| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтангэрэлийн Бямбажав |
| Хэргийн индекс | 107/2020/0021/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/60 |
| Огноо | 2020-05-20 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 2020/ШЦТ/60
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч *******ямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар *******-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1804001630129 дугаартай хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга З.Ганцоож
Улсын яллагч Б.Оюунцэцэг
Шүүгдэгч *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* нар оролцов.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ..... оны .... дугаар сарын ...-ны өдөр ... аймгийн ... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 2, эхийн хамт .... дүүргийн 4 дүгээр хороо, ...... дугаар гудамжны 8 тоот хашаанд оршин суух, урьд 2008 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан. 2009 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял, 2012 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснааар 5 жил 1 сарын хорих ял, 2016 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хорих ял, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 134 дугаартай шийтгэх тогтоолоор 1 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан ..... овгийн ... /РД:....../.
Прокурорын яллах дүгнэлтэд:
Яллагдагч ******* нь .... оны .... дугаар сарын ...-ний өдрөөс ... оны ... дугаар сарын ...-ны өдрийн хооронд ...р дүүргийн 4 дүгээр хороо, .............. гудамжны 1 тоот хашаанд оршин суух хохирогч ...... байшингийн вакум цонхоор орж, уг байшинд байсан цахилгаан хөрөө, цахилгаан өрөм, цахилгаан тасдагч, модон иштэй мужааны гар харуул, 4 литрийн савалгаатай эмульс зэрэг эд зүйлсийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч нийт 170.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч *******-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... 2018 оны 7 дугаар сарын дундуур .... дүүргийн .. дүгээр хороо, ... хэсгийн айлын хашааг давж ороод байшингийн цонхийг түлхэж онгойлгож байшинд ороод цахилгаан хөрөө, цахилгаан өрөм, цахилгаан тасдагч, модон иштэй мужааны гар харуул, 4 литрийн савалгаатай эмульс зэрэг эд зүйлсийг авсан. Тэгээд ******* гэрт аваачиж өгсөн… Би хохирогч Ц-гийн гэрээс эд зүйлүүдийг нь авснаа хүлээн зөвшөөрч байна, гэм буруугаа хүлээж байна, миний буруу...” гэсэн мэдүүлэг /хх-хуудас 78-80, шүүх хуралдааны тэмдэглэл/
Хохирогч Ш.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “..... дүүргийн 4 дүгээр хороо, .... тоот хашаанд байх байшинд амьдрахаа болиод хашаа байшин маань эзэнгүй байгаа юм. Байшиндаа засвар хийж байгаад үлдээсэн “кен” гэсэн бичигтэй улаан өнгийн цахилгаан дрилль буюу өрөм, гар цахилгаан хөрөө, цахилгаан тасдагч, мужааны модон харуул, 4 литрийн эмульс зэрэг эд зүйлс алга болсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр хуудас/
Гэрч К.О-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн ... дүүргийн 4 дүгээр хороо, ... гудамжны 1 тоотод байх манай байшинд 2018 оны 7 дугаар сарын 14-16-ны өдрүүдийн хооронд хулгай орж “кен” гэсэн бичигтэй улаан өнгийн цахилгаан дрилль буюу өрөм, гар цахилгаан хөрөө, цахилгаан тасдагч, мужааны модон харуул, 4 литрийн эмульс зэрэг эд зүйлс алга болсон байна. Надад харуулсан цахилгаан хөрөө, цахилгаан дрилль, модон харуул зэрэг нь манай алдсан эд зүйлс мөн байна. Алдагдсан эд зүйлсээс тасдагч, эмульс зэрэг нь байхгүй байна...” мэдүүлэг /хх-н 42 хуудас/
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...манай эхнэр Бямбасүрэн өнгөрсөн жил санагдаж байна, намайг хөдөө явчихаад ирэхэд *******-гаас цахилгаан дрилль, модон харуул зэрэг эд зүйлс худалдаж авсан гээд байж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-р хуудас/
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2018 оны зун байсан, өдөр сарыг нь санахгүй байна. Манай гэрт Багагандаваа энийг худалдаж авах уу гээд шуудайн дотроос цахилгаан хөрөө, өрөм, харуул зэрэг зүйлс гаргаж ирсэн. Тэгэхээр нь би авахгүй гэж хэлэхэд манай хашаанд үлдээсэн, би Багагандаваад хандаж “энэ зүйлсээ аваад яв” гэж хэлэхэд ******* “манай ахынх байгаа юм” гэж хэлээд яваад өгсөн. Би тэдгээр зүйлсийг амбаартаа хийгээд хадгалчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-р хуудас/
Хэргийн газрын үзлэг хийсэн ”... дүүргийн 4 дүгээр хороо, ... 20 дугаар гудамжны 1 тоот хашаанд байх тоосгоор барьсан 1 давхар байшинд үзлэгийг хийв. Хохирогч Ц-гийн хэлснээр буюу уг цонхоор хулгайч орсон гэж заасан цонхны арааманд үзлэг хийхэд ямар нэгэн ул мөр олдоогүй. Байшин дотор ороход хүн амьдрах боломжгүй хоосон, ямар нэгэн тавилгагүй байв...” гэсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 16-18/
Эд мөрийн баримт хураан авсан “...******* DS6-180E гэсэн бичигтэй саарал өнгийн цахилгаан хөрөө, бор өнгөтэй цахилгаан залгуур утастай нэр нь мэдэгдэхгүй цахилгаан өрөм, модон харуул зэргийг эд мөрийн баримтаар хураан авав...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-н 21-22, 26/
Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 27-30/
Эд хөрөнгийн хохирлын “...цахилгаан дрилль 40.000 төгрөг, цахилгаан хөрөө 50.000 төгрөг, цахилгаан тасдагч 40.000 төгрөг, модон харуул 20.000 төгрөг, эмульс 20.000 төгрөг, нийт 170.000 төгрөг...” гэсэн үнэлгээ /хх-н 51-р хуудас/
Хөрөнгийн үнэлгээний компанийн шинжээчийн 441 дугаартай “... зах зээлийн дундаж үнийг 170.000 төгрөгөөр тогтоов...” гэсэн дүгнэлт /хх-н 55-р хуудас/
*******-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “......дүүргийн шүүхээр 2008 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан. Багануур дүүргийн шүүхээр 2009 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял, Багануур дүүргийн шүүхээр 2012 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснааар 5 жил 1 сарын хорих ял, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2016 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хорих ял, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 134 дугаартай шийтгэх тогтоолоор 1 жил 6 сарын хорих ял тус тус шийтгүүлж эрүүгийн хариуцлага хүлээж байсан...” гэсэн хуудас /хх-н 243-р хуудас/
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 77 дугаартай “Яллагдагчаар цагдан хорих тухай” шүүгчийн захирамж /хх-н 60, 61/, мөн шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 7 дугаартай “Цагдан хорих хугацааг сунгаж, өөр газар шилжүүлэн цагдан хорих тухай” шүүгчийн захирамж /хх-н 66-68/, шийтгэх тогтоолуудын хуулбарууд /хх-н 166-185/
Ялын тооцооны “...Ялын тооцоо 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар бүгд 1 жил 4 сар 25 хоног, үлдсэн 1 сар 5 хоног байна...” гэсэн лавлагаа, шилжүүлэх хуудас /хх-н 187-188/
Цагдан хорих 461 дүгээр ангийн нэгдсэн эмнэлгийн эрүүл мэндийн “...Онош: Ходоодны архаг үрэвсэл “В”, хэлбэр, сэдрэлийн үе, архаг шамбарам. Дүгнэлт: ...ходоод улаан хоолой дурандуулж, ходоод элэг цөсний мэргэжлийн эмчийн тусламж үйлчилгээ шаардлагатай...” гэсэн тодорхойлолт /2-р хх-ийн 7-р хуудас/
*******-гийн төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 106-107-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд болно.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:
Улсын яллагч дүгнэлтдээ “…******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай…” гэж
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “…уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэж байна. Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлийг хохирогчид буцааж өгнө үү. Үлдэх хохирол болох 70.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэж байна...” гэж тус тус дүгнэлт гаргасан.
Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:
Хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу гаргуулж бэхжүүлсэн, тэдний мэдүүлгийн агуулга нь өөр хоорондоо зөрүүгүй төдийгүй нотлогдвол зохих нөхцөл байдлуудыг гэрчилсэн байна.
Прокуророос ирүүлсэн яллах дүнэлтэд заасан гэмт хэргийн зүйлчлэлтэй шүүгдэгч маргаагүй, яллагдагчаар болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ гэм буруугаа хүлээн мэдүүлсэн нь хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлгүүдээр давхар батлагдлаа.
Эд зүйлийн үнэлгээг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан үнэлгээнийхээ хариуцлагыг хүлээх чадвартай тусгай эрх бүхий шинжээч гаргасан байх ба уг үнэлгээтэй талууд маргаагүй байна.
Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны бөгөөд болсон үйл явдал, нөхцөл байдлыг хангалттай нотолж чадсан, үнэн зөв баримтууд гэж дүгнэв.
Шүүгдэгч ******* нь 2018 оны 7 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн хооронд Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Жаргалант хэсгийн 20 дугаар гудамжны 1 тоот хашаанд байх Ш.Ц-гийн байшингийн вакум цонхоор нэвтрэн орж, уг байшинд байсан цахилгаан хөрөө, цахилгаан өрөм, цахилгаан тасдагч, модон иштэй мужааны гар харуул, 4 литрийн савалгаатай эмульс зэрэг эд зүйлсийг хулгайлсан болох нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэрэг дээрхи хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь хулгайн үйлдэлдээ санаатай хандсан болох нь цоожтой байшингийн цонхоор орж эд зүйл хулгайлсан үйлдлээр нь тогтоогдож байна.
Хулгайн үйлдлийн улмаас хохирогчид 170.000 төгрөгийн хохирол учирсан болох нь эд хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдож байх ба шүүгдэгч нь хулгайн үйлдэл хийхдээ хохирогчийн байшингийн цонхоор орсон тул орон байранд нэвтэрч үйлдсэн гэж дүгнэх үндэслэл боллоо.
Шүүгдэгчийн үйлдэл нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан “өмчлөх эрх”-ийг зөрчсөн үйлдэл мөн.
Иймд *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Хохирогчоос “…*******-гийн ар гэрээс 70.000 төгрөг төлсөн…” гэсэн баримт /2-р хх-н 21/ шүүхэд ирүүлсэн байна.
Иймд хохирогчийн хулгайд алдсан эд хөрөнгө болох цахилгаан тасдагч, 4 литрийн савалгаатай эмульс зэргийн үнэд шүүгдэгчийн ар гэрээс 70.000 төгрөгийн хохирол төлсөн. Харин цахилгаан дрилль 40.000 төгрөг, цахилгаан хөрөө 50.000 төгрөг, модон харуул 20.000 төгрөг зэргийг хэрэгт эд мөрийн баримтаар хураан шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас “…Шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хорих ял шийтгэж, урьд шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 1 сар 5 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн хорих ялыг нээлттэй дэглэмд эдлүүлэх саналыг шүүхэд оруулж байна...” гэж
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Миний үйлчлүүлэгчийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хорих ялын доод хэмжээгээр 2 жилийн хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү. *******-гийн цагдан хоригдсон 149 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож өгнө үү...” гэж тус тусын дүгнэлтүүдийг гаргажээ.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* гэм буруугаа хүлээн мэдүүлсэн, хохирогчид учирсан хохирлыг ар гэрээс нь төлсөн, эрүүл мэндийн хувьд Цагдан хорих 461 дүгээр ангийн нэгдсэн эмнэлгийн эрүүл мэндийн тодорхойлолтод “...Онош: Ходоодны архаг үрэвсэл “В”, хэлбэр, сэдрэлийн үе, архаг шамбарам. Дүгнэлт: ...ходоод улаан хоолой дурандуулж, ходоод элэг цөсний мэргэжлийн эмчийн тусламж үйлчилгээ шаардлагатай...” гэсэн /2-р хх-ийн 7-р хуудас/ оноштой хорих байгууллагын эмнэлэгт эмчлэгдэж байсан, ходоод дурандуулах эмчилгээ хийлгэх шаардлагатай зэрэг нөхцөл байдлууд тогтоогдож байна.
Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч *******-гийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн, бусдад төлөх төлбөргүй, түүний хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хоёр жилийн хорих ял оногдуулна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Ялтан ...шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолооор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно...” гэж заажээ.
Шүүгдэгч ******* нь Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 134 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил 6 сарын хорих ял шийтгүүлж хорих ялаа эдэлж байсан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа 427 дугаар хаалттай хорих ангиас ирүүлсэн ялын тооцоогоор ******* нь 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар 1 сар 5 хоногийн хорих ялыг эдлээгүй үлдсэн болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр ял шийтгүүлэхийн өмнө энэ гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******-гийн өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоох нь зүйтэй.
Шүүгдэгч *******-гийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн, бусдад төлөх төлбөргүй, түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд нэмж нэгтгэн оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 77 дугаартай “Яллагдагчаар цагдан хорих тухай” шүүгчийн захирамж 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гарсан боловч ялтан *******-г Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 427 дугаар хаалттай хорих ангиас Багануур дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн цагдан хорих байранд 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр шилжүүлсэн болох нь Улсын ерөнхий прокурорын туслах прокурор, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Д.О-ын “Хоригдол шилжүүлэх тухай” зөвшөөрөл /хх-н 186/, Хорих ял эдлүүлэх албаны дэд дарга бөгөөд харуул хамгаалалт, аюулгүй байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Ч.М-ийн “Шилжүүлэх хуудас” /хх-н 187/ зэрэг баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд *******агагандаваа нь нийт 149 хоног цагдан хоригдсон байна.
Шүүгдэгч *******-гийн энэ хэрэгт цагдан хоригдсон 149 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ******* DS6-180E гэсэн бичигтэй саарал өнгийн цахилгаан хөрөө, бор өнгөтэй цахилгаан утастай нэр нь мэдэгдэхгүй цахилгаан өрөм, модон харуул зэрэг эд зүйлс нь хохирогчийн хулгайд алдагдсан эд зүйл болох нь тогтоогдсон тул тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Ш.Цээнэнхүүд буцаан олгоно.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч А овгийн хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч А овгийн хоёр /2/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2018 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 134 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 сар 5 хоногийн хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг хоёр /2/ жил нэг /1/ сар тав /5/ хоногийн хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар *******-гийн цагдан хоригдсон 149 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар ******* нь хохирогч Ш.Ц-д 70.000 төгрөгийн хохирол төлснийг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ******* DS6-180E гэсэн бичигтэй саарал өнгийн цахилгаан хөрөө, бор өнгөтэй цахилгаан залгуур утастай нэр нь мэдэгдэхгүй цахилгаан өрөм, модон харуул зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Ш.Ц-д буцаан олгосугай.
9. Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурьдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ *******ЯМБАЖАВ