Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 56

 

2017 оны 12 сарын 21 өдөр                      2017/ДШМ/56                                     Хэрлэн сум

  Б.Б-т холбогдох

эрүүгийн хэргийн талаар

226/2017/0039

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Сүхгомбо даргалж, шүүгч О.Баатарсүх, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд,

Нарийн бичгийн дарга: Н.Энхзул,

Прокурор: Т.Б,

Шүүгдэгч: Б.Б нарыг оролцуулан

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулгын даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 149 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатарын давж заалдах гомдлоор эрүүгийн 2017170001190001 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Дэнсмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Сүхбаатар аймагт 1994 онд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг эхийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг Шаргын 2 дугаар гудамжны 1 тоотод оршин суух, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 52/А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-т  зааснаар 5 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 45 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 11 сар 02 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан Б овогт Б. Б /РД: ЛН94032710/

Б.Б нь 2017 оны 5 дугаар сарын 01-ний шөнө 23 цагийн орчим Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хүүхдийн тоглоомын талбайн зүүн хойд талд иргэн А.Б-н хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Б.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 149 дүгээр шийтгэх тогтоолоор :Шүүгдэгч Б. овогт Б-ийн Б-ыг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б-ыг 4 /дөрөв/ жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн 6.12 дугаар зүйлийн 4, 6.9 дүгээр зүйлүүдэд зааснаар шүүгдэгч Б.Б-т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жилийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үйлдсэн 11 сар 02 хоногийг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 /дөрөв/ жил 11 /арван нэг/ сар 02 /хоёр/ хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 4 жил 11 сар 02 хоногийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдсон 59 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, бусдад төлөх төлбөргүй ба түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар нь давж заалдах гомдолдоо: Б.Б нь 3 сартай хүүхэдтэй өрх толгойлсон эцэг юм. Сүхбаатар аймгийн Нийгмийн халамж, хөдөлмөрийн хэлтсийн тодорхойлолт, багийн засаг даргын тодорхойлолт зэрэг нотлох баримтууд хавтаст хэрэгт байгаа болно. Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, мөн Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлүүдээр гомдол гаргаж байна. Иймд Эрүүгийн хуулийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ Б.Б-д холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх” хуулийн шаардлагыг бүрэн хангасан байна.

 Б.Б нь  2017 оны 5 дугаар сарын 01-ний шөнө 23 цагийн орчим Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хүүхдийн тоглоомын талбайн зүүн хойд талд иргэн А.Б-н хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч А.Б-н  мөрдөн байцаалтад өгсөн: 2017 оны 5 дугаар сарын 01-ний орой 23 цагийн орчим “Дөрвөлжингийн овоо”-ны хойд талын засмалаар явж байтал цагаан худгийн дэргэдээс нэг хүн дагасан. Тэр хүн араас ирээд “Зоригийнх гэдэг айл хаана байдаг вэ” гэж асуухаар нь харсан чинь манай найз Цогзолмаатай үерхэж байсан зүс таних Батка байсан. Би тэр хүнд “мэдэхгүй” гэж хэлчихээд цаашаа явтал араас хоёр гараараа миний хоолойгоор тэврээд шахсан. Миний ухаан балартсан байсан. Нэг сэргэхэд намайг чирээд тоглоомын талбайн баруун талд авчирсан. Тоглоомын талбайн зүүн талд миний өмдийг тайлаад хүчиндсэн. Би үүнийг мэдэж байсан боловч хоолой шахсанаас болоод ухаан балартаад хариу үйлдэл хийж чадаагүй. Доошоо өмдөндөө шээж байгаагаа мэдсэн боловч өөрийгөө хянах чадваргүй болсон байсан. Дээр нь маш их айсан. Ингээд нөгөө залууг босоод явахаар нь би босч өмдөө өмсөөд цагдаа дуудах гэхэд утас байхгүй байсан. Би гэртээ хариад цагдаад хэлье гэж бодоод зөөлөн явж байсан чинь саарал өнгийн “Приус” маркийн машиныг хашаандаа оруулах гээд хашааны хаалгаа нээж байгаа ахтай тааралдсан.Тэр  ахыг гуйж гэртээ хүргүүлсэн.  Эгч Анужиндаа энэ талаар хэлж эмнэлэг, цагдаад мэдэгдсэн. ... Би Б-тэй үерхэж найзалж, урьд өмнө бэлгийн харьцаанд орж байгаагүй ... гэх /хх-10-11х/

Гэрч Ч.Батхүүгийн мөрдөн байцаалтад өгсөн: Би хашааны хаалгаа нээгээд орох гэж байтал урдаас нэг охин уйлчихсан айсан байдалтай гүйж ирээд “ахаа та намайг хүргээд өгөөч, намайг нэг хүн сая боогоод” гээд уйлаад байсан. Тэр охиныг гэрт нь буулгаж өгсөн ... гэх  /хх- 12-13х/

Шинжээч Г.Аригуунтөгсийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Б-ийн биед  нь ямар нэгэн гэмтэл харагдаагүй. Улайлт болон хумсны ором нь 1 хоногийн дотор байтугай хэдэн цагийн дотор ч арилж болно. Улайлт боох үед үүсч болно. Хоолой боогдох үед хүн өмдөндөө шээх боломжтой ... гэх мэдүүлгүүд. /хх-21-22 х/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 5856 дугаартай:

“...Б-ын гэх цус, шүлсны ДНХ-ийн тогтоцыг аутосомын ДНХ-ийн D3SF1358, .... гэсэн локусын аллелиар тогтоов.

5115 дугаартай А.Б-ийн гэх хар өнгийн дотоожинд илэрсэн үрийн шингэн, эр бэлгийн эс нь аутосомын ДНХ-ийн ... гэсэн локусын аллелиар Б.Б-ын гэх цус, шүлсний ДНХ-ийн тогтоцтой тохирч байна гэх дүгнэлт.

Гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хх-58-59 х/

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх- 5-6х/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан хавтаст хэрэгт тусгагдсан, анхан шатны шүүхээр хэлэлцэгдэж шинжлэн судалсан нотлох баримтуудаар  нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн байцаалтын явцад хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, анхан шатны шүүх нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж, тэдгээрийг хэрэгт ач холбогдолтой, хамааралтай, хууль ёсны эсэхийг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсны үндсэн дээр шүүх хуралдаанаар тогтоогдсон  хэргийн бодит нөхцөл байдалд нийцсэн хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүх Б.Б-ын үйлдлийг 2015 оны эрүүгийн хуульд зааснаар зүйлчилсэн  нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэсэн заалттай нийцэхгүй байх тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж  шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Б.Б-ыг хорих ялаас хугацааны өмнө суллагдаж, хяналтын хугацаандаа санаатай гэмт хэрэг үйлдсэн тул хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах боломжгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн  1.4,  39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

Нэг. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 149 дугаар шийтгэх тогтоолын 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт” гэснийг “2002 оны Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д ” гэж, тогтоолын 3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн 6.12 дугаар зүйлийн 4, 6.9 дүгээр зүйлд зааснаар Б.Б-т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жилийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 11  сар 02 хоногийг нэмж нэгтгэн” гэснийг “Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар Б.Б-т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жилийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялын зарим болох 3 сарыг нэмж нэгтгэн” гэж , тогтоолын 4 дэх заалтын “4 жил 11 сар 02 хоног” гэснийг “4 жил 3 сар” гэж тус тус өөрчлөн, тогтоолын  бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

Хоёр. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар Б.Б-ын  шийтгэх тогтоол гарснаас хойш цагдан хоригдсон 38 /гучин найм/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

Гурав. Тус шүүхэд эд мөрийн баримт болон бичиг баримт ирээгүй болохыг дурдсугай.

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс  хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол  гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Б.СҮХГОМБО

   ШҮҮГЧИД                                                О.БААТАРСҮХ

                                                                                                Б.ДЭНСМАА