| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Байгалмаа |
| Хэргийн индекс | 107/2020/0063/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/68 |
| Огноо | 2020-06-04 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 2020/ШЦТ/68
2020 06 04 2020/ШЦТ/68
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******д холбогдох эрүүгийн 2004000000054 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга З.Ганцоож
Улсын яллагч Б.Оюунцэцэг
Шүүгдэгч Б.******* нар оролцов.
Монгол улсын иргэн, 1987 оны 8 дугаар сарын 11-ний өдөр ******* дүүрэгт төрсөн, эрэгтэй, 33 настай, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ******* дүүргийн 4 дүгээр хороо, *******ын 2 дугаар гудамжны 0 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ******* дүүргийн шүүхийн 2007 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 199 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар,
******* дүүргийн шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,
******* дүүргийн шүүхийн 2011 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.1 дэх хэсэгт заасныг журамлан Б.*******д өмнөх тогтоолоор буюу ******* дүүргийн шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 60 тоот шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жил 1 сарын хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялын зарим болох 5 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 5 жил 6 сарын хугацаагаар тогтоосон,
******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэгдэж байсан, ******* овгийн *******ы ******* /РД:*******/
Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар Б.******* нь 2020 оны 4 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө 3 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн ******* дүүргийн 4 дүгээр хороо, *******ын 8 дугаар гудамжны 5 тоот хашаанд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Э.той “хүүхэд эвгүй унтууллаа” гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, улмаар түүний нүүрэн тус газарт нь мөргөсний улмаас хацар ясны хугарал гэмтэл үүсгэж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч Б.*******ын шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Тухайн шөнө *******д эгчийндээ хоносон. Манай хүргэн надад архи авч өгсөн. Манай хүүхэд зуух руу толгойгоо харуулчихсан, хөнжилгүй унтаж байхаар нь хүүхэд эвгүй унтууллаа гээд эхнэрийнхээ хамар луу мөргөсөн. Бид хоёр 5 жил хамт амьдарч байна, дундаасаа 2 хүүхэдтэй, гэрлэлтийн баталгаагүй. Өмнө нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж баривчилгаанд явж байсан. Одоо барилга дээр өдрийн 40.000 төгрөгийн цалинтай туслах ажилтан хийж байгаа...” гэх мэдүүлэг,
Хохирогч Э.Солонгын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би хамтран амьдрагч *******ын хамт *******ын 8 дугаар гудамжны 5 тоотод байрлах хүргэн ах ын гэрт ирээд 2 шил архи ууцгаасан. Би согтоод унтчихсан байсан тэгтэл ******* намайг “тамхи аваад өг” гээд сэрээхээр нь би тамхийг нь авч өгчихөөд хэвтэх гэхэд “бид хоёр хүүхэдтэйгээ газраар унтаж байсан” 4 настай охин маань нойрондоо эргээд зуухны зүгт толгойгоо харуулчихсан гудасгүй газар унтаж байсан чинь ******* намайг “чи хоёр хүүхдээ ялгалаа, хүүхэд дэргэдээ аваад унтахгүй яасан юм бэ” гээд миний урдаас хамар хэсэгт маань толгойгоороо шууд мөргөчихсөн. Өмнө нь манай нөхөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж 3 удаа баривчилгаанд явж байсан. Би нөхөртэйгөө эвлэрсэн, нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19, 90/
Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн №112 дугаартай дүгнэлтэд: “Э.Солонгын биед хамар ясны шинэ хугарал, хамрын нуруу, баруун болон зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх хамар ясны хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” шинжээч эмч Ө.Шаарийбуу гэжээ. /хх-ийн 22/,
Хохирогчийн согтуурлыг драггер багажаар шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдээр “Э.Солонгын согтуурлын зэрэг 0.37 хувьтай” гэжээ. /хх-н 14-15/
2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн мөрдөгчийн тэмдэглэлээр “Б.*******ын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг тогтоох зорилгоор согтуурлын зэргийг драггер багажаар үлээлгэх гэсэн боловч үлээхээс татгалзав” гэжээ. /хх-ийн 16/
Хохирогчийн нүүрэн хэсэгт үүссэн гэмтлийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 5, 14/,
Аюулын зэргийн үнэлгээгээр “бага буюу албадан сургалтад хамруулах, сэтгэл заслын үйлчилгээнд хамруулах” гэжээ /хх-ийн 6-7/,
Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээгээр “архи хэтрүүлэн хэрэглэсэн үедээ маргалдаж, зодолддог. Ажлын байртай болгож архины эмчилгээнд явуулах” гэжээ /хх-ийн 66-73/,
Иргэний үнэмлэхний лавлагаагаар “******* регистрийн дугаартай ******* овгийн *******ы *******” гэжээ. /хх-н 36/,
******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 сарын 30-ны өдрийн 179 дугаартай шийтгэврээр “Б.*******ыг Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар 10 хоногийн баривчлах шийтгэл оногдуулж, 20 цагийн албадан сургалтад хамруулсугай” гэжээ./хх-н 38-39/,
******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 сарын 16-ны өдрийн 247 дугаартай шийтгэврээр “Б.*******ыг Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2, 4.4 дахь заалтад зааснаар 15 хоногийн баривчлах шийтгэл оногдуулж, 30 цагийн албадан сургалтад хамруулсугай” гэжээ./хх-н 41-42/,
******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 сарын 16-ны өдрийн 248 дугаартай шийтгэврээр “Б.*******ыг Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар 10 хоногийн баривчлах шийтгэл оногдуулж, 20 цагийн албадан сургалтад хамруулсугай” гэжээ./хх-н 44-45/,
Шүүгдэгч Б.******* нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд урьд 4 удаагийн ял шийтгэгдэж байсан” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 46/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 50-64/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.*******д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
1.Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар
Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Б.******* нь согтуугаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч Б.******* нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг /хх-ийн 89/ шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч Б.******* нь согтуугаар 2020 оны 4 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө 3 цагийн үед Нийслэлийн ******* дүүргийн 4 дүгээр хороо, *******ын 8 дугаар гудамжны 5 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Э.той “хүүхэд эвгүй унтууллаа” гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, улмаар түүний нүүрэн тус газарт нь 1 удаа мөргөсний улмаас хацар ясны хугарал бүхий гэмтэл учруулсан болох нь:
-шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “Тухайн шөнө *******д эгчийндээ хоносон. Манай хүүхэд зуух руу толгойгоо харуулчихсан, хөнжилгүй унтаж байхаар нь хүүхэд эвгүй унтууллаа гээд эхнэрийнхээ хамар луу мөргөсөн” гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтад хохирогч Э.Солонгын “******* согтуугаар хүүхэд дэргэдээ авч унтсангүй, эвгүй унтууллаа гэх шалтгаанаар хамар хэсэгт маань 1 удаа толгойгоороо мөргөсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19/, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн №112 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 22/, хохирогчийн нүүр хэсгийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Тухайн гэмт хэрэг гарахад шүүгдэгч Б.******* нь согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэж, өөрийн үйлдлээ дүгнэх хянах чадвар муудсан нөхцөл байдал нөлөөлжээ.
Шүүгдэгч Б.******* нь хамтран амьдрагч Э. болон 2 хүүхдийн хамт дөрвүүлээ ******* дүүргийн 4 дүгээр хороо, *******ын 2 дугаар гудамжны 0 тоотод 5 жил хамт амьдарч байгаа нь гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээнд тодорхойлогдсон байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарна” гэж заажээ. Шүүгдэгч Б.******* нь хохирогч Э.Солонгыг урьд нь цохиж зоддог байсан болох нь 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 179, 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 247, 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 248 дугаартай шийтгэврүүдийн хуулбараар нотлогдож байна.
Шүүгдэгчийн үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй нь гэмт үйлдэл болно.
Иймд Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.******* нь хохирогч Э.Солонгын бие махбодид хамар ясны шинэ хугарал, хамрын нуруу, баруун болон зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан байх ба мөрдөн байцаалтын шатанд хохирогч Э.Солонгын “гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлжээ. Иймд шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэв. /хх-ийн 19, 90/
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчаас дүгнэлтдээ “Шүүхээс Б.*******ыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч Б.******* нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо ялын төрөлтэй мэтгэлцээгүй ба торгуулийн хэмжээг багасгаж өгнө үү” гэжээ.
Б.*******ын “ам бүл 4, хамтран амьдрагч Э., 2 хүүхдийн хамт амьдардаг, урьд 4 удаа ял шийтгэгдэж байсан” зэрэг хувийн байдлууд тогтоогдов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.
Шүүхээс Б.*******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд гэм буруутай этгээдэд ялыг сонгож хэрэглэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ажил хөдөлмөр эрхэлдэг буюу улирлын чанартай барилгын туслах ажилтнаар ажилладаг зэргийг харгалзан торгох ял шийтгэх нь зохимжтой гэж дүгнэв.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдоогүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овгийн *******ы *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ******* овгийн *******ы *******д 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсгүүдэд зааснаар торгох ялыг 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн дотор хэсэгчлэн төлөхийг даалгаж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.*******д мэдэгдсүгэй.
4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол Б.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Хохирогч Э. нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн зардал нэхэмжлэхгүй гэснийг дурдсугай.
6. Б.*******д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАЙГАЛМАА