Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 1103

 

                                                                                                                      

 

 

 

 

 

    2020        06         11                                     2020/ШЦТ/1103

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч Э.Ариунболд,   

Нарийн бичгийн дарга Г.Хулан,

Шүүгдэгч Ө.Г, түүний өмгөөлөгч О.Батсүх нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэйгээр хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.Год холбогдох эрүүгийн 2006 00000 1318 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

                      

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ө.Г нь 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны Монелийн 32 дугаар гудамжны 704 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хүргэн О.Банзрагчтай тухайн тохиолдолд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар О.Банзрагчийн хүзүүн тус газарт хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/        

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ө.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2006 00000 1318 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад шүүгдэгч Ө.Г нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч О.Банзрагчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“2020 оны 05 дугаар сарын 11-ний өглөө хадам аав Гын хамт дэлгүүрээс хүнсний зүйл авах үед хадам аав “хоёулаа ганц шил архи уух уу” гэхээр би зөвшөөрсөн. Хадам аав бид хоёр 0.33 литрийн Хараа гэх архи нэг шилийг авч уусан ба хоёулаа гадуур явах ажилтай байсан учир гэрээс хамт гарсан. Хадам аав замдаа нэг шил архи уух уу гэхээр нь би зөвшөөрч дэлгүүрээс 0.33 литрийн Хараа архи 2 шилийг авч уусан. Тэгээд гадуур явах ажлаа хаяад гэр рүүгээ буцаж харьсан. Хадам аав тухайн үед нэлээн согтчихсон байсан тул надад “чи атаман гэл үү, би чамайг ална  шүү” гэж агсам тавиад байхаар нь би аргаад унтуулах гэхэд унтахгүй гал тогооны шургуулганаас хутга авах гээд байсан. Тэгж байснаа гэрээс гараад явахаар нь би ариун цэврийн өрөө орохоор явлаа гэж бодсон. Би тухайн үед эхнэртэйгээ юм яриад зогсож байсан ба эргээд харахад хадам аав гартаа хутга бариад зогсож байснаа миний баруун талын хүзүү хэсэгт хутгалсанаа “чамайг ална гэж хэсэн биз дээ” гэж хэлээд гэрээс гараад явсан. Миний хүзүүнээс их цус гарсан учир түргэн дуудсан” гэх мэдүүлэг /хх 18-19/,

 

Гэрч Г.Мөнгөншагайгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 15 цагийн орчим манай аав Г, нөхөр Банзрагч нар гаднаас архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн орж ирсэн. Манай аав “чи эхнэр, хүүхдээ битгий дээрэлхэж бай” гэж хэлсэн ба нэг нэгэнтэйгээ хэрэлдэж байснаа манай аав гал тогооны шургуулганаас хүрэн өнгийн иштэй хутгыг аваад манай нөхрийн хүзүүн тус газарт нэг удаа хутгалаад “бие заслаа” гэж хэлээд гэрээс гараад явсан. Манай нөхрийн хүзүүнээс их хэмжээний цус гарахаар нь би арчуураар дарсан боловч цус нь тогтохгүй байсан” гэх мэдүүлэг /хх 22-23/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны 5788 дугаартай:

“О.Банзрагчийн биед хүзүүнд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх 29-30/,

 

Шүүгдэгч Ө.Гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“2020 оны 05 дугаар сарын 11-ний өглөө дэлгүүрээс хүнсний зүйл аваад гэрт оруулж тавиад эргээд гарах гэхэд гэрээс хүргэн Банзрагч надтай хамт гарсан. Банзрагч бид хоёр гэрээс хамт гараад дэлгүүрээс 0.33 литрийн Хараа архи нэг шилийг авч хувааж уусан. Тэгээд гэртээ ирээд байж байх үед хүргэн Банзрагч Баянзүрх дүүргийн зах орно гэхээр нь би Банзрагчтай хамт гэрээс гарсан. Замдаа Банзрагч дахиад нэг шил уумаар байна, намайг архи аваад өг гэхээр нь бид дэлгүүрээс 0.33 литрийн Хараа архи авч, хүргэн Банзрагчтай хувааж уусан. Тэгээд бид хоёр гэр рүүгээ харих болоод замдаа явж байхдаа 0.75 литрийн Хараа архи нэгийг аваад гэртээ очих замд хүргэн Банзрагч танай охин мангар, таниар хүүхдээ харуулаад байхдаа яахав дээ гэж хэлээд манай охиныг доромжлоод байсан ба өмнө нь мөн ингэж хэлж байсан юм. Бид хоёр гэрт ороод авч ирсэн архиа хувааж уугаад би мах зүсэж идэж байхад Банзрагч хажууд ирээд суусан байхаар нь би айлгах санаатай хутгатай гараа дайлахад Банзрагч өөдөөс босч ирээд хүзүү хэсэгт нь хутгалсан. Хүргэн Банзрагчийн хүзүүнээс их хэмжээний цус гараад байхаар нь айсандаа гэрээс гараад явсан” гэх мэдүүлэг /хх 40-41/,

-Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 03/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Ө.Гын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 42/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 44/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 45/, шүүгдэгч, хохирогч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх прокурорт гаргасан хүсэлт /хх 59/ зэрэг нотлох баримтуудийг шинжлэн судлав.

 

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Ө.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ө.Г нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдлэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Ө.Гыг гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хүргэн О.Банзрагчийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хохирогч О.Банзрагч нь нотлох баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй байх ба шүүх хурлын тов мэдэгдэхэд “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэснийг үндэслэж шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

 

Шүүгдэгч Ө.Г нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдав.

 

Шүүгдэгч Ө.Г гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч О овогт Өийн Гыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Гыг хоёр зуун жаран цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ө.Год оногдуулсан хоёр зуун жаран цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагийн хугацаагаар тооцож хийлгэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн  улаан хүрэн өнгийн бариултай, бариулын урт 10 сантиметрийн урттай, хутганы ажлын хэсэг 11 сантиметрийн урттай, нийт урт 21 сантиметрийн урттай хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.

 

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Год хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Н.БААСАНБАТ