дугаар нээлттэй хорих ангид биеэр эдэлж байгаа, хэрэг хариуцах чадвартай, Х. овогт Д.гийн У.. 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.У. нь 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Сандэй худалдааны төвийн 5 давхарт байрлах 5087 дугаартай лангуун дээрээс иргэн Б.Майцэцэгийн эзэмшлийн Самсунг Галакси А70 маркийн гар утсыг нууцаар, хууль бусаар хулгайлж, 1.036.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.            

                                                                            /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.У. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5-6/,

- Хохирогч Б.Майцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 12:30 минутын үед Сандэй плазагийн 5 давхарт 5078 тоот лангуун дээрээ наймаагаа хийгээд байж байхдаа гар утсаа лангуун дээрээ тавьчихаад хүнд юм үзүүлээд байж байхад үл таних эмэгтэй миний гар утсыг хулгайлсан байсан. Шангри-Ла 2-ын Юнителийн салбараас 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 1.200.000 төгрөгөөр худалдаж авсан шинээрээ утас байгаа юм. Мөн цэнхэр өнгийн хавтсан кэйстэй, сэв, зураас, эвдрэл, гэмтэлгүй гар утас алдагдсан гэх газарт хяналтын камер байгаа, СиДи дээр хуулбарласан байгаа. 50-60 орчим насны дундаж  нуруутай, туранхай, хар хувцастай, шаргал өнгийн цүнхтэй, цагаан өнгийн бүрх малгайтай эмэгтэй байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/,

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11/,

- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 20-21/,

- Д.У.ий яллагдагчаар өгсөн: “Би 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сандэй худалдааны төв рүү хэрэглээний хувцас, эд зүйл авах гээд очсон юм. Ингээд өөртөө малгай болон нүдний шил авчихаад тус худалдааны төвийн 5 дугаар давхарт хүүхдийн өмд хараад явж байхад лангууны дугаарыг нь мэдэхгүй байна, худалдагч нь болох үл таних эмэгтэй өөр хүнд худалдаа хийж байсан ба лангуун дээр байсан гар утсыг авч, шууд Сандэй худалдааны төвөөс гарч явсан. Миний хулгайлан авсан гар утас цэнхэр өнгийн кэйстэй, Самсунгийн гар утас байсан ба би загварыг нь сайн мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 31/,

- Д.У.ий эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Д.У. нь 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Сандэй худалдааны төвийн 5 давхарт байрлах 5087 дугаартай лангуун дээрээс иргэн Б.Майцэцэгийн эзэмшлийн Самсунг галакси А70 маркийн гар утсыг нууцаар, хууль бусаар хулгайлж, 1.036.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Б.Майцэцэгийн мэдүүлэг, Д.У.ий яллагдагчаар өгсөн мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.У.ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.

Д.У.д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Хохирогчид 1.036.000 төгрөгийн хохирол учирч, хохирол төлөгдсөн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Д.У.д ял оногдуулахад учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоер түүнээс дээш удаа үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан шүүгдэгчид 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

Мөн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 02-ний өдрийн 1525 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн хорих ялыг нэмж, нийт эдлэх хорих ялыг тогтоов.Шүүгдэгч Д.У. нь 2019 оны 10 дугаар сарын 2-ны өдрөөс цагдан хоригдсон байх бөгөөд 2020 оны 2 дугаар сарын 21-ны өдрөөс яллагдагчийн цагдан хорих байрыг шилжүүлэх тухай тус шүүхийн шүүгчийн 2020 оны 2 сарын 21-ны өдрийн захирамжаар 407 дугаар нээлттэй хорих ангиас цагдан хорих 461 дүгээр ангид шилжүүлэн цагдан хорьсон байна. Шүүхээс түүний цагдан хоригдсон болон ял эдэлсэн нийт хоногийг тооцоход энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ял дээр, эдлээгүй үлдсэн 3 сар 17 хоногийг нэмж, нийт 9 сар 17 хоногийн хугацаагаар хорих ял эдлүүлэхээр тооцов.

 Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 2019/ШЦТ/111 дугаар шийтгэх тогтоолоор Д.У.д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэснийг Дорнод аймгийн  Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 23-эы өдрийн магадлалаар  анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг сэргээн шалгуулахаар Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцаасныг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 02-ний өдрийн 1525 дугаартай шийтгэх тогтоолоор шийдвэрлэсэн байгааг дурьдах нь зүйтэй байна.   

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг СиДи хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Х. овогт Д.гийн У.ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.У.д 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар Д.У.д Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1525 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 сар 17 хоногийн хугацаагаар хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 9 сар 17 хоногийн хугацаагаар тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар Д.У.д оногдуулсан 9 сар 17 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргасугай.

            6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

           7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.У.д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА