Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2020/ШЦТ/66

 

                                                                                                                                                                                                                                                                             

 

 

      2020         06          03                                     2020/ШЦТ/66     

       

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.*******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                            З.Ганцоож

 Улсын яллагч                                               Б.Оюунцэцэг

 Шүүгдэгч                                                  Д.******* нар оролцов.

 

Монгол улсын иргэн, 1998 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотын ******* дүүрэгт төрсөн, эрэгтэй, 22 настай, тусгай дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, ******* ХК-ийн техникийн авто машины засварын хэсэгт засварчин ажилтай, ам бүл 3, ээж, өвөө нарын хамт ******* дүүргийн 3 дугаар хороо, Нугын талын 5 дугаар гудамжны 9 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ******* овгийн *******гийн ******* /РД:*******/

Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар Д.******* нь  2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс 17-18 цагийн орчимд ******* дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших 27 дугаар байрны урд талын засмал зам дээр иргэн Т.*******ийн өмчлөлийн “Киа К-5” маркийн ******* УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцох явцдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 10.14-т “бусдад саад учруулахгүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэснийг тус тус зөрчиж, аюулгүй байдлыг хангалгүйгээр ухрах үйлдлийг хийж замын хашлага давж явган зорчигч Ж.гийн баруун хөлийг дайрсны улмаас түүний биед баруун талын шаантаг яс болон өлмий ясны хугарал, зөөлөн эдийн гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч Д.*******гийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Би 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр “Киа-5” маркийн машиныг худалдаж авах гэж байсан бөгөөд унаж үзэх гээд жолоодож яваад ухрах үйлдэл хийж байхдаа явган хүний замаар явж байсан эмэгтэйн хөлийг дайрсан. Би хохирогчид нийт 3.500.000 төгрөг өгсөн. Машины эзэнд 710.000 төгрөг төлсөн. Ослын үед хашаа дайрагдсан  бөгөөд “” СӨХ-д эд материалыг нь авч өгөөд янзалсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч Ж.гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 17 цаг 45 минутын орчим ******* дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 26 дугаар байрны урд талын явган хүний зам дээгүүр ертөнцийн зүгээр зүүн зүг рүү явж байхад миний ард талаас саарал өнгийн жижиг машин замын хашлага давж ирээд баруун хөл дээгүүр дугуйгаараа гарсан. Хохиролд 3 сая төгрөг дансаар авсан. Одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/

Иргэний нэхэмжлэгч Т.*******ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би өөрийн эзэмшлийн “К-5” маркийн ******* УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг зарна гэж байсан. 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр ******* “таны машиныг худалдаж авъя жолоодож үзмээр байна” гэхээр нь машиныхаа түлхүүрийг өгөөд нөхөр Гантөмөр хажууд нь суугаад явсан. Би ажил руугаа ороод сууж байтал зүс таних хүүхэд “таны машиныг жолоодож байсан хүн, хүн мөргөсөн байна” гэсэн. Машинаа янзлуулж, үнэлгээ хийлгэсэн 740.000 төгрөг авсан. Одоо машинд маань ямар нэгэн эвдрэл байхгүй. Гомдол саналгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/

Техникийн шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн №3 дугаартай дүгнэлтэд: “Жолооч Д.******* нь Киа-5 маркийн ******* УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 10.14. “бусдад саад учруулахгүй газарт аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтуудыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдож байна. Явган зорчигч Ж. нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Жолооч Д.******* нь “Киа К-5” маркийн ******* УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ухрах үйлдлийг анхаарал болгоомжгүйгээр гүйцэтгэж, хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед зогсоох арга хэмжээ аваагүйгээс осол гарах шалтгаан болсон байна гэж үзлээ” техникийн шинжээч х/ч Д.Жавхлан гэжээ. /хх-ийн 44/,

Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн №09шэ/084 дугаартай дүгнэлтэд: “Ж.н биед шаантаг яс болон өлмий ясны хугарал, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.  Тухайлбал. Машинд дайрагдах, биет зүйл унах, цохих, цохигдох гэх мэт. Дээрх шаантаг яс болон өлмий ясны хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасан эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” шинжээч эмч Ө.Шаарийбуу гэжээ. /хх-ийн 41/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд “Хэрэг учрал болсон гэх газар нь ******* дүүргийн 3 дугаар хороо, 27 дугаар байрны хойд талын орон сууцны голын зам дээр болсон байв. Тээврийн хэрэгсэл нь 27 дугаар байрны явган хүний зам, зүлэг хэсгийн хашаан дээгүүр гарч зогссон мөнгөлөг өнгийн ******* УНЭ улсын дугаартай “KIA” маркийн тээврийн хэрэгсэл ертөнцийн зүгээр баруун зүгт харсан байдалтай байв. /хх-ийн 4-9/

Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн авто машины хохирлын үнэлгээний тайлангаар “...шууд зардал 310.000 төгрөг, шууд бус зардал 350.000 төгрөг, нийт 660.000 төгрөг...” гэжээ. /хх-ийн 47-48/

Хохирогч Ж.н баруун хөлийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт. /хх-н 11/

Эвлэрлийн гэрээгээр “Д.******* нь Ж.д учирсан хохирол болох эмчилгээний зардал, олох байсан орлого нийт 3.000.000 төгрөгийг 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр төлж барагдуулсан учир харилцан тохиролцож эвлэрсэн болно. Ж.д өөр ямар нэгэн хохирол байхгүй, дахин нэхэмжлэх зүйлгүй...” гэжээ. /хх-н 78, 79, 81/

Нийслэлийн ******* дүүргийн Тавлаг өргөө сууц өмчлөгчдийн холбооны 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 57 дугаартай албан бичгээр “...Д.******* нь нийтийн зориулалттай орон сууцны 27 дугаар байрны гаднах ногоон байгууламжийн хайсыг ******* УНЭ улсын дугаар бүхий машинаар дайрч эвдсэн. Д.******* нь тухайн эвдсэн хайсыг засварлаж СӨХ-г хохиролгүй болгосон нь үнэн болно...” гэжээ. /хх-ийн 77/

Иргэний үнэмлэхний лавлагаагаар “...******* регистрийн дугаартай ******* овгийн *******гийн *******...” гэжээ.  /хх-н 65/,

Шүүгдэгч Д.******* нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд урьд ял шийтгэгдэж байгаагүй” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах  хуудас /хх-н 84/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Д.*******д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

          1.Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Д.******* нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч Д.******* нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг /хх-ийн 103/ шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Д.******* нь  2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 17-18 цагийн үед ******* дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 27 дугаар байрны урд талын засмал зам дээр иргэн Т.*******ийн өмчлөлийн “Киа К-5” маркийн ******* УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцох явцдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 10.14-т “бусдад саад учруулахгүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэснийг тус тус зөрчиж, аюулгүй байдлыг хангалгүйгээр ухрах үйлдлийг хийж замын хашлага давж явган зорчигч Ж.гийн баруун хөлийг дайрсны улмаас түүний биед баруун талын шаантаг яс болон өлмий ясны хугарал, зөөлөн эдийн гэмтэл учруулсан болох нь:

-шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “би ухрах үйлдэл хийж байхдаа явган хүний замаар явж байсан эмэгтэйн хөлийг дайрсан” гэсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтад хохирогч Ж.н “26 дугаар байрны урд талын явган хүний зам дээгүүр явж байхад миний ард талаас саарал өнгийн жижиг машин замын хашлага давж ирээд баруун хөл дээгүүр дугуйгаараа гарсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19/, иргэний нэхэмжлэгч Т.*******ийн “2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр ******* “таны машиныг худалдаж авъя жолоодож үзмээр байна” гэхээр нь машиныхаа түлхүүрийг өгөөд нөхөр Гантөмөр хажууд нь суугаад явсан. Би ажил руугаа ороод сууж байтал зүс таних хүүхэд “таны машиныг жолоодож байсан хүн, хүн мөргөсөн байна” гэсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22/, Д.*******г Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтуудыг зөрчсөн болохыг тогтоосон техникийн шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн №3 дугаартай дүгнэлт /хх-ийн 44/, хохирогчийн биед хүндэвтэр хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн №09шэ/084 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 41/, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтуудыг дүгнэвэл Д.******* нь Замын хөдөлгөөний холбогдох дүрмийн заалтыг зөрчсөн үйлдэл болон цаашид учрах хор уршигт хайхрамжгүй ханджээ.

Дээрх гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг шүүгдэгч нь замын хөдөлгөөний талаарх тогтоосон дүрмийг зөрчсөнтэй холбоотой гэж үзлээ.

Шүүгдэгч Д.*******гийн үйлдэл нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг хүлээн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Д.******* нь хохирогч Ж.н биед шаантаг яс болон өлмий ясны хугарал, зөөлөн эдийн гэмтэл  бүхий хүндэвтэр хохирол учруулсан байх ба хавтаст хэргийн 18-19, 81 дүгээр талд хохирогч Ж., шүүгдэгч Д.******* нарын эвлэрлийн гэрээгээр “хохирол төлбөр 3.000.000 төгрөг авсан, гомдол санал нэхэмжлх зүйлгүй” гэжээ.

Мөн иргэний нэхэмжлэгч Т.******* нь “530.000 төгрөгөөр машинаа янзлуулж, 150.000 төгрөг бэлнээр авч, 60.000 төгрөгөөр газ шахуулж хот руу явсан, нийт 740.000 төгрөгийн хохирол авсан, одоо гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэжээ. /хх-ийн 21-22/,

Мөн ******* дүүргийн Тавлаг өргөө сууц өмчлөгчдийн холбооны 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 57 дугаартай албан бичигт“...Д.******* нь нийтийн зориулалттай орон сууцны 27 дугаар байрны гаднах ногоон байгууламжийн хайсыг ******* УНЭ улсын дугаар бүхий машинаар дайрч эвдсэн. Д.******* нь тухайн эвдсэн хайсыг засварлаж СӨХ-г хохиролгүй болгосон нь үнэн болно...” гэжээ. /хх-ийн 77/

Иймд шүүгдэгчийг хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй гэж дүгнэв.

           2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

 

Улсын яллагчаас дүгнэлтдээ “Шүүхээс Д.*******г гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч Д.******* нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй.

Д.******* “ам бүл 3, ээж, өвөө нарын хамт амьдардаг, ******* ХК-ийн техникийн авто машины засварын хэсэгт засварчин ажилтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй” зэрэг хувийн байдлууд тогтоогдов.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн ба эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.

Шүүхээс шүүгдэгч Д.*******г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, байнгын ажил хөдөлмөр эрхэлдэг байдлыг харгалзан торгох ял шийтгэх, шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдоогүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.

 

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овгийн *******гийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* овгийн *******гийн *******д 1000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар уг торгуулийн ялыг шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг Д.*******д мэдэгдсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Д.*******д мэдэгдсүгэй.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол Д.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар Д.*******гээс гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршгийн зардалд 3.000.000 төгрөгийг хохирогч Ж.д, иргэний нэхэмжлэгч Т.*******ийн эд хөрөнгөд учирсан хохиролд 740.000 төгрөг төлснийг тус тус дурдсугай.

7. Д.*******д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.БАЙГАЛМАА