| Шүүх | Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Базаргарьдын Сүхгомбо |
| Хэргийн индекс | 226/2017/00040/Э |
| Дугаар | 57 |
| Огноо | 2017-12-21 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Д.Отгонтуяа, |
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 57
2017 оны 12 сарын 21 өдөр 2017/ДШМ/57 Хэрлэн сум
Б.У-О-д холбогдох
эрүүгийн хэргийн талаар
226/2017/0040
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч О.Баатарсүх, Б.Сүхгомбо нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,
Нарийн бичгийн дарга: А.Цэрэндулам,
Прокурор: Д.Отгонтуяа,
Шүүгдэгч: Б.У-О нарыг оролцуулан
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Уянгын даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 164 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, ялтан Б.У-О-ын давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1739000580016 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Сүхгомбын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Хэнтий аймагт 1985 онд төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эм зүйч мэргэжилтэй, Хэрлэн сум 4 дүгээр баг А-55 байранд байрлах “Оргил” эмийн сангийн эрхлэгч, ам бүл 4, нөхөр хүүхдүүдийн хамт, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг 48 дугаар байр 11 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй гэх С овогт Б. У-О /РД: РФ85011500/
Б.У-О нь 2017 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Хэнтий аймгийн Батширээт сумын эмийн сангаас эм захиалж байна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрт байрлалтай “Хэнтий Монос” ХХК-ийн эмийн сангаас 80 төрлийн нийт 7.307.290 төгрөгийн эмийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт холбогджээ.
Хэнтий аймгийн Прокурорын газраас Б.У-О үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 164 дугаар шийтгэх тогтоолоор: С овогт Б. У-О-г залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар 3.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.500.000 /гурван сая таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-О-д оногдуулсан торгох ялыг 01 сарын хугацаанд буюу 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн дотор төлөхийг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.У-О нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.У-О нь давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхээс Б.У-О-д 3500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3500000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчимтай нийцэхгүй байна. Учир нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирлоо төлж, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бүрэн гүйцэд харгалзаж үзээгүй. Мөн хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой байсан. Би нөхөр, 4 хүүхдийн хамт амьдардаг. ХААН банкинд өндөр зээл төлдөг. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, 500000 төгрөгөөр торгож өгнө үү гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ Б.У-О-н эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх” хуулийн шаардлагыг бүрэн хангасан байна.
Б.У-О 2017 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Хэнтий аймгийн Батширээт сумын эмийн сангаас эм захиалж байна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрт байрлалтай Хэнтий Монос ХХК-ийн эмийн сангаас 80 төрлийн нийт 7.307.290 төгрөгийн эмийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Иргэний нэхэмжлэгч Ч.Түмэнжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: “Монос” Хэнтий ХХК-ийн ажилчин Л.Батцэцэг, О.Энх-Уянга нар нь 2017 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Батширээт сумын эмийн сангаас 80 төрлийн 7307290 төгрөгийн эм захиалж авсан гэж надад хэлсэн. Тэгээд бүртгэлээ бусад эм захиалсан байгууллагуудтай тулгаж үзэхэд сэжигтэй зүйл илэрсэн. Ууган-Оргил нь урьд нь “Монос” ХХК-д ажилладаг байсан. Батширээт сумын эмийн сан нь ямар ч эм захиалаагүй болохыг бид нар утсаар ярьж мэдсэн ... гэх /хх-7-9 х/,
Гэрч Л.Батцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: Батширээт сумын эмийн сангаас ярьж байна гэж танай байгууллагаас эм захиалах гэсэн юм гээд нийт 7307290 төгрөгийн эм захиалсан. Нэг эмэгтэй хүн утсаар ярьсан. Дараа нь Батширээт сумын эмийн сан эм захиалаагүй болохыг нь мэдсэн ...гэх /хх-10-13 х/,
Гэрч Энх-Уянгын мөрдөн байцаалтад өгсөн: 98122065 дугаарын утаснаас Батширээт сумын эмийн сангаас ярьж байна гээд нийт 80 төрлийн 7307290 төгрөгийн эм захиалсан. Дараа нь бид нар эмийн сангаас асуухад “бид нар ямар ч эм захиалаагүй” гэсэн ... гэх /хх-14-16 х/,
Гэрч Б.Амгаланбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: 2017 оны 8 дугаар сарын 05-ны өдөр эгч Б.У-О утсаар ярихдаа “чи Батширээт сум руу явах гэж байгаа бол сумын төвд эмийн санд хүргэх эм ачаад явчих” гэсэн. Бас Батширээт сумын төвд байдаг “Аралтай Онон” эмийн сангийн эмийг хамт аваад явчих гэсэн ... гэх мэдүүлгүүд /хх-25 х/ эд мөрийн баримтаар хураан авсан тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-43-57 х/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-50-57, 72 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогджээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг анхан шатны шүүх хэрэгт ач холбогдолтой, хамааралтай, хууль ёсны эсэхийг шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсны үндсэн дээр Б.У-О-н үйлдсэн гэмт хэргийн бодит нөхцөл байдалд нийцсэн хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.
Б.У-О-г анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, мөн түүний хувийн байдлыг нь харгалзаж анхан шатны шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг багасгах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
Нэг. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 164 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “3.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.500.000 /гурван сая таван зуун мянган/ төгрөгөөр торгох” гэснийг “1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох” гэж, 3 дахь заалтын “01 сарын хугацаанд буюу 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн дотор төлөхийг даалгаж” гэснийг “1 /нэг/ жилийн дотор хэсэгчлэн төлөхийг” гэж тус тус өөрчлөн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
Хоёр. Тус шүүхэд эд мөрийн баримт болон бичиг баримт ирээгүй болохыг дурдсугай.
Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ДЭНСМАА
ШҮҮГЧИД О.БААТАРСҮХ
Б.СҮХГОМБО