Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 1110

 

 

 

 

 

 

 

 

    2020        06          12                                   2020/ШЦТ/1110

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч Г.Цэрэнжамц,   

Нарийн бичгийн дарга Г.Хулан,

Шүүгдэгч У.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У.Э холбогдох эрүүгийн 1806 01672 1115 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч У.Энь 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хохирогч О.Хишигтийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, "Түмэннаст хотхоны" З6 б байрны 103 тоотод түлхүүрдэн нэвтэрч тухайн гэрээс 7 ширхэг мөнгөн аяга, 40,000 төгрөг зэрэг эд зүйлийг хууль бусаар авч, хохирогч О.Хишигтэд нийт 1.250.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.                                 /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлахад шүүгдэгч У.Энь хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч үйлдсэн болох нь:

 

Хохирогч О.Хишигтийн мөрдөн байцаалтад өгсөн:

... Баянзүрх дүүргийн Түмэннаст хотхоны 366 байрны 103 тоот байраа зарахаар зар өгсөн байсан. 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 16 цагийн орчимд манай гэрт үл таних 50 орчим насны эрэгтэй хүн өөрийгөө "Эрдэнэтийн ГОК-д ажилладаг байр авах гэж байгаа, танай байрыг үзье" гээд ирсэн. Тэгээд байрыг авахаар надтай ярилцаад орой 23 цаг өнгөрч байхад гарч явсан. Маргааш өглөө уг хүнтэй ярилцаж, тохиролцсоны дагуу би үл хөдлөх дээр оочир аваад, манай охин Ханджав Голомт банк руу явсан. Энэ хойгуур манайхаас хулгайлж авсан түлхүүрээрээ гэрт орж 8 настай охин Номуунд "Чи сургуульдаа яваагүй байгаа юм уу ах нь байраа үзэхээр ирлээ" гээд том өрөө болон 00 өрөөнд орж гарч байгаад явсан гэсэн. Манай гэрийн түлхүүрийг өчигдөр манайд ирэхдээ л авсан байх. Би тэр хүнийг урьд өмнө харж байгаагүй, одоо харвал танина гэх мэдүүлэг /хх-ийн 41-42/,

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан: Таньж олуулах гэрэл зургийг 2 гэж дугаарлан 1-4 хүртэл дугаарласан 4 ширхэг гэрэл зургтай хамт байрлуулж бэлдэв. Хохирогч О.Хишигтээс таньж олох гэж байгаа хүний ямар содон шинжээр таних гэж байгааг асуухад 40-50 насны, дугуй шар царайтай, орой хэсгээрээ халзан хүн байсан би харвал шууд танина гэв. Гэрэл зургуудыг үзүүлэхэд тэрээр 2 гэж дугаарласан эрэгтэйг зааж энэ хүн манай байрыг худалдаж авна гэж орж ирсэн. Маргааш нь манайхаас хулгай хийсэн хүн мөн байна. Би шууд хараад таньж байна гэж заав гэх тэмдэглэл /хх-ийн 33-38/,

 

“Дамно” үнэлгээний компанийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн БЗ1-20-798 дугаартай:

“... зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 09 дүгээр сарын зах зээлийн үнэлгээгээр их гарын мөнгөн аяга 1 ширхэг 250.000 төгрөг, дунд гарын ёроол нь алтан шармал мөнгөн аяга 1 ширхэг 360.000 төгрөг, дунд гарын мөнгөн аяга 5 ширхэг 600.000 төгрөг, нийт 1.210.000 төгрөгөөр үнэлэгдэв” гэх үнэлгээний тайлан /хх 52-53/

 

Шүүгдэгч У.Эн мөрдөн байцаалтад өгсөн:

...2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр зар дээрээс Түмэннаст хотхоны 36б байрны103 тоот байр зарна гэсэн зарын дагуу утсаар ярьж байгаад орой 20 цагийн үед очиж үзэхэд Хишигт гэх хүн 8 настай охины хамт байсан. Хишигт нь манай охинтой уулзаад үнийн талаар асуу гэсэн. Охин нь гэх Ханджав удалгүй ирсэн. Бид ярилцаад маргааш авна гэж тохироод 23 цагийн үед  би тэр айлаас гарч явсан. Өлгүүрт өлгөсөн байсан куртикээ авах гэхэд хажууд нь байсан куртикны халаасанд түлхүүр дугарсан. Тэр түлхүүрийг нь би аваад гарсан. Маргааш өглөө нь Ханджав таньдаг хүн байдаг банкин дээр хүрээд ир гэсэн. Ээжийгээ дүүргийн үл хөдлөх хэлтэс рүү явсан байгаа гэхээр нь би шууд гэрт нь хүн байхгүй байгаа юм байна гэж ойлгоод шууд явсан. Очоод түлхүүрээр нь хаалгыг нээж ороход 8 настай охин хүүхэд зурагт үзээд сууж байсан. Тэгээд би жижиг өрөөнд нь орж бурханы сударын тавиур дээр байсан 40.000 төгрөгийг авсан. Том өрөөнд ороод дунд гарын 4 ширхэг мөнгөн аяганы 2 нь устай байхаар нь хоосонг нь авсан. Ширээний хажуу талын шилэн тавиур дотороос томоос нь жижиг рүү нь  давхарлаад тавьсан байсан 4 ширхэг мөнгөн аягыг аваад гараад явсан гэх мэдүүлэг /хх 61-63/,

 

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх 20-22/,

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 23-27/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Хавтаст хэргээс У.Эн иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, ялын тооцоо бодсон ... У.Энь 5 жилийн хугацаагаар хорих ялаас 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөр тасалбар болгон бодоход 2 жил 5 сар 20 хоногийг эдлэж, 2 жил 6 сар 10 хоногийн ялын үлдэгдэлтэй болно гэх тодорхойлолт /хх-ийн 67/, зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.

 

Хохирогч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байна.

 

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь гэмт этгээд хохирогчийн эрүүл мэнд, амь насанд халдахгүйгээр хохирогч болон бусдад мэдэгдэхгүйгээр бусдын эд хөрөнгийг авч захиран зарцуулах боломжийг өөртөө үүсгэснээр төгс үйлдэгддэг.

Гэмт этгээдийн бусдын эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бий болсон үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж, өөртөө амар хялбар аргаар орлого олох санаа зорилготой, орлого олохыг хүсэж үйлддэг идэвхтэй үйлдлээр үйлдэгддэг гэмт хэрэг болно.

Гэмт хэрэг үйлдэгдсэн байр нь хүн байнга амьдрах зориулалттай орон сууцны байгууламж байна. 

Хулгайлах гэмт хэргийн үр дагавар нь хууль бусаар, нууц аргаар, шууд санаатай, шунахай сэдэлт зорилгоор гэмт этгээд бусдын эд зүйлс, өмч хөрөнгийг эзэмшиж, захиран зарцуулж, иргэн, аж ахуй нэгжид хохирол учруулах байдлаар илэрнэ. Энэ үйлдэл нь өмчлөх эрхээ шударгаар эзэмшигчдэд материаллаг болон сэтгэл санааны хохирол учруулдаг.

 

Баянзүрх дүүрийн прокурорын газраас шүүгдэгч У.Эд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч У.Энь хүн байнга амьдрах зориулттай байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. 

 

 Шүүгдэгч У.Энь өөрийн хувийн хэрэгцээг хангах эдийн засгийн эх үүсвэрийг хайж, улмаар зарын дагуу худалдах байрыг үзнэ гэж үйлдэлээ халхавчлан хохирогчийн гэрт нэвтэрч хувцасны халааснаас гэрийн түлхүүрийг хулгайлан авсан. Үүнийхээ дагуу маргааш нь гэрийн эзэд болох хохирогч түүний ойр тойрны хүмүүсийг гэрээс гарч явсаныг лавтай сайн мэдэж улмаар гэрт урьд нь хулгайлан авсан түлхүүрээр түлхүүрдэн орсон үйлдэл нь түүний хүсэл зоригийн дагуу хүсч хийгдсэн санаатай үйлдэл юм.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч У.Э хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч У.Эн үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, санаа сэдэл, учруулсан хохирол, хор уршигийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д ...эрүүгийн хариуцлага нь тухай хүн... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна... гэсэн зарчмыг баримтлан шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуульд зааснаар гэм буруутайд тооцон, ял шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ.

 

Гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг шүүгдэгч төлж барагдуулаагүй болох нь шүүхийн шатанд хохирогч О.Хишигтийн хохирол төлбөрөө бүрэн барагдуулж авна, гомдолтой болохоо илэрхийлснээр тогтоогдож байна.

Иймд гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгож шийдвэрлэв.

 

Шүүхээс шүүгдэгчид ял шийтгэхдээ үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохиролын хэмжээ, хохиролыг бүрэн төлж барагдуулаагүй байдал, хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ өгч байгаа дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялыг оногдуулж, биечлэн эдлүүлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч У.Энь гэмт хэргийн учир 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч З овогт Уийн Эг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч У.Э хоёр жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Э Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 234 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 6 сар 10 хоногийн хорих ялд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жил 6 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Эд оногдуулсан 4 жил 6 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2  дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Эн цагдан хоригдсон гучин нэг хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Эаас 1.250.000 төгрөг гаргуулж хохирогч О.Хишигт /ХЕ57061000/-д олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн тооцсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                     

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Н.БААСАНБАТ