Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 972

 

 

 

 

 

 

   2020        05         25                                   2020/ШЦТ/972

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

          шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбадрал,

          улсын яллагч Ч.Батбаатар,

          шүүгдэгч О.Онарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан М овогт О.О-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2003 00258 0154 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн, М овогт О.О

          Холбогдсон хэргийн талаар:

          О.Онь 2020 оны 03 дугаар сарын 17-ны орой 23 цаг 16 минутын орчимд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 805 дугаар ангийн урд замд “Тоёота Раум” маркийн 94-43 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.3-т заасан “Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож, энэ дүрмийн 16.1, 16.2-т заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Ч.У ыг мөргөж эрүүл мэндэд нь нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.О мэдүүлэхдээ: 2020 оны 03 дугаар сарын 17-ны  өдөр ажил дээрээ рекламын бичлэг хийгээд орой 23 цаг хүртэл ажил дээрээ байж байгаад ажлаасаа гараад явах гэж байхад манай туслан гүйцэтгэгч компанийн ажилтан явах гэж байхаар нь би “машингүй явж байгаа юм уу хаашаа явах юм бэ” гэсэн чинь тэр залуу “Сансарын 805 тэнд байдаг” гэхээр нь би “цуг явах уу” гээд хамт явсан. Тэр хүнийг гэрийнх нь гадаа буулгаад төв замын зүүнээс баруун чиглэл рүү 805 гэрлэн дохионы урд зогсож байгаад ногоон асах үед хөдөлгөөнд оролцож эхэлсэн. Тэгээд би 1 дугаар эгнээнд явж байхад 2, 3 дугаар эгнээний машин хөдлөөд би бага зэрэг хоцорч хөдөлгөөнд оролцсон. Явган зорчигчийг анзаарч хараагүй. 2 болон 3 дугаар эгнээнд явж байсан машин нар хурдаа хасах үйлдэл хийгээгүй. Тэдгээр машинуудын тоормосны гэрэл гарсан бол жолооч хүний хувьд хараад дагаж тоормос гишгэх байсан. Мөн бага зэргийн цас орсон байсан болохоор гулгаад хохирогч Уламбаярыг шүргэж гэмтээсэн. Машинаасаа сандарч буугаад цагдаа болон түргэн рүү дуудлага өгсөн. Цагдаа, түргэний машин ирэх хүртэл замын хөдөлгөөнд саад болохгүй гэж байж байсан. Тухайн гарц нь дээр шүргэх мөчид хохирогч гартаа нэг архи согтууруулах ундааны зүйл барьсан байж байгаад миний машины салхины шилийг цохиод хагалсан. Цагдаагийн болон түргэний машин ачаалал ихтэй учраас 20-30 минут удаж ирсэн. Түргэний машин ирээд хохирогчийг аваад явсан. Цагдаагийн бие бүрэлдэхүүн ирээд хэмжилт хийгээд ажлаа дуусгахаар нь би Гэмтэл согог судлалын төв рүү хохирогчийн ардаас нь очсон. Би хохирогчид “танд гэмтэл учруулсан болохоор хэрэгтэй зүйлээ надад хэлээрэй” гэж хэлсэн. Осол болсны маргааш нь хохирогчийн хүү намайг хохирогчтой уулзуулаагүй. Хүү нь надад “би чам руу утасны дугаар, өрөөний дугаарын явуулна” гээд өгөөгүй. Сүүлд цагдаагийн байгууллагад гаргасан баримтын харахад хохирогч Гэмтэл, согог судлалын эмнэлэгт 1 хоносон байсан. Хүү нь надад 2-3 хоног хоносон гэж худал хэлсэн. Би хохирогчид 389.000 гаруй төгрөгийн хохирол төлбөр төлсөн. Үлдсэн хохирол төлбөрийг нь баримтаар нэхэмжилсэн мөнгийг өгнө гэсэн бодолтой байна. Хохирогчийн гаргаж өгсөн баримтад идэж, уух, ус, ундааны баримт мөн эмчилгээний зориулалттай биш эрүүл мэндийн эмийн баримт, бензиний баримт өгснийг төлж барагдуулахгүй. Хохирогч хувиараа таксинд явдаг гэсэн. Таксины орлогоо дансаар авсан хуулгаа баримтаар өгсөн байсан. Тэр дансны хуулгад ямар зорчигч 5000 төгрөгөөс доош зайд зорчсон бол бэлнээр авдаг. Хохирогч болохоор би сард 900.000 гаруй төгрөг авдаг гэж нэхэмжилсэн. Мөн хүүхдүүд нь бүгд машинтай бас хүүхдүүдээсээ авсан мөнгийг оруулсан гэсэн. Тухайн өдөр би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, хохирогч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Цагдаагийн бие бүрэлдэхүүн согтуурлын зэргийг тогтооход 1.8 бүхэл согтолттой гарсан. Явган зорчигчийн эрх үүрэгт замын хөдөлгөөнд оролцохдоо явган зорчигч архи согтууруулах ундаа хэрэглэсэн байж болохгүй гэсэн зүйл заалт байдаг. Миний сүүлд бүрдүүлж өгсөн баримтад би өөрийгөө сайн дурын ажил хийдгийг нотлох үүднээс энэ баримтыг бүрдүүлж өгсөн. Би сайн дурын ажлаараа Нийслэлийн авто тээврийн газрын папараци траффик гэсэн групп байдаг. Энэ групп нь жолооч нарыг замын хөдөлгөөнд соёлтой оролцъё, эерэг хандлагатай болох түгжрэлийг бууруулах зэрэг сайн дурын админы ажил хийдэг. Үүндээ ямар нэгэн цалин хөлс авдаггүй. Нийгмийн сайн сайхны төлөө иргэн хүний хувиасаа гаргаж байгаа хувь нэмэр гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 4-9, 14 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ч.У ын өгсөн: ...2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 23 цаг өнгөрч байхад 805 дугаар ангийн ертөнцийн зүгээр урд талд байрлах гэрлэн дохиогоор гараад замын урд байрлах дэлгүүрээс ойр зуурын юм авчихаад буцаад 805 дугаар ангийнхаа урд байрлах гэрлэн дохиогоор явган хүний гарцаар явган хүний гэрлэн дохио асахаар нь засмал замын урдаасаа хойшоо чиглэлтэй ганцаараа зам гарч явж байхад 1 дүгээр эгнээнд явж байсан ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлд явж жижиг суудлын машин намайг мөргөж гэмтээсэн. Би авто осолд орсноос болж миний баруун хөлийн шаант ясны булууны үе дайрч бяцарсан зөрөө багатай хугарал, тахилзуур ясны дунд хэсгийн зөрөөтэй хугарал гэмтэл авсан. Гэмтлийн эмнэлэгт 2020.03.17-2020.03.19-ний өдөр хүртэл хэвтэн эмчлүүлээд эмнэлгээс гарсан. Одоогоор гэрээр эмчилгээ хийлгэж байна. Одоо биеийн байдал босч явж чадахгүй хэвтэрт байгаа. Би ор хоногийн мөнгө болон эмчилгээнд мөнгөнд намайг мөргөсөн жолоочоос 220.000 төгрөг гаргуулж авсан. Цаашид гарах эмчилгээний мөнгөө жолоочоос нэхэмжилнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 56-58 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 3765 дугаартай шинжээчийн:

1. Ч.У ын биед баруун шаант яс булууны үе дайрч бяцарсан зөрөө багатай хугарал, тахилзуур ясны дунд хэсгийн зөрөөтэй хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Б.Даваасүрэн гэх дүгнэлт /хх-ийн 65-66 дугаар тал/,

Тээврийн цагдаагийн албаны 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 201 дугаартай шинжээчийн:

1. Осол хэргийн материалд ирсэн зам тээврийн осол хэргийн газрын үзлэг, тэмдэглэл, хэмжилтийн схем зураг, фото зургийн үзүүлэлт, зам орчны байдал, тээврийн хэрэгслийн ослын дараах зай, байрлал, хохирогч автомашинд мөргөгдөөд шидэгдсэн зай, гэрчийн мэдүүлэг, хүний биед хийсэн Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 3765 дугаартай дүгнэлт, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн дүгнэлт зэргийг үндэслэхэд Т.Раум маркийн 94-43 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Отгонтуяа овогтой О  нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь заалт “Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож, энэ дүрмийн 16.1, 16.2-т заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ” гэснийг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч Чойгив овогтой Уламбаяр нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг заалт зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан хэмжилтийн схем зураг, фото зургийн үзүүлэлтэд явган хүний гарцын мэдээлэх тэмдэг /5.19/ авагдсан байх ба явган зорчигч явган хүний гарцын үйлчлэх хүрээнд зам хөндлөн гарч явсан байна.

3. Дүгнэлт гаргах явцад хэрэгт бусад ач холбогдолтой зүйл илрээгүй, ирүүлсэн материалын хүрээнд дүгнэлтийг гаргасан болно. Цагдаагийн ахлах дэслэгч Н.Ариунболд гэх дүгнэлт /хх-ийн 90-91 дүгээр тал/,

- Хохирлын баримтууд /хх-ийн 15, 19-54 дүгээр тал/,

- Шүүгдэгч О.О ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 108, 109, 110 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч О.Онь 2020 оны 03 дугаар сарын 17-ны орой 23 цаг 16 минутын орчимд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 805 дугаар ангийн урд замд “Тоёота Раум” маркийн 94-43 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.3-т заасан “Явган хүний гарын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож, энэ дүрмийн 16.1, 16.2-т заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Ч.У ыг мөргөж эрүүл мэндэд нь нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Ч.У ын мэдүүлэг, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэмжилтийн бүдүүвч, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 3765 дугаартай шинжээчийн дүгнэлт, Тээврийн цагдаагийн албаны 201 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч О.О ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч О.Онь энэ гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн байна.

Иргэний хуулийн  497 дугаар зүйлийн  497.1-т зааснаар … бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар  санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй,

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1: ...бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбоотой гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувилалын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж тус тус хуульчилжээ.

Хохирогч Ч.У ын зүгээс 1.663.291 төгрөгийн хохирлын баримтыг ирүүлсэн бөгөөд 28.700+19.300+3360+1700+86.256+5000+1200+8000+1440+1750 +250.000 кальцийн үнэ+270.000+250.000+290.000+2450=1.219.156 төгрөгийн хохирлын бичгийн нотлох баримтыг хуулийн шаардлага хангасан баримт гэж шүүх үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ч.У т шүүгдэгч О.О нь 364.000 төгрөгийн өгсөн талаар мэдүүлж байх тул 1.219.156-364.000 төгрөгийг хасахад 855.156 төгрөг болж байна.

Хохирогч Ч.У нь хувиараа таксины үйл ажиллагаа эрхлэдэг гэх боловч түүнийгээ нотолсон нотлох баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй байна.

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2-т гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй гэж хуульчилжээ.

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 05 дугаар тогтоолоор 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс цалин хөлсний доод хэмжээг 420.000 төгрөгөөр тооцохоор болсон байна.

Хохирогч Ч.У нь 2020 оны 03 дугаар сарын 17-ны орой 23 цаг 16 минутын орчимд зам тээврийн осолд орж эрүүл мэнддээ хүндэвтэр гэмтэл авсан байх ба одоог хүртэл буюу 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр ажил хөдөлмөр эрхлээгүй байх тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу 420.000 төгрөгөөр хоёр сарын цалин хөлсийг тооцож гаргуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иймд О.О аас 855.156+840.000=1.695.156 төгрөгийг гаргуулан хохирогч Ч.У т олгох үндэслэлтэй байна.

Мөн хохирогч Ч.У ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх тул гэмтлийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох бичгийн нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч О.О т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт: ...дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж хуульчилжээ.

Шүүгдэгч О.О ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Шүүгдэгч О.О т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.Онь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдан ирсэн зүйлгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. М овогт О.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар о.О-г 1000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар О.О-д оногдуулсан 1000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д  зааснаар О.О /РД:/-с 1.695.156 /нэг сая зургаан зуун ерэн таван мянга нэг зуун тавин зургаан/ төгрөгийг гаргуулан хохирогч Ч.У /РД:/-д олгосугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хохирогч Ч.У  нь энэ гэмтлийн улмаас учирсан  гэм  хорын хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох бичгийн нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний хариуцагч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол О.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.АЛТАНЦЭЦЭГ