Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 122/2021/0009/З |
Дугаар | 221/МА2021/0561 |
Огноо | 2021-10-22 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 221/МА2021/0561
Х.Т-гийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгч Х.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, М.О нарыг оролцуулан онлайнаар хийсэн хуралдаанаар, Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 16 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Х.Т-гийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 15 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, 46 дугаар зүйлийн 46.2.5, 65 дугаар зүйлийн 65.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Т-гаас Сүхбаатар аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан Сүхбаатар аймгийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Б/09 дүгээр Х.Т-гийг албан тушаалаас чөлөөлөх тухай захирамжийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож, Х.Т намайг Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Х.Т давж заалдах гомдолдоо: Маргаан бүхий актад Төрийн албаны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5 дахь заалтыг үндэслэн Төрийн албаны салбар зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 51 тоот мэдэгдлийн дагуу Төрийн албаны тухай хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй гэж намайг албан тушаалаас чөлөөлсөн.
Төрийн албан тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т “Эрх бүхий этгээд нь энэ хуулийн 32.1-д заасан мэдэгдлийг заавал биелүүлж, авсан арга хэмжээний талаар 14 хоногийн дотор хариу мэдэгдэнэ”, 32.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага энэ хуулийн 22, 23, 26, 27, 28, 31 дүгээр зүйлд заасныг зөрчсөн эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгож, буруутай албан тушаалтныг үүрэгт ажлаас чөлөөлөх мэдэгдлийг томилох эрх бүхий этгээдэд хүргүүлнэ” гэж тус тус заасан.
Маргаан бүхий захиргааны актад Төрийн албаны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан “...энэ хуулийн 22, 23, 26, 27, 28, 31 аль зүйл, заалтыг зөрчсөн талаар тодорхой заагаагүй ба Төрийн албаны салбар зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 51 тоот мэдэгдэлд ч тодорхой заагаагүй байна.
Гэтэл шүүх “...Х.Т нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” гэж төрийн албан хаагчийн хуулиар тогтоосон нийтлэг үүргийг болон ... төрийн албаны Сүхбаатар аймаг дахь салбар зөвлөлийн 2020 оны 23 дугаар тогтоолыг биелүүлээгүй нь хуулийн 27.3-д “Энэ хуулийн 27.1-д заасан тохиолдолд томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагаас санал болгосон нэр дэвшигчийг холбогдох албан тушаалд томилно...” 65 дугаар зүйлийн 65.6-д “Зөвлөл эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол гаргана. Зөвлөлийн шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлнэ” гэж заасныг зөрчсөн гэж үзэхээр байх тул аймгийн Засаг дарга захирамжаараа албан тушаалаас чөлөөлж шийдвэрлэсэн нь Төрийн албаны тухай хуульд нийцэж байна” гэж дүгнэсэн.
Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна” гэж заасан. Шүүхийн дүгнэснээр Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 65 дугаар зүйлийн 65.6-д заасныг зөрчиж төрийн албан хаагчийн хуулийг сахин биелүүлэх үүргээ, мөн Төрийн албаны салбар зөвлөлийн тогтоолыг биелүүлээгүй, маргаан бүхий актад дурьдсанаар “...Төрийн албан тухай хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй...” гэж үзвэл Төрийн албаны тухай хуулийн 32 дугаар зүйлийг биш 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасны дагуу сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулах байсан учир захиргааны маргаан бүхий уг акт нь хууль зүйн үндэслэлгүй гарсан гэж үзэхээр байна.
Мөн Төрийн албаны салбар зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 51 тоот мэдэгдэл нь Төрийн албаны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2-д заасныг үндэслээгүй, энэ талаар мэдэгдэлд дурьдаагүй, ажлаас чөлөөлөх талаар заагаагүй. Харин салбар зөвлөлийн 2020 оны 23 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах талаар холбогдох арга хэмжээг авахыг л мэдэгдсэн. Энэхүү мэдэгдлийг хариуцагч аймгийн Засаг дарга нь ажлаас чөлөөлөх мэдэгдэл гэж шууд үзэж ажлаас чөлөөлөх шийдвэрийг гаргасан. Гэтэл шүүх уг мэдэгдлийн агуулгыг Төрийн албаны салбар зөвлөлөөс тодруулах, холбогдох нотлох баримтыг гаргуулах зэрэг мөрдөн шалгах үүргээ хэрэгжүүлээгүй.
Төрийн албаны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 нь 32.1-т заасан Төрийн албаны тухай хуулийн 22, 23, 26, 27, 28, 31 дүгээр зүйлд заасныг зөрчиж шийдвэр гаргасан тохиолдолд хэрэглэхээр байна. Би Төрийн албаны хуулийн дээрх зүйл заалтаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй болно.
Төрийн албаны салбар зөвлөлийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн мэдэгдлийг хүлээн аваад нэр дэвшигч П.Б-гийг томилох гэсэн боловч уг албан тушаал дээр үүрэг гүйцэтгэж байсан С.Д нь хавдар өвчтэйн улмаас захиргааны чөлөө аваад Улаанбаатар хот руу оношилгоо эмчилгээнд явсан байсан учир ажлыг хүлээлцэх боломжгүй байсан. Энэ тухай нэхэмжлэлдээ ч бичсэн. Мөн энэ хугацаанд нэр дэвшигч П.Б-гаас ажилдаа орох хүсэлт, гомдол ирээгүй, өөрөө өмнөх ажлаа хийж байсан учраас нэг салбарт хамт ажиллаж байсан ажилтанаа өвчтэй байх үед нь шууд чөлөөлөх боломжгүй байсан. Ирэхээр нь С.Дархиаг чөлөөлж П.Б-гийг ажилд нь томилох байсан. Нэр дэвшигч П.Б-гийг хохироох ямар нэгэн хувийн болоод бусад албаны ашиг сонирхол надад байгаагүй.
Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 65.6-д заасныг зөрчиж төрийн албан хаагчийн хуулийг сахин биелүүлэх үүргээ, мөн Төрийн албаны салбар зөвлөлийн тогтоолыг биелүүлээгүй нь маргаан бүхий актад дурьдсанаар “...Төрийн албаны тухай хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж ажиллааагүй...”-ээс бодитоор учирсан гэм хор, хохирол тогтоогдоогүй байхад, мөн Төрийн албаны төв байгууллагаас 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 01/738 тоот ажлаас чөлөөлөх мэдэгдэл ирүүлээгүй байхад маргаан бүхий шийдвэрийг гаргах үүрэг, шаардлага хуулиар бий болсон гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй.
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Төрийн албаны салбар зөвлөлийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 36 тоот албан бичгээр Төрийн албаны тухай хуулийн 32.1-т заасны дагуу хариуцлага тооцуулахаар мэдэгдэл хүргүүлнэ гэж мэдэгдсэнээр түүнийг ямар үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа талаар өмнө нь мэдэгдсэн гэж, мөн хэрэгт авагдсан 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн захиргааны шийдвэр танилцуулах хуудсанд шийдвэрийн төсөлтэй танилцахаас татгалзсан гэж тусгасан зэргээс сонсох ажиллагаа хийгдээгүй гэж үзэхээргүй байна” гэжээ.
Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу надад ажлаас чөлөөлөх үндэслэлтэй холбоотой ямар ч сонсох ажиллагаа хийгээгүй, сонсох ажиллагаа хийсэн гэх ямар ч баримт нотолгоо байхгүй. Гэтэл аймгийн Засаг дарга Төрийн албаны салбар зөвлөлийн мэдэгдлийг үндэслэн ажлаас чөлөөлөхдөө зөвхөн нэг талын баримт мэдээлэлд үндэслэн эрх ашиг нь хөндөгдөж байгаа оролцогчоос хариу тайлбар, санал авахгүйгээр оролцогчийн эрхийг зөрчиж шийдвэр гаргасан байхад, сонсох ажиллагаа явуулсан гэж нотлох баримтгүй үндэслэлгүйгээр шүүх дүгнэлт хийсэн.
Төрийн албаны салбар зөвлөлийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 36 тоот албан бичгийг аймгийн Засаг даргын шийдвэрийн сонсох ажиллагааны мэдэгдэл гэж шүүх дүгнэж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.4-т заасныг зөрчсөн.
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Төрийн албаны тухай хуулиар Төрийн албаны зөвлөлд олгосон бүрэн эрхийн хүрээнд хуулийн 32.1, 32.2-т заасан мэдэгдлийг Төрийн албаны салбар зөвлөл аймгийн Засаг даргад хүргүүлэх эрх хэмжээгүй гэж үзэх үндэслэлгүй, энэ талаар маргаж байгааг шүүх хүлээн авах боломжгүй” гэжээ. Төрийн албаны хүнийн нөөцийн удирдлагатай холбогдсон зөрчил, маргааныг шийдвэрлэх, хууль зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох, буруутай этгээдийг ажлаас чөлөөлөх, хариуцлага тооцох бүрэн эрхийг Төрийн албаны төв байгууллага хэрэгжүүлэхээр зохицуулагдсан гэж ойлгохдохоор байна.
Тухайлбал, 2002 оны Төрийн албаны тухай хууль мөрдөгдөж байсан Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 128 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн ажиллах журам” 1.1-д Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл нь Төрийн албаны тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэмд заасан төрийн албаны хүний нөөцийн удирдлагатай холбогдсон Төрийн албаны зөвлөлийн бүрэн эрхийг хэрэгжүүлж, төрийн үйлчилгээг үзүүлэх чиг үүрэг бүхий яам, агентлаг, аймаг, нийслэлийн хэмжээнд ажиллах Төрийн албаны зөвлөлийн зохион байгуулалтын бүтцийн салбар нэгж мөн” гэсэн зохицуулалттай байсан.
Төрийн албаны тухай хууль 2017 онд шинэчлэн батлагдсан. Үүнтэй нийцүүлж гарсан Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 59 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн албан зөвлөлийн салбар зөвлөлийн ажиллах журам”-ын 1.2т “Салбар зөвлөл нь Төрийн албаны тухай хууль, “Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм”, холбогдох бусад журам, дүрэмд заасан чиг үүргийг Төрийн албаны зөвлөлийн бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлнэ” гэж заасан байна. Дээрх зохицуулалтаас харахад хуучин зохицуулалтаар салбар зөвлөл нь Төрийн албаны зөвлөлийн чиг үүргийг орон нутагт бүрэн хэрэгжүүлэх эрхтэй байсан бол одоогийн зохицуулалтаар зөвхөн хууль дүрэм, журамд заасан чиг үүргээ Төрийн албаны зөвлөлийн бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлж, Төрийн албаны зөвлөлд дэмжлэг үзүүлэх үүрэгтэй байхаар зохицуулсан байна. Өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2-т заасан бүрэн эрхийг зөвхөн Төрийн албаны зөвлөл хэрэгжүүлэхээр хоёрдмол утгагүй зохицуулсан байна.
Иймээс ажлаас чөлөөлөх мэдэгдлийг зөвхөн Төрийн албаны зөвлөл өгөхөөр байна. Мөн Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 59 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн ажиллаж журам”-ын 3 дахь хэсэгт заасан Салбар зөвлөлийн хэрэгжүүлэх чиг үүрэгт мэдэгдэл хүргүүлэх нарийвчилсан зохицуулалт байхгүй байна. Иймээс шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.
Дээр дурдсан үндэслэлүүдээр шүүх хэрэглэх ёстой хулуийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүйн дээр, шүүх шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй байхад хэргийг хянан шийдвэрлэж, мөрдөн шалгах үүргээ бүрэн хэрэгжүүлсэнгүй гэж үзэж байгаа тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Нэхэмжлэгч Х.Т-гаас Сүхбаатар аймгийн Засаг даргад холбогдуулан “...Сүхбаатар аймгийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн “Х.Т-гийг албан тушаалаас чөлөөлөх тухай” Б/09 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Х.Т намайг Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах...” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.
Төрийн албаны зөвлөлийн Сүхбаатар аймаг дахь салбар зөвлөлийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 23 дугаар тогтоолоор төрийн албаны тусгай шалгалт өгч 78.3 оноогоор тэнцсэн П.Б-гийг Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын байгаль орчин, ногоон хөгжлийн салбарын бодлогын хэрэгжилт, усны нөөцийн ашиглалт, хамгаалалт, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, хүний нөөц хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлж, томилох эрх бүхий этгээд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Х.Т-т санал болгож, улмаар Х.Т-гаас 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 219 дугаар албан бичгээр нэр дэвшүүлж санал болгосон П.Б-гийг тус албан тушаалд томилох боломжгүй гэж татгалзаж, үүнтэй холбоотойгоор Төрийн албаны зөвлөлийн Сүхбаатар аймаг дахь салбар зөвлөлийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 36 дугаар албан бичгээр “...тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллаагүй тохиолдолд таныг томилсон эрх бүхий албан тушаалтан аймгийн Засаг даргад Төрийн албаны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т заасны дагуу хариуцлага тооцуулахаар мэдэгдэл хүргүүлнэ...” гэсний дагуу мэдэгдэл хүргүүлж, улмаар маргаан бүхий Сүхбаатар аймгийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Б/09 дүгээр захирамжаар Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Х.Т нь Төрийн албаны салбар зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 51 тоот мэдэгдлийн дагуу Төрийн албаны тухай хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй гэж 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж шийдвэрлэжээ.
Төрийн албаны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага энэ хуулийн 22, 23, 26, 27, 28, 31 дүгээр зүйлд заасныг зөрчсөн эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгож, буруутай албан тушаалтныг үүрэгт ажлаас чөлөөлөх мэдэгдлийг томилох эрх бүхий этгээдэд хүргүүлнэ”, гэж, 32.2-т “Эрх бүхий этгээд нь энэ хуулийн 32.1-д заасан мэдэгдлийг заавал биелүүлж, авсан арга хэмжээний талаар 14 хоногийн дотор хариу мэдэгдэнэ” гэж зааснаас үзвэл, төрийн албаны төв байгууллагын шийдвэрийг заавал биелүүлж, мэдэгдлийн дагуу арга хэмжээ авахыг эрх бүхий албан тушаалтанд үүрэг болгосон зохицуулалт бөгөөд хариуцагч аймгийн Засаг даргаас Төрийн албаны салбар зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 51 тоот мэдэгдэлд үндэслэн Х.Т-гийг үүрэгт ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцсэн.
Учир нь Төрийн албаны зөвлөл нь хараат бус, бие даасан байгууллага бөгөөд ажлын алба, салбар зөвлөл, сургалт судалгаа, мэдээллийн нэгдсэн сангийн нэгжтэй байгууллага бөгөөд Төрийн албаны зөвлөл эрх хэмжээний хүрээнд тогтоол гаргаж, түүний шийдвэрийг аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Х.Т заавал биелүүлэх үүрэгтэйг Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлд зохицуулсан тул нэхэмжлэгчийн “...ажлаас чөлөөлөх мэдэгдлийг зөвхөн Төрийн албаны зөвлөл өгөх тул ... шүүх хуулийг буруу тайлбарласан...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
Тодруулбал, Төрийн албаны тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.11-д “төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалт /тухайн албан тушаалын/-ыг зохион байгуулах, арга зүйн удирдлагаар хангах, төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах, холбогдох журмыг батлах” гэж зааснаар Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолын 7 дугаар зүйлийн 7.2-т “Зөвлөл, Салбар зөвлөл нь сонгон шалгаруулалтын тайланг хянаж, шалгалтаар хамгийн өндөр оноо авсан иргэнийг албан тушаалын сул орон тоонд томилуулахаар нэр дэвшүүлнэ”, 7.3-д Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан удирдах албан тушаалд нэр дэвшигчийг томилохоос нэг удаа татгалзаж болно. Энэ тохиолдолд татгалзсан үндэслэлийг Зөвлөл, харъяалах Салбар зөвлөлд 14 өдрийн дотор албан бичгээр ирүүлнэ, 7.5-д “Нэр дэвшигчийг томилохоос татгалзсан үндэслэл хуульд нийцээгүй бол энэ тухай Зөвлөл, Салбар зөвлөл эрх бүхий байгууллага, албан тушаалтанд энэ журмын 7.2-т заасан шийдвэрийг биелүүлэхийг даалгана” гэж тус тус зааснаар Салбар зөвлөлөөс журмын дагуу иргэн П.Б-гийг Байгаль орчин, аялал жуулчлалын газрын байгаль орчин, ногоон хөгжлийн салбарын бодлогын хэрэгжилт, усны нөөцийн ашиглалт, хамгаалалт, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, хүний нөөц хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд томилохоос татгалзсан Х.Т-гийн татгалзлыг хянаж, хуульд нийцээгүй гэж 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 36 тоот албан бичгээр тус зөвлөлийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 23 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж, хариу ирүүлэхийг нэхэмжлэгч Х.Т-т даалгасан байхад түүнийг биелүүлээгүй зөрчлийг шүүхээс зөвтгөж, нэхэмжлэлийг хангах боломжгүй юм.
Мөн нэхэмжлэгчээс “...хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй гэж үзвэл, Төрийн албаны тухай хуулийн 32 дугаар зүйлийг биш, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасны дагуу сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулах байсан...” гэх үндэслэлээр маргаан бүхий Б/09 дүгээр захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй, учир нь маргаан бүхий захиргааны актаар Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийг баримталж нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулаагүй, харин мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь заалтыг баримталж, Төрийн албаны салбар зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр ирүүлсэн 51 дүгээр мэдэгдлийн дагуу ажлаас халсан байх тул шүүх захиргааны актын хуулийн үндэслэлд дүгнэлт өгч хэрэг маргааныг шийдвэрлэх учиртай тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй.
Иймд нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох болон өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 16 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48.3 хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН