| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2020/0067/Э |
| Дугаар | 467 |
| Огноо | 2020-05-15 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ш.Хосбаяр |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 467
2020 5 15 2020/ШЦТ/467
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,
улсын яллагч Ш.Хосбаяр,
хохирогч М.Ахжол, М.Еркебек,
гэрч Ж.Энхтүвшин,
шинжээч О.Болороо,
шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч О.Санчирбал нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Б холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1909037591126 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1990 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Хөвсгөл аймгийн Түнэл суманд төрсөн, эрэгтэй, 29 настай, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, Зэвсэгт хүчний 331 дүгээр ангид салааны захирагч ажилтай, ам бүл-1, тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б.Б /регистрийн дугаар /,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Б.Б нь 2019 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн М.Еркебек, М.Ахжол нарыг хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу хэл амаар доромжилсон гэх шалтгаанаар маргалдан зодож тус тусын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд “...2019 оны 9 дүгээр сарын 22-ны орой би 2 найзтайгаа хамт ресторанд архи уусан. Гадаа гараад хамт юм яриад байж байхад Энхтүвшингийн эхнэр ирсэн байсан. Энхтүвшингийн эхнэр уурлаад Энхтүвшин яваад өгсөн. Энхтүвшин явахдаа ТҮЦ-ний ард очиж нуугдсан байсан. Тэнд Энхтүвшин хохирогч нартай бага зэрэг маргасан байсан. Би очоод бид нар архичин биш миний дүү очоод уучлалт гуйчих гэж очиж хэлээд маргаан болсон. Хохирогч нартай гар зөрүүлсэн. Цагдаа дуудсан байсан. Цагдаа ирээд намайг эрүүлжүүлэх рүү авч явсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч нараас уучлалт гуйж байна. Маргааш нь эрүүлжүүлэхээс гараад хохирогч нартай уулзсан...” гэв.
түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн: “…эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. Би 2019 оны 9 дүгээр сарын 22-ны архи уугаад ТҮЦ ороод тэнд байсан 2 хүнтэй муудалцаад хэл амаар доромжлохоор нь нэг нэг удаа цохисон…” гэсэн мэдүүлэг /хх-41/,
Хохирогч М.Ахжол шүүх хуралдаанд “...Би зодуулсан. Миний баруун талын нүд хавдсан, хөхөрсөн. Гомдол санал байхгүй...” гэв.
мөрдөн байцаалтад хохирогчоор мэдүүлсэн: “…2019 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 22 цаг өнгөрч байхад гадаа хог цэвэрлэж байхад нэг согтуу ах ирээд юу нь мэдэгдэхгүй юм яриад намайг бариад авахаар нь зөрүүлээд барьцалдаж авсан. Тэгсэн чинь миний баруун нүд хацар орчим гараараа 2 удаа цохиж энэ гэмтлийг учруулсан. "...миний биед учирсан гэмтлийг эрүүлжүүлэгдсэн ах ганцаараа учруулсан, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй …” гэсэн мэдүүлэг /хх-9-10, 53/,
Хохирогч М.Еркебек шүүх хуралдаанд “...Манай түцний хажууд найз нь бөөлжих гэж байсан. Би ахаа холдчих гэсэн. Араас нь Батпүрэв ах 2 найзтайгаа хамт орж ирсэн. Батпүрэв ах ирээд зууралдаад байсан. Би уучлаарай ахаа гээд гаргасан. Маргаан үүсээд цагдаа ирэхээс өмнө би Батпүрэв ахыг унагаад авсан. Ахын гараас нь бариад мөргөсөн. Цагдаа ирээд бид гурвыг аваад явсан. Шүүх эмнэлэгт үзүүлсэн ба гэмтэл гарсан. Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” гэв.
мөрдөн байцаалтад хохирогчоор мэдүүлсэн: “…би 11 дүгээр хороололд Түргэн үйлчилгээний ажиллуулдаг. Тэр өдөр 22 цаг өнгөрч байхад гаднаас согтуу ах орж ирээд ганц өдөр уусан байхад яагаад томроод байгаа юм гээд хэл ам хийгээд байхаар нь гаргаад явуулсан. Тэр үед манай дүү гадаа хог цэвэрлэж байсан чинь тэр ах дүүтэй зууралдаад бие биенээ цохиж байгаа харагдахаар нь гараад очсон. Очоод салгах гэсэн чинь миний ам руу гараараа цохисон. Тэгэхээр нь би бариад авсан чинь баруун хацар руу мөргөж энэ гэмтлийг учруулсан. "...сүүлд нэрийг нь мэдэх болсон Батпүрэв орж ирээд ганц өдөр уусан байхад яагаад томроод байгаа юм бэ гээд хэл ам хийгээд байхаар нь гаргаад явуулсан. Батпүрэвтэй хамт явж байсан хоёр нь явъя гээд байсан. Ерөөсөө янз бүрийн хараалын үг хэллэг хэрэглээгүй, хэл ам хийгээгүй. Тэр үед гадаа манай дүү Ахжол хог цэвэрлэж байсан чинь тэр ах дүүтэй зууралдаад бие биенээ цохиж байгаа харагдахаар нь гараад очсон. Очоод салгах гэсэн чинь миний ам руу гараараа цохихоор нь би биеэ хамгаалаад унагасан. Тэгснээ эргэж ирээд миний гарнаас бариад авахаар нь би зөрүүлээд гарнаас нь бариад авсан чинь баруун хацар руу мөргөж энэ гэмтлийг учруулсан. Батпүрэвээс гэх ахаас өөр хүн миний биед халдсан зүйл байхгүй. Нөгөө хоёр нь оролцоогүй, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй…” гэсэн мэдүүлэг /хх-7-8/,
Шинжээч эмч Н.Энхцолмонгийн “....иргэн Ахжолын биед учирсан гэмтлүүд нь нийлээд хөнгөн гэмтэлд хамаарна..." гэсэн мэдүүлэг /хх-54/,
Шинжээч эмч Т.Номинцэцэгийн “...Еркебекийн зүүн доод зовхи, зүүн хацарт цус хуралт, нэг шүдний сулрал гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Доод уруулд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэх мэдүүлэг /хх-55/,
Шинжээч эмч Т.Амартүвшингийн“...Батпүрэвийн биед зүүн доод зовхи, дээд уруулын дотор салст, зүүн бугалганд цус хуралт, баруун өвдөгний дээд хэсэгт зулгаралт гэмтлүүдийн хэмжээ нь жижиг, эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэх мэдүүлэг /хх-125/,
Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №11552 тоот актын “…М.Ахжолын биед баруун нүдний доод зовхины цус хуралт, доод зовхи хацрын төвгөр орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэсэн дүгнэлт, /хх-15/,
Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №11572 тоот актын “…М.Еркебекийн биед зүүн доод зовхи, зүүн хацарт цус хуралт, нэг шүдний сулрал, доод уруулд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой…” гэсэн дүгнэлт, /хх-16/,
Хавтаст хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №345 тоот актын “…М.Ахжолын биед баруун нүдний доод зовхины цус хуралт, доод зовхи хацрын төвгөр орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Баруун нүдний доод зовхины цус хуралт, доод зовхи хацрын төвгөр орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл нь нүүрний баруун хэсэгт байрлах нэг түвшинд үүсгэгдсэн гэмтэл байх ба шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна…” гэсэн дүгнэлт /хх-130/,
Хавтаст хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №346 тоот актын “…М.Еркебекийн биед зүүн доод зовхи, зүүн хацарт цус хуралт, нэг шүдний сулрал, доод уруулын цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба тус тусад нь гэмтлийн зэрэг тогтоовол зүүн доод зовхи зүүн хацар хамарсан цус хуралт нь гэмтлийн хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах ба бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна…” гэсэн дүгнэлт /хх-139/,
шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-35/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-33/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-46/, Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /32/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-143-145/ зэргийг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн М.Еркебек, М.Ахжол нарыг хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу хэл амаар доромжилсон гэх шалтгаанаар маргалдан зодож тус тусын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь дээр дурьдсан хохирогч М.Ахжол, М.Еркебек, шинжээч Н.Энхцолмон, Т.Номинцэцэг, Т.Амартүвшин нарын мэдүүлгүүд, Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №11552, №11572 актын дүгнэлтүүд, Хавтаст хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №345, №346 дугаартай дүгнэлтүүд, шүүгдэгч Б.Бийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон.
Шүүгдэгч Б.Бийн хохирогч М.Ахжол, М.Еркебек нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй хэдий боловч шүүгдэгч Б.Бийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохиролын шинж чанар, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, хохирогч нарын зүгээс гомдол саналгүй гэсэн, мөн тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан шаардлагыг хангасан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялаас чөлөөлж шүүх шийдвэрлэв.
Хохирогч М.Ахжол, М.Еркебек нь энэ хэрэгтээ холбогдуулан ямар нэгэн нэхэмжлэл гаргаагүй бөгөөд тэрдгээр нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгч Б.Бийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялаас чөлөөлсүгэй.
3.Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
4.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
5.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР