Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 973

 

 

 

 

 

 

 

  2020         05         25                                  2020/ШЦТ/973

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбадрал,

улсын яллагч Б.Энхбат,

шүүгдэгч С.Ө  , түүний өмгөөлөгч Ш.Сарангэрэл ҮД:19-43,

шүүгдэгч М.Т , түүний өмгөөлөгч Л.Энхтунгалаг ҮД:03-88 нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан С.Ө, М.Т  нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1902 00674 0123 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, С.Ө,

2. Монгол улсын иргэн, М.Т

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Ө   нь “Мөнгөн ус” нэршилтэй “bonaqua” цэвэр усны савтай 1608,0 грамм жинтэй химийн хорт, аюултай бодисыг Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 36 дугаар байрны 92, 8 дугаар байрны 1 тоотуудын тагтанд хууль бусаар хадгалсан, улмаар М.Т гийн “мөнгөн усыг бусдад өндөр үнээр зарж борлуулах” талаар санал болгосноор өндөр үнээр зарж, ашиг олох зорилгоор уг химийн хорт аюултай бодисыг хадгалж байсан газраасаа 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр  Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, “Сансар”-ын шатахуун түгээх станц хүртэл өөрийн биедээ тээвэрлэж, М.Т д хууль бусаар дамжуулан 9.000.000 төгрөгөөр бусдад худалдсан гэмт хэрэгт,

шүүгдэгч М.Т  нь “Мөнгөн ус” нэршилтэй “bonaqua” цэвэр усны савтай 1608,0 грамм жинтэй химийн хорт, аюултай бодисыг “бусдад өндөр үнээр зарж борлуулах” талаар С.Ө  т санал болгож, улмаар 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, “Сансар”-ын шатахуун түгээх станцын орчимд уг бодисыг зарж, ашиг олох зорилгоор авч, 9.000.000 төгрөгөөр бусдад худалдсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Ө мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд хэргийн талаар ярьсан тул дахин ярих зүйлгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Т мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд хэргийн талаар ярьсан тул дахин ярих зүйлгүй гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй Орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Б.Ууганболд нь 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн хойшлуулшгүй ажиллагаагаар М.Т гаас хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлд:

...Үзлэгээр цэнхэр өнгийн гялгар уутанд 800 милилетрийн тунгалаг  гадаргуутай , “bonaqua” гэсэн бичиг бүхий эрэгдэж онгойдог цэнхэр өнгийн хуванцар  тагтай, хуванцар саванд /цэвэр усны сав/ саарал өнгийн ус мэт шингэн зүйлийг хийсэн байв. Саарал өнгийн ус мэт шингэн зүйл хийсэн сав нь 22 см өндөртэй, эргэдэг сав нь 3см, их биеийн өргөн нь 8 см байв. Мөн ус гэх савалгаатай зүйлийг электрон хилээр жинлэж үзэхэд 10,320 килограмм гэж заав. Тухайн эд зүйлийн талаар М.Т гаас юу болохыг тодруулахад саарал өнгийн мөнгөн ус гэж тайлбарлав гэжээ гэх тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-7 дугаар тал/,

- Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоол /хх-ийн 9 дүгээр тал/,

- Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 06/5883 дугаартай албан бичигт:  ... Монгол  улсын засгийн газрын  2007 оны  95 дугаар тогтоолоор Монгол улсад ашиглахыг хориглосон химийн хорт болон аюултай бодисын жагсаалтын 1 дүгээр хавсралтаар, Монгол улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтын 2 дугаар хавсралтаар тус тус баталсан байдаг. Танай албан бичигт дурдсан мөнгөн ус, мөнгөн усны органик болон органик биш нэгдлүүд нь Монгол улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтанд орсон бодис болно. Иймд мөнгөн усны органик болон органик биш нэгдлүүдийг зөвхөн эмнэлэг, судалгаа шинжилгээний хүрээлэн, байгууллагууд, лабораторийн зориулалтаар туршилт, судалгаа, шинжилгээнд ашиглах нөхцөлд тус яамнаас химийн хорт болон аюултай бодисын бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн Үндэсний Зөвлөлийн Шинжээчдийн багийн дүгнэлтийг үндэслэн тусгай зөвшөөрлийг олгодог. Одоогоор тус яамнаас мөнгөн ус ашиглах тусгай зөвшөөрөл олгосон мэдээлэл байхгүй байна. /хх-ийн 18 дугаар тал/,

- Мөнгөн ус хадгалсан гэх газрууд нь Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 36 дугаар байрны 92 тоотын тагт, Баянгол дүүргийн 6 дугаар хороо 8 дугаар байрны  01 тоот байв...гэснийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 28-32 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Мөрөнгийн өгсөн: ...С.Ө   ах бид хоёр энэ байранд орохоос өмнө бид нар 10 дугаар хороололд 36 дугаар байрны 92 тоот хоёр өрөө байрыг түрээсэлж 3 жил амьдарсан...гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Х.Бямбасүхийн өгсөн: ...Харин сүүлд нь сонсоход С.Ө мөнгөн ус хөдөөнөөс авч ирээд зарах гэж авч яваад цагдаад баригдсан гэсэн юм ярьсан. Хаанаас олж авсныг нь мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 40 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Отгоны өгсөн: ...Манайх энэ байрыг 2019.12.04-ний өнөөдөр Батцэнгэл гэх хүнээс худалдаж аваад дөнгөж засвараа хийх гээд байж байна. С.Ө гэх хүнийг танихгүй, энд түрээслэн амьдарч байсан эсэхийг нь мэдэхгүй. Бид нарыг сая нүүж ороход суллаад хоослочихсон байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Н.Мөнхжаргалын өгсөн: ...Ашиглаагүй. Эдгээр хүмүүс нь шороог усаар угааж алтыг гаргаж авдаг. Манай суманд чулуун орд бол байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 83-86 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Мөнх-Очирын өгсөн: ...Химийн ямар нэг хорт бодис, цианит натри, мөнгөн ус зэргийг ашиглах боломж байхгүй мөн ашигладаггүй. Яагаад гэвэл манай сумын нутагт чулуун орд огт байхгүй, хүмүүс зөвхөн алтыг гар аргаар болон бага оврын тоног төхөөрөмжөөр сэгсэрч авдаг...гэх мэдүүлэг /хх-ийн 87-90 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч О.Саруулын өгсөн: ...Огт ашигладагггүй. Зөвхөн усаар угааж ялгаж авдаг. Бөмбөгөр сумын хувьд шороон ордтой үндсэн орд байхгүй учраас мөнгөн усыг ашиглах боломжгүй хэрэглэж ч үзээгүй. Хэрэглэж байсан тохиолдол гарч байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 91-94 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.Санчирсүрэнгийн өгсөн: ...Би С.Ө  ийг бол танихгүй юм байна. М.Т г сайн танихгүй “Цөлөө” гэх нэрээр нь л хальт мэднэ. Би Цөлөөтэй саяхан 2019 оны намар тааралдахад “Мөнгөн ус” байгаа шүү, чи олон хүнтэй уулздаг хүн авах хүн мэдэж байгаарай гэсэн тул надаас сэлбэг авдаг Баагий гэдэг Өмнөговь аймгийн 1 хүн мөнгөн ус мэдэх үү гэхээр нь би манай найз Цөлөөд тийм юм байна гэсэн. Тэгээд тэр хоёрыг уулзуулж өгчихөөд явчихсан юм. Би мөнгөн усыг хортой бодис гэж мэдэхгүй. Харин тэр үед тэд нар цагдаад баригдаад над руу баахан харааж мессеж бичсэн. Чи бууны нохой цагдаад барьж өглөө, тэр барааны мөнгийг төлөөрэй гэх зэргээр намайг баахан хараасан. Ах нарын мөнгийг өгөхгүй бол чамайг чирнэ хараарай гээд байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 65 дугаар тал/,

- Гар утасны зурвасууд /хх-ийн 157-159 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Ууганболдын өгсөн: ...Монгол улсын гүйцэтгэх ажлын  тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасныг үндэслэн иргэн “Б” –гээс мэдээ, мэдээлэл ирүүлсний дагуу энэ гэмт хэргийг илрүүлэн материалжуулсан С.Ө   нь мөнгөн ус хадгалж байгаа болон бусдад худалдан борлуулах гэж байгаа талаар мэдээлэл авч тухайн хуулийн 13 дугаар зүйлийн 13.3.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж завдсан байгаа тухай, түүнчлэн улс, нийгмийн аюулгүй байдалд хохирол учруулахуйц үйл ажиллагааны мэдээ, мэдээлэл, авмагц гарч болох аюул, хохирлыг багасгах, түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг тус тусын чиг үүргийн дагуу шуурхай авах заалтыг үндэслэн шуурхай таслан зогсоосон...гэх мэдүүлэг /хх-ийн 109-111 дүгээр тал/,

- Цагдаагийн байгууллагын албан тоотууд /хх-ийн 112-142 дугаар тал/,

- Гамшиг судлалын хүрээлэнгийн Аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн шинжээчийн 12/184 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 44-49 дүгээр тал/,

- Эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хх-ийн 50 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн М.Т гийн өгсөн: ...Санчирсүрэнтэй утсаар холбоо барьсан юм. Тэгээд Санчирсүрэн миний явуулсан месссежийг хуулбарлан цагдаагийн байгууллагад өгсөн байсан. Ах нар гэж олон тоон дээр ярьсан байсан. Ах гэж Ө ийг хэлж байгаа юм. Мөнгөн усыг хаанаас олж авсан талаар би мэдэхгүй байна. Ямар ч байсан Санчирсүрэн над руу залгаад авах хүн байна гээд утсаар яриад байхаар нь Ө  ахтай холбогдоод мөнгөн усыг авч зарах гэж байгаад баригдсан. Ийм л зүйл болсон...гэх мэдүүлэг /хх-ийн 185-187 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн С.Ө  ийн өгсөн: ...Би Төгсбаясгаланд 2019 оны 07 дугаар сард анх мөнгөн ус байгаа талаар хэлж байсан ба энэ цаг хугацаанаас эхлэн надад мөнгөн ус байгаа талаар мэдсэн. Миний хадгалж байсан мөнгөн ус М.Т  байгаа талаар мэдсэн боловч өмнө нь зарж борлуулах талаар санал тавьж байгаагүй, харин сүүлд цагдаагийн байгууллагад баригддаг орой Төгсбаясгалан надтай утсаар холбогдоод зарж борлуулна гээд мөнгөн ус авч явсан. Тэгээд цагдаад баригдсан...гэх мэдүүлэг /хх-ийн 193-196 дугаар тал/,

- Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33, 67, 71, 144-145 дугаар тал/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

С.Ө   нь “Мөнгөн ус” нэршилтэй “bonaqua” цэвэр усны савтай 1608,0 грамм жинтэй химийн хорт, аюултай бодисыг Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 36 дугаар байрны 92, 8 дугаар байрны 1 тоотуудын тагтанд хууль бусаар хадгалсан, улмаар М.Т гийн “мөнгөн усыг бусдад өндөр үнээр зарж борлуулах” талаар санал болгосноор өндөр үнээр зарж, ашиг олох зорилгоор уг химийн хорт аюултай бодисыг хадгалж байсан газраасаа 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр  Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, “Сансар”-ын шатахуун түгээх станц хүртэл өөрийн биедээ тээвэрлэж, М.Т д хууль бусаар дамжуулан 9.000.000 төгрөгөөр бусдад худалдсан гэмт хэргийг,

М.Т  нь “Мөнгөн ус” нэршилтэй “bonaqua” цэвэр усны савтай 1608,0 грамм жинтэй химийн хорт, аюултай бодисыг “бусдад өндөр үнээр зарж борлуулах” талаар С.Ө  т санал болгож, улмаар 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, “Сансар”-ын шатахуун түгээх станцын орчимд уг бодисыг зарж, ашиг олох зорилгоор авч, 9.000.000 төгрөгөөр бусдад худалдсан гэмт хэргийг үйлдсэн нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч С.Ө  , М.Т   нарыг гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч С.Ө  , М.Т  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд шүүгдэгч нар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хуулийн байгууллагын шуурхай ажилласны улмаас нийгэмд учирсан хохиролгүй, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт: ...таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар  шийтгэхээр,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт:...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийн хөнгөн гэмт хэрэгт тооцохоор тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч С.Ө  , М.Т  нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Шүүгдэгч С.Ө  , М.Т  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ...хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заажээ.   

Иймд С.Ө  , М.Т  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Мөнгөн ус” нэршилтэй “bonaqua” цэвэр усны савтай 1608,0 грамм жинтэй химийн хорт, аюултай бодисыг ОБЕГ-ын  Гамшиг судлалын  Хүрээлэнд  хадгалагдаж  байгааг  дурьдаж  ирүүлснийг шийтгэх тогтоол  хүчинтөгөлдөр  болохоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага зохих мэргэжлийн байгууллагатай хамтран шийдвэрлүүлэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын мэдэлд шилжүүлж  шийдвэрлэх нь зүйтэй байна.

- Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.Ө  , М.Т  нар нь цагдан хоригдсон хоноггүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б овогт С.Ө-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан химийн хорт бодисыг хууль бусаар хадгалсан, тээвэрлэсэн, бусдад худалдсан гэмт хэргийг, Б овогт М.Т-г үргэлжилсэн үйлдлээр химийн хорт, аюултай бодисыг худалдсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр С.Ө-г 1 /нэг/ жил 05 /таван/ сарын хугацаагаар, М.Т-г 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнсэж, үүрэг хүлээлгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д   зааснаар С.Ө, М.Т нар нь оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.Ө, М.Т нар нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмын дагуу ял оногдуулахыг дурдсугай.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар С.Ө, М.Т нарын тэнссэн хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-д  зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  гэх  Онцгой байдлын Ерөнхий газарт хадгалагдаж байгаа “Мөнгөн ус” нэршилтэй “bonaqua” цэвэр усны савтай 1608,0 грамм жинтэй химийн хорт, аюултай бодисыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага зохих мэргэжлийн байгууллагатай хамтран шийдвэрлүүлэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын мэдэлд шилжүүлсүгэй.  

7. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, С.Ө  , М.Т  нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол С.Ө  , М.Т  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.АЛТАНЦЭЦЭГ