Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2021/0571

 

 

 “Э” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар, шүүгч Н.Долгорсүрэн, Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нарыг оролцуулан онлайнаар хийсэн хуралдаанаар, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 531 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 531 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчны сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалын хавсралтын 16 дугаарт бичигдсэн “Э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М давж заалдах гомдолдоо: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/220 дугаар тушаалаар “Э” ХХК-д Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн аманд аялал жуулчлалын зориулалтаар 1.4 га газар ашиглах эрхийг 5 жилийн хугацаатайгаар олгосон байдаг.

Гэтэл нэхэмжлэгч Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-т заасны дагуу гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлээгүй бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 4 жил дарааллан ашиглаагүй. Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-д “хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно”, мөн зүйл хэсэгт заасан “...зориулалтын дагуу газраа 2 жил дарааллан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй/ байхгүй ойлгоно гэж тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч энэ талаарх холбогдох нотлох баримтыг хариуцагчид ирүүлээгүй байдаг.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг болон Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтуудыг тус тус үндэслэн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2731 тоот албан бичиг, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албан эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 11и3/5988 тоот албан бичгээр ирүүлсэн зөвлөмжийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны А/50 дугаар тушаалыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлж гаргасан байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “Э” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалын хавсралтын 16 дугаарт “Э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах эрх авсан боловч үйл ажиллагаа явуулаагүй, гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй 104 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгосон байх бөгөөд уг тушаалын хавсралтад нэхэмжлэгч “Э” ХХК багтсан байна.

Анх “Э” ХХК-д Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/220 дугаар тушаалаар Зайсангийн аманд 1.4 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар ашиглах эрхийг олгож, улмаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 2016/448 тоот газар ашиглах гэрчилгээг олгосон байна.

Маргаан бүхий А/50 дугаар тушаалаар “Э” ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцлахдаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасныг үндэслэсэн бөгөөд “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох зохицуулалт юм.

Хэрэгт авагдсан баримт үзвэл, нэхэмжлэгч “Э” ХХК нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Хан-Уул дүүргийн Засаг даргатай Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай 2017/24 тоот гэрээг 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан байх бөгөөд уг гэрээг байгуулсаны дараа “И” ХХК-иар дамжуулан “Д” ХХК-тай “Дулааны шугам татах, огтлогоо хийх гэрээ”-г байгуулан дулааны шугам татах ажлыг гүйцэтгүүлсэн үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгчээс Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ байгуулсанаас хойш буюу 2 жил дотроо тус газрын дулааны шугам татах, огтлогоо хийх ажлыг гүйцэтгүүлсэн нь нотлогдож байх тул Газрын тухай хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх нөхцөл тогтоогдохгүй байхад маргаан бүхий А/50 дугаар тушаалаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл, “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” тохиолдолд газар ашиглах эрхийг цуцлахаар байх бөгөөд хариуцагч нь энэ үндэслэлээр иргэн, аж ахуйн нэгжийн газар ашиглах эрхийг цуцлах тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т зааснаар шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан шинжлэн судлах, ач холбогдол бүхий бодит нөхцөл байдлыг тогтоох үүргийг хэрэгжүүлээгүй, нэхэмжлэгчийн дулааны шугам татах ажлыг гүйцэтгүүлсэн үйл баримтыг тогтоогоогүй тул анхан шатны шүүхээс маргаан бүхий актын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгосон нь Газрын тухай хуульд нийцсэн байна.

Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...эрх бүхий албан тушаалтаны албан бичгээр ирүүлсэн зөвлөмжийн дагуу ... А/50 дугаар тушаалыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлж гаргасан ... нэхэмжлэгч үйл ажиллагаа явуулаагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулах...” тухай давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй, А/50 дугаар тушаалд дурдагдсан иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болохуйц шийдвэрийг хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яам гаргаж байгаа бөгөөд хэрэгт хавсаргасан албан бичгүүдэд дурдсан зөрчлүүдийг тухайн хуулийн этгээд тус бүрээр нягтлан шалгасны үндсэн дээр шийдвэр гаргахаар байна.

Иймд анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, маргаан бүхий А/50 дугаар тушаалын “Э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 531 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                           Д.БАТБААТАР

 

 

ШҮҮГЧ                                                           Н.ДОЛГОРСҮРЭН

 

 

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН