Шүүх | Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
Хэргийн индекс | 152/2017/00074/и |
Дугаар | 087 |
Огноо | 2017-01-20 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 087
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 11 дүгээр гудамжны 60 тоотод оршин суух, 1963 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЭ63062060, Боржигин овогтой Балсанжавын Дариймаагийн,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Т.Дашдорж оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Дариймаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1963 онд төрсөн, 54 настай. Би 1980 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн 1992 оны 2 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Барилга угсралтын трестийн Засал, чимэглэлийн 4 дүгээр бригадад шаварчин, будагчнаар /засалчнаар/, мөн 1992 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Тагнуулын газарт үйлчлэгчээр ажилласан юм. Тухайн үед хөдөлмөрийн дэвтрээ авч чадаагүй байтал Барилга угсралтын трест нь олон салбар болж тарсан. Одоо нас өндөр болж, тэтгэвэрт орох болсон ба бичиг баримт бүрдүүлэхэд Барилга угсралтын трестэд шаварчин, будагчнаар ажилласныг нотлох хөдөлмөрийн дэвтрийг нөхөн бичүүлэх боломжгүй байгаа тул шүүхэд хандаж байна. Иймд миний 1980 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн 1992 оны 2 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Барилга угсралтын трестийн Засал, чимэглэлийн 4 дүгээр бригадад шаварчин, будагчнаар /засалчнаар/, мөн 1992 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Тагнуулын газарт үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Балгансүрэн шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Б.Дариймаагийн нас барсан дүүгийнх нь 49 хоног нь 2017 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр болох бөгөөд тухайн өдөр ах, дүү бид нар оролцох зайлшгүй шаардлагатай байгаа тул түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд намайг байлцуулахгүйгээр энэхүү хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Дариймаа нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
ББМҮ-ийн яамны харьяа Увс аймаг дахь “Алтан гадас” одонт барилга трестийн даргын 1980 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 197 тоот тушаалаар Засалын бригадад Балсанжавын Дариймааг томилон ажиллуулахаар, мөн даргын 1986 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 225 тоот тушаалаар Б.Дариймаад нярай хүүхдээ асрахад нь зориулан 99 хоногийн чөлөө олгохоор, Улсын барилгын хорооны харьяа Увс аймаг дахь “Алтан гадас” одонт барилга трестийн даргын 1987 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 583 тоот тушаалаар Б.Дариймаад төлөвлөгөө нормоо сар бүр тогтмол биелүүлж, хөдөлмөрийн сахилгыг чанд сахиж, цаг ашиглалтыг сайжруулан, чанарын гологдолгүй ажилласныг нь үнэлж 130 төгрөгийн нүүрсний хямдралт олгохоор, мөн даргын 1990 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 485 тоот тушаалаар 4 дүгээр бригадын засалчин Б.Дариймаад нярай хүүхдээ асрахад нь зориулж 97 хоногийн чөлөө олгохоор, мөн даргын 1990 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 556 тоот тушаалаар 4 дүгээр бригадын засалчин Б.Дариймаад 12 дугаар сарын 31-ний өдрөөс 1991 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хүртэл хугацаанд тэтгэмжтэй чөлөө олгохоор тус тус шийдвэрлэж байсан тухай тушаалын хуулбаруудыг Увс аймгийн Архивын тасгаас гаргаж ирүүлсэн байна.
Мөн Увс аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1980 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 197 тоот болон 1992 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 02 тоот тушаалын хуулбар эх хувиараа, Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 04 тоот лавлагаа буюу Барилга угсралтын “Өрнөл” ХК нь 1992 оны 3 дугаар сарын 14-ний өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн тухай баримтууд авагджээ.
Түүнчлэн Тагнуулын ерөнхий газрын Увс аймаг дахь газрын 2014 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 15/53 тоот тодорхойлолтод: “Баасанжав овогтой Дариймаа нь 1992 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн Улсын аюулгүй байдлыг хамгаалах ерөнхий газрын Увс аймаг дахь тасгийн даргын 06 тоот тушаалаар үйлчлэгчээр томилогдон ажиллаж байгаад 1995 оны 7 дугаар сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн болно. Б.Дариймаагийн ажилд томилогдсон болон 1992, 1993, 1994, 1995 онуудад авч байсан цалингийн тооцооны картын хуулбарыг хавсаргав” гээд уг тодорхойлолтод хавсаргагдсан Улсын аюулгүй байдлыг хамгаалах ерөнхий газрын Увс аймаг дахь тасгийн даргын 1992 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 06 тоот “Үйлчлэгч томилох тухай” тушаалд: “Б.Дариймааг 1992 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үйлчлэгчээр томилсугай. ... Дарга хурандаа Д.Гүнчин” гэжээ, мөн Б.Дариймаагийн 1992 оны 2 дугаар сараас 1995 оны 7 дугаар сарыг дуустал хугацаанд авч байсан цалингийн тооцооны картын хуулбар авагдсан байна.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр иргэн П.Ичинноров, Д.Наранцэцэг нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч П.Ичинноров: “Б.Дариймаа нь 1980 оноос эхлэн Увс аймгийн Барилга угсралтын трестийн Засал чимэглэлийн 4 дүгээр бригадад шаварчин, будагчнаар ажилд орж, 1992 оны 2 дугаар сар хүртэл хугацаанд ажилласан. Миний бие 1981 оноос 1992 оныг дуустал буюу Барилга угсралтын трестийн Засал чимэглэлийн 4 дүгээр бригадад засалчин, будагчнаар, Б.Дариймаатай хамт ажиллаж байсан. Иймд бид бие биенээ сайн мэднэ. Манай Барилга угсралтын трест нь 1992 оны 2 дугаар сараас татан буугдаж эхэлсэн бөгөөд олон жижиг компани болж байсан. Манай бригадын хамгийн сүүлийн тарсан бригад нь Хархираа зочид буудлын бригад байсан. Б.Дариймаа надаас нэг жилийн өмнө ажилд орсон ба бид хамтдаа 1992 оны 2 дугаар сар хүртэл хугацаанд ажилласан. Барилга угсралтын трестийн даргаар Т.Батзул, Ядамсүрэн, Ургамал, Нүүнээ гэсэн хүмүүс ажиллаж байсан” гэж, гэрч Д.Наранцэцэг: “Би 1974 оноос эхлэн Увс аймгийн Барилга угсралтын трестэд ажилласан. Б.Дариймаа нь 1980 оноос эхлэн 1992 оны 2 дугаар сар хүртэл хугацаанд Увс аймгийн Барилга угсралтын трестийн Засал, чимэглэлийн 4 дүгээр бригадад шаварчин, будагчнаар ажилласан. Бид хамтдаа тухайн засалын бригадад ажиллаж байсан тул нэгнээ сайн мэднэ” гэж тус тус мэдүүлсэн ба гэрчүүдийн ажиллаж байсан байдлыг нотлох П.Ичинноровын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Д.Наранцэцэгийн ажилд томилогдсон болон ажлаас чөлөөлөгдсөн тухай Увс аймгийн Барилга угсралтын конторын даргын 1974 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 76 тоот тушаал, Увс аймгийн Барилга угсралтын “Өрнөл” компанийн ерөнхий захирлын 2000 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 25 тоот тушаалын хуулбар зэрэг баримтууд мөн авагдсан байна.
Иймд дээрх бичгийн нотлох баримтууд, гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлэг болон нэхэмжлэгчийн тайлбар зэргийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Б.Дариймаагийн Увс аймгийн Барилга угсралтын трестийн Засал чимэглэлийн 4 дүгээр бригадад 1980 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд засалчнаар буюу шаварчин, будагчнаар, Улсын аюулгүй байдлыг хамгаалах ерөнхий газрын Увс аймаг дахь тасагт 1992 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Дариймаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаанаа дурдаж, өөрийг нь байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийлгэх тухай хүсэлтээ ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Боржигин овогтой Балсанжавын Дариймаагийн Увс аймгийн Барилга угсралтын трестийн Засал чимэглэлийн 4 дүгээр бригадад 1980 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд засалчнаар буюу шаварчин, будагчнаар, Улсын аюулгүй байдлыг хамгаалах ерөнхий газрын Увс аймаг дахь тасагт 1992 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Дариймаагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА