Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 210

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ж.Ц гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Зам, тээврийн хөгжлийн сайдад холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “Зам, тээврийн хөгжлийн сайдын 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 153 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Нислэг техникийн осол, зөрчлийг шинжлэн шалгах албаны даргын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах” нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Ц , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Зам, тээврийн хөгжлийн яамны Хуулийн хэлтсийн мэргэжилтэн Б.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэлт нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Ц , өмгөөлөгч Б.А  нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие нь Иргэний нисэхийн салбарт 33 дахь жилдээ тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд хуучнаар Зөвлөлт Холбоот Улсын К******* хотын Нисэхийн дунд сургууль Нислэгийн удирдагч, Оросын Холбооны Улсын С*******-П******* хотын Нисэхийн Академийн Нислэг хөдөлгөөний удирдлага менежментийн факультетыг техникийн ухааны магистр цолтой төгссөн, техникийн ухааны докторант, Олон улсын Нислэг техникийн осол, зөрчлийг шинжлэн шалгах шинжээчдийн холбооны гишүүн, Улсын байцаагчаар 2008-2013 он хүртэл ажиллаж байсан. 2013 оноос Нислэг техникийн осол, зөрчлийг шинжлэн шалгах албаны дарга бөгөөд Улсын ерөнхий шинжээчээр дэвшин ажиллаж байгаад Зам, тээврийн хөгжлийн сайдын 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 153 дугаар тушаалаар Нислэг техникийн осол, зөрчлийг шинжлэн шалгах албаны даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн. Уг тушаалыг 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авсан.

Дээрх тушаалд намайг төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан 2016 оны үр дүнгийн гэрээний биелэлтэд хийсэн хяналт шинжилгээ үнэлгээний дүнг үндэслэн ажлаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнээс өмнө тус яамны сайдын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 40 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлж байсан. Ингээд Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 289 дүгээр шийдвэрээр эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилсон билээ. 

Мөн Зам, тээврийн хөгжлийн сайдын 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 153 дугаар тушаалд 2016 оны үр дүнгийн гэрээний биелэлтэд хийсэн шинжилгээ үнэлгээний дүн гэснийг ажлын үр дүнгээ үнэлүүлж буйг миний бие огт үзэж танилцаагүй бөгөөд гарын үсгээ ч зураагүй мөн надад үр дүнгийн гэрээний биелэлтээ тайлбарлах болон танилцуулах боломж ч өгөөгүй, яаж дүгнэсэн ямар оноо авсан талаар ч мэдэгдээгүй болно. 

Манай албанаас хагас жилийн болон жилийн тайлангаа цаг тухайд нь гаргаж, үр дүнгийн гэрээний биелэлтийг заалт бүрээр нь маш тодорхой бичиж холбогдох албаны даргын тушаал шийдвэр тайлан дүгнэлт зөвлөмжүүд холбогдох материалуудын хамт хавсаргаж, Зам тээврийн хөгжлийн яаманд хүргүүлсэн ба тайлангийн талаар огт тайлбар аваагүй. Дүгнэсэн гэх албан тушаалтнууд нь миний ажил мэргэжлийн онцлогийг мэдэхгүй тухайн чиглэлээр ажиллаж байсан туршлага байхгүй мэргэжлийн бус, хууль дүрмийн дагуу шалгах эрх олгогдсон албан тушаалтан ч биш учраас яаж шалгасныг нь ойлгоогүй. Урьд нь сайд өөрөө хүлээн авч тайлбар баримтуудтай нь сонсож танилцаж дүгнэдэг байсан билээ. Ийм ажиллагаа явагдаагүй нууцаар шийдвэр гаргасан нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. 

Ер нь 2016 оны 09 дүгээр сараас эхлэн ерөнхийлөгч Х.Б*******ыг Зам, тээвэр, хот байгуулалтын сайд байх үед ажиллаж байсан, А.Г******* сайд томилсон гэж ад үзэж Төрийн захиргаа удирдлагын газрын дарга н.Г******* нь чамайг солино өргөдлөө өг гэж шахаж дарамталж эхэлсэн бөгөөд улмаар 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Чингис хаан олон улсын нисэх буудал дээр болсон Оросын Холбооны Улсаас ирсэн туршилтын онгоц болох ТВС агаарын хөлгийн ослыг шалгах ажиллагааг, үйлдвэрлэгч улс болох Оросын Холбооны Улсын Москва хотноо байрлах Тусгаар тогтносон улсуудын нислэг техникийн осол, зөрчлийг шинжлэн шалгах улсын байгууллага “МАК” буюу “Межгосударственный авиационный комитет”-тай хамтран ажиллах санамж бичгийн дагуу уг ослыг шинжлэн шалгах ажиллагааг эхлүүлсэнд эмзэглэж, дэд сайдын зүгээс хөндлөнгөөс заах зааварчилгаа өгөх зэрэг үйлдлүүд гаргаж байсан болно. 

Тушаалын үндэслэх хэсэгт Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.4-т “Засгийн газрын гишүүн хууль, тогтоомжид өөрөөр заагаагүй бол өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төрийн байгууллага албан газрын бүтэц дүрмийг баталж, даргыг томилж, чөлөөлнө”, Иргэний нисэхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12-т “иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нислэг техникийн осол зөрчлийн ерөнхий шинжээчийг томилж чөлөөлөх бүрэн эрхтэй” гэж тус  тус заасныг дурдсан байдаг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийг төрийн албанаас чөлөөлөх хуульд заасан урьдчилсан нөхцөл, хууль зүйн үндэслэл бүрдээгүй байхад нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн. Тус тушаалд зөвхөн хуульд заасан сайдын эрх хэмжээг зохицуулсан болохоос биш тухайн албан хаагчийн ажлаас чөлөөлөгдөх үндэслэл бүхий хуулийн заалтыг баримтлаагүй байна. Тухайн албан хаагч ямар зөрчил гаргасан нь тодорхойгүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн, төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн, өөрийн санаачилгаар төрийн албанаас гарах хүсэлт гаргасан гэсэн 3 тохиолдолд албан хаагчийг төрийн албанаас чөлөөлдөг. Гэтэл дээрх тушаалд эдгээр үндэслэлүүдийн аль нэгийг дурдаагүй байгаа нь хууль бус байна.

Мөн маргаан бүхий тушаалд Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшинг үнэлж, дүгнэх журмын 7 дугаар зүйлийн 7.1-т заасныг үндэслэн үр дүнгийн гэрээг дүгнэсэн гэжээ. Гэвч тус журмын 6.1-т “гэрээний биелэлтийг дүгнэж үнэлгээ өгөхдөө төсвийн ерөнхийлөн захирагч нь шууд захирагчтай ярилцлага хийж гэрээний биелэлтийг дүгнэхэд шаардлагатай мэдээ баримтыг бүрдүүлсэн байх ёстой” гэж заасны дагуу ярилцлага хийсэн гэх тэмдэглэл, үнэлүүлж байгаа албан тушаалтанд өгч байсан тайлбар зэрэг шаардлагатай баримт байхгүй байна. 

Шинжлэн шалгах үйл ажиллагаа нь мөрдөн шалгах үйл ажиллагаа юм. Үүнд хөндлөнгийн улс төрийн нөлөө үзүүлэхийг хатуу хориглосон олон улсын конвенцод Монгол Улс нэгдэн орсон. Намайг Төрийн албаны тухай хуулийг зөрчиж ажлаас чөлөөлсөн.  Миний бие гэмт хэрэгт холбогдож байгаагүй, тэтгэвэрт гарах насанд хүрээгүй, өөр удирдах албан тушаалд дэвшин ажиллаагүй байхад ажлаас чөлөөлсөн. Энэхүү хууль бус тогтолцоог арилгахгүй бол яваандаа мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж үнэнийг тогтоосон хүмүүсийг ажлаас халж байгаагаас Монгол Улсын олон улсын тавцан дахь нэр хүндэд сөрөг нөлөөтэй.

Би ажил үүргээ гүйцэтгэж байхдаа ямар ч сайд, намд үйлчилдэггүй байсан. Осол, зөрчлийг үнэн зөвөөр тогтоох талаар сэтгэл, зүрхээ дайчлан ажиллаж ирсэн.

Иймд Зам, тээврийн хөгжлийн сайдын 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 153 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Нислэг техникийн осол, зөрчлийг шинжлэн шалгах албаны даргын албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү” гэв.

Хариуцагч Зам, тээврийн хөгжлийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н*******, Д.Ц*******, Б.О нар шүүхэд ирүүлсэн тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нислэг техникийн осол, зөрчлийг шинжлэн шалгах алба нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний нисэхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар байгуулагдсан Зам, тээврийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төрийн байгууллага бөгөөд энэхүү Нислэг техникийн осол, зөрчлийг шинжлэн шалгах албаны дарга нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар төрийн захиргааны буюу төрийн жинхэнэ албан хаагч байх шаардлагатай юм. 

Гэтэл Ж.Ц  нь энэхүү төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын дагуу сонгон шалгаруулалтад оролгүйгээр томилогдсон зөрчилтэй байсан. 

Мөн Нислэг техникийн осол, зөрчлийг шинжлэн шалгах албаны даргаар ажиллаж байсан Ж.Ц  нь 2016 онд Зам, тээврийн хөгжлийн сайдтай байгуулсан Үр дүнгийн гэрээний биелэлтийг жилийн эцсийн байдлаар дүгнэсэн илтгэх хуудсаар “Төсвийн захирагчийн үр дүнгийн гэрээний хавсралт болох “Байгууллагын үйл ажиллагааны жилийн төлөвлөгөө”-нд тусгагдсан тусгай арга хэмжээнүүдэд албаны даргын тушаалаар ажлын хэсэг байгуулсан боловч Иргэний нисэхийн тухай хууль батлагдахаар хэрэгжүүлнэ гэсэн тайлбартайгаар тодорхой үр дүнд хүрэхээр арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэн ажиллаагүй тул тусгай арга хэмжээ 40 оноо авахаас 14,6 оноо авсан” гэсэн дүгнэлттэй гарсан нь түүнийг албан тушаалаас нь чөлөөлөх үндэслэл болсон байна.

Мөн Ж.Ц  нь Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Төсвийн шууд захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагч нь харьяалагдах дээд шатныхаа төсвийн захирагчтай төсвийн жил эхлэхээс өмнө үр дүнгийн гэрээ байгуулна” гэж заасныг зөрчиж 2017 оны үр дүнгийн гэрээ байгуулаагүй, 2017 оны хагас жилийн үйл ажиллагааны үр дүнг үнэлүүлэлгүйгээр ажилласан.

Иймд Зам, тээврийн хөгжлийн сайдаас Иргэний нисэхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалтыг баримтлан Ж.Ц г Нислэг техникийн осол, зөрчлийг шинжлэн шалгах албаны даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй тул Ж.Ц гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Гуравдагч этгээд Д.О шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Ж.Ц гийн Нислэг техникийн осол, зөрчлийг шинжлэн шалгах албаны даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн нь надад болон миний тус албан тушаалд томилогдсонтой ямар нэгэн байдлаар холбогдолгүй гэж бодож байна. Түүнчлэн миний бие тус ажлыг Ж.Ц гоос бус харин Нислэг техникийн осол, зөрчлийг шинжлэн шалгах албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Х.Наранхүүгээс хүлээж авсан болно.

Миний хувьд Ж.Ц г Иргэний нисэхийн салбарт мэргэжлээрээ олон жил ажилласан туршлагатай удирдах ажилтан гэж боддог бөгөөд миний талаас Ж.Ц д аливаа гомдол, асуудал байхгүй болно. 

Харин Ж.Ц  нь нэхэмжлэлдээ миний тухай “...хяналт шалгалтын чиглэлээр ажиллаж үзээгүй, Иргэний нисэхийн ерөнхий газарт ч ажиллаж байгаагүй, одоо М компанид нисч байгаа ашиг сонирхлын зөрчилтэй Омскийн нисэхийн дунд сургууль төгссөн дунд боловсролтой М компанийн нисгэгчийг томилсон болно” гэж дурьдсанд товч тайлбар өгөх нь зүйтэй гэж бодлоо.

Миний бие Зөвлөлт Холбоот Улсад Нисэхийн дунд сургуулийг нисгэгч мэргэжлээр, Улаанбаатар Политехникийн дээд сургуулийг тээврийн чиглэлээр төгссөн инженер-эдийн засагч мэргэжилтэй, дээд боловсролтой хүн. Цаашлаад Өмнөд Солонгост Кореан айр, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад Люфтханза, Францад Эйрбас, Америкийн Нэгдсэн Улсад Боинг, Австралид Мелбурны их сургуульд тус бүр мэргэшил дээшлүүлэх сургалтуудыг дүүргэсэн.

Ажлын хувьд Ан-2, Ан-24, Боинг В-727-200, Боинг В-737-800/700, Айрбус А-310-300 зэрэг онгоцуудаар хоёр дугаар нисгэгч, онгоцны дарга, багш нисгэгчээр 39 жил тасралтгүй орон нутгийн болон олон улсын нислэгт ниссэн Монгол Улсын гавьяат нисгэгч.

Түүнчлэн М ХК-д ажиллах хугацаандаа Нислэгийн албаны дарга, Сургалт-дадлагын хэлтсийн дарга, Нислэгийн ерөнхий менежер бөгөөд Ерөнхий нисгэгч, Нислэг үйлдвэрлэл эрхэлсэн дэд захирлын албыг тус тус хашиж байсан бөгөөд одоогоор М ХК-д ажиллахгүй байгаа болно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэргийн оролцогчдоос шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зэрэгт үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгч Ж.Ц гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.  

Нэхэмжлэгч Ж.Ц  нь “Зам, тээврийн хөгжлийн сайдын 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 153 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Нислэг техникийн осол, зөрчлийг шинжлэн шалгах албаны даргын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа “...Ж.Ц  нь “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын дагуу сонгон шалгаруулалтад оролгүйгээр томилогдсон, “Үр дүнгийн гэрээ”-г дүгнэхэд хангалтгүй үнэлгээ авсан, 2017 оны үр дүнгийн гэрээ байгуулаагүй, 2017 оны хагас жилийн үйл ажиллагааны үр дүнг үнэлүүлэлгүйгээр ажилласан тул маргаан бүхий захиргааны актыг гаргасан” гэж тус тус маргажээ.

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 153 дугаар тушаалаар Нислэг техникийн осол, зөрчлийг шинжлэн шалгах албаны дарга Ж.Ц г үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байх бөгөөд хариуцагч нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4, Иргэний нисэхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын 7.1-д заасныг тус тус үндэслэсэн байна.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4-т “хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төрийн байгууллага, албан газрын бүтэц, дүрмийг баталж, дарга /эрхлэгч, захирал/-ыг томилж, чөлөөлнө”, Иргэний нисэхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12-т “нислэг-техникийн осол, зөрчлийн Ерөнхий шинжээч /цаашид “Ерөнхий шинжээч” гэх/, шинжээчийг томилж чөлөөлөх,...” гэж тус тус заажээ.

Зам, тээврийн сайдын 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн “Бүтэц зохион байгуулалт, орон тоо, дүрмийг шинэчлэн батлах тухай” 213 дугаар тушаалаар батлагдсан Нислэг техникийн осол, зөрчлийг шинжлэн шалгах албаны дүрмийн 1.4-т ”Алба нь иргэний нисэхийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний эрхлэх асуудлын хүрээнд, түүний шууд удирдлагын дор үйл ажиллагаа явуулна” хэмээн заасан байх бөгөөд маргаан бүхий захиргааны акт болох Зам, тээврийн хөгжлийн сайд нь 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 153 дугаар тушаалын 1-т “Төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан 2016 оны үр дүнгийн гэрээний биелэлтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнг үндэслэн” болохыг дурдсан байна.

Хэрэгт авагдсан нотлох баримт болох Зам, тээврийн сайдын нэхэмжлэгч Ж.Ц той байгуулсан 2016 оны “Үр дүнгийн гэрээ”-ний 3.5-д “Төрийн албаны тухай хууль тогтоомж, стандартыг мөрдөж ажиллана”, 7.2-т “Төсвийн шууд захирагч гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн тохиолдолд төсвийн ерөнхийлөн захирагч түүнд туслалцаа дэмжлэг үзүүлэх, шаардлагатай гэж үзвэл холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ” хэмээн тус тус зааснаар  хариуцагч Зам, тээврийн хөгжлийн сайд нь өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах Нислэг техникийн осол, зөрчлийг шинжлэн шалгах албаны даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Төрийн албаны тухай хуульд заасан журмыг баримтлах ёстой.

Учир нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2, 23.4 (төрийн албан хаагчийг захиргааны санаачилгаар чөлөөлөх),  24 дүгээр зүйл (төрийн албан хаагч тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн, төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн, өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан), 25 дугаар зүйл (төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халахдаа удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон, Монгол Улсын харьяатаас гарсан) тохиолдолд төрийн албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөхөөр зохицуулсан байна.

Өөрөөр хэлбэл хуульд заасан эдгээр нөхцөлүүдийн аль нэг нь тогтоогдсон тохиолдолд л захиргааны байгууллага, албан тушаалтанд “захиргааны санаачилгаар” төрийн албан хаагчийг төрийн албанаас халах, чөлөөлөх эрх үүснэ.   

Гэвч хариуцагчийн зүгээс маргаан бүхий акт болох Зам, тээврийн хөгжлийн сайдын 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 153 дугаар тушаалыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг баримтлаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан Захиргааны үйл ажиллагаа “хуульд үндэслэх” тусгай зарчимд нийцээгүй байна гэж үзлээ. 

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүхэд болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар болох нэхэмжлэгч Ж.Ц  нь “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын дагуу сонгон шалгаруулалтад оролгүйгээр томилогдсон, “Үр дүнгийн гэрээ”-г дүгнэхэд хангалтгүй үнэлгээ авсан тул маргаан бүхий захиргааны актыг гаргасан гэх үндэслэлийн тухайд:

Нэхэмжлэгч Ж.Ц  нь “Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын албан тушаалд томилогдох удирдах ажилтны сонгон шалгаруулалтад өрсөлдөн тэнцэж, Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 37 дугаар тогтоолоор төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн”,  нөөцийн хугацаа 2011 оны 03 дугаар сарын 13-ны өдөр дуусах талаар мэдэгдсэн байсан болох нь Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 58 дугаар албан бичгээр тогтоогдож байх бөгөөд Зам, тээврийн сайдын 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 155 дугаар тушаалаар Нислэг техникийн осол, зөрчлийг шинжлэн шалгах албаны даргаар томилогдон ажиллаж байжээ. 

Хэдийгээр Ж.Ц г Нислэг техникийн осол, зөрчлийг шинжлэн шалгах албаны даргаар томилох үед дээр дурдсан удирдах ажилтны сонгон шалгаруулалтын нөөцийн хугацаа дуусгавар болсон байсан хэдий ч иргэнийг төрийн албаны удирдах албан тушаалд томилохдоо түүнийг зохих шаардлагыг хангасан эсэх талаар захиргаа өөрөө шалгах үүрэгтэй, энэ хүрээндээ үүргээ биелүүлсэн эсэхтэй холбоотой асуудлаар иргэнийг буруутган, өөрийн буруутай үйл ажиллагааг төрийн албан хаагчид хамааруулан, түүнийг төрийн албанаас чөлөөлөх үндэслэл болгон тайлбарлаж буйг хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Төрийн албан тушаалыг эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг төрийн албан хаагч гэнэ”, 11.2-т “Энэ хуулийн 5.1.2, 5.1.З-т заасан албан тушаалын ангиллын хүрээнд төрийн удирдах, гүйцэтгэх албан тушаалыг мэргэшлийн үндсэн дээр байнга эрхэлж байгаа Монгол Улсын иргэнийг төрийн жинхэнэ албан хаагч гэнэ” гэж заасны дагуу Ж.Ц  нь Нислэг техникийн осол, зөрчлийг шинжлэн шалгах албаны даргаар томилогдон “Үр дүнгийн гэрээ” байгуулан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэн ажиллаж, зохих цалин хөлс авч байсан тул түүнийг төрийн албан тушаалтан хэмээн үзэх бөгөөд мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө” гэж заасны дагуу хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч Ж.Ц г (иргэний нисэхийн салбарт мэргэжилтэн, хэлтсийн дарга, Ерөнхий менежер, Иргэний нисэхийн ерөнхий газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга, Иргэний нисэхийн ерөнхий газрын дэд дарга зэрэг албан тушаал эрхэлж байсныг нь харгалзан үзэж) маргаж буй албан тушаалд томилсон гэж үзэхээр байна.

2016 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг жилийн эцсийн байдлаар дүгнэж гэрээний биелэлтэд 63,4 оноо буюу хангалтгүй гэсэн үнэлгээ өгсөн тухайд, Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын 1.1-д заасанчилан төсвийн ерөнхийлөн захирагчаас төсвийн шууд захирагчтай байгуулсан үр дүнгийн гэрээг үнэлж дүгнэхэд энэхүү журмыг баримтлах ёстой бөгөөд тус журмын 6.1-д “Гэрээний биелэлтийг дүгнэж, үнэлгээ өгөхдөө  төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагчтай ярилцлага хийнэ”, 6.5-д “Төсвийн шууд захирагч төсвийн ерөнхийлөн захирагчийн өгсөн үнэлгээтэй санал нийлээгүй тохиолдолд үндэслэл бүхий тайлбарыг түүнд бичгээр гаргаж болно. Энэ тохиолдолд талууд үнэлгээтэй холбоотой санал нийлээгүй асуудлыг дахин авч үзнэ” хэмээн тусгайлан заасан байхад хариуцагчийн зүгээс Нислэг техникийн осол, зөрчлийг шинжлэн шалгах албаны дарга Ж.Ц гийн 2016 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг жилийн эцсийн байдлаар дүгнэсэн дүнгээ нэхэмжлэгчид танилцуулаагүй, санал нийлээгүй асуудлыг дахин авч үзээгүй нь нэхэмжлэгч Ж.Ц гийн Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан тайлбар, санал гаргах эрхийг нь хангаагүй, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” захиргааны үйл ажиллагааны тусгай зарчмыг зөрчсөн үйлдэл болжээ.

Нэхэмжлэгч Ж.Ц гийн 2016 оны үр дүнгийн гэрээний биелэлтэд 63,4 оноо буюу хангалтгүй гэсэн үнэлгээ өгсөн байх бөгөөд Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын 7.1-д заасны дагуу “D” буюу дутагдалтай үнэлгээ авсан тохиолдолд дутагдаж буй мэдлэг, чадвар олгох сургалтанд хамруулах мөн боломжтой байсныг дурьдах нь зүйтэй байна.

Иймд хариуцагч Зам, тээврийн хөгжлийн сайдын 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 153 дугаар тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.6, 26 дугаар зүйлийн 26.1-д заасан журмыг баримтлаагүй, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдсөн болох нь дээр дурдсан үндэслэлээр тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Зам, тээврийн хөгжлийн сайдын 2017 оны 153 дугаар тушаалыг хүчингүй болгож, Ж.Ц г Нислэг техникийн осол, зөрчлийг шинжлэн шалгах албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Нэгэнт шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Ж.Ц гийн ажилгүй байсан хугацаа болох 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор болох 32.501.324 /гучин хоёр сая таван зуун нэг мянга гурван зуун хорин дөрөв/ төгрөгийн олговроос хуульд заасан татвар, шимтгэлийг суутган тооцож нэхэмжлэгч Ж.Ц д олгон, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг Зам, тээврийн хөгжлийн яаманд даалгаж шийдвэрлэх зүйтэй байна. 

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1. 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 26 дугаар зүйлийн 26.1, 28 дугаар зүйлийн 28.2, Иргэний нисэхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2, 17 дугаар зүйлийн 17.1, 24 дүгээр зүйлийн 24.1, 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Ж.Ц гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 153 дугаар тушаалыг хүчингүй болгож, Ж.Ц г урьд эрхэлж байсан Нислэг техникийн осол, зөрчлийг шинжлэн шалгах албаны даргын ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Ц гийн ажилгүй байсан хугацаа болох 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор болох 32.501.324 /гучин хоёр сая таван зуун нэг мянга гурван зуун хорин дөрөв/ төгрөгийн олговроос хуульд заасан татвар, шимтгэлийг суутган тооцож нэхэмжлэгч Ж.Ц д олгон, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг хариуцагч Зам, тээврийн хөгжлийн яаманд даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Зам, тээврийн хөгжлийн яамнаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Ц д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА