Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 570

 

 

Х.Дулмаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2016/01398 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Х.Дулмаагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Ганхөлөгт холбогдох

 

Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 57 дугаар байр, 26 тоот, 2 өрөө орон сууцыг Б.Ганхөлөгийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хонгорзулын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хандармаа,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хонгорзул,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Дулмаа нь Япон улсын иргэн Нишино Ёошимасагийн эзэмшилд байсан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 57 дугаар байр, 26 тоот, 2 өрөө байрыг 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр худалдан авч, охин Э.Байгалмаа байрны мөнгийг бүрэн төлж, өөрийн нэр дээр шилжүүлсэн. Гэтэл тус байрыг түрээслэн амьдарч байгаа Б.Ганхөлөг нь энэ байрыг 5 жил түрээслэж байгаа, надаас зөвшөөрөл авах ёстой гээд байрыг чөлөөлж өгөхгүй байна. Иймд Б.Ганхөлөгийг Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул голын гудамж, 57 дугаар байр, 26 тоот байрнаас албадан гаргаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Ганхөлөг нь Япон улсын иргэн Нишино Ёошимасатай Хан Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр /17041/, Туул гол гудамж 57 дугаар байр 26 тоот, Ү-2206017703 дугаар улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг худалдан авч, төлбөрийг cap бүр төлж, төлбөр дууссаны дараа уг орон сууцыг Б.Ганхөлөгийн өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцож 2012 оноос хойш cap бүр байрны төлбөр төлж байсан. Иргэн Х.Дулмаа нь шүүхэд нэхэмжлэл гаргахад Б.Ганхөлөг нь Хан Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамж 57 дугаар байр 26 тоот, Ү-2206017703 дугаар улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг Япон Улсын иргэн Нишино Ёошимаса нь иргэн Х.Дулмаад 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлсэн болохыг мэдсэн. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Б.Ганхөлөгийн хууль бус эзэмшлээс Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 57 дугаар байр, 26 тоот, 2 өрөө орон сууцыг албадан чөлөөлж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хонгорзул давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ дараах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдаа гаргаж, хариуцагчийн эрхээ эдлэх боломжийг хангаагүй. Хариуцагч Б.Ганхөлөгөөс шүүх хуралдаан болох өдөр буюу 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Г.Батхуягт өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулахаар итгэмжлэл олгосон. Шүүх хуралдаанд Г.Батхуяг нь хэргийн материалтай танилцах хүсэлтийг гаргахад шүүх 10 минут танилцах хугацааг олгосон нь шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан эрхийг шүүх хязгаарласан. Мөн хэргийн материалтай танилцаж нотлох баримт гаргах, эрх, үүргээ хэрэгжүүлэх, сөрөг нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа нотлох зорилгоор нотлох баримт цуглуулах, гаргаж өгөх зэрэг хоорондоо хамааралтай эрх, үүргийг хэрэгжүүлэх боломжийг хязгаарласан. Хэргийн материалтай танилцах эрхийг хангахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой алдаа төдийгүй, шүүх хэргийг шуурхай шийдвэрлэнэ гэхээсээ илүүтэй хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн болно. Хэргийн материалтай хэлбэр төдий танилцуулж, хариуцагчийн эрхийг хязгаарлаж, улмаар нэхэмжлэгчийн талд шийдвэр гарч байгаад шүүх хүний эрхийн баталгаа бус харин хүний эрхийг хязгаарлах ухаалаг бус байгаагийн илрэл юм.

Шүүх хурлын өдөр хариуцагчийн төлөөлөгч эрх, үүрэгтэй танилцсан ба эрх, үүргээ хэрэгжүүлэх боломжоор хангаагүй. Түүнчлэн шүүх хуралдааны тэмдэглэл, бичлэгээс үзвэл нэг тал буюу нэхэмжлэгч тал ганцаараа ярьж, хэргийн материалтай танилцаагүй хариуцагч тал мэтгэлцэж чадаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан шүүх хуралд мэтгэлцэх зарчим хэрэгжээгүй. Хариуцагчаас зөвхөн хэргийн материалтай танилцаагүй гэх тайлбарыг гаргаж байсан болохыг хурлын тэмдэглэлээс харж болно. Нотлох баримт хангалттай бүрдээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна. Иргэн Х.Дулмаагийн нэр дээр хэрхэн шилжсэн талаар баримт байхгүй, шүүх урьдчилан шийдвэрээ гаргаж, зөвхөн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнд үндэслэсэн байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “хариуцагч нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж чадаагүй” гэж дүгнэсэн бөгөөд төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, нотлох үүргээ хэрэгжүүлэх боломжийг олгоогүй, хэргийн материалтай танилцуулаагүй атлаа шүүхийн энэхүү дүгнэлт нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй болно. Хариуцагч талаас удаа дараа шүүх хуралдааныг хойшлуулаагүй, харин анхны шүүх хуралдаанд хүсэлт гаргахад эрхийг нь хязгаарласанд гомдолтой байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангажээ.

 

            Нэхэмжлэгч Х.Дулмаа нь хариуцагч Б.Ганхөлөгт холбогдуулан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 57 дугаар байр, 26 тоот, 2 өрөө орон сууцыг Б.Ганхөлөгийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхээр шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

                                                                                                                                      

Нэхэмжлэгч Х.Дулмаа нь маргааны зүйл болох Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамж 57 дугаар байр, 26 тоот, 55.55 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг худалдан авч өмчлөх эрхээ 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлэн өмчлөх эрхийн Ү-2206017703 дугаарт бүртгэж гэрчилгээ авснаар тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болсон тухай үйл баримт тогтоогдсон байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж шүүх дүгнэж Х.Дулмаагийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болохыг Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар зохицуулжээ.

 

Нэхэмжлэгчийн орон сууц өмчлөх эрхийг хууль бус гэж үзэх нөхцөл байдал хэргийн үйл баримтаар тогтоогдоогүй, хариуцагч нь орон сууцыг Япон улсын иргэн Нишино Ёошимасагаас худалдан авч, төлбөрийг сар бүр төлж, төлбөр дууссаны дараа уг орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцож, 2012 оноос хойш сар бүр байрны төлбөрт мөнгө төлсөн гэх нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотолж чадаагүй байна.

 

Түүнчлэн шүүх нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээж авч, 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэж, 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн шүүгчийн захирамжаар хариуцагчийг албадан ирүүлж 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулж, хариуцагчид эрх, үүргийг тайлбарлан өгч, хариу тайлбар, нотлох баримтаа гаргах боломжит хугацааг тогтоосон байх тул түүнийг тайлбар, нотлох баримтаа гаргах эрхээ хэрэгжүүлэхэд шүүх саад болсон гэж үзэх үндэслэлгүй.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд хэргийн материалтай танилцаж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг гаргасан бөгөөд шүүх уг хүсэлтийг хангаж шийдвэрлэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хэргийн материалтай танилцах боломжоор хангасан үйл баримт шүүх хуралдааны тэмдэглэл болон хүсэлт шийдвэрлэх тухай 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн шүүгчийн захирамжаар тогтоогдож байх тул хэргийн материалтай танилцах эрхээр хангаагүй хэргийг шийдвэрлэсэн гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2016/01398 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.ЭНХТӨР

 

                                         ШҮҮГЧИД                                      Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                              Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ