Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 545

 

 

Х.Асылбекийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2016/06872 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Х.Асылбекийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Гантулгад холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 89 250 000 төгрөг гаргуулах тухай, 2012 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 909 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгч Х.Асылбекийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Х.Асылбек,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Чулуунчимэг,

Хариуцагч Д.Гантулга,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Х.Асылбек миний бие 2012 оны 7 дугаар сарын 05-ны өдөр иргэн Д.Гантулгад 59 500 000 төгрөгийг 20 хоногийн хугацаатай зээлүүлж гэрээ байгуулсан байдаг. Иргэн Д.Гантулга нь миний мөнгийг өгнө гэж явсаар өнөөдрийг хүрсэн болно. Тухайн зээлийн гэрээгээр хоногийн 0.5 хувийн алданги тооцохоор харилцан тохирсон байдаг бөгөөд үндсэн зээлсэн мөнгө болон алдангийг нэмж миний бие Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан үндэслэлээр шаардах эрхтэй байх тул дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Иргэн Д.Гантулгаас 59 500 000 төгрөг, алданги болох хоногийн 0.5 хувь буюу 297 500 төгрөг бөгөөд зээлийн 50 хувь 29 750 000 төгрөг нийт 89 250 000 төгрөгийг гаргуулж Х.Асылбект өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: нэхэмжлэлд дурдсан мөнгийг миний бие огт аваагүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Талуудын хооронд байгуулсан гэрээ нь дүр үзүүлэн хийсэн гэрээ бөгөөд уг гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргах болно гэжээ.

 

Хариуцагч, түүний өмгөөлөгч нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй хамтад нь шийдвэрлүүлэхээр сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Миний бие иргэн Х.Асылбекээс мөнгө зээлээгүй ба аваагүй болно. Харин "Эйшнтерра" ХХК-ийн захирал Ц.Бадамцэрэн нь Санхүүгийн түрээсийн 71000036 тоот гэрээг 2012 оны 2 дугаар сарын 10-ны өдөр "Хас лизинг" ХХК-тай байгуулсан ба уг гэрээний төлбөрт төлөх мөнгө болгож Х.Асылбекээс компанидаа 2012 оны 2 дугаар сард мөнгө авсан. Тухайн үед тухайн компанийн тайлан тооцоог миний бие гаргадаг байсан тул Х.Асылбек нь "ажлаас чинь халуулна" "цагдаагийн байгууллагад хандан, гомдол гаргаж эрүү үүсгүүлнэ" хэмээн дарамт шахалт үзүүлж байгаад 2012 оны 7 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээнд надаар гарын үсэг зуруулсан. Уг гэрээг ашиглан шүүхэд хандахгүй гэж байсан ч тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Иймд хүсэл зориг байгаагүй ч дарамт шахалтын улмаас "аваагүй мөнгийг авсан" мэтээр хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан тул уг зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү. Энэхүү гэрээ нь Иргэний хуульд зааснаар дүр үзүүлсэн хийсэн хэлцэл болно гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, хариуцагчид дарамт шахалт үзүүлсэн баримт байхгүй, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4, 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Д.Гантулгаас зээлийн гэрээний үүрэгт 89 250 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Х.Асылбекийн үндсэн нэхэмжлэл, зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай хариуцагч Д.Гантулгын сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Х.Асылбекээс төлсөн 669 200 төгрөгийн 604 200 төгрөгийг, хариуцагч Д.Гантулгаас төлсөн 408 000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Гантулгаас 47 450 төгрөгийг нөхөн төлүүлж улсын орлогод оруулж, улсын орлогоос 65 000 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч Х.Асылбекэд олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Х.Асылбек давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Энэхүү хэргийг шийдвэрлэсэн шүүгч нэг талын ашиг сонирхол магадгүй нөлөөнд автсаны улмаас иргэн намайг илтэд хохироосон шийдвэр гаргасан. Учир нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг огт бичээгүй буюу талуудын мэтгэлцээний агуулгад дүгнэлт хийгээгүй, энэ гаргасан шийдвэрээ талуудын анх шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбарт дүгнэлт хийх замаар бичсэн. Гэтэл анх шүүхэд гаргаж өгсөн нэхэмжлэлээс гадна энэхүү бичгээр хийсэн зээлийн гэрээний дагуу мөнгө миний бие шилжүүлээгүй, тухайн гэрээ байгуулагдахаас өмнө найз н.Дамдинжавынхаа хамтаар 50 000 000 төгрөгийг хариуцагч Д.Гантулгад амаар тохиролцож зээлүүлсэн гэдгийг миний өмгөөлөгч маш тодорхой тайлбарлаад байхад тухайн бичгийн гэрээгээр мөнгө шилжээгүй тул нэхэмжлэлийг хангахаас татгалзсан байна. Миний өмгөөлөгч шүүх хуралдаанд оролцсон байтал оролцоогүй мэт шийдвэрээ гаргасан байгаагаас харахад үнэхээр миний хууль ёсны эрх ашгийг хамгаалах эрхийг шударга шийдвэрлэж чадсан уу гэдэгт эргэлзээ төрж байна. Энэ хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн шударга байж чадаагүйгээс гадна ур чадваргүй нь харагдаж байна. Энэ хэрэг 2 удаа давж заалдах шатны шүүхээс буцсан ба урьд өмнө эрүүгийн журмаар шалгагдсан байдаг. Энэ бүхний эцэст юу тодорхой болсон бэ гэвэл хариуцагч Д.Гантулга нь эрүүгийн хэрэгт сэжигтэн яллагдагчаар удаа дараа мэдүүлэг өгөхдөө дээрх сүүлд хийгдсэн бичгийн гэрээг яагаад хийх болсон, 50 000 000 төгрөгийг хаана, хэрхэн, хэнээс, хэн хэнтэй байхдаа авснаа тодорхой мэдүүлсэн ба “авсан мөнгөө өгнө” гэсээр энэ хэрэг залилангийн биш, иргэний хэрэг болсон. Иргэний хэрэг болоод ирэхээр энэ мөнгийг аваагүй гэдэг, мөнгө аваагүй гэдгийг шүүх “тийм байна” гээд шийдэж байдаг. Энэ мөнгийг хүлээн авсан тухайгаа өөрийн гараар бичиж өгсөн баримт эх хувиараа хавтаст хэрэгт байсаар байхад ганцхан хариуцагчийн “би аваагүй” гэдэг үгээр шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иймд алданги болио гэхэд анх өгсөн 50 000 000 төгрөгөө авах хүсэлтэй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагчаас 50 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу тухайн хэрэг хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Х.Асылбек нь хариуцагч Д.Гантулгад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 89 250 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч 2012 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 909 дугаартай зээлийн гэрээг дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх тухай сөрөг шаардлага гарган маргажээ.

 

Талууд 2012 оны 7 дугаар сарын 05-ны өдөр бичгээр зээлийн гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээр 59 500 000 төгрөгийг 20 хоногийн хугацаатай, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувиар хоног тутам алданги тооцохоор тохиролцжээ.                                                                                                       /хэргийн 3 дугаар тал/

 

Мөн хэргийн 36 дугаар талд “Д.Гантулга миний бие иргэн Х.Асылбекээс 2012 оны 2 дугаар сарын 23-ны өдөр 50 000 000 төгрөг авсан болно. Энэ ондоо багтаан төлж барагдуулах болно” гэх хариуцагчийн үйлдсэн бичгийн баримт авагджээ.

 

Хариуцагч Д.Гантулга нэхэмжлэгч Х.Асылбекээс мөнгө зээлээгүй уг мөнгийг аваагүй дарамт шахалтанд орсны улмаас дүр үзүүлэн дээрх зээлийн гэрээ болон бичгийн баримтыг үйлдсэн гэж татгалзаж байгаа үндэслэлээ тайлбарласан байна.

 

Нэхэмжлэгч Х.Асылбек хариуцагч Д.Гантулгад 2012 оны 2 дугаар сарын 21-22-ны өдрийн хооронд 20 000 000 төгрөг, 2012 оны 3 дугаар сарын 01-02-ны өдрийн хооронд 30 000 000 төгрөг тус тус зээлүүлсэн. Уг мөнгөний 25 000 000 төгрөгийг би, 25 000 000 төгрөгийг найз Д.Дамдинжав гаргасан, гэтэл Д.Дамдинжавт мөнгө хэрэгтэй болсон тул 25 000 000 төгрөгийг би Д.Гантулгын өмнөөс төлчихсөн тул одоо 50 000 000 төгрөгийг Д.Гантулгаас нэхэмжилнэ гэж тайлбарлажээ.

 

Талууд маргааны зүйл болох зээлийн мөнгө хөрөнгө 50 000 000 төгрөгийг бодитоор шилжүүлсэн эсэх талаар маргасан байна.

 

Хэргийн 92-115 дугаар талд авагдсан баримтууд нь эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад цугларсан баримтууд нь дангаараа иргэний хэргийн нотлох баримт болохгүй уг баримтуудыг үнэлэх нь талуудын зарчимд нийцэхгүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй юм.

 

Хариуцагч Д.Гантулга хэрэгт авагдсан зээлийн гэрээ болон мөнгө төлөх баталгаа болох бичгийн баримтыг шахалт дарамтанд орсны улмаас бичсэн гэх нөхцөл байдлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотлоогүй болно.

 

Харин талуудын тайлбар дээрх зээлийн гэрээг, 50 000 000 төгрөг авсан тухай бичгийн баримттай харьцуулан дүгнэвэл зохигч 50 000 000 төгрөг зээлдүүлсэн зээлийн гэрээг хожим нөхөж хийсэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд хариуцагч Д.Гантулга нь дээрх бичгийн баримт болон зээлийн гэрээг үгүйсгэсэн няцаасан баримтуудыг шүүхэд гаргаагүй тул түүний тайлбарыг үндэслэлгүй гэж үзнэ.

 

Хэргийн 188 дугаар талд Д.Дамдинжавын “Х.Асылбектэй хамт Д.Гантулгад 50 000 000 төгрөгийг хуваан 25, 25 саяар өгсөн...Х.Асылбекээс мөнгөний хэрэг болж 25 000 000 төгрөгийг авсан. Д.Гантулгаас авах авлага байхгүй. Х.Асылбект Д.Гантулга нь 50 000 000 төгрөг төлөх учиртай” гэх тодорхойлолт авагдсан, дээрх 50 000 000 төгрөгийн 25 000 000 төгрөг нь миний мөнгө, 25 000 000 төгрөг нь Д.Дамдинжавын мөнгө гэсэн тайлбарыг  нэхэмжлэгч гаргадаг боловч уг тодорхойлолтыг үндэслэн Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасны дагуу Х.Асылбект Д.Дамдинжав шаардах эрхээ шилжүүлсэн гэж үзэх боломжгүй байна.

 

Иймд хариуцагч Д.Гантулгаас 25 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Асылбект олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 64 250 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Хариуцагч Д.Гантулга нь дарамт шахалтанд орсны улмаас бичгийн баримт болон зээлийн гэрээг байгуулсан гэх нөхцөл байдал хэргийн үйл баримтаар тогтоогдоогүй, анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Х.Асылбекийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2016/06872 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Гантулгаас 25 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Асылбект олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 64 250 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан үндэслэлгүй тул зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай хариуцагч Д.Гантулгын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “олгосугай” гэснийг “олгож, хариуцагч Д.Гантулгаас 282 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Асылбект олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.Асылбекийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 410 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

                       

                                         ШҮҮГЧИД                                      Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ