| Шүүх | Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Базаргарьдын Сүхгомбо |
| Хэргийн индекс | 226/2017/00038/Э |
| Дугаар | 55 |
| Огноо | 2017-12-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Баярмаа |
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 55
Б.Э холбогдох
эрүүгийн хэргийн талаар
226/2017/0038
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч О.Баатарсүх, Б.Сүхгомбо нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,
Нарийн бичгийн дарга: А.Цэрэндулам,
Прокурор: Т.Баярмаа
Хохирогч: Д.Б
Шүүгдэгч: Б.Э нарыг оролцуулан
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзоригийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 138 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Б.Э-н давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1739001480029 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Сүхгомбын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1988 онд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд оршин суух, 2009 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 136 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 02 жил 01 сарын хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнссэн, мөн хуулийн 215.1 дэх хэсэгт зааснаар 2013 оны 01 дүгээр сарын 7-ны өдөр 13 дугаар шийтгэх тогтоолоор тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, хэргийг хэрэгсэхгүй болгож эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн С овогт Б.Э /РД: ШВ88032075/
Б.Э нь 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Хэнтий аймгийн Өлзийт тосгоны “Зуухын гацаа” гэх газарт байрлах худаг дээр “Ус асгасан байна” гэх шалтгаанаар Д.Б-тэй маргалдаж улмаар түүнийг гараараа нүүр, цээж, толгой хэсэг рүү нь цохиж үүдэн дээд талын 1 ширхэг шүдийг унагаан, буйл, зүүн чихний ар болон цээжний хэсэгт шарх бүхий гэмтлүүдийг учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт холбогджээ.
Хэнтий аймгийн Прокурорын газраас Б.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 138 дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч С овогт Б-ын Э хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Э-ыг 560 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 560.000 /таван зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь түүнд оногдуулсан 560 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 560.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь оногдуулсан торгох ялыг 03 сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Э-с 3.014.000 /гурван сая арван дөрвөн мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.Б-д олгож, хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй ба түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүдийг хохирогчид буцаан өгөхөөр тус тус шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Э давж заалдах гомдолдоо: Хохирогч Б өмнө нь өөрийн төрсөн дүү Баттулгатай зодолдож шүдээ гэмтээж унагаасан юм. Намайг унагаасан гэж гэрч Хангэрэлээр худал мэдүүлэг өгүүлсэн. Түүний нэхэмжилж буй 3014000 төгрөгийн баримт нь гурван өөр баримт байсан. Би гэм буруутай үйлдэл хийгээгүй учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ Б.Э-н эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх” хуулийн шаардлагыг бүрэн хангасан байна.
Б.Э нь 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Хэнтий аймгийн Өлзийт тосгоны “Зуухын гацаа” гэх газарт байрлах худаг дээр “Ус асгасан байна” гэх шалтгаанаар Д.Б-тэй маргалдан гараараа нүүр, цээж, толгой хэсэг рүү нь цохиж 1 үүдэн шүдийг нь унаган эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч Д.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: Морь услах гээд зогсож байтал Э нь “Өчигдөр ямар их ус асгасан юм бэ” гэтэл “чи муу ер нь юу гээд байгаа юм” гээд намайг заамдан авч уруул дээр цохьтол “миний шүд эвгүй болчихлоо” гээд л гараараа дартал цус асгарч эхэлсэн. Нэг шүд маань унасан байсан. Тэгтэл хөл гараараа хаа сайгүй цохиж зодсон. Миний хувьд салгах гэж байгаад дээлийг нь ханзалсан ...гэх /хх-13-14х/
Насанд хүрээгүй гэрч О.Хангэрэлийн мөрдөн байцааалтад өгсөн: Б нь Э-д “өмнөх өдөр чи их ус асгасан байсан шүү түүнийгээ янзалчихад яадаг юм” гэж хэлтэл Эрдэнэбат уурлаад хоолойноос нь боогоод баруун гараараа нүүрэн тус газар нь буюу уруул хавьцаа нь хэд хэд цохисон. Хөлөөрөө бие рүү нь өшиглөөд байсан. Б ахаас их цус гарсан ... гэх /хх-19-21х/
Шинжээч эмч Ч.Алтанцэцэгийн: Би Б-н дүгнэлтийг гаргахдаа эмнэлэгийн бичиг баримт болон өөрийн биеэр үзлэг хийсэн тэмдэглэлийг үндэслэн гаргасан. Анх үзсэн эмчийн тодорхойлолтод дээд шүд унасан гэж тодорхойлсон байсан ба энэ нь үзлэгээр тогтоогдсон. ... Б-н хувьд шүдний уналт бүхий гэмтлээс гадна буйлны язарсан шарх, зүүн чихний ар болон цээжний зулгарсан шарх бүхий гэмтлүүд тогтоогдсон. Эдгээр гэмтэл мөн гэмтлийн хөнгөн зэрэгт ялгаагүй хамаарна ... гэх мэдүүлгүүд.
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 277 дугаартай: Д.Б-н үүдэн 1 шүдний уналт, буйлны язарсан шарх, зүүн чихний ар болон цээжний зулгарсан шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, үйлдлийг зөв зүйлчилж, мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.
Хавтаст хэргийн 81-83 дугаар талд байгаа “ZIMO DENTAL” эмнэлгийн болон “Уран Арт Денталын” баримтууд нь нотлох баримтын шаардлагыг хангасан байна.
Шүүхээс насанд хүрээгүй гэрч О.Хангэрэлээс мөрдөн байцаалтын шатанд авсан мэдүүлгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу авагдсан нотлох баримт гэж үзсэн дүгнэлт үндэслэлтэй болжээ.
Хохирогчид үүссэн гэмтлийг өөр хүний үйлчлэлээр үүссэн гэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Б.Э-н давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Анхан шатны шүүх шийтгэх тогтоолд гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацааг дурдаагүй орхигдуулжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
Нэг. Шүүгдэгч Б.Э-н давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 138 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
Хоёр. Тус шүүхэд эд мөрийн баримт болон бичиг баримт ирээгүй болохыг дурдсугай.
Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ДЭНСМАА
ШҮҮГЧИД О.БААТАРСҮХ
Б.СҮХГОМБО