| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Байгалмаа |
| Хэргийн индекс | 107/2020/0068/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/70 |
| Огноо | 2020-06-15 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 2020/ШЦТ/70
2020 06 04 2020/ШЦТ/70
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.*******од холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга З.Ганцоож
Улсын яллагч Б.Оюунцэцэг
Шүүгдэгч Э.******* нар оролцов.
Монгол улсын иргэн, 1979 оны 8 дугаар сарын 28-ны өдөр ******* аймгийн ******* хотод төрсөн, эрэгтэй, 41 настай, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Хишиг арвин ХХК-нд оператор жолооч ажилтай, ам бүл 6, эхнэр, 6-17 насны 4 хүүхдийн хамт ******* дүүргийн 5 дугаар хороо, Нарийны 15 дугаар гудамжны 19 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ******* овгийн *******ы ******* /РД:*******/
Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар Э.******* нь 2020 оны 2 дугаар сарын 7-ны өдөр ******* дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” гэх цайны газрын гадна талд хохирогч Ц.Гантулгыг өөрийн өмчлөлийн “Хонда Фит” маркийн УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслээр хүргэж өгөх явцдаа түүний автомашины урд талын салон дээр тавиад мартсан савхин гэртэй “Хуавей Ви-6” загварын гар утсыг бусдын өмчлөлд байгаа гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас 505.000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулж гээгдэл эд хөрөнгө завшсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч Э.*******ын шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Би 2020 оны 2 дугаар сарын 7-ны өдөр таксинд явж байсан бөгөөд үйлчлүүлж байсан гэх залуу “” цайны газар буухдаа миний машинд “Huawei Y6” маркийн гар утсаа үлдээсэн байсан. Би тэр утсыг нь “хүнээс утас авсан” гэж хэлээд охиндоо бариулсан. Би хохирогчид шинэ утас авч өгсөн...” гэх мэдүүлэг,
Хохирогч Ц.Гантулгын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2020 оны 2 дугаар сарын 7-ны өдөр такси барьж “” цайны газрын үүдэнд хүргүүлээд таксинаас буухдаа мөнгийг нь өгөх үедээ урд талын салон дээр өөрийн гар утсаа тавиад буухдаа утсаа авалгүй бууж д ороод сууж байгаад 2 минутын дараа утсаа мартсанаа санаад хүний утсаар өөрийн дугаар луу залгахад дуудаж байсан боловч аваагүй, дахин залгасан чинь холбогдох боломжгүй болсон. Миний сууж явсан такси цагаан өнгийн жижиг комби загварын “Тоёота пит” загварын машинтай ижил загварын машинд сууж явсан. Жолооч нь 40 гаран настай, дунд зэргийн мах мариатай, шаргал царайтай хүн байсан. ...2019 оны 10 дугаар сард ******* дүүргийн Мобикомын салбараас 560.000 төгрөгөөр зээлийн гэрээгээр худалдаж авч байсан. Миний утас “Huawei Y6” маркийн ар тал нь хар өнгийн савхи, гадна талаараа хар өнгийн кейстэй хар утас байсан. Утсанд ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй, шилэн наалтгүй, ардаа гялгар уутан наалттай утас байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13/
Гар утас, төхөөрөмжийн баталгаат засварын хуудсаар “...2019 оны 10 дугаар сарын 2-ны өдөр худалдан авсан “Huawei Y6” black гар утас, баталгаат хугацаа 12 сар, цэнэглэгч, адаптор, холбогч, сим картны түлхүүр, гарын авлага, хайрцагтай, 2 симтэй, 862978049546397, 862978049561586 гэсэн сериал дугаартай...” гэжээ. /хх-ийн 6/,
Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр “...2019 оны загвар шинэвтэр, эвдрэл гэмтэлгүй 3 сар орчим ашигласан Huawei Y6 гар утсыг 490.000 төгрөгөөр үнэлэв...” гэжээ. /хх-ийн 20/
Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр “...Huawei Y6 гар утасны савхин гэрийг 15.000 төгрөгөөр үнэлэв...” гэжээ. /хх-ийн 24/
Мобиком корпораци ХХК-ийн 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 18/2225 дугаартай албан бичгээр “...862978049546397 IMEI кодтой утсанд ашиглаж байгаа ... дугаарын эзэмшигчийн мэдээллийг хавсралтаар хүргүүлэв...” гэжээ. /хх-ийн 63-64/
Хохирогч Ц.Гантулгын хүсэлтэд “...Ц. миний хохирлыг барагдуулж “Самсунг Б10А” загварын гар утсыг авч өгсөн болно. Гомдол саналгүй...” гэжээ. /хх-ийн 68/
Иргэний үнэмлэхний лавлагаагаар “...******* регистрийн дугаартай ******* овгийн *******ы *******...” гэжээ. /хх-н 47/,
Шүүгдэгч Э.******* нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд урьд ял шийтгэгдэж байгаагүй” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 37/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Э.*******од холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
1.Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар
Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Э.******* нь гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад 505.000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч Э.******* нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг /хх-ийн 88/ шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч Э.******* нь 2020 оны 2 дугаар сарын 7-ны өдөр ******* дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” гэх цайны газрын гадна талд хохирогч Ц.Гантулгыг өөрийн өмчлөлийн “Хонда Фит” маркийн УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслээр хүргэж өгөх явцдаа түүний автомашины урд талын салон дээр тавиад мартсан савхин гэртэй “Хуавей Ви-6” загварын гар утсыг бусдын өмчлөлд байгаа гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бусдад 505.000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь:
-шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “би таксинд явж байсан бөгөөд үйлчлүүлж байсан гэх залуу “” цайны газар буухдаа миний машинд “Huawei Y6” маркийн гар утсаа үлдээсэн байсныг авсан” гэсэн мэдүүлэг, хохирогч Ц.Гантулгын ““” цайны газрын үүдэнд хүргүүлээд таксинаас буухдаа утсаа авалгүй мартаад буусан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-13/, гар утас, төхөөрөмжийн баталгаат засварын хуудас /хх-ийн 6/, Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн шинжээчийн дүгнэлтүүд /хх-ийн 20, 24/, Мобиком корпораци ХХК-ийн 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 18/2225 дугаартай албан бичиг /хх-ийн 63-64/ болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Монгол улсын Иргэний хуулийн 116 дугаар зүйлийн 116.1-д зааснаар “Гээгдэл эд хөрөнгийг олсон этгээд өмчлөгч, эзэмшигчийг мэдэж байгаа бол нэн даруй хүлээлгэн өгөх, хэрэв тийм этгээд байхгүй бол орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж шилжүүлэх үүрэгтэй” гэж заажээ. Шүүгдэгч энэ үүргээ биелүүлээгүй төдийгүй гар утсыг өөрийн эзэмшилд байлгаж ашигласан болон зохих байгууллагад мэдэгдээгүй нь гээгдэл эд хөрөнгийг завшсан үйлдэл мөн. Өөрөөр хэлбэл гээгдэл эд хөрөнгө завших гэдэг нь өмчлөгч, эзэмшигч ашиглагчийн хайхрамжгүй, болгоомжгүйгээс түүний хүсэл зоригоос үл хамааран хаягдаж орхисон, санамсаргүй хаягдсан эд хөрөнгийг авч ашигласан үйлдлийг ойлгоно.
Шүүгдэгчийн үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр, шунахай сэдэлттэй, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор үйлдэгдсэн байна. Уг гэмт хэрэг гарахад хохирогчийн хайхрамжгүй байдал нөлөөлжээ.
Гээгдэл эд зүйлс болох гар утас болон дагалдах хэрэгслийн хамт нийт 505.000 төгрөгийн үнэтэйг үнэлгээний байгууллага тогтоосон байна. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг түүнээс доош хэмжээг хэлнэ” гэж заасан тул хохирогчид 300.000 төгрөгөөс дээш буюу бага хэмжээнээс дээш хохирол учирсан гэж үзнэ.
Шүүгдэгчийн үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эд хөрөнгө өмчлөх эрхэд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан нь гэмт үйлдэл болно.
Шүүгдэгч Э.******* нь гээгдэл эд хөрөнгийг хохирогч Ц.Гантулгын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна. Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Э.*******ын дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Э.******* нь хохирогч Ц.Гантулгын эд хөрөнгөд 505.000 төгрөгийн хохирол учруулсан байх ба хавтаст хэргийн 68 дугаар талд хохирогч Ц.ас “миний хохиролыг барагдуулж Самсунг Б-10А загварын утсыг авч өгсөн болно. Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэжээ. Иймд шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэв.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчаас дүгнэлтдээ “Шүүхээс Э.*******ыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч Э.******* нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй.
Э.******* “ам бүл 6, эхнэр, 6-17 насны 4 хүүхдийн хамт амьдардаг, Хишиг арвин ХХК-нд оператор жолооч ажилтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй” зэрэг хувийн байдлууд тогтоогдов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн ба эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад Э.******* нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 13 дугаартай тогтоолоор шийдвэрлэж, түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг мөн өдрөө танилцуулахад, зөвшөөрсөн байх тул уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан.
Иймд шүүгдэгч Э.******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, прокурорын танилцуулсан эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар маргаагүй тул ******* дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын шүүхэд ирүүлсэн саналын хүрээнд Э.*******од 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял оногдуулах, түүний орлого, эд хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг харгалзан торгох ялыг хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 5 дахь хэсгүүд, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овгийн *******ы *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* овгийн *******ы *******од 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар уг торгуулийн ялыг шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг Э.*******од мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Э.*******од мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол Э.*******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Э.*******од холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй, хохирогч Ц.д төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАЙГАЛМАА