Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 1102

 

                                                                                                                      

 

 

 

 

 

     2020        06         11                                   2020/ШЦТ/1102

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч Л.Галав,   

Нарийн бичгийн дарга Г.Хулан,

Шүүгдэгч И.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэйгээр хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И.Бд холбогдох эрүүгийн 2006 017231366 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

                      

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч И.Б нь Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2020 оны 03 дугаар сарын 22-ны өдөр иргэн С.Мөнхбаатарын зүүн хацар руу мөргөж, гараараа 2 удаа цохиж тархи доргилт, зүүн хацар, шанаа, зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт, зүүн нүдний ухархайн дотор, доод гайморовын хөндий рүү цөмөрсөн хугарал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/        

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч И.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2006 01723 1366 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад шүүгдэгч И.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч С.Мөнхбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

"2020 оны 03 дугаар сарын 22-ны өдөр би эхнэр Гангармаагийн хамт Амагалан захын урд зам дээр оройн 19 цагийн орчим 34-91ДОА улсын дугаартай автомашинтай явж байх үед 92-32 УБИ улсын дугаартай цагаан өнгийн автомашин нэгдүгээр эгнээнээс шахаад байсан ба би уг машины араас гэрлээрээ дохиж Хангамжийн буудлын орчим зогсоосон юм.  би машинаас бббж очоод тухайн авто машины жолоочтой маргалдаад зогсож байх үед жолоочийн хажуугийн суудалд сууж явсан 170-175 сантиметрийн өндөр нуруутай, туранхай биетэй, саравчтай малгалтай залуу бууж ирээд миний хамар, нүүрэн тус газарт толгойгоороо 1 удаа мөргөж, миний хувцасны энгэрээс заамдаж зүүн нүдэн тус газарт гараараа 2 удаа цохисон" гэх мэдүүлэг /хх 15-17/,

 

Гэрч Г.Гангармаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

"2020 оны 03 дугаар сарын 22-ны өдөр нөхөр Мөнхбаатарын хамт цагдаагийн академд байдаг ахындаа очиж усанд ороод харих гээд явж байх үед Амгалан захын урд зам дээр 92-32 УБИ улсын дугаартай Приус 20 маркийн автомашин нэгдүгээр эгнээнэс орж ирсэн ба манай машиныг шахаад явуулахгүй байсан. Араас нь дагаж явж байгаад нөгөө машиныг зогсоосон ба нөгөө машины жолооч машинаасаа бууж ирэхээр нь би машинаасаа бууж очоод "чи одоо яаж яваад байгаа юм бэ, хүн аллаа шүү дээ" гэж хэлэхэд өөдөөс "чи одоо юу хуцаад байгаа юм бэ, хөдөөний муу сайн юмнууд" гэж хэл амаар доромжилсон. Гэтэл нөгөө машины жолоочийн суудал дээр сууж явсан 170-175 сантиметрийн өндөр нуруутай, туранхай биетэй, бор царайтай, хар өнгийн мөргүй фудволкотой, хар өнгийн өмдтэй, малгай өмссөн залуу бууж ирсэн. Манай нөхөр миний араас машинаас бууж ирэхэд өнөөх залуу манай нөхрийн нүүр рүү шууд цохисон. Тэгэхээр нь би гүйж очоод өнөөх залуугийн араас өшиглөхөд эргэж хараад миний гэдэс рүү жийсэн" гэх мэдүүлэг /хх 22-23/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны 3906 дугаартай:

"С.Мөнхбаатарын биед тархи доргилт, зүүн хацар, шанаа, зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт, зүүн нүдний ухархайн дотор, доод гайморовын хөндий рүү цөмөрсөн хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй шинэ гэмтлүүд байна"  гэх шинжээчийн дүгнэлт /хх 32-33/,

Шүүгдэгч И.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

"2020 оны 03 дугаар сарын 22-ны өдөр өөрийн төрсөн ах Болоршагайгийн хамт түүний 92-32 УБИ улсын дугаартай автомашинтай явж байх үед Улиастайн гүүрний орчим Приус 20 маркийн авто машин шууд урдуур дараад ороод ирсэн ба манай ах нөгөө машины жолоочид хандаж яаж яваад байгаа юм бэ гэж хэлтэл тухайн машины хажуугийн сандал дээр сууж явсан эмэгтэй манай машин руу дотроо ундаатай сав шидсэн. Манай ах машинаа зогсоогоод машинаасаа бууж очоод нөгөө машины жолоочтой маргалдсан. Нөгөө машинаас нэг эмэгтэй бууж ирээд манай ахын цээж рүү түлхэж, машин руу өшиглөөд байхаар нь би тэр эмэгтэйг машинаасаа холдуулах гэж цээж рүү нь түлхсэн. Нөхөр нь эхнэрээ өмөөрөөд над руу дайрч миний нүүрэн тус газарт гараараа 1 удаа цохихоор нь би зөрүүлээд нөгөө залуугийн нүүрэн тус газарт гараараа 2-3 удаа цохисон" гэх мэдүүлэг /хх 27-28/  

-Зөрчлийн талаарх амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай /хх 03/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч И.Бгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 39/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 40/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх 41/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 64-70/, шүүгдэгч, хохирогч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх прокурорт гаргасан хүсэлт /хх 82-85/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 87/ зэрэг нотлох баримтуудийг шинжлэн судлав.

 

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн Прокурорын газраас И.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч И.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч И.Бгийн иргэн С.Мөнхбаатарын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хохирогч С.Мөнхбаатар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол нотлох баримтаар нэхэмжлээгүй боловч шүүгдэгч И.Б нь хохирогчид 1.000.000 төгрөгийг нөхөн төлсөн байх ба шүүх хурлын тов мэдэгдэхэд “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэснийг үндэслэж шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

 

Шүүгдэгч И.Б нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдав.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн талаар хийж байгаа дүгнэлт болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд зэргийг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Бн овогт Иийн Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Бг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.         

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол И.Бд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Н.БААСАНБАТ