Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 544

 

 

Т.Батцэнгэл, Д.Түвшинжаргал нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2016/01557 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Т.Батцэнгэл, Д.Түвшинжаргал нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

 

Анхны болон 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгч Т.Батцэнгэл, Д.Түвшинжаргал нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 35574 дүгээр шийдвэрээр Д.Түвшинжаргал, Т.Батцэнгэл нараас 124 900 000 төгрөгийг гаргуулж "Ними ББСБ" ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Бид "Ними ББСБ" ХХК-д мөнгөө төлж чадахгүй байсаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба бидний байрыг 300 000 000 төгрөгөөр үнэлж албадан дуудлага худалдаанд оруулсан боловч зарагдаагүй, 2 дахь албадан дуудлага худалдаагаар бидний байрны үнийг 50 хувиар бууруулан 150 000 000 төгрөгөөр зарахаар дур мэдэн шийдвэр гаргасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар хариуцагч талын үнийн саналыг үндэслэн байрны үнийг тогтооно гэж заасан байдаг харин бидний саналыг огт авахгүйгээр дур мэдэн үнэ тогтоон шийдвэр гаргасан. Уг байр нь хотын төв буюу А зэрэглэлд байрладаг энэ утгаараа Улаанбаатар хотдоо хамгийн өндөр үнэтэй. Үнэлгээний талаар Д.Түвшинжаргалаас санал аваагүй. Иймд 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн албадан дуудлага худалдааг хүчингүй болгож, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны албадан дуудлага худалдааг зогсоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 35574 дүгээр шийдвэрээр Д.Түвшинжаргал, Т.Батцэнгэл нараас 124 900 000 төгрөгийг гаргуулж "Ними ББСБ" ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 2 дугаар сарын 18-ны өдөр үүсгэх тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Д.Түвшинжаргалын өмчлөлийн барьцаа хөрөнгө болох Улсын бүртгэлийн Ү-2202014993 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Энхтайваны өргөн чөлөө 17/2 дугаар байрны 9 тоот 75.76 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн 121/29 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 16/0315 дугаартай тогтоолоор хураан авсан байна.

Төлбөр төлөгч Т.Батцэнгэлээс 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаанд оруулах үнийн санал авахад 300 000 000 төгрөгөөр үнийн санал өгсөн. Төлбөр авагч "Ними ББСБ" ХХК нь 300 000 000 төгрөгийн үнийн саналыг хүлээн зөвшөөрсөн тул үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 17/2 дугаар байрны 09 тоот 75,76 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нарын харилцан тохиролцож тогтоосон үнэ болох 300 000 000 төгрөгийн 70 хувиар тооцон 210 000 000 төгрөгөөр дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон анхны албадан дуудлага худалдаанд 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр оруулахаар нийтэд мэдээлсэн боловч санал ирээгүй, худалдан борлогдоогүй болно.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.2-д заасны дагуу Үл хөдлөх хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдааг зохион явуулахдаа Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт зааснаар талуудын харилцан тохиролцож тогтоосон үнэ болох 300 000 000 төгрөгийн 50 хувиар тооцон 150 000 000 төгрөгөөр 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр үл хөдлөх хөрөнгийн 2 дахь дуудлага худалдаанд оруулах тухай мэдэгдлийг тогтоолын хамт төлбөр төлөгч Т.Батцэнгэлд гардуулж өгсөн. Улмаар үл хөдлөх эд хөрөнгийн 2 дахь албадан дуудлага худалдаанд 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 10 цагт болсон боловч үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д заасны дагуу төлбөрт тооцон авахыг төлбөр авагч "Ними ББСБ" ХХК-д Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны санал болгох комиссын хурлын шийдвэрээр санал болгож өмчлөх эрхийг шилжүүлсэн болно.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Т.Батцэнгэл нь төлбөрөө төлөх санаачлага гаргахгүй, шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шүүгчийн захирамжаар түдгэлзүүлж, гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд ирдэггүй бөгөөд одоо ч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулсаар байна. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 4/158 тоот "Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай" тогтоол, мөн оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 5/149 тоот "Үл хөдлөх эд хөрөнгийг 2 дахь албадан дуудлага худалдалдаанд оруулах тухай" тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай Т.Батцэнгэл, Д.Түвшинжаргал нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Т.Батцэнгэл, Д.Түвшинжаргал нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: "Ними ББСБ"-с зээл авахдаа барьцаанд тавьсан Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 17/2 дугаар байр, 9 тоот 2 өрөө бидний орон сууцыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 300 000 000 үнэлж, 2 дахь дуудлага худалдаагаар байрны үнийг 50 хувиар бууруулж 150 000 000 төгрөгөөр худалдахаар шийдвэрлэхдээ хариуцагч нарын үнийн саналыг авалгүйгээр дур мэдэн шийдвэрлэсэн 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн албадан дуудлага худалдаа нь хууль зөрчиж явагдсан. Гэтэл шүүхийн шийдвэрт төлбөр төлөгч Т.Батцэнгэлээс үнийн санал ирүүлсэн гэж үндэслэх хэсэгт дурдсаныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхны дуудлага худалдаа болон 2 дахь дуудлага худалдаа явуулахаас өмнө төлбөр төлөгч нараас ямар ч үнийн санал ирүүлээгүй, төлбөр төлөгч Т.Батцэнгэлээс ирүүлсэн үнийн санал нь дуудлага худалдаа болсноос хойш ирүүлсэн санал байдаг. Мөн төлбөр төлөгч Д.Түвшинжаргалаас үнийн санал огт авч байгаагүй нь хэргийн материалаас харагддаг. Гэтэл шүүх төлбөр төлөгч нараас үнийн санал авсан мэтээр тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хуулийг буруу тайлбарлаж шийдвэрлэсэн гэж үзэж байгаа тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч Т.Батцэнгэл, Д.Түвшинжаргал нар нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан анхны болон 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан гэж маргажээ.

 

            Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 35574 дүгээр захирамжаар Д.Түвшинжаргал, Т.Батцэнгэл нараас 138 400 000 төгрөгийг гаргуулж “НИМИ ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

                                                                                                            /хэргийн 22-23 дугаар тал/

 

Уг шийдвэрийн биелэлтийг хангуулахаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас төлбөр төлөгч Д.Түвшинжаргал, Т.Батцэнгэл нарын эд хөрөнгөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд зааснаар Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 17/2 дугаар байрны 09 тоот хаягт байрлах, 75.76 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн 121/29 тоот тогтоолоор битүүмжилж, 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 16/0315 тоот тогтоолоор хураан авсан ба уг ажиллагаанд хуульд заасны дагуу нэхэмжлэгч нар гомдол гаргаагүй байна.        

                                                                                                /хэргийн 28-32 дугаар тал/

 

Хэргийн 35 дугаар талд итгэмжлэл авагдсан байх бөгөөд уг итгэмжлэлд Д.Түвшинжаргал нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд төлбөр төлөгчийг төлөөлөх, үнийн санал өгөх, битүүмжлэх хураах ажиллагаа болон санал болгох хуралд төлөөлөн оролцох холбогдох бичиг баримтад төлөөлөн гарын үсэг зурах бүрэн эрхийг 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн 1 жилийн хугацаатай Т.Батцэнгэлд олгожээ.                                                        /хэргийн 35 дугаар тал/

 

Дээрх итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан хуульд нийцэж байх тул итгэмжлэлд төлөөлөгчийн гарын үсэг зурагдаагүй гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол нь үндэслэлгүй болно.

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдан борлуулах үнэлгээг тогтоохоор төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нараас үнийн санал авах ажиллагааг хийхэд төлбөр төлөгч Т.Батцэнгэл болон Д.Түвшинжаргалыг төлөөлж Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 17/2 дугаар байрны 09 тоот хаягт байрлах, 75.76 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 300 000 000 төгрөгөөр үнэлж үнийн санал өгснийг төлбөр авагч “НИМИ ББСБ” ХХК зөвшөөрсөн тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар талууд үнэлгээг харилцан тохиролцсон гэж үзнэ.                                       /хэргийн 34-36 дугаар тал/

 

Дээрх ажиллагаанд нэхэмжлэгч нар хуульд заасны дагуу гомдол гаргаагүй тул энэхүү ажиллагааг хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Хэргийн 37-40 дүгээр талд авагдсан баримтаас үзвэл үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг төлбөр төлөгчид Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 3/11431 дүгээр албан бичгээр анхны албадан дуудлага худалдаанд 2 өрөө орон сууцыг 300 000 000 төгрөгийн 70 хувиар тооцон 210 000 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон анхны албадан дуудлага худалдаанд 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 10 цаг 00 минутад оруулах тухай мэдэгдэж, 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 4/158 тоот тогтоолоор Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолоор анхны албадан дуудлага худалдаанд оруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд уг ажиллагаа нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн гаргасан тайлбар болон давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Хэргийн баримтаар нэхэмжлэгч нараас үнийн санал огт аваагүй, анхны албадан дуудлага худалдаа явагдсаны дараа Т.Батцэнгэл санал өгсөн, дур мэдэн үнэ тогтоосон гэх байдал тогтоогдоогүй бөгөөд энэхүү тайлбар, гомдлоо нэхэмжлэгч нар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотолж чадаагүй болно.

 

Анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад нэхэмжлэгч нар нь анхны болон 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасныг шийдвэрийн тогтоох хэсэгт буруу бичснийг залруулан зөвтгөх нь зүйтэй байна.

 

Мөн шүүхийн шийдвэрийн удиртгал, тодорхойлох, үндэслэх, тогтоох хэсгүүдэд нэхэмжлэлийн шаардлагыг зөрүүтэй бичсэн бөгөөд дахин ийм алдаа гаргахгүй байхыг дурдах нь зүйтэй.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2016/01557 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны анхны болон 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай Т.Батцэнгэл, Д.Түвшинжаргал нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгч Т.Батцэнгэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

 

                                         ШҮҮГЧИД                                      Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                              Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ