Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 2020/ШЦТ/166

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж, шүүгч П.Пагма, шүүгч Г.Намуунтуяа нарын бүрэлдэхүүнтэй

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

          Иргэдийн төлөөлөгч Д.Даваахүү

          Улсын яллагч Э.Хосбаяр

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд

          Хохирогчийн өмгөөлөгч Ц.Цэрмаа

      Шүүгдэгч Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

          Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Идэрбатаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ...... овогт Б-д холбогдох эрүүгийн 1921007890079 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

         Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...... оны ..... дугаар сарын ....-ны өдөр Дорнод аймгийн Гурванзагал суманд төрсөн, ...... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Дорнод аймгийн Гурванзагал сумын 2 дугаар баг, ...................... гэх газарт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ....... овогт Б. /РД: ................/

 

          Шүүгдэгч Б нь 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорнод аймгийн Гурванзагал сумын 2 дугаар багийн нутаг “Зуслан” гэх газарт байрлах иргэн Д.Ганзоригийн гэрт П-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний цээжний зүүн талд хутгалж эрүүл мэндэд нь цээжний зүүн талд өрц, ходоодны өмнөд ханыг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн нэвтэрсэн шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

        Шүүгдэгч Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө би мал руугаа яваад гэртээ ирэхэд П манай гэрт ирээд Ганзоригийн гэр рүү явъя гэхээр нь хамт явсан. Тэгээд бид нар сум руу очоод архи, пиво авч уусан. Би П маргалдсан...гэв.

 

          Иргэдийн төлөөлөгч Д.Даваахүү шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:...Энэ хүн хуулийн дагуу гэм буруутай нь тогтоогдож байна. Тийм учраас гэм буруутай гэж үзэж байна...гэв.

 

       Хохирогч П мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Б-д хандаж “би хонь зарж чадахгүй, надад миний мэдлийн хонь байх биш” гэж хэлсэн чинь Б над руу “чи арчаагүй юм ганц хонь зарчихаж чадахгүй” гэж уурласан. Тэгээд би гэр рүү орох гэхэд оруулахгүй намайг зуураад байсан. Тэгэхээр нь би түлхэж, гэрт ороод ор руу очиж байтал Б миний ар талаас зүүн суганы дээд хэсэг рүү хутгалчихсан. Ингээд би орон дээр унаад Ганзоригт хандан “намайг хулгалчихлаа” гэж хэлсэн чинь Ганзориг хутгалсан газрыг хараад Б-д хандаж “чи хүн хутгалчихлаа” гэж хэлээд миний шархыг бүсээр боогоод сумын эмнэлэгт аваачсан. ...миний хагалгааны зардлыг Б-н ар гэрийнхэн гаргаж байгаа гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх-ийн 18-25 тал/

 

Гэрч Д.Ганзориг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэгтэл гэнэт П “хутгалчихлаа” гэж дуу алдсан. Тэгээд намайг эргээд харахад П-н дух нь цус болчихсон байсан бөгөөд тэр үед Б гартаа хутга барьчихсан газар сууж байсан. ...Миний хоол хийж байгаад аяганы шүүгээн дээр тавьсан хүрэн иштэй хутгаар Б П-г хутгалсан. ...Тэр үед Б газар хөлөө жийж суугаад уйлаад байсан. Тухайн үед Б П-г алах гэж оролдон дайрч, довтолсон зүйл байхгүй...” гэжээ. /хх-ийн 26-28, 108-109 тал/

 

- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 672 тоот шинжээчийн дүгнэлтэд:

1. П-н биед цээжний зүүн талд өрц, ходоодны өмнөд ханыг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн нэвтэрсэн шарх, цээжний хөндийн дэх хий, шингэн хуралдалт, зүүн уушгины авчилт, зүүн уушгины гялтангийн наалдцат идээт үрэвсэл, зүүн 7-р хавирганы хэсэгчилж тайрч цонх гаргах мэс заслын дараах байдал, нарийн гэдэсний саажилт, их сэмж, нарийн гэдэсний наалдцат үрэвсэл, наалдцыг салгах, сэмж, гэдэс тайрах мэс ажилбар, духанд зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Хэрэг учрал болсон тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

5. Гэдэс тайрагдалт нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 4.11.56.8-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги 30% алдагдуулна” гэжээ. /хх-ийн 43-45 тал/

 

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7 тал/

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-11 тал/

- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-13 тал/

- Эд мөрийн баримтаар тооцох тухай Мөрдөгчийн тогтоол /хх-ийн 14 тал/

- Хохирогч П-н өвчний түүх /хх-ийн 46-47 тал/

- Шинжээч эмч Ц.Бадралын мэдүүлэг /хх-ийн 48 тал/

- Хохирогч П-н эмчилгээний залдалд гаргасан мөнгөн дүнгийн жагсаалт /хх-ийн 78-80 тал/

- Шүүгдэгчээс хохирогчийн эмчилгээний зардал төлсөн баримтууд /задгай/

- Б-ийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 35-36, 53-56, 110-111 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

Эд мөрийн баримтаар: Хүрэн өнгийн модон иштэй хутга 1 /нэг/ ширхэгийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч ........ овогт Б нь 2019 оны 11 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө согтуурсан үедээ Дорнод аймгийн Гурванзагал сумын 2 дугаар багийн нутаг “Зуслан” гэх газарт оршин суух иргэн Д.Ганзоригийн гэрт хохирогч П-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний цээжний зүүн талд хутгалж эрүүл мэндэд нь “цээжний зүүн талд өрц, ходоодны өмнөд ханыг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн нэвтэрсэн шарх, цээжний хөндийн дэх хий, шингэн хуралдалт, зүүн уушгины авчилт, зүүн уушгины гялтангийн наалдцат идээт үрэвсэл, зүүн 7-р хавирганы хэсэгчилж тайрч цонх гаргах мэс заслын дараах байдал, нарийн гэдэсний саажилт, их сэмж, нарийн гэдэсний наалдцат үрэвсэл, наалдцыг салгах, сэмж, гэдэс тайрах мэс ажилбар, духанд зүсэгдсэн шарх” гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгүүд, хохирогч П, гэрч Д.Ганзориг, Д.Отгонзул, шинжээч эмч Ц.Бадрал нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, хохирогч П-н өвчний түүх, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 672 тоот шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б-ид холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Идэрбатаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсийн 2.4-д заасан зэвсэг хэрэглэн, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Б-ийг зэвсэг хэрэглэн, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх  нөхцөл байдал болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.

 

Шүүгдэгч Б-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг журамлан, мөн хуулийн тусгайн ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар шүүгдэгчид 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Б-ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч П-н эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирогчид эмчилгээний болон бусад зардалд нийт 21.051.770 /хорин нэгэн сая тавин нэгэн мянга долоон зуун дал/ төгрөг төлсөн байх тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Харин хохирогч, түүний өмгөөлөгч нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

          Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрэн өнгийн модон иштэй хутга 1 /нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Б-ийн ................. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

         1. Шүүгдэгч ............ овогт Б-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан зэвсэг хэрэглэн, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

        2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг журамлан, мөн хуулийн тусгайн ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар шүүгдэгч Б-ийг 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

     3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бид оногдуулсан 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

         

      4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 21.051.770 төгрөгийг төлсөн бөгөөд бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрэн өнгийн модон иштэй хутга 1 /нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Б-ийн ................ тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.

         

     5. Хохирогч болон түүний өмгөөлөгч нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

         

       6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

         

    7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

    8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Л.БАТЖАРГАЛ

       ШҮҮГЧИД                         П.ПАГМА

                                                                                                        Г.НАМУУНТУЯА