| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Галбадар |
| Хэргийн индекс | 186/2020/0431/Э |
| Дугаар | 460 |
| Огноо | 2020-06-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Энхбаатар |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 460
2020 06 11 2020/ШЦТ/431
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Л.Галбадар би даргалж,
Нарийн бичгийн дарга: Б.Номинзул,
Улсын яллагч: М.Энхбаатар,
Шүүгдэгч Н.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “.Д.” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Энхбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Н.У-д холбогдох эрүүгийн 2011 0000 00524 дугаартай 1 хавтаст хэргийг 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2020 оны 6 дугаар сарын 11-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1994 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 7-202 тоотод оршин суух хаягтай, урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Дугаар 251 тоот шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 21 дүгээр зүйлийн 21.3, 64 дүгээр зүйлийн 64.1.2., 69 дүгээр зүйлийн 69.1, 69.1.1., 69.1.3 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаатай засарч хүмүүжихийг даалгах хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан, Д овогт Н.У
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 5 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 7-202 тоотод байрлах гэртээ хамт архи ууж байсан М.Мөнх-Эрдэнэтэй маргаж улмаар түүний нүүр лүү гараараа цохих, газар унагаах зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Хохирогч М.Мөнх-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2020 оны 5 дугаар сарын 02-ны орой өөрийн найз Төгөлдөртэй таараад хамт 32-ын орчим байх бааранд ороод уг бааранд Н.У-*тай таараад баарнаас гурвуулаа гарч яваад Баянбүрд орчим байх буудалд очиж Давааг тэндээсээ аваад замаараа нэг архи аваад Н.У-н гэрт очсон. Н.У-н гэрт архи ууж Н.У, Төгөлдөр, Даваа бид дөрөв байж байгаад Н.У намайг алнаа л гээд суугаад байсан. Тухайн үед би түүнийг тоглоод л байна гэж бодож байсан гэнэт над руу дайраад түлхэж тавилгануудыг мөргүүлээд байсан. Мөн гараараа миний нүүр ам руу цохиод байсан. Тэгээд хэсэг ноцолдож байгаад салаад нүүрээ гараараа арчиж үзсэж чинь миний хөмсөг орчмоос цус гарч байсан. Тэгээд гадаа гараад гэр рүүгээ тэд нараас салж яваад гэртээ харьсан. ...өмнө нь Н.У бид хоёр маргалдаж муудалцаж байгаагүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16-р хуудас/
Гэрч Д.Төгөлдөр мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн:”...2020 оны 5 дугаар сарын 02-ны өдөр баар нээгдсэн өдөр намайг найзынхаа гэрт байж байтал Мөнх-Эрдэнэ гэдэг багын таньдаг залуу хүрээд ирсэн бөгөөд өнөөдөр баар онгойж байгаа юм байна. Хамт бааранд оръё гээд Мөнх-Эрдэнэ, Пүрэвням бид гурав 32-ын орчим байрлах 32 club гэдэг бааранд орсон. ...уг баарандаа байж байтал Н.У-тай тааралдсан. ...2 шил 0.75-ын архи аваад дөрвүүлээ Дэнжийн-1000-д байдаг Н.У-н гэрт ирж уг архиа хувааж уусан юм. ...архиа хувааж уугаад сууж байтал Н.У, Мөнх-Эрдэнэ нар юунаас болсон юм бүү мэд маргалдаад ноцолдож эхэлсэн. Би тухайн үед тэр хоёрыг тоглож байж гэж бодоод байж байтал Н.У, Мөнх-Эрдэнэ нар ноцолдож байгаад хамт шалан дээр унахдаа гэрт нь байсан хуучин орос шкафыг түлхэж унагаан нураасан. Мөнх-Эрдэнэ газарт унасан хэвээрээ байж байтал Н.У нурсан шкафны салсан хаалгыг аваад Мөнх-Эрдэнийн толгой руу нь нэг удаа цохих шиг болсон чинь Мөнх-Эрдэнийн хөмсөгний дээд хэсэгт том язарч түүнээс нь их хэмжээтэй цус гарч эхэлсэн. Энэ үед Даваа бид хоёр салгах гэж оролдож байсан боловч хүчрэхгүй байсан. Бид дөрөв хамт байшингаас нь гарангуутаа Н.У, Мөнх-Эрдэнийг одоо хамт гэмтэл ороод оёулчихъя гэсэн Мөнх-Эрдэнэ эмнэлэг рүү явахгүй гээд байхаар нь би шууд гэр рүүгээ харихаар явсан. ...тухайн өдөр юунаас болж маргалдсан талаар сайн мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22-р хуудас/
Гэрч Ч.Нямдаваа мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: “...2020 оны 5 дугаар сарын 02-ны өдөр найз нарын хамт Баянбүрд орчим байх буудалд архи уугаад байж байсан чинь миний найз болох Н.У над руу утсаар залгаад ирэхээр болсон юм. Хэсэг хугацааны дараа 23 цаг болж байхад Н.У, Мөнх-Эрдэнэ, Төгөлдөр нар над дээр ирээд бид 4 хамт 3, 4 дүгээр хороолол руу яваж тэндээсээ 2 шил 0.75 литрийн архи аваад дөрвүүлээ хамт Дэнжийн-1000-д байдаг Н.Уын гэрт ирж уг архиа хувааж уусан юм. ...уугаад сууж байтал Н.У, Мөнх-Эрдэнэ нар юунаас болсон юм маргалдаад байхаар нь больцгоо гэсэн боловч тоохгүй маргалдаж байгаад ноцолдож эхэлсэн. Ингэж ноцолдож байгаад хуучин орос шкафыг түлхэж унагааж нураасан. Тэгэхээр нь Төгөлдөр бид хоёр салгах гээд очтол Мөнх-Эрдэнэ газарт уначихсан түүний хөмсөгнөөс цус гарсан байдалтай байсан. Мөнх-Эрдэнийн толгойноос цус гарснаас хойш тэр хоёр маргалдаад байсан боловч дахин зодолдоогүй. Мөнх-Эрдэнийг Н.У бид хоёр дагуулаад гэмтлийн эмнэлэг рүү явах гэсэн боловч өөрөө явахгүй гээд байсан бөгөөд гэрлүүгээ явлаа гээд ганцаараа яваад Төгөлдөр ч гэсэн гэр рүүгээ явсан. ...архи ууж байгаад хоорондоо хэрэлдээд байсан. Үүнээс болоод ноцолдож эхэлсэн. Юунаас болсон талаар мэдэхгүй байна. ...миний харснаар Мөнх-Эрдэнийн хөмсөг нь язарч цус гарсан байсан. ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24-р хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн №5360 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний дүгнэлтэнд: 1. М.Мөнх-Эрдэнийн биед тархи доргилт, дух, зүүн хөмсөг, хамрын шарх, дээд уруулын дотор салстын язрал, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 5. Учирсан гэмтэл нь тухайнн болсон хэргийн нөхцөлд үүссэн шинэ гэмтэл байна.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 27-28-р хуудас/
Шүүгдэгч Н.У мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “...2020 оны 5 дугаар сарын 02-ны өдөр би 32-ын тойрог орчим байх бааранд ганцаараа явж байгаад найз нар болох Төгөлдөр, Мөнх-Эрдэнэ нартай таарсан бөгөөд хамтдаа Даваа гээг манай найзыг Баянбүрд орчмоос очиж аваад замаасаа 2 шил 0.75 литрийн архи авч Төгөлдөр, Даваа, Мөнх-Эрдэнэ бид 4 шууд манай гэрт ирж авсан 2 шил архиа хувааж уусан. Архиа хувааж ууж байхад Мөнх-Эрдэнэ бид хоёр адилхан согтуу байсан бөгөөд ялихгүй зүйлээс болоод Мөнх-Эрдэнэ бид хоёр хоорондоо маргалдаж улмаар бие биенээ хувцаснаасаа заамдаж ноцолдож байгаад манай гэрт байсан шкафыг нурааж унагаасан. Босож ирээд Мөнх-Эрдэнийг би гараараа нэг удаа цохисон бөгөөд эргээд зууралдах үед нь би Мөнх-Эрдэнийг үүрч шидэж өөрийгөө давуулж унагаагаад өөрөө биеэрээ дээрээс нь дарах үед Мөнх-Эрдэнэ нурсан байсан шкафны буланд аль нэг нүднийхээ хөмсөг орчим яз цохиж гэмтээсэн. ...би Мөнх-Эрдэнийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг учруулснаа хүлээн зөвшөөрч байна. ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35-р хуудас/
Шүүгдэгч Н.У-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 44-р хуудас/
Шүүгдэгч Н.У-н иргэний үнэмлэхний лавлагаа, хувийн байдлыг тогтоосон баримтууд /хавтаст хэргийн 36-39-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотлосон байна.
Гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүгдэгч Н.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 5 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 7-202 тоотод байрлах гэртээ хохирогч М.Мөнх-Эрдэнэтэй маргалдаж улмаар түүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүч хэрэглэн халдаж, хохирогчийн биед тархи доргилт, дух, зүүн хөмсөг, хамрын шарх, дээд уруулын дотор салстын язрал, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал бүхий хохирогчийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч М.Мөнх-Эрдэнэ, гэрч Д.Төгөлдөр, Ч.Нямдаваа, шүүгдэгч Н.У нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн №5360 дугаартай дүгнэлт, зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.У нь өөрийн үйлдлийн улмаас учирах хор уршгийн талаар мэдэж байсан, мэдэх боломжтой байсан боловч зориуд хүсэж үйлдсэн, түүний үйлдлийн улмаас учирсан хохирол болон үйлдлийн хооронд шууд шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Н.У нь хэргийг прокуророос зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийн талаар болон гэм буруу, нотлох баримтын талаар шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцохдоо маргаагүй, өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байна.
Прокуророос шүүгдэгч Н.У-г үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Н.У нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хавтаст хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Н.У нь хохирогч М.Мөнх-Эрдэнэд гэмт хэргийн улмаас учирсан 171.000 төгрөгийн хохиролыг төлж барагдуулсан, хохирогч М.Мөнх-Эрдэнэ нь цаашид хийгдэх эмчилгээний зардалаа Иргэний хууль, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт:
Шүүгдэгч Н.У-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт, шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлсөн өмгөөллийн үг зэргийг тус тус харгалзан үзлээ.
Шүүгдэгч Н.У нь урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Дугаар 251 тоот шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 21 дүгээр зүйлийн 21.3, 64 дүгээр зүйлийн 64.1.2., 69 дүгээр зүйлийн 69.1, 69.1.1., 69.1.3 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаатай засарч хүмүүжихийг даалгах хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан байх боловч хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлсэн, одоо ямар нэгэн эрх зүйн үр дагавар үүсэхгүй тул анх удаа тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, мөн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд нөхөн төлсөн гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтанд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзлээ. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Н.У нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсгийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон