Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 134/ШШ2017/00032

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: “Төрийн банк” ХХК /РД: 5341469, улсын бүртгэлийн дугаар: 9016001018, Төрийн банкны Чойр салбарын хаяг: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 1 дүгээр баг, 129 дүгээр байрны 1, 2 тоот/-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Сүхнүүд овогт Сүхбаатарын Батчимэгийн хүсэлттэй

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Д.Баттулгыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батчимэг, нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч “Төрийн банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.Баттулга нь 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Төрийн банкны Баянтал тооцооны төвөөс 1157/116 тоот зээлийн гэрээ байгуулж, 5 000 000 төгрөгийн цалингийн зээлийг 24 сарын хугацаатай авсан. Тэрээр 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс ажлаасаа чөлөөлөгдөж, 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс хойш зээл төлөлтийг хийлгүй гэрээний үүргээ зөрчөөд байна.

Зээлдэгчийн ээж н.Бумханд нь Улаанбаатар хотод байдаг. 88652040 дугаарын утастай, охин Б.Уянга нь Дорноговь аймгийн Замын-Үүд суманд амьдардаг. 88043841 дугаарын утастай. Д.Баттулгыг ээж болон охинтой нь холбогдож асууж тодруулдаг боловч гэрт нь очихгүй, холбоо барихгүй байгаа гэсэн. Д.Баттулгаас 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөр төлбөр барагдуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр буцаасан. Иймд Д.Баттулгыг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж байна гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч “Төрийн банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батчимэг нь гэрээний үүргийн биелэлтийг шаардах зорилгоор иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Д.Баттулгыг  эрэн сурвалжлуулахаар тус шүүхэд хүсэлт гаргажээ.

“Төрийн банк” ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 01/11714 тоот албан бичгээр С.Батчимэгт “Төрийн банк” ХХК-г төлөөлж нэхэмжлэл гаргах болон хуульд заасан бусад эрхийг эдэлж, үүргийг хүлээх итгэмжлэл олгосон ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжуулах тухай хүсэлтийг хүсэлт гаргагч өөрийн оршин байгаа газрын шүүхэд гаргаж болно.

Д.Баттулга нь зээл авах үедээ Говьсүмбэр аймаг, Баянтал сум, 1 дүгээр баг, Сансар 1 гудамж, 58 тоот хаягт оршин сууж байсан боловч одоо уг хаягтаа оршин суудаггүй болох нь хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, Баянтал сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн тодорхойлолт, тус шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 134/ШЗ2016/01070 шүүгчийн захирамж зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхээс 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 134/ШЗ2017/00088 дугаар нотлох баримт гаргуулах тухай шүүгчийн захирамжаар Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Д.Баттулгыг хүн амын шинэчилсэн бүртгэлд хаана бүртгүүлсэн болон шилжилт хөдөлгөөний талаархи лавлагааг гаргуулахад Д.Баттулга нь дээрх хаягт бүртгэлтэй, шилжилт хөдөлгөөн хийгээгүй байна. 

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Боржигин овогт Дамдинжавын Баттулгыг  эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтэст даалгах нь зүйтэй байна.

Д.Баттулга нь 1965 оны 12 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, эрэгтэй, 

ЕЙ65122674 регистрийн дугаартай, 94464012 дугаарын утастай, Говьсүмбэр аймаг, Баянтал сум, 1 дүгээр баг, Сансарын 1-58 тоотод бүртгэлтэй ба ээж Бумханд нь 88652040 дугаарын утастай, охин Б.Уянга нь Дорноговь аймгийн Замын-Үүд суманд амьдардаг, 88043841 дугаарын утастай гэж хүсэлт гаргагчийн төлөөлөгч тайлбарласан болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар хүсэлт гаргагч “Төрийн банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батчимэгийн хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Боржигин овогт Дамдинжавын Баттулгыг  эрэн сурвалжилсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Д.Баттулгыг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтэст даалгасугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Ц.НАРАНЧИМЭГ